Нийтлэл 10 сарын 13, 2016

Хоолойн дээрээ хутгатай тархи угаагчид

Монголчуудын амбиц ямар байна, “амбиц” гэх үг тийм утгатай болж хэвших тухай, утга ба референтийн тухай өмнө нь энд бичиж байсан.  Ямар нэг үг тухайн үгээр бид юуг зааж хэрэглэж байгаагаас утгаа олж хэвшдэг тухай санаа.  Жишээ нь ямар ч хогийн барааг дэлхийд No1, дэлхийн түвшний гэсээр байгаад “дэлхийн түвшин” гэдэг нь Нарантуулын стандарт болсон. Энэ мэтчилэнгээр үг үхэж, зөв буруу, жинхэнэ хуурамчаа ямар үгээр ялгаж нэрлэх нь тодорхойгүй болмогц зөв амбиц, жинхэнэ чанар гэх мэтийг тунгаах, түүнд зорих сэтгэлгээний багажгүй болдог.  Сүүлийн 20 гаран жил манай улсад үргэлжилж байгаа нийгмийн ухамсар, сэтгэлгээний доройтлыг хөгжил дэвшлийн чанартай үгсийн үхэлд жижиглэж задалж харж болно.  Үг үхэхэд бодол үхнэ, бодол үхэхэд хөгжил зогсоно. Энэ талаар Э.Дөлгөөн энд ёстой хөөрхөн егөөдөж бичсэн нь бий.

“Мөрөөдөл дуусахад амьдрал дуусдаг” гэж бас нэг афоризм байх.  Бүх үг үхсэн ч өөр маргаашийг мөрөөдөх “мөрөөдөл” утга төгөлдөр байвал, маргаашийн тухай бодол амьдарч тэснэ. Монгол мөрөөдөл гээд ирвэл бүр төрийн бодлогоор базаж байх ёстой үндэсний амбиц, nation will-д холбогдож ирнэ. Хамгийн өндөрт, хамгийн цэвэр үлдэх ёстой хэллэг. Харамсалтай нь энэ сэдвийг урдаа барьж гарч ирсэн хэсэг нөхөд монголоор мөрөөдөх гэдэг нь мөнгөний төлөө мөөрөх юм уу  үгүйдээ гэхэд мугуйдлан нэг талыг барьж тархи угаах маягийн утгатай болгоод бодийг нь хөтлөх шинжийн.  Жишээ нь “монгол мөрөөдөл”-д хамгийн том үйлдвэр, бусад олон үнэт металлын ордын хувьчлал үнэт цаас, ил тод арилжаагаар дамжих зах зээл лав багтахгүй бололтой. Бусдын хувьд наад захын болсон норм дүрэм нэхэж чадахгүй байж үхсэн хатсаных нь мөрөөдөл байхав. Мөөрөх хэнд ч чөлөөтэй, харин тэрийгээ мөрөөдөл гэсэн шошготой зарах нь үгийн гарзтай. Ингэж бичмэгц мөөрөөгүй, мөрөөдсөн гэдгээ батлахаар сүрэглэн дайрах нь гарцаагүй бөгөөд мөөрөлт үү мөрөөдөл үү гэдгийг тусд нь хэлцэхээр үлдээгээд гол сэдэвтээ оръё, мөрөөдөх мөөрөх хоёрыг ялгаж салгах бол амархан.

Түлхүүр үг үхэх нь гэж харам төрөөд баахан далийсан ч энэ удаагийн гол сэдэв хувь хүн, субъект биш, тархи угаагчдын тухай ерөнхий сэдэв. Пиар ба тархи угаагчдыг бас ялгамаар байгаа юм. Пиар гэдэг нь ямар нэг сэдвийг олон нийтэд ойлгуулах тусдаа бие даасан салбар ба буруу референт зааж хэрэглэсээр байгаад мөн л утга нь үхэж яваа. Тархи угаагч гэдэг нь нэг талын ашиг тусын төлөө асуудлын голыг мартагнуулж олны итгэл үнэмшлийг эргүүлэхийн төлөө янз бүрээр мөөрөгч. Ийгээд тархи угаагчид хоолойн дээрээ тавьсан хутгаа хэрхэн лавшруулдаг тухай гол сэдвээ Дамба, Гомботойгоо нийлээд энгийнээр зурж үзье.

Дамба 10 хүнтэй тосгонд амьдардаг. 10 иргэн нийлээд 100 үнээтэй. Манай ЭЗ хурдаар бол жил тутам хамгийн ихдээ 10 үнээгээр өснө.  Тэдний нэг Гомбо тосгоныг зохицуулах үүрэгтэй. 9 иргэн цөм тал талаасаа нийлүүлээд Гомбод 30 үнээгээ төсөв цалин гэж өгнө. Ломбо гэтэл Гомботой хуйвалдаад 20 үнээг нь авна. Тус бүрдээ хамгийн ихдээ 7 үнээтэй болсон Дамба ба түүний нөхдөд 20 үнээтэй Ломбын амьдрал сайхан санагдана.  Зарим нь шударга ёс, 30 үнээгээ Гомбо, Ломбоос нэхнэ. Тэгмэгц Ломбо Дамбад өөрөөс нь хулгайлсан үнээний сүү, тарагхан өгөөд 20 үнээг авдаг нь хөгжил юм аа, дэвшил юм аа ай хө зэ хө гэж магтан дуулах захиалга өгнө. Ломбод тоогдсондоо нэг баярлах, хүнээс илүү идсэндээ хоёр баярлах Дамба захиалга ёсоор дуулж бусдынхаа эсэргүүцлийг цээжээрээ хамгаалж дарж өгнө. Ингээд 20 үнээ Ломбых болов. Тэгмэгц үлдсэн 8 иргэний нэг нь Ломбо шиг амьдрах хүсэл өвөрлөж дараа жилийн татвар 30 үнээнээс хулгай хийхээр Гомботой хуйвалдана.  Үлдсэн 7 нь эсэргүүцэх авч мөн л Дамба тэргүүтэй зарим нэг нь сүнсээ зарж хаацайлж өгснөөр нэг нь Ломбо мэт амьдрах болов. Дараа жил нь мөн л нэг нь... энэ мэтээр хэдэн жил өнгөрөхөд иргэдийн зарим нь хорь гучин үнээтэй, зарим нь тав аравхан үнээтэй, зарим нь бүр хоосон үлджээ. Дамба одоо нэг үржил сайт үнээ өсгөж сайхан амьдаръя гэж санавч 30 үнээг нь боловсрол нийгмийн хөгжилд зараагүй тул ажиллах хүчгүй, Ломбо нар хамаг зах зээлийг эзлээд зай байхгүй. Дэмий л тархи угаах захиалга ирэхгүй бол хоосон сууж, захиалга ирвэл хаа нэг хэзээ ч билээ өөрөө өмчилж асан үнээнийхээ сүү тарагхан олж идэж нэг цадна. Ломбо бол хулгайч төдийгүй тосгонд хөрөнгө дутаж хүний амь амьдрал үрэгдэх хэмжээнд хүрсэн тул хүн амины хэрэгтэн. Гэхдээ тэрийгээ мэдрэх мэдрэмжгүй, хулгайгүй хэвийн тайван тосгонд нүгэлгүй амьдарсан бол илүү дээр байсныг тооцох толгойгүй. Дамба бол уг нь анх хүүхэддээ чихэр тараг идүүлье гэж санаж Ломбын хүсэлтийг хүлээж авсан билээ. Даанч одоо болсон хойно Дамбын хүүхэд дампуурсан улсын сургуульд, Ломбын хүүхэд хувьд явна.  Нэг үе өнгөрч Ломбо Дамба нарыг хүүхдүүд нь залгамжилна. Ломбын хүүхэд хийдгээ хийнэ, Дамбын хүүхдэд харин тэрийг нь магтан дуулж хааяа хоол олж идэх авьяас заяасангүй. Тоймтой мэргэжилгүй, тоогдох боловсролгүй Дамбын хүү баян хоосны ялгаралд идэгдэж, хууль дэг алдагдаж, хулгай дээрэм газар аваад хог дээр үсэрсэн тосгондоо хэдэн үнээгээ голж, хүний амьдрал, хялбар хоол мөрөөдөж санааширч хэвтэнэ...

Бодит амьдрал дээр ил харагдахаа байчихдаг ч тархи угаагчид яг иймэрхүү л байдлаар өөрийн болон үр хүүхдийнхээ хоолойд тулгасан хутгаа лавшруулж амьдардаг. Хулгайг хаацайлах тусам хоолойн дээрх хутга нь лавширна. Хамгийн том өртөг гэхдээ үнээ биш.  Дамба Ломбыг магтан дуулж явахдаа Ломбыг өөрийг нь магтахаар арай бас улайм цайм ичмээр тул авсан хулгайг нь худалдаа гэж, моноплизмыг нь либерализм гэж, баасан баасыг нь анхилуун гэж мөөрсөөр мөөрсөөр тосгоныхондоо итгүүлсэн билээ. Одоо Дамбын хүү өөрөөр амьдаръя гэвч хамар нь баасны өмхий ялгахгүй, тэндээсээ гаръя гэж санахгүй. Сайн муу, зөв бурууг ялгах хэмжүүр байхгүй, мөрөөдөх газаргүй.  Мөрөөдөл зураглах үггүй болохоос том үнэ, хоолойнд тулгасан том балиус байхгүй дээ, дамбуудаа.

arrow icon