Нийтлэл 10 сарын 19, 2016

Mongolian Mining Corporation одоо яах вэ? PROVISIONAL LIQUIDATION гэж юу вэ?

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, МСS, Петровис  компаниудын хөрөнгө оруулалттай, Кэйман Арлын хуулийн этгээд, Ухаа худаг, Баруун Наранд нүүрс олборлолт хийдэг Mongolian Mining Corporation-ы хувь заяаг шүүх хоёр дахь удаагийн сонсгол удахгүй болох гэж байна. Түүхий эдийн зах зээл дэх үнийн уналтаас  шалтгаалан хувьцааны үнэ нь огцом унасан тус компанийг provisional liquidation –д оруулах шийдвэрийг Кэйман Арлын шүүхээс 2016 оны долдугаар сарын 19-нд гаргаад байсан юм.  

Provisional liquidation гэж юу вэ?

Liquidation гэдэг нь компанийн өр төлбөрийг барагдуулахын тулд компанийн хөрөнгийг хөрвөх чадвартай болгон “шингэрүүлж”, зээлдэгчдийн өр төлбөрийг барагдуулах процесс.

Provisional liquidation гэдэг нь шүүхэд компанийн хөрөнгийг “шингэлэх” өргөдөл ирсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гартал компанийн хөрөнгийг хадгалж хамгаалуулах, төлбөрийн чадварыг тодорхойлуулах, өрийн дахин зохион байгуулалтад идэвхитэй оролцоо хийлгэхээр  түр зуурын төлөөлөгч томилсон үе шатыг хэлнэ.

Энэ үе шатанд шүүхээс зөвшөөрөл авалгүйгээр компанийн хувьцаанд  ямар нэг өөрчлөлт оруулах, шилжүүлэх боломжгүй. Шүүхээс хөрөнгийг хөрвөх чадвартай хөрөнгө болгон борлуулж өр төлбөр барагдуулах(winding up) шийдвэр гаргавал шүүхийн шийдвэрийн дагуу хууль ёсоор дампуурлын процедур явагдана. Эсрэгээрээ өрөө дахин зохион байгуулж(debt restructuring), үйл ажиллагаагаа явуулах замаар өр төлбөрөө барагдуулах боломж олговол компанийн удирдлагын эрх эргээд сэргэнэ.

Mongolian Mining Corporation компанийн зүгээс өнгөрсөн Мягмар гарагт мэдэгдэл гаргаж,  “өр дахин зохион байгуулах”-аар зээлдэгчидтэйгээ хийх хэлэлцээр үргэлжилж байна гэж мэдээлсэн байна.  Мөн Кэйманы шүүхэд provisional liquidation-ы үе шатанд хийгдсэн болон хийгдэх хувьцааны арилжааг хүчинтэйд тооцох өргөдөл гаргаж, зөвшөөрсөн хариу авсан тухай мэдээлжээ. Хөрөнгө оруулагчид Хонконгийн хөрөнгийн биржээр дамжин хувьцаагаа арилжаалах, мөн худалдаж авах боломжтой хэвээр байгаа гэсэн үг.

2016 оны есдүгээр сарын 1-нд шүүх дээр төлөөлөгчдийн гаргасан дүгнэлтийн анхны сонсгол болж,  provisional liquidation-ий хугацааг сунгах өргөдөл гаргасан. Шүүхээс 8 долоо хоногийн хугацаа өгсөн нь энэ сарын 27-нд дуусгавар болох юм.  Provisional liquidation хариуцсан төлөөлөгчдийн хувьд хоёр дахь удаагийн сонсголоос өмнө зээлдэгч талуудтай харилцан  тохиролцоонд хүрч чадвал дахин хугацаа сунгах өргөдөл өгөх хүсэлтэй байгаа бололтой. Шүүхээс winding up захирамжлах уу? Debt restructuring хийх зөвшөөрөл өгөх үү? Mongolian Mining Corporation дампуурах уу, оршин тогтнох уу?  Энэ нь зээлдэгчид болон Кэйманы шүүхээс компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлбэл цаашдаа ашиг орлоготой ажиллаж, төлбөрийн чадамжтай байна гэж үзэх эсэхээс хамаарна. Түүхий эдийн зах зээл эргэн сэргэх хандлагатай байгаа нь нэг нааштай хүчин зүйлд тооцогдож магадгүй.  Бас нэг найдвар байгаа нь: Тавантолгойн орд. Уг асуудлын талаар “МСS-д Тавантолгой яагаад тийм чухал вэ?” тэмдэглэлээс мэдээлэл авна уу.

Дээрх мэдэгдлийг гаргасан аравдугаар сарын 11-ний байдлаар ММС компанийн төлөөлөн удирдах зөвлөл Ж.Оджаргал, Г.Батцэнгэл, Ж.Оюунгэрэл, Ж.Од, А.Ганхуяг, Ч.Хашчулуун, Ж.Үнэнбат, Chan Tze Ching, Ignatius нараас бүрдэж байна.

 

Эх сурвалж: MMC компанийн вэб хуудас

arrow icon