Тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ ЦУВРАЛ №1

Монгол Улсын Засгийн газрын “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 2015 оны 52 дугаар тогтоолын дагуу

2015 оны 3-р сараас сар тутмын ахмад настны дундаж тэтгэвэр 26 мянган төгрөгөөр нэмэгдэж, 283.4 мянган төгрөг болж тогтсон.

Гэтэл хоол хүнс, хувцас хунар зэрэг өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний өнөөгийн үнэ ханшийг сарын 283 мянган төгрөгийн орлоготой хүний амьжиргаатай зэрэгцүүлж бодьё. Шулуухан хэлэхэд, эгэл жирийн амьдралтай Монгол хүн бүр тэтгэвэрт гармагцаа эрс ядуурдаг бөгөөд тэднийг өлмөн зэлмэн амьдрал угтдаг нь хэвийн үзэгдэл болжээ. Үндэсний Статистикийн Хорооны тооцоолсноор 2015 онд Улаанбаатар хот дахь амьжиргааны доод түвшин 185.4 мянган төгрөг байв. Өөрөөр хэлбэл, насаараа ажил хөдөлмөр эрхэлсэн, боломжийн сайхан амьдралтай иргэд тэтгэвэрт гарсан даруйдаа үр хүүхдийнхээ гарыг харахаас өөр аргагүйд хүрдэг тийм л "сонголт" ахмадуудад үлддэг. Хэрэв энэ хэвээр үргэлжилвэл, өнөөгийн залуусыг ч ижил нөхцөл байдал хүлээж байгаа. Энэ бол өндөр насны тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцооны үнэн нүүр царай, дүр төрх юм.

Ийм байдал яагаад үүсэв? Ажил орлоготой үедээ нийгмийн даатгалд хангалтгүй хэмжээний шимтгэл төлснөөс болж тэтгэврийн хэмжээ бага тогтоогддог уу? Тооцоолоод үзье. 2015 оны 3-р сарын байдлаар Монгол хүний сарын дундаж цалин 844 мянган төгрөг байсан. Ийм цалинтай хүн сар бүр тэтгэврийн даатгалын шимтгэлд өөрийн зүгээс 7%, харин ажил олгогчоос 7% буюу нийт 118,160 төгрөгийг төлдөг. Тэгвэл, тэтгэвэрт гарах хүртлээ дундаж Монгол хүн 30 жил ажиллана, нөгөө талаас тэтгэвэрт төлж буй мөнгөний жилийн хүү 10 хувьтай тэнцэнэ гээд тооцвол нийт 245 орчим сая төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ бол татвар биш, харин тэтгэврийн даатгалын санд та цалингаасаа төлсөн мөн ажил олгогчийн зүгээс төлсөн Таны мөнгө бөгөөд өөр хэний ч мөнгө биш. Хүн амын орлогын албан татварыг бид цалин орлогоосоо тусад нь төлдөг. Тэгэхлээр 60 настайдаа тэтгэвэрт гарсан, сард 283 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн, тэтгэврийн даатгалын санд төлсөн бүх мөнгөө амьд сэрүүндээ буцааж авахын тулд тэтгэвэрт гарснаас хойш 72 жил амьдрах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, та 132 наслаж байж төлсөн мөнгөө бүгдийг гүйцээж авах боломжтой болно. Өнөөгийн өндөр насны тэтгэврийн даатгалын тогтолцооны үнэн дүр төрх ийм байдалтай байна.

 Энэ гажуудлыг засаж залруулахад зөв шийдэл, холч бодлого хэрэгтэй, хугацаа шаардлагатай. Харин тэтгэвэр нэмэгдүүлэх талаар боломжит бүхий л арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэхийг даатгуулагч бид төрөөс шаардах эрхтэй. Ийм нөхцөл байдал сайжрах төлөв байгаа эсэх, хэрхэн шинэчлэх боломжтой талаар цувралын дараагийн дугааруудад хүргэх болно.


avatar
    • мөнх
    • 202.72.242.*

    35 жил ажилласан багш 380 000 тэтгэвэр тогтоолгож бхад огт ажил хийгээгүй хүн 260,0 тэтгэвэр авдаг тэгш бус тогтолцоогоо болиоч ээ.35 жил ажилласан жилийг үнэгүйдүүлж бна гэж бодож бна. Тэтгэвэр тогтоох аргачлалаа эргэн нэг хараач гэж Чинзориг сайдад хэлмээр байна.

    • Батбилэг
    • 210.10.153.*

    30 жилийн хугацаанд цалин огт өөрчлөгдөөгүй юм уу? Жил жилээр нь бодоочдээ. 2000 оноос өмнөхөн, жишээ нь, төрийн албан хаагчын цалин 25000 орчим байсан санагдана. Ингээд бодоод үзвэл 72с хэд дахин бага тоо гарна даа. Тогтолцоо тааруу гэдэг нь үнэн ч байж магадгүй. Гэхдээ ерөөсөө бодит орлого бага, бодит орлого тун саяхнаас өсч эхэлсэн, инфляци болон бусад асуудлуудаа хамтад нь авч үзэхгүй, хэтэрхий нэг талыг барьсан тоо гаргахаа боль л доо.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4333

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
18%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 18%
  • 69%