Бизнесийн санаанаас өмчийн эрх: Монгол Улсын оюуны өмчийн хамгааллын тогтолцооны тойм, хуульзүйн бодлогын асуудлын тухай эргэцүүлэл

Оюуны өмч нь орчин үеийн дэлхийн эдийн засгийн тогтолцоонд бизнес, хөрөнгө оруулалтыг хамгаалах зайлшгүй байх өгөгдөл болжээ. Үүнийг Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци, Дэлхийн Худалдааны Байгууллагын Оюуны өмчийн худалдаанд хамаарах хэлэлцээр (ТРИПС) гэсэн 160, 170 гаруй тооны улсыг багтаасан олон улсын олон талт хэлэлцээрүүд харуулж байна.[1]

Энэхүү нийтлэлээр Оюуны өмчийн эрхийн хамгааллыг бизнес эрхлэгчийн үүднээс ерөнхийд нь тоймлож танилцуулж байна. Ингэхдээ бизнес, хөрөнгө оруулалтыг хамгаалахад шаардлагатай оюуны өмчид холбогдох хуульзүйн бодлого, хууль хэрэглэх, тайлбарлах үзэл баримтлалын ерөнхий тойм зураглалыг гаргахыг зорьсон.

ХӨГЖИЛ ХӨДӨЛГӨӨНТЭЙ НИЙГМИЙН СУУРЬ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, ЗАРЧИМ

Бизнесийн шинэ санаачлага борооны дараахи мөөг лугаа адил олноор төрж, зарим нь ажил хэрэг болж, санаачлагыг анх гаргасан, гартаа авсан нэг нь бизнесийн амжилт олж, энэ нь хувийн өмчийг, улмаар нийгмийн баялагийг тасралтгүйгээр нэмэгдүүлж байх ёстой тогтолцоо бол төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засгийн тогтолцоо юм. Хууль зүйн утгаар авч үзвэл өмчлөх[2], ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох[3], соёл урлаг ба шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах[4], үзэл бодлоо илэрхийлэх[5] Үндсэн хуулийн 16-р зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөө нь энэхүү эдийн засгийн  тогтолцоог нөхцөлдүүлэгч тулгуур юм. Энэхүү эрх, эрх чөлөө нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, НҮБ-ийн хүний эрхийн пактууд, конвенциудад багтсан дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн эрх, эрх чөлөө билээ.[6]

Аливаа улс эдгээр үндсэн эрх, эрх чөлөөг хангах зохистой төрийн эдийн засгийн ба хуульзүйн хөшүүргийг бий болгох замаар шинийг санаачлагч, уран бүтээлчээр сэтгэгч нийгмийн хэсгээ дэмжиж хөгжин дэвшдэг. Энэ үндсэн эрх, эрх чөлөөг хангах зохистой төрийн эдийн засгийн ба хуульзүйн хөшүүрэг гэдэгт: 

  • цөөн тооны бүлэглэлүүд зах зээлийг зохиомлоор гажуудуулах, шинээр өрсөлдөгч орж ирэхийг зохиомлоор хаахыг хязгаарлах төрийн картелийн хяналтын тогтолцоо,[7]
  • оюуны өмчийн үр шимийг түүнийг бүтээгч оюунлаг хэсэг нь шууд хүртдэг тогтолцоо буюу гэрээний сул дорой талыг хуулийн ба хараат бус шүүхийн хүчээр хамгаалдаг шудрага тогтолцоо,[8]
  • оюуны өмчийн хэрэгжилтийг үр дүнтэй, шуурхай, зардал багатайгаар хангадаг тогтолцоо,
  • оюуны өмчийн хуулийн хамгаалал нь чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж, давамгай байдлыг шудрага бусаар бүтээхгүй байх тогтолцоо,[9]
  • оюуны өмч нь хүн амын эрүүл мэнд гэх мэт нийгмийн тулгамдсан зорилтыг хангахад үйлчлэх зохистой хяналт, хязгаарлалтын тогтолцоо,[10]
  • Зах зээлийг хэт олон хэсэгт хувааж бутаргах замаар чанаргүй, үр ашиггүй эдийн засгийг бий болгохгүй, чанарт суурилсан өрсөлдөөнийг нөхцөлдүүлэх төрийн санхүүжилт, хувиарлалтын тогтолцоог[11]

багтааж ойлгоно.

БИЗНЕСИЙН НУУЦ

Аль болох олон хүн зэрэг зохион бүтээж, шинийг санаачилж, шинээр суралцаж, бүтээж байх тогтолцооны суурь бол мэдлэг чөлөөтэй хөрвөх тогтолцоо юм. Хуулийн суурь зарчмын хувьд аливаа шинэ санаа, бизнесийн санааг хувь хүн өмчлөх ёсгүй.

Оюуны өмчийн эрх нь зөвхөн хуульд заасан шалгуурыг хангасан, гол төлөв улсын бүртгэлд үндэслэж бий болсон оюуны бүтээлийн хувьд л бий болдог.[12] Иймээс бизнес хийх сайн  санаа, түүнийгээ хэрэгжүүлэх бодитой төлөвлөгөө байгаа бол эхний ээлжинд өөрийн эрх ашгийг хамгаалах хамгийн чухал зэвсэг бол бизнесийн нууцыг хадгалах явдал байдаг.[13]

Шинээр бизнес эхлүүлж байгаа бүх бизнес эрхлэгчдэд юуны өмнө мэдээлэл, бизнесийн нууцлалын аюулгүй байдлын төлөвлөгөөтэй байхыг хуульчид зөвлөдөг.[14]

Нууцлах мэдээлэл,  бизнесийн нууц гэж юу вэ? гэдэг асуултад бизнес эрхлэгч өөрөө хариулах ёстой. Үүний тулд миний бизнесийн талаархи ямар мэдээллийг өөр хүн мэдэж авбал надад ямар хохирол учрах вэ? гэдгийг төсөөлөн бодож, өөрийн бизнесийн нууцад хамаарах мэдээллүүдийг тодорхойлох ёстой болно. Бизнесийн нууцад:

  • санхүүгийн мэдээлэл, голлох үйлчлүүлэгчийн нэрсийн жагсаалт, найдвартай ба онцгой ханган нийлүүлэгчдийн нэрсийн жагсаалт, түүхий эдийн худалдан авалтын үнэ;
  • Маркетинг, худалдааны стратеги, бизнес менежментийн бүтэц;
  • Техникийн мэдээлэл, шинээр зах зээлд гаргах бүтээгдэхүүн ба үйлчилгээний загвар, төлөвлөгөө, компьютерийн программын эх код гэх мэт хамаарна.[15]

Үндсэн зарчмын хувьд бизнесийн санаа нь оюуны өмчийн эрх зүйгээр хамгаалагдахгүй. Оюуны өмчийн эрх нь зөвхөн хуульд заасан шаардлагыг хангасан уран сайхны илэрхийлэл, барааны тэмдэг эсвэл техникийн шийдлийн хувьд л бий болдог. Иймээс үндсэн зарчмын хувьд бусдын бизнесийн санааг авах нь гэрээний эрх зүйн зөрчил мөн үү? гэдэгт бизнесийн санааг хамгаалах хуульзүйн асуудал төвлөрнө.

Монгол Улсын хувьд бизнесийн нууцыг хамгаалахад холбогдож Байгууллагын нууцын тухай 1995 оны хууль үйлчилж байна. Тус хуулийн

  • 3-р зүйлийн 2-р заалтад “байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно.”;
  • 9-р зүйлд “Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна.” гэж тус тус заажээ.

Монгол Улсад бизнес эрхлэж байгаа компаниуд өөрийн түншүүд, гэрээлэгч, ажилтнуудтай нууцын гэрээ байгуулах нь элбэг болжээ. Байгууллагын нууцын тухай хуульд нууц алдсанаас үүсэх бизнесийн хохирлыг хэрхэн төлөх талаар заагаагүй байна. Практикт хохирол нөхөн төлүүлэх нь илүү ач холбогдолтой байх тул иргэний эрх зүйн хүрээнд хуулийн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай төдийгүй хөдөлмөрийн гэрээ гэх мэтэд заасан нууц хамгаалах заалт нь бүх нийтийн хууль ёсны ашиг сонирхол, хөдөлмөрийн гэрээт ажилтны эрх ашигт хэрхэн нийцэж, уялдаж байх талаар олон улсын нийтлэг жишгийг баримталсан хууль хэрэглэх улсын доторхи нэгдсэн жишиг бий болгох зайлшгүй шаардлага гарч ирж байна.

Түүнчлэн монголын практикт “үл өрсөлдөх” нөхцөл заасан гэрээ байгуулах нь элбэг болж байна. Гэвч Монгол Улсад одоогийн байдлаар ийм гэрээний нөхцлийг шүүх хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх эсэх нь тодорхойгүй байна. Энэ асуудалд мөн адил улсын дотор нэгдсэн жишиг тогтоож, бизнесийн тогтвортой хөгжилд хуулийнхан хуруу нэмэх цаг нэгэнт иржээ.

ЗОХИОГЧИЙН ЭРХ

Зохиогч, уран бүтээлчдийн бүтээл нь оюуны өмч юм. Шүлэг зохиосон, дууны ая бичсэн, компьютерийн программ зохиосон, вэб хуудас ажиллуулж түүндээ мэдээ, нийтлэл хийдэг бол энэхүү илэрхийлэлийн хувьд зохиогчийн эрх үүснэ. Зохиогчийн эрх нь аливаа санааны агуулгын хувьд бус харин оюуны агуулгыг илэрхийлсэн илэрхийлэлийн хувьд үүсдэг. Үүний дээр оюуны илэрхийлэл нь бүтээлч үйл ажиллагааны үр дүн байх ёстой буюу тодорхой хэмжээгээр бусдаас ялгарах, зөвхөн тухайн хүн хийсэн гэдэг нь ялгагдах боломжтой хувь хүний оюун санааны илэрхийлэлийн чанарыг агуулсан байх ёстой байдаг.[16]

Монгол Улсад зохиогчийн эрхийн хамгаалалт бүтээлийг бүтээснээр буюу улсын бүртгэл хийлгэх шаардлаггүйгээр шууд үүснэ.[17] Монголын оюуны өмчийн бүртгэлийн байгууллагад хандаж Зохиогчийн эрхийн гэрчилгээ авах нь маргаан гарсан үед “төрийн нотолгоо” болгох давуу талтай. Гэвч зохиогчийн эрхийн гэрчилгээ нь хамтын бүтээл, нэн ялангуяа кино урлаг ба телевизийн нэвтрүүлгийн хувьд сүүлд хамтран зүтгэгчид маргасан үед асуудлыг улам хүндрүүлэх эрсдэл бий болгох талтай. Иймээс энэ асуудлыг зөвхөн Оюуны өмчийн газрын байр сууринаас бус харин хөндлөнгийн байр сууринаас ул суурьтай хэлэлцэх шаардлага бий.  

Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хууль нь Монгол Улс дахь соёл урлагийн бизнесийн суурь, бизнес хийх өгөгдөл болж эдийн засгийн тогтолцоотой уялдаж үйлчлэх ёстой. Монголын соёл урлагийн эдийн засаг одоогоор орчин үеийн гэрээлэх, лицензлэх хэлбэрт хараахан шилжээгүй байна. Энэхүү шилжилтийг уран бүтээлч, оюунлаг хэсгээ дэмжиж хийхийн тулд хувийн сонирхолд бус гишүүддээ үйлчилдэг, орчин үеийн гэрээлэх тогтолцоотой Зохиогч, уран бүтээлчдийн хамтын удирдлагын байгууллага жинхэнэ утгаар бий болж хөгжих зайлшгүй шаардлагатай болжээ.[18]

БАРААНЫ ТЭМДЭГ

Барааны тэмдэг (ба газар зүйн заалт) нь оюуны өмч юм. Барааны тэмдэг гэдэгт товчхондоо бараа, үйлчилгээг ялгах аливаа тэмдгийг ойлгодог.[19] Компани, бүтээгдэхүүний нэр, лого зургийг Оюуны өмчийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж барааны тэмдгийн эрх авах нь амьдралд нийтлэг байдаг.

Барааны тэмдгийн эрх нь Монгол Улсад зарчмын хувьд цэвэр бүртгэлд үндэслэж бий болно.[20] Барааны тэмдгийн бүртгэлийг үндэсний болон олон улсын бүртгэлээр хийлгэж болдог. Дэлхийн Оюуны өмчийн газраар дамжуулж монголд бүртгүүлсэн олон улсын бүртгэл нь МУ-ын Оюуны өмчийн бүртгэлийн байгууллагад шууд хандаж бүртгүүлсэн бүртгэлтэй нэгэн адилаар Монгол Улсын нутаг дэвсгэрт ижил агуулгатай барааны тэмдгийн бүртгэлийн эрхийг үүсгэнэ.[21]

Барааны тэмдгийн эрх зүй нь шудрага өрсөлдөөнийг нөхцөлдүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын өрсөлдөөнийг урамшуулж, бизнес эрхлэгчийн гаргасан хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг хамгаалах зорилготой байдаг.[22] Бизнес нь амжилттай болж, үйлчлүүлэгчийн анхаарлыг татах тэр шатанд хүрэхэд бараа бүтээгдэхүүнийг бусад хүмүүс дуурайлгаж хийж бизнес эрхлэгчийн өнөөг хүртэл явж ирсэн хөдөлмөрийг зүгээр ашиглах тохиолдол гарч магадгүй. Ийм үед барааны тэмдгийн бүртгэлд үндэслэсэн оюуны өмчийн эрхийн ач тус гарч, бизнес эрхлэгч өөрийн зах зээлээ хамгаалах зэвсэг болох учиртай байдаг.

Барааны тэмдгийн эрх зүйг улсын дотор чанарын өрсөлдөөнийг нөхцөлдүүлэх тогтолцооны нэг хэсэг гэж ойлгох ёстой бөгөөд тогтолцоог сайжруулах аливаа алхамууд энэ зорилгод үйлчлэх ёстой. Хурдан, үр дүнтэй, уян хатан, оновчтой барааны тэмдгийн эрхийн хэрэгжилтийн механизм нь барааны чанарын баталгаа, хэрэглэгчийн эрүүл мэнд ба аюулгүй байдлыг хангах үндсэн арга хэрэгсэл байдаг. Хөгжсөн европын орнуудад зах зээлийн бодит, шуурхай мэдээлэлгүй төр хэрэглэгчдийг хамгаалах гэж ганцаар, “бүтэл муутайхан” зүтгэхээс илүү барааны тэмдгийн эрх зүйн механизмаар (бизнес эрхлэгчид өөрдөө санаа тавьж) хэрэглэгчдийг хамгаалдаг. Монгол Улсад орчин үеийн барааны тэмдгийн эрхийн хэрэгжилтийн механизмыг олон улсын жишигт нийцүүлж бий болгох зайлшгүй шаардлагатай болжээ.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАР

Бүтээгдэхүүний загвар нь оюуны өмч юм. Бүтээгдэхүүний загварын хамгаалал нь нэн ялангуяа дизайн, хувцас загвар, архитекторын бизнесийн хувьд ач холбогдолтой юм.[23] Дизайн, хувцас загвар, архитекторын бүтээлүүд нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдах боломжтой боловч өдөр тутмын хэрэглээ, зориулалтад чиглэсэн тул оюунлаг агууламж нь техникийн боломжоор хязгаарлагддаг. Хүн хоёр хөлтөй тул дөрвөн шуумагтай өмд өмсөхгүй гэдгээр үүнийг зүйрлэж хэлж болно.

Бүтээгдэхүүний загварын хамгаалал нь Монгол Улсад бүртгэлд үндэслэж бий болдог.[24] Бүтээгдэхүүний загварыг олон улсад бүртгүүлэх боломж мөн адил бий[25]  бөгөөд Монгол Улс нь бүтээгдэхүүний загварын олон улсын бүртгэлийн Гаагийн системд нэгдсэн улс юм.[26]

Бүтээгдэхүүний загварыг оюуны өмчийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, хамгаалалт авмагц загварын зургийг нийтлэх ёстой байдаг.[27] Иймээс бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлээгүй, худалдаанд гаргаагүй бол яаравчлан бүртгүүлэх нь дизайнерт ашиггүй байх тохиолдол бий. Бүртгүүлсэн л бол сайн гэж үздэг нэг талыг барьсан үзэл нь нэн ялангуяа бүтээгдэхүүний загвараа үйлдвэрлэлд нэвтрүүлэх хөрөнгийн эх үүсвэргүй, үйлдвэрлэл худалдааны сүлжээнд холбогдоогүй хувь уран бүтээлчдэд хоосон горьдлого төрүүлж, үр ашиггүй зардал гаргах эрсдлийг бий болгож байгааг анхаарах хэрэгтэй байдаг.

ШИНЭ БҮТЭЭЛ, АШИГТАЙ ЗАГВАР

Шинэ бүтээл, ашигтай загвар оюуны өмч юм. Шинэ бүтээл, ашигтай загварын хамгаалал нь шинэ, техникийн хөгжилд ахиц дэвшил гаргах техникийн шийдлийн хувьд бий болдог.[28]Олон улсад нийтлэг нэр томъёогоор энэ нь патентийн эрх зүйн салбар юм.

Монгол Улс бол эх газрын эрх зүй буюу орос ба европын орнуудаас эхтэй патентийн эрх зүйтэй улс. Эх газрын эрх зүйн системд цэвэр байгалийн хуульд үндэслэсэн техникийн шийдлүүдийг хамгаалдаг тул менежмент, санхүүгийн тооцооллын систем, компьютерийн программд патентийн эрх үүсдэггүй.[29]

Патентийн эрх зүйн салбар нь классик утгаараа санаа буюу шийдлийг хамгаалдаг, эрхийн хүрээгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэх процессийг хамгаалах боломжтой хүчтэй оюуны өмчийн эрх юм.

Техникийн шийдэлд патент авах хэрэгтэй эсэх нь урьд дурьдсан бүтээгдэхүүний загварын асуудлаас ялгаатай. Зарчмын хувьд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдаанд гаргах эсэх нь тодорхойгүй бол патентын мэдүүлэг гаргахгүй нууцлах ач холбогдолтой байж магадгүй. Нөгөө талаас патентын мэдүүлэг гаргаагүй байхад өөр нэг хүн яг тийм шийдлийг нээгээд патент авчихвал цаг хугацааны хувьд анх сэдсэн хүн хоосон хоцрох болно.[30]

Хэн түрүүлж шинэ бүтээлийг Оюуны өмчийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь патент авах тогтолцоо нь техникийн мэдлэгийг аль болох хурдан нийтэлж, мэдээлэх замаар улсын дотор техникийн мэдлэг, чадварын хөгжлийг эрчимжүүлэх зорилготой байдаг.[31] Иймээс Монгол Улсад хамгаалагдсан бүх шинэ бүтээл, оновчтой загварыг олон нийтэд түгээх, нэн ялангуяа зөвхөн шинэ бүтээлийн томъёолол, товч танилцуулгыг бус, шинэ бүтээлийн тодорхойлолтыг бүхэлд нь нийтлэж, Патентийн эрх зүй гэдэг зүйлийг мөн чанараар нь хэрэгжүүлэх шаардлагатай байна.[32]

Хуулийн өндөр шалгуурыг давж патент авсан бүтээгдэхүүн бүхэн эдийн засгийн үр ашиг авчрахгүй. Зах зээлийн тогтолцоонд хувийн хөрөнгө оруулагч эрсдлийг өөрөө даадаг. Иймээс патент авсан шийдэл үйлдвэрлэлд нэвтрэхгүй байсаар үнэ цэнээ алдах тохиолдол байдаг.[33] Орчин цагт “техникийн инноваци” буюу шинэ бүтээл, оновчтой саналыг Томас Эдиссон, Джемс Дайсон нар шиг саятан шинийг санаачлагчдыг жишээ болгож бус, харин түүхий эд нийлүүлэгч, гадны технологийн импортлогч улсын бодит байдлыг харж инновацийн бодлоготой болох, нэн ялангуяа техникийн мэдлэгийг олж авах улсын зорилтод нийцүүлж Патентийн тухай хуулийг тайлбарлаж, хэрэглэх, шинэчлэх шаардлага нэгэнт бий болжээ.

ХУРААНГУЙ

Төрийн зохицуулалттай чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь нэг талаас өмчийг хамгаалж, баялагийг арвижуулах тогтвортой байдлыг бүрдүүлэх ёстой, нөгөө талаас ур чадвар, чанарын өрсөлдөөнийг өрнүүлж нийгэм, эдийн засаг, техникийн хөгжлийг нөхцөлдүүлэх ёстой.  Энэхүү тогтолцоонд мэдлэг, шинэ санаа чөлөөтэй хөрвөж, эрчимтэй түгж, нийгмийн оюун санаа, бизнесийн арга барил байнга шинэчлэгдэж байх нь чухал байдгийн нэгэн адил мэдлэг, урлаг соёлыг бүтээх санхүүжилтийн баталгааг бий болгох ёстой болдог. Оюуны өмчийн хамгаалал нь энэхүү чөлөөт өрсөлдөөний орчноос нөхцөлдсөн харилцан зөрчилдөөнтэй ашиг сонирхолуудын зөвшилцөлд бий болсон өмчлөл, лицензийн тогтолцоо юм. Энэхүү өмчийн тогтолцоонд зөвхөн хуульд зааж нэрлэсэн бүтээлийг гол төлөв бүртгэлд үндэслэж оюуны өмчөөр хүлээн зөвшөөрдөг. Монгол улсын оюуны өмчид холбогдох хуулиудын дагуу (а) урлаг, уран сайхан, уран зохиол, шинжлэх ухааны салбар дахь зохиогч, уран бүтээлчдийн бүтээл, (б) барааны тэмдэг, газар зүйн заалт (в) бүтээгдэхүүний загвар, (г) шинэ бүтээл, оновчтой загвар нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн, өмчлөх эрх үүсэх оюуны өмч юм.

Өнөөгийн өрнөдийн хөгжсөн капитализмын өмчлөл, лицензийн тогтолцоо нь гадаадын шууд хөрөнгө оруулалт ба гэрээний нөхцөл хэлбэрээр дэлхий даяар нэвтэрч, оюуны өмчийн хамгаалал, гэрээний эрх зүйн ойролцоо олон улсын нийтлэг жишгийг тогтоож байна. Дэлхийн эдийн засгийн сүлжээнд (а) гадаадын хөрөнгө оруулалтын төлөө бусад хөгжиж буй орнуудтай өрсөлдөж байгаа улсын хувьд, (б) нийгмийн оюунлаг хэсгийнхээ хүчинд түшиглэж хөгжиж, дэвжих хүсэлтэй үндэстний хувьд, (в) барааны тэмдэг, патентийн хэрэгжилтээр хүн амын эрүүл мэнд гэх мэт бүх нийтийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд чанарын өрсөлдөөнийг нөхцөлдүүлж оюуны өмчийн хэрэгжилтийг хангах, хамтын нэгдсэн бодлогыг баримталж хуулийг тайлбарлах, хэрэглэх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болжээ.

 

Энэ нийтлэлийн анхны хувилбарыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Цахим Өртөө ТББ, Их Британи дахь Монголчуудын Холбоо, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл, Франц Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам хамтран 2016 оны 4 дүгээр сарын 30-нд Парис хотод зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” 12 дугаар чуулганы илтгэлд зориулж бичсэн. Нийтлэл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийн 2016 оны 3 дугаар улирлын дугаарт анх хэвлэгдсэн. Парис хотын хурлыг зохион байгуулж, илтгэгчээр урьсан Цахим Өртөө ТББ болон "Шүүх эрх мэдэл" эмхэтгэлийн хувилбарыг хянан тохиолдуулсан мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлье. 

 

ЭШЛЭЛҮҮД:

[1] Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвец нь 2016 оны 10-р сарын 10-ны байдлаар нийт 176 улсыг нэгтгэсэн байна, http://www.wipo.int/treaties/en/ShowResults.jsp?lang=en&treaty_id=2; ДХБ-ын гишүүнээр элсмэгц тухайн улс ТРИПС-ийн хэлэлцээрийн гишүүн улс болдог. 2016 оны 7-р сарын 29-ний байдлаар ДХБ нь 164 гишүүнтэй байна, https://www.wto.org/english/thewto_e/whatis_e/tif_e/org6_e.htm.

[2] МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн № 3, 8

[3] МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн № 4

[4] МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн № 8

[5] МУ-ын Үндсэн хуулийн 16-р зүйлийн № 16

[6] Хүний эрхийн түгээмэл тунхаглалийн 17, 19, 23, 27-р зүйлүүд, https://documents-dds-ny.un.org/doc/RESOLUTION/GEN/NR0/043/88/IMG/NR004388.pdf?OpenElement; Г. Совд, “Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх”, Улаанбаатар 1999, х. 110, 159, 182, 183

[7] Ази, африкийн буурай орнууд ч Өрсөлдөөнийг зохицуулах төрийн тусгайлсан байгууллагатай байх нь өнөө цагт нийтлэг болжээ. Дэлхийн эдийн засгийн голлох тоглогч улсууд өөрийн улсад холбогдох компаниудын бизнест хяналт тавихад харилцан туслалцаж хамтарч эхэлж байгаа билээ, OECD, International co-operation in competition law enforcement, https://www.oecd.org/mcm/C-MIN(2014)17-ENG.pdf; International Competition Network, ICN report on OECD/ICN questionnaire on international enforcement cooperation http://internationalcompetitionnetwork.org/uploads/library/doc908.pdf.

[8] Жнь: Оюуны өмчийн өмчлөх эрх зохиогчид өөрт нь эхэлж үүсэх зарчим монголын төдийгүй бусад эх газрын эрх зүйн тогтолцооны улсуудад нийтлэг байдаг. Энэхүү сэтгэлгээгээр бүтсэн олон улсын олон талт гэрээ бол өдгөө 160 гаруй улсад хүчин төгөлдөр үйлчлэх Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн концвенц юм, http://www.wipo.int/wipolex/en/treaties/text.jsp?file_id=283693; Оюуны өмчийн эрх анхдагч байдлаар зохиогчид өөр нь үүсэх энэхүү зарчим нь европын гэрээний практикт зохиогчийг гэрээний “хүчтэй” тал болгож байдаг. 

[9] Зах зээлд голлох тогтлогч компаниудын патентийн лицензийн асуудал нь Өрсөлдөөнийг зохицуулах газрын хяналтад байх нь олон улсад нийтлэг байдаг. Зарим тохиолдолд ийм компаниуд нийлүүлэгч, туслан гүйцэтгэгч, өрсөлдөгч компаниудад патентийн энгийн лиценз (non-exclusive license) заавал өгөх үүргийг хүлээдэг. Үүнийг дэлхийн 160 гаруй улсыг нэгтгэсэн ТРИПС-ийн хэлэлцээрийн 40-р зүйлээр хүлээн зөвшөөрсөн; жнь: Эмийн зах зээлтэй холбогдсон хялбарчилсан танилцуулгыг Дэлхийн Худалдааны Байгууллагын хуудсаас олж үзэж болно: https://www.wto.org/english/tratop_e/trips_e/factsheet_pharm02_e.htm

[10] Нэн ялангуяа эмийн үйлдвэрлэлтэй холбогдож ТРИПС-ийн 31-р зүйлийн дагуу албадан лицензийг (compulsory patent license) хэрэглэдэг тохиолдлууд байдаг; жнь: https://www.wto.org/english/tratop_e/trips_e/factsheet_pharm02_e.htm

[11] Жнь: европын нэгдсэн зах зээлд нэг улсаас өөрийн соёлын салбарт санхүүжилт хийж, кино урлагийн компаниудаа дэмжих тохиолдолд энэ нь Европын Холбооны Өрсөлдөөнийг зохицуулах гэрээнүүдэд холбогдож, Европын Өрсөлдөөний байгууллагаас хянаж үзэх асуудал болдог. Европт соёлын санхүүжилтийн хувьд нэгдсэн зарчим, бодлогын эрэмбэ гэж байдаг. Үүнтэй холбогдож жишээ болгож дараахи кино урлагийн төрийн санхүүжилтийн бодлогын тухай баримт бичигтэй танилцаж болно: European Commission, Competition Policy Breaf: http://ec.europa.eu/competition/publications/cpb/2014/013_en.pdf

[12] Жнь: Монголд шинэ бүтээлийн эрх, оновчтой загвар, барааны тэмдэг, бүтээгдэхүүний загваруудын эрх  нь хуулийн шаардлагыг хангаж, Оюуны өмчийн байгууллагад бүртгэл хийлгэснээр үүсдэг. Зохиогчийн эрхийн хувьд эргэлзээтэй үед хуулсан уу? эсвэл тухайн хүний хувь хүний оюун санааны илэрхийлэл мөн үү? гэсэн хуульзүйн асуудалд ялгаа зааг тавьж зохиогчийн эрх үүссэн байна гэж үздэг.

[13] Үүнд холбогдож Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас эрхлэн гаргасан “Худалдааны нууц” бизнес эрхлэгчдэд зорилсан гарын авлагатай танилцаж болно: WIPO, IP Panorama, Trade secrets, http://www.wipo.int/export/sites/www/sme/en/documents/pdf/ip_panorama_4_learning_points.pdf

[14] http://www.wipo.int/export/sites/www/sme/en/documents/pdf/ip_panorama_4_learning_points.pdf

[15] http://www.wipo.int/export/sites/www/sme/en/documents/pdf/ip_panorama_4_learning_points.pdf

[16] Монгол Улсын Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3.1.1.-р зүйл: "зохиогч" гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг”ойлгоно; 5.1.1-р зүйлд “бүтээлч хөдөлмөр” гэсэн үг, хэллэгийг хэрэглэжээ. Түүнчлэн 6.1-р зүйлийг харьцуулж харна уу. 8.1.8-р зүйлд “аливаа санаа” нь зохиогчийн эрхийн бүтээл биш гэжээ.

[17] Монгол Улсын Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9.1, 9.2, 9.5.

[18] Англиар “collecting society” буюу “copyright collective” гэнэ. Хөгжсөн орнуудын хамтын удирдлагын байгууллагууд гэрээлэх замаар өөрсдийн гишүүдийн эрх ашгийг гадаад улсад хамгаалдаг олон улсын тогтолцоо нэгэнт бий болсон гэдгийг энд тэмдэглэе.

[19] МУ-ын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3.1.1

[20] МУ-ын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5, 6, 8, 9-р зүйлүүд

[21] МУ-ын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 11-р зүйл; Барааны тэмдгийн олон Улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн 4-р зүйлийн 1-р заалт; Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын Хэлэлцээр протоколийн 4-р зүйлийн 1-р заалтын (а).

[22] Franz Hacker, Markenrecht, Carl Heymanns Verlang 2013, х. 5, мөр № 18.

[23] МУ-ын Патентийн тухай хуулийн 3.1.2-р заалт.

[24] МУ-ын Патентийн тухай хуулийн 5-р зүйл, 7.1-р заалт.

[25] WIPO, International Registration of Industrial Designs, http://www.wipo.int/edocs/pubdocs/en/designs/911/wipo_pub_911.pdf

[26] http://www.wipo.int/hague/en/members/pro/files/mn.html?part=general

[27] МУ-ын Патентийн тухай хуулийн 13.1-р заалт.

[28] МУ-ын Патентийн тухай хуулийн 3.1.1-р заалт, 4,1-р заалтуудад “шинэ бүтээлийн түвшин агуулсан” гэсэн нь Патентийн хамтын ажиллагаа гэрээний 33-р зүйлийн 3-р заалтын “ inventive step” гэсэн шалгуурын монгол хэлний илэрхийлэл юм. Энэ нь техникийн хөгжилд ахиц гаргах буюу дундаж инженер сэтгэж олох хэмжээний бус түүнээс дээш сэтгэсэн байх шийдэл байх ёстой гэсэн шаардлага юм. Ашигтай загварын тухайд Монгол Улсад “үйлдвэрлэлд ашиглах боломжтой”, “шинэ” гэсэн шаардлагуудыг хуулиар тавьдаг, МУ-ын Патентийн тухай хуулийн 3.1.3 ба 6.1.

[29] МУ-ын Патентийн тухай хуулийн 4.7.1, 4.7.2, 4.7.3-р заалтуудыг харьцуулж харна уу.

[30] МУ-ын Патентийн тухай хуулийн 4.5.1-ийн дагуу “шинэ байх” гэдгийг мэдүүлгийн анхдагч огноо буюу мэдүүлэг гаргасан цаг хугацаанаас эхэлж шүүлт хийдэг.

[31] Rudolf Kraßer, Patentrecht, C.H. Beck 2004, § 3.

[32] МУ-ын Патентийн тухай хуулийн 13.1-ийг харьцуулж харна уу.

[33] ХБНГУ-д нийт шинэ бүтээлийн 90 гаруй хувь нь технологийн компаниудын зах зээлийн зорилтот судалгааны үр дүнд бий болдог, Rudolf Kraßer, Patentrecht, C.H. Beck 2004, § 3, S. 42; тухайн зах зээлээ мэддэг, чиг хандлагыг нь тодорхойлдог компаниуд үйлдвэрлэлд ашиглаж чадаагүй патентуудтай байх нь ердний үзэгдэл. Патентийг үйлдвэрлэлд ашиглаагүй бол энэ нь тухайн хувийн компанийн өөрийнх нь шийдвэр, эрсдэл юм.


avatar
    • эрдэмбилэг
    • 27.123.214.*

    Том сэдэв бн Бидэн шиг уранбүтээлч хүнд бол уг нь хэрэгтэй материал гэхдээ би ядарч бн Бидэнд надад шууд ХО буюу шууд үр дүн дутагдсаар өдии хүрлээ Бодлого бхгүй болхоор Биднииг бойжуулах инкубатор орчин түүнд старт ап хиих сэтгэл зүй одоо монголд бэлэн биш байгаа нь харамсалтай Танд баярллаа Хамтдаа шүү

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%