20 мянган дагагчтай, тэгээд юу гэж?  

Хэрүүл хийх гэсэнгүй. Трэнд сэдэв ашиглаад санаж явснаа хуваалцах боломж гарсан тул ийм гарчиг өгөв.

Хонх жингэнүүлдэг үлгэрийг санаж байна уу, тануус? Барын бамбар ижилдэн дассан тугал найздаа хонх зүүж өгдөг. Аюул учирвал жингэнүүлээрэй гээд. Нэг жингэнэхээр нь гүйгээд иртэл ялаа үргээгээд сэжсэн төдий байдаг. Дахиад нэг гүйгээд иртэл тоглоод толгойгоо сэжсэн төдий. Ингээд нэг өдөр жингэнэж сонстохыг бамбар тоолгүй орхидог. Найзыгаа алддаг. Тийм үлгэр.

Хонхонд буруу байхгүй л дээ. Хонхны үүрэг нь жингэнэх. Тугал буруу хэрэглэсээр байгаад “аюул дохиолох” анхны үүргийг нь алдуулж, өөрөө түүнийхээ төлөөсийг төлдөг.  Үүнчлэн, “үхэр” монгол анхны үүргээ алдсан хонхоор дүүрчээ. Хамгийн том нь эрдэнэт хүмүүний эрх чөлөө, үнэ цэнийг дээдэлсэн ардчилсан үзэл.  Зөв хэрэглэж үзээгүй хэрнээ миний төлөө жингэнэхгүй юм байна гэж шийдээд  дарангуйллыг хүссэн дуу хоолой сонстох болов.  Тэгээд араас нь иргэний нийгмийн эсэргүүцэл, эр зориг,  дуу хоолой, медиа, эв нэгдэл, эх оронч үзэл... энэ улсын сайн сайхан, өөр маргаашийн төлөө жингэнэж байх ёстой хонх бүхэнд итгэхээ байж.

Итгэл алдсаны шалтгаан нэгдүгээрт мэдээж тугалнуудад бий. Жишээ нь Баттулга гэдэг бакь тугал сэжих болгондоо  асуудлын мөн чанарын араас гэхээсээ аль нэг талыг намнах зорилгоор  хэвлэлийн хонхыг цохисоор байгаад одоо медиа асуудал хөндөж, шүгэл үлээх ажлаа хиймэгц мань хүн л сэжиж харагддаг болсон байх жишээтэй. Энэ бол наад захын жишээ.  Элбэгдорж , Энхболд(овгийг нь хүссэнээрээ сонгоно биз) тэргүүтэй үлэмж том бяруу улстөрчид  үг хэлэх болгондоо эх орон, ардчилал гэж үлээсээр байгаад үүнийг ярьж байгаа хэн боловч бас л худлаа сэжиж харагдах болсон.

Хоёрдугаарт, ганц хоёрын зэрэг тугал сэжмэгц хонхонд шууд итгэлээ алддаг бамбаруудад бас учир бий. Арай энгийн, ойрын жишээ гэвэл жиргээчдийн 20К клубын шинэ жил.   Өмнө нь хэдэн тугал нийлээд  буруу тийшээ сэжчихтэй зэрэг жиргээчид нэг дор цуглахаараа л захиалга төлбөртэй тархи угаах ажил хийдэг болж харагдаад болшгүй.  Тэгээд яах вэ? Огт нэгдэхгүй, хамтрахгүй болох уу?  Нэгдэж, хамтарч байж хөгжиж ирсэн хүний түүхийн дүрмийг сөрөх үү? Твиттер, Фэисбүүк гэх мэт талбар ашигладаг өөрийн дуу хоолойтой иргэд  нэг асуудал хөндөхөд хэдэн зуун мянган хүнд хүрэх боломжтой. Тийм хүчтэй, тийм том хонхонд итгэх итгэлээ хэдэн тугалаас болж бүр гээх үү, болих уу? Өөрсдөө гартаа байгаа хонхоо яагаад анхны зорилгоор нь хэрэглэхгүй байна? Өөрсдийнх нь ирээдүйг шийдэх асуудал яригдаж байхад өмнөө байгаа нэг товчийг дараад яагаад 20 мянган дагагчдаа хүргэхгүй байна? Тэгсэн хэрнээ өөр нэг тугал бусгахад жингэнэснийх нь  төлөө өдөр шөнөгүй хонх муулах ажилд юунд тийм идэвхитэй вэ? Хонхоо хог руу хаяхаасаа өмнө бид өөрсдөө буруу бусгаж, ялаа үргээхэд хэрэглээд байна уу гэж  нэг удаа өөрсдөдөө эргэлзэж үзвэл ямар вэ? Монголчууд бид аливаа зүйлсийн анхны үүргийг санаж сэрэлгүйгээр бар (Азийн бар, аз жаргал гэх мэт анх итгэж асан хонх консептууд ч хаа нэгтээ аль нэг бярууны хөлд үрэгдсэн)  болж чадахгүй, болох боломжгүй. Хөгжил  гэж аливаа зүйл анхны мөн чанараараа орших боломжийг хэлдэг болохоор.

Ойрд их яригдаж байгаа Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах жагсаал байна.  Хавь ойрынхон нь үйлийг нь үзэж ирсэн энэ улсын түүх бүтээгүй жагсаал, болоогүй тэмцлээр арвин.  Хэдэн жагсаал нь бүтэлгүйтэж, хэдэн хөвгүүд охидоо алдсаныг хэлж эс мэднэ. 1905-1910 онд гэхэд Японы дарангуйллын эсрэг хөдөлгөөнд  17 мянга орчим хүнээ алдсан гэх тоо бий.  Тэд гэхдээ тэглээ гээд тэмцэлд итгэх итгэлээ алдаагүй. 1919 оны бүр далайцтай “Ман-сэ“ (гуравдугаар сарын нэгний) хөдөлгөөнөөр тусгаар тогтнолынхоо төлөө түүхэн алхам хийж урагшилсан. Өчигдөр ч тэглээ.  Оффшор данстай ерөнхий сайдаа авч хаясан Исландын иргэдийн жагсаал. Хөдөлмөрчдийн эрх ашгийн төлөө, боолчлолын эсрэг тэмцэл, Францын хувьсгал... бүр урагшилвал Магна Харт. Хонх жингэнүүлэх зоригтой,  түүнийг сонсох чихтэй, түрэх зоригтой ард түмэн урагшилж, тийм биш нь хэний тугал юуг буруу сэжиж байгааг хэлцсээр үлдэх нь. Хонхны жингэнэх дуу дагаж урагшилж ирсэн нь хүний түүхийн хөдлөшгүй үнэн билээ.  

Уг нь бид ч бас хүний сайн сайхнаас том нам, том үзэл суртлын эсрэг хонхны дуу биднийг сэрээ... гэж  дуулж эхэлсэн.  Бамбар гэнэн байж, тэр нь давуу тал нь, хүч нь байж. 26 жил өнгөрч, эрүүл аюулгүй амьдрах орчин, элэг, уушиг...  элдэв бүхнээс илүү энэ бүхнийг ийм байх ёсгүй гэж жингэнэх хонхны дуунд итгэх итгэл хэмээх асар өндөр үнэ төлсөн байнам. Гэхдээ сайн мэдээ:  асуудал бид өөрсдөө болохоос хонх хонх хэвээрээ. Бид өөрсдөө өөрчлөгдвөл, өөрсдөө анхны утгаар нь цохивол, цохиж байгаа нэгэндээ итгэвэл хөгжлийн “бамбар” асч таараа.

Хаа нэгтээ хонх жингэнэж байна уу даа, танд сонсогдож байна уу? Улстөрч бяруунууд  толгой сэжив үү, улс  нийгэмд асуудал гарав уу? Очих уу, байх уу? Очихгүй хаячихвал тугалаа идүүлчих юм биш байгаа?!

@bolushka

 

 

 

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4689

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%