ТҮҮХ: Эндрю Карнеги ба 19-р зууны Америк

 

 “Домогт Мидас юм болгоныг (сүүлийн үмх талхаа ч) алт болгон хувиргах чадвартай. Эндрю Карнеги түүнийг давж гарав: тэр төмрийг алт болгон хувиргаад зогсохгүй, түүнийхээ тухай ярьж өгөх амьдралыг туулсан юм.” Д. А.Врэн, Р. Г.Грийнвүүд.

 “Илүү ашиг бол нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах үүрэг эзэмшигчид нь ноогдсон хөндөж болшгүй итгэлийн сан юм.” Э.Карнеги

 

Их Британи шинэ тив рүү цагаачилсан олон охид хөвүүдтэй цуг нэгэн сод бизнесмэнээ Америкт бэлэглэсэн нь Шотланд гаралтай Эндрю Карнеги юм. Төмрөөр Америк орны гол нурууг зангидсан суут инноватор 1835 онд Шотландад гар нэхмэл эрхлэгч чинээлэг гэр бүлд төржээ. Төрөлх хотынхоо сургуульд хэдхэн жил суусан Карнегид улс төрийн хувьд шинэлэг, радикал үзэл бодолтой гэр бүлийнх нь нөлөө тод томруун тусч, Шотланд үндэсний уран зохиол, түүхээ сайн мэддэг, улс төр, нийгмийн тухай нэлээн радикал үзэлтэй, эмоцтой бие хүн болон өсч торнив. Бага байхад нь 19-р зууны их нүргээний нэг хөвөн даавууны автомат сүлжмэлийн машин Их Британийн үйлдвэрлэлд нэвтэрч гар нэхмэлчид үй олноороо ажилгүйчүүдийн эгнээнд шилжив. Карнегийн гэр бүлд 1847-1848 оны их хямрал, Их Британийн үзсэн хамгийн сүүлийн өлсгөлөнд нэрвэгдсэн 1,300,000 цагаачдын хамтаар Английг орхихоос өөр арга байсангүй. Хүүхэд нас, мөрөөдөл, төрөлх хотоо ардаа үлдээгээд Атлантын далай гаталж одох хэчнээн гунигтай байсныг, нутаг ус нь хэчнээн сайхан газар байсныг Карнеги  хэзээ ч мартаагүй билээ.

Аз жаргал хайн шинэ тивд очсон аав нь хэзээ ч эрснээ олоогүй боловч хүү нь хөвөнгийн тээрмээс эхлээд, ус буцалгагч,  шуудан зөөгч зэрэг ажлын гараанаас шинэ улсын бүтээн байгуулалттай хамт өөрийн түүхээ бичиж эхлэв.  Хариуцлагатай, самбаатай хүү 23 настайдаа Пенсилванийн төмөр замын салбарт захирал хийх болов. Тэр үеэр мөн хувьцаанд хөрөнгө оруулж ногдол ашиг авч үзжээ. Амьдралдаа анх удаагаа хөлсөө гоожуулахгүй олж үзсэн 10 долларын чекийг хэзээ ч мартаагүй гэдэг.  Төмөр зам, газрын тосны компаниудад хөрөнгө оруулсан мэдрэмжтэй нүүдлүүд нь нүдээ олж, 1863 он гэхэд 47 мянган долларын хөрөнгөтэй болоод ээждээ байшин авч, ах дүүгийн бизнес, найзуудын карьер гараанд тусалчихаар болж ирэв. Америк орон залуу бизнесмэний бүжгийн талбар болох цаг ойрхон байлаа. Биедээ томдсон бахиал тухаад ажлын талбайг нэгд нэгэнгүй шалгаж, зааварлаж, загнаж, урамшуулж явдаг хурц цэнхэр нүд, цагаан шаргал үстэй  “жижигхэн” боссын хариуцсан Питцбүрг салбар асар үр ашигтай ажиллах авай.

1862 онд заавал эргэж ирнэ гэж амласан төрөлх тосгондоо ээжийгээ дагуулсаар нүүр бардам эргэж очтол дурсамжаас нь хачин жижиг байжээ. Дурсамж хэвээр үлдэж, өөрөө том болсон байв. Вашингтон түүний талбар болж, Питцбүрг жижиг санагдах үе айсуй. Буцаж ирмэгцээ тэр ондоо гүүр барилгын Кийстоун Бриж компани, 1864 онд ширэм хайлах, ган хавтгайлах тээрмийн үйлдвэр байгуулж, 1865 оноос төмөр замын салбараас бүр гарав. Төмөр зам түүнд төмөр хэчнээн хэрэгтэй цаг ирж буйг зааж өгчээ. Яг тийм, шинэ тулгар үйлдвэрт орны сээр нурууг төмрөөр зангидах нь гарцаагүй! 1866 он гэхэд төмөр олборлох салбарт хамтрагчтай болсоноор, хожим Карнегиэс эхэлсэн гэгдэх “босоо нэгдэл[1]”-ийг төмөрлөгийн салбарт авчрах үндсэн бэлтгэл нь хангагдсан байв. Өөрөө Англи ирж очихдоо төмрийн хүдэр амандаа хийх нь холгүй судалж ирнэ.

 Эрдэмтэд төмрийг хими, физикийн томьёогоор харах бол Карнеги тоогоор л харна.

Үйлдвэрлэлийн процесс тутамд хэр ашиг алдагдал гарч байгааг жилийн эцэст л баримжаалдаг уламжлалыг халж дамжлага бүрийг тоогоор илэрхийлж, орлого зардлыг дэлгэрэнгүй бүртгэх болсноор хар баримжаагаар хөдөлдөг өрсөлдөгчдөөсөө хол давуу тал гартаа оруулжээ. Өрсөлдөгч нь тоног төхөөрөмжийн өндөр үнэ дээр гацаж байхад, тонн тутам дахь зарлага орлогыг тоон дүнгээр баримжаалж буй Карнеги даруйхан шийдвэр гаргаад илүү хурдан хөдөлдөг байв.

 

“Үйлдвэрлэлд амжилт олох үндсэн нөхцлийн нэг нь санхүүгийн бүртгэлийн төгс төгөлдөр систем нэвтрүүлж, түүнийгээ чанд нарийн мөрдөх, ингэснээрээ хүн болгоныг хөрөнгө мөнгө болон эд материалын хариуцлага хүлээх боломжтой болгох явдал.“

 

Бүх явцыг тоогоор илэрхийлэх зорилго аяндаа ширэм хайлах зуухан дотор юу болоод байгааг мэдэхэд чиглэв. Залуухан борлуулагчаа менежерээр томилоод химич олж авчрав. Төд удалгүй Люси Зуух гэх чамин нэртэй, бүтээмж өндөртэй нүсэр том зуух ажилд орлоо. Тонн тутмын үнийг буулгаж аваад гүйцэгдэхээ байсны дараа л химич ажилд авах хэрэг хаана байсныг салбарынхан нь төө хойно ойлгожээ. Түүний үйлдвэр хамгийн шилдэг нь, түүний зуухнууд хамгийн өндөр бүтээмжтэй байх ёстой. Нэгэнтээ ажилчин нь “8-р зуух дэлхийн рекорд эвдлээ” гэж баяртайяа дуулгахад “бусад нь яасан юм” гэж загнасан аж.

Төмөрлөгийн салбарт захиалга авсны дараанаас үйлдвэрлэж эхлэх нь түгээмэл байсан үе. Карнеги өөрсдөөсөө түрүүлэн санал тавьж борлуулах аргыг эхлүүлээд бизнесээс бизнес дамжин муж улсуудын хооронд аялан явдаг байв. Юм зарахдаа гарамгай, ясны бизнесмэн авч өөрөө өөрийнхөө хувьд хамгийн нэгдүгээрт Шотланд хүн байсан нь дараах тэмдэглэлээсээ л харагдана:

 

“Бурхны авралаар би Шотланд хүн болж төрсөн, өөр хэн ч юу ч биш Шотланд хүн гэдэгтээ талархнам. Эр зоригтой жижигхэн дайчин, дур зоргоороо ч хүлээцтэй, овсгоотой, боломжийг харахгүй өнгөрөөхгүй ч уян зөөлөн, энэрэнгүй, дуунд уярч үлгэрт автдаг, сайхан зүйлсэд туйлын амархан унадаг, үнэнч итгэлтэй, үргэлж чигч... Аяа Шотланд чи надад яг тохирном, хүү чинь гэдгээрээ бахархаж явна би.”

 

Шотланд хүү 1872 он гэхэд төмөрлөгийн салбарт бараг монополь байр суурьтай болжээ.  Америкийн төмөр замын хувьцааг их хэмжээгээр Английн хөрөнгө оруулагчдад борлуулж авлаа. Санхүүч болох зам ч нээлттэй байсан ч бодит үйлдвэрлэл хийдэг хүмүүст нийтлэг байдагчлан залуу саятан цэвэр санхүүгийн арилжаанд дургүй, компани нь хувьцаа бонд нийтэд зардаггүй байв. Түүний арга бол нөхөрлөл, хамтын ажиллагаа, итгэл, сайн санаа. Тэр үеэр Хенри Бэссэмэр төмөр боловсруулах технологит хувьсгал гаргасан ган хайлах шинэ зуухаа түүнд биечлэн сонирхуулж, шавь оруулж авснаар төмрийн үйлдвэрлэлд өгсөн дурлал нь хүчээ авав. Бүх өндгөө нэг сагсанд бүү хий гэдэг бол Карнеги эсрэгээрээ “бүх сайн өндгөө нэг сагсанд хийх, тэгээд сайн манах” бодлого барьж байв. 30 нас гарч байхдаа л асар том сагстай болоод байсан ч өрсөлдөгчдөө нэг бол  амбаардаж гаргаад, нэг бол хөлдөө чирээд ган, төмрийн эрин үеийг гардан байгуулах  үлгэр домог мэт карьер нь дөнгөж эхэлж байлаа.

1870-аад онд Их Британи үйлдвэрлэлээр тэргүүлэх  байр сууриа арай алдаагүй, ган, төмөрлөгөөр л гэхэд  АНУ-аас 3 дахин том аж үйлдвэртэй байв. Энэ харьцаа 1901 он гэхэд урвуугаараа эргэхэд Карнегийн үйлдвэр 13 сая тонн ган, төмрөөс 4 сая тонныг нь ганцаараа гаргаж байв. АНУ-д төмрийн үнэ 1878 онд тон нь 160$ байсан бол 1900 онд 17$ болтол буурч, бусад орныг бүтээмж, үнээр хол хаяжээ. Карнегийн Питцбүрг дэхь үйлдвэрийн 4000 ажилчин Германы магнат Круппын 15000 ажилчнаас гурав дахин их ган боловсруулан нийлүүлэх болсон бүтээмж нь орчин цагийн аж үйлдвэрийн шидэт үлгэр. Карнегийн үйлдвэр АНУ-г  төмөр өлгийнд өлгийдөж аваад сүүлд ургасан эврийн үлгэрийг үзүүлж аж үйлдвэрийн шинэ гайхамшиг гэгдэх болов.

Энэ гайхамшиг хэрхэн бүтэв? Эндрю Карнеги технологийн инноваци, зардал хяналтаас гадна хүн хүчинд хаялгатай босс гэдгээрээ алдартай.  АНУ-ын аж үйлдвэрт хамгийн өндөр цалинтай ажилчдынхаа тухайд “өөр хэдээр цалинжуулах юм бэ тийм мундаг залуусыг” гэнэ. Ажиллах хүчний өндөр үнэ, цалин бол чөлөөт зах зээл дээрх тэдний өндөр чанар, бүтээмжийн шинж. Карнегийн ган хамгийн сайн байх ёстой, тиймээс хамгийн сайн залуус л хэрэгтэй. Өөрөө үйлдвэрт ажлын талбайд хэзээд ойр байж, бүргэдийн харцаар шинжинэ. “Хүнийг хамгийн тохирох ажлын байранд сольж тавих авьяасаараа түүнийг гүйцэх хүнтэй таарч байсангүй” гэж нэг менежер нь дурссан байдаг. Төмөрлөгийн магнат Чарлез Шваб  өдрийн нэг долларын жолоочоор ажилд ороод 35 настайдаа Карнеги Стийлийн ерөнхийлөгч болсон бол, АНУ-д хамгийн суутай гангийн инженер Уиллаим Жонс 2 долларын цалинтай механикчаас ажлаа эхэлж, яваандаа тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгчтэй тэнцэх цалин авч байв.  Карнегийн эзэнт гүрэнд үнсгэлжингийн үлгэр үнэн болох боломж бодитоор оршиж байв. Жирийн ажилчнаас домогт Карнегийн эн тэнцүү хамтрагч болох боломж залуу хүн бүрийн өмнө нээлттэй тул Карнегийн залуус шаргуу хөдөлмөрлөдгөөрөө зартай байлаа.

Гэхдээ Эндрю Карнегийн сайхан сэтгэл ил гарах цаг болоогүй байлаа. Бизнес бол дайны талбар, тэнд өрөвч сэтгэлээр тоглодоггүй. ”Бизнес гэж дайн юм бол, дайтахаас даа” гэсэн нь юу гэсэн утгатай болохыг гадарласан хүн цөөхөн. Санхүүгийн хямрал болж хувьцааны үнэ унамагц зээлээс зээлийн хооронд явсан зарим нь төлбөрийн чадваргүй болж  дампуурахдаа тулна. Харин Карнеги хямралд дархлаатай дотоод хуримтлалаараа тэднийг худалдан авч гийгүүлдэг, энэ нь заримдаа өрсөлдөгч үйлдвэрүүдэд дампуурлын хамгаалалт болдог байв. Мэдээж хямралын үнэ бол маш хямд. Энэ тухайд “олон найз нөхөд минь мөнгө хэрэгтэй боллоо, төлж өгөөч гэж гуйж ирдэг” гэж буянт үйл хийсэн мэт тайлбар өгнө.  Карнеги хямралаар худалдаж авч,  хямралаар тэлж, хямралаар ажилчдаа нэмсээр агуу том ган, төмрийн монополь гүрэн төрүүлэв. Үр ашигтай нь ялж, ашиггүй нь ялагддаг чөлөөт өрсөлдөөний сонгодог онолчдыг баясгамаар үзэгдэл ган, төмөрлөгийн салбарт явагдаж, үр дүнд нь бараг л тансаг хэрэглээ байсан бараа жирийн металлын үнээр зарагдах болов. Энэрэлгүй аварга загас хямралын үед мөнгөтэй байж чадсан нь ч, хямралаар дайлсан аварга гүрнээ хөл дээр нь бат босгож чадсан нь ч нөгөө л тасралтгүй инноваци хийж зардлаа удирддаг, ажилчид хамтрагчийнхаа чанарыг үнэлж чаддаг карнегич менежмэнтийн үр дүн байлаа. Карнегийн гүрэн 1891 он гэхэд гүүдвилл буюу бизнесийн нэр хүндийг нь хасаад 25 сая долларт үнэлэгдэж байв. Шикаго дахь анхны тэнгэр баганадсан Хоүм Иншюрэнсийн барилга, Брүүклиний гүүр, Нью-Йоркын төмөр зам, Вашингтоны Сүлд бүгд Карнеги Стийлийн гангаар бүтээн байгуулагдав.

 

“Ямар ч ажилд хүний ганц дусал цус гарздах үнэ цэнэ байхгүй.” Э.Карнеги

 

Хоёр зуун солигдох дөхсөн үеийн Эндрю Карнеги АНУ-ын улс төр, эдийн засгийн өнгийг тодорхойлдог бизнесмэнийн нэг болсон байв. Англид зун болгон очиж дэвшилтэт үзэл бүхий  сонин хэвлэх, төрөлх тосгоноо өөд нь татах ажлууд хийнэ. Английн парламентад нэр дэвших хүсэлт хүлээж авсан ч татгалзав. Өөрийн биеэр сайн сайхны биелэл дүр болон үлгэрлэх гэсэн түүний их хүсэл, санаа зоргод парламент жижигдэнэ. Усан нүдгүй, цусан зүрхгүй мэт гантөмөр бизнесмэний ард өөр нэгэн дүр нуугдаж байлаа. 1868 онд 33-хан настайдаа бичсэн дурсамж нь энэрэлгүй магнатыг бурхны бүтээсэн хамгийн шуналтай жижигхэн жентельмэн гэлцэж асан хүмүүсийг шооконд оруулмаар эд:

 

“Хүнд шүтээн гэж байх ёстой-хүнээс их мөнгө хураахыг шүтээн болгох нь хамгийн үзэшгүй-мөнгө шүтэх шиг хүнийг гутаан доройтуулах зүйл үгүй биз ээ. Юу ч хийдэг байлаа гэсэн би оромдохгүй, тийм ч болохоор намайг хамгийн ихээр дээш өргөн хөгжүүлэх тийм шинж чанартай амьдралыг би сайтар тунгаан сонгох ёстой. Бизнес, богино хугацаанд их мөнгө үржүүлэх асуудалд хамаг ухаан санаагаа төвлөрүүлээд хэт удахаар дахин сэргэхгүй болтол доош орчих вий...”

 

Ирээдүйн төлөө энэ дурсамжаа олон жилийн турш нандигнан хадгалсны эцэст бизнес нь ид буцалж асан 1890-өөд оны эхэн үеэс олон нийт, буяны үйлсэд гар бие оролцож эхэллээ. Баялгийг зөвхөн илүү дээр дэлхийн төлөө л хурааж болно гэж албан ёсоор тунхагласан “Баялгийн Номлол” нийтлэлээ 1889 онд хэвлүүлж шуугиан тарив. Энэ үед Дарвины онолын хүний нийгмийн хувилбар, оюуны хувьслын тухай Херберт Спенсэрийн оптимист онол хүчээ авч байв. Карнеги ч ялгаагүй автсан агаад  Спенсерийг уншаад ийн тэмдэглэж байлаа:

 

 

“Бүх юм сайхан болно, учир нь бүх юм илүү дээр хэлбэр лүү хөгждөг” гэх энэ үг миний уриа, миний сэтгэлийн үүр боллоо. Хүн төрөлхтөнд өөрийгөө  доош татах зөн байхгүй, бид доод хэлбэрээс дээд хэлбэр лүү шилжиж буй. Төгс төгөлдөрийг хайх энэ аянд эцэс төгсгөл байхгүй болов уу. Хүмүс гэрэл өөд тэмүүлж, нар руу харан урагшилсаар.” 

 Дэлхийн 2 дайн ирж буйг гадарлаагүй, орон орон хувьсан шинэчлэгдэж байсан 19-р зуун ерөөс “эрхэм сэтгэл”, “дээд байгаль”, “сэтгэлийг сайжруулхуй”- г магтан дуулсан романтик, оптимист зуун байв. Карнегийн хөдөлмөр, төмөр, боловсрол, амжилт нь ийм зууныг бүтээлцэж, Карнеги өөрөө ийм зууны бүтээгдэхүүн, бэлэг тэмдэг, Америк мөрөөдлийн амилсан дүр байв. Америк мөрөөдөл бол сугалаа сугалаад гэнэт баяжих биш, Карнеги шиг бүтээж баяжихыг хэлдэг бөлгөө.

1864 онд Кийстоун Брийж компанийг байгуулахдаа л олборлолтоос жижиглэн худалдаа хүртэлх  “босоо” нэгдлийг босгочихсон байсан нь 1890 он гэхэд бүр төгөлдөржсөн байв. Гэхдээ гол үзэгдэл одоо л өрнөж эхлэнэ. 1891 онд төмрийн асар их нөөцтэй Мэсабигийн орд газар, Бессемерийн задгай зуухнаас ч хямд өртөгтэй арга нээгдэж ган, төмрийн индастри шинэ шатанд гарах тохироо бүрдээд байлаа.   Рокфеллерээс олборлох эрх, төмөр замаа хэлэлцэж аваад, улмаар зам тасарсан газрыг нь залгаж тээврийн өртгийг хяналтад авав. Дангаар эзэмшиж байсан 58 хувиараа дэнчин тавиад ачит багш Бессемер дор шүтэж, асар их хөрөнгө заран босгосон хуучин зуухнуудаа хайр найргүй буулган сольж гарлаа. Карнегийн өрөвч сэнтиментализм технологийн шинэчлэлд бол үйлчлэхгүй. 1893 оны санхүүгийн хямрал эхлэхэд ийм үед хямд өртгөөр бүтээн байгуулалтаа урагшлуулж орхидог аргаараа тоглож асан Карнеги өглөөний уулзалтад “за өнөөдөр юу нураах билээ” гэсээр орж ирдэг байсан гэдэг.  19-р зуун дуусах алдад төмрийн ордтой, коксжих нүүрстэй, хөлөг онгоцтой, төмөр замтай, хамгийн шинэ технологиор өвч тоноглосон үйлдвэртэй Карнеги Стийл өмнөө гишгэх өрсөлдөгчгүй болоод бүх Америкийн ган, төмрийн 25 хувийг дангаар үйлдвэрлэж байв. 

Карнегийн үйлдвэр дотор 1905 онд.

Хайлсан төмөр агуулсан асар том тогоонуудыг автомат өргөгчөөр өргөж байна.

Эх сурвалж: Robert Sobel The Entrepreneurs: An American Adventure 

Карнеги Стийл хамгийн бага үнээр тооцсон тайлангийн цаасан дээр 1898 он гэхэд 45 сая долларын үнэлгээтэй байв. Энэ үнэлгээнийхээ 100 хувьтай тэнцэх ашиг хийдэг урд хожид дуулдаагүй хамтын нөхөрлөлийн компани хэрэв хувьцаа гаргавал бирж дээр хэд ч болж өсөж магадгүй байлаа. Төмөр хүлгээс авахуулаад төмөр хадаас хүртэл бүх захиалгыг хүлээн авч бүгдийг нь нийлүүлэх, худалдан авагчдын үнийг үг дуугүй хүлээн авах тушаал өгсөн нь хэчнээн ч захиалга байсан хйх, ямар ч үнээс ашиг гаргахаар аварга гүрэн босгож чадсан эзний бардамнал ажээ. Карнеги өрсөлдөөнд ялагддаггүй, үүнийг эцсийн удаа нотлов. Ялаад эргээд хартал үнсэндээ АНУ-г цэмцийлгээд орхиж. Ган, төмрийн салбарт урд хожид байгаагүй рекорд тогтоож, хямд, чанартай ган, төмөр дээр тогтсон эдийн засаг урд хожид байгаагүй хурдаар өсөж тэлсэн байв. АНУ-ын ган, төмрийн салбар өөрийнх нь шидээвэр бүтээл болжээ. Гэвч өдгөө 62 нас хүрсэн амьд домог төрсөн ганц охинтойгоо илүү их цаг өнгөрөөх, оюунлаг мөрөөдлөө биелүүлэхийг улам ихээр хүсэх болжээ.

Хэн ч  Карнегийг зогсоож чадахгүй мэт санагдах энэ үеэр нэг хүн түүнд гарц болж өгөв. АНУ-д энэ их бизнес гүрнийг авч, засаглаж чадах нэг л эр бий: Ж.П.Моорган.  Чарлез Шваб Карнегийн гараар 492 сая долларын[4] үнэ бичсэн цаас Моорганы гарт өгөхөд нэг хараад “Энди заръя гэж байгаа бол, авъя” гэсэн аж. Хожим Карнеги Европыг зорьсон усан онгоцон дээр Мооргантай таарахдаа “100 сая илүү үнэ хэлэх байсан юм” гэхэд нөгөөх нь “тэгсэн бол би өгөх л байсан” гэж байжээ. Итгэлцэл өмч дээр ч, мөнгөн дээр ч биш характер дээр тогтдог хэмээж асан санхүүгийн магнат Карнегитэй бизнес хийж буйдаа сэтгэл амраад ямар ч хуулиар нотлох баримтгүй арилжаа хийсэн гэдгээ төө хойно санаж гэр рүү нь хүн гүйлгэсэн гэдэг. 1901 оны 2-р сарын 26-нд аж үйлдвэрийн түүхэн дэхь хамгийн том арилжааны гэрээ хийгдлээ. Ийнхүү Стандарт Оилийн Рокфеллерийн дараа хоёрдугаарт орох дэлхийн баян Эндрю Карнеги бизнесийн ертөнцөөс зодог тайлав. Паддл зуухан технологиор ширмэн төмөр хайлж байсан салбарыг мартен зуухаар ямар ч хэрэглээг хангах ган, төмөр хийдэг салбар болгоод Моорганд шилжүүлэв. Моорган салбарын 3 өрсөлдөгч үйлдвэрийг нэгтгэж 10 тэрбум долларын үнэтэй Ю Эс Стийл мэндэлснээр их нэгдлүүдийн үе, АНУ-ын капитализмын санхүүч манлайлалтай үе эхэлсэн юм.

Нас сүүдэр 66 хүрсэн түүний хувьд мөрөөдөл биелсэн гэхээсээ, дөнгөж мөрөөдлөө биелүүлэх зэвсэгтэй болсон нь тэр билээ. Хожим Форбес сэтгүүл түүний хувийн хөрөнгийг 298,3 тэрбум доллар гэж тооцож гаргасан байдаг. Энэ хур хөрөнгийг 10 гаруй жилийн өмнө хэвлүүлэн шуугиан тарьсан баялгийн номлолынхоо дагуу зарах агаад  “Эндрю Карнегийн Нийгмийн Төлөө Үйлсийн Зааварчилга” ном хэвлэснээр эхэллээ. Боловсролын төлөөх Нью-Йоркийн Карнегийн корпорацид 125 сая, Карнегийн багш нарын сургуульд 29 сая, технологийн сургуульд 27 сая, шинжлэх ухааны Вашингтоны Карнеги Инсититуцад 23 сая гэх жишэээтэй мэдлэг түгээх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн түүхэн тоонууд цуварна. Бүхий л дэмжлэг, шийдвэрийнх нь ард өөрийнх нь түүх бий. Ном унших дуртай ч багад нь номын сан байдаггүй байв. Бяцхан хүүд номын өрөөндөө суух зөвшөөрөл өгсөн эрхмийн сайхан сэтгэлийг Карнеги 60 сая доллар зарж барьсан 2811 номын сан болгон нийгэмд буцааж өгчээ. Төрсөн нутаг Шотландаа мэдээж мартахгүй. Шотландад барьсан сургуулиуд нь үндсэндээ Шотландын дээд боловсролыг үндсээр нь өөрчлөн шинэчлэв. Филантрофид тэр үеийн ханшаар 600 сая доллар зарж Карнегийг давсан ганц бизнесмэн Рокфеллер тэр хоёрыг адилхан зовлонтой. Мөнгө байна, сэтгэл байна, нас хүрэхгүй байх вий гэж айна. Гэхдээ Карнегийн нас төмрийг алтанд хувиргаж, алтыг мэдлэг болгоод, энэ тухайгаа ярьж өгөхөд нь хүрэлцсэн юм. Хойч үед нь мэдлэг болон шилжсэн түүний хөдөлмөр хэдий хэмжээний зүйл нийгэмд үлдээснийг мөнгөөр тооцох аргагүй. Суурь шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж, Нобелийн шагнал хүртсэн 3 эрдэмтэн Карнегийн сангуудаас дэмжлэгтэй ажиллаж байсан нэг жишээ бий. Ган, төмрийн бизнес эрхлээд олсон гэхээс тэр чигт нь сайн дураар нийгэмд зарсан гэдэгт хүн илүүтэй гайхахаар мөнгө тул Карнеги хойч үедээ филантрофист нэрээр илүү танигдан үлдсэн билээ.

Тэрээр мэдлэг боловсролыг мөнгөөр услахаас гадна өөрөө ч идэвхтэй мэдлэг үйлдвэрлэгч байсан агаад сүүлийн 20 жилээ үе үеийн сэтгэгчдийн оюун билгээс бие даан шүүж авсан мэдлэгээ өөрийн туршлага, итгэл үнэмшлээр тунгааж үйл хэрэг, үг яриа, ном хэвлэл, ярилцлагаар дамжуулан хуваалцахад зарцуулжээ. Хоёр гараараа бүрдүүлсэн асар их хувийн баялаг нь ч нийгмийн тухай зөв үзэл санааных нь баталгаа гэж итгэдэг байв.  Гэтэл түүний тэгтлээ итгэсэн оюунт хүмүүс нэгнийхээ өөдөөс оюуны бүтээлээ бариад дайтах гамшигт 20-р зууныг үзэв. Үндэстэн хоорондын харилцан ярианы талбар Энх Тайвны Ордонг Хааг хотноо босгоод жил тойроогүй байтал дэлхийн 1-р дайн эхлэх нь тэр. Дайн эхлэхэд Их Британийн болон АНУ-ын засгийн газраар лоббидож чадах бүхнээ хийсэн ч золгүй хүн төрөлхтөнийг зогсоож чадаагүйг нь түүх гэрчилнэ. Бүх насаараа хүний нийгмийн сайн сайханд итгэж, энх тайван дэлхийг мөрөөдөж ирсэн 19-р зууны романтик жентельмэний далавч дэлхийн 1-р дайнд үрэгдсэн сая сая залуусын хамт шархлаад эргэж эдгэсэнгүй. Төрсөн нутагтаа авсан энх тайвны бэлэг тэмдэг Скибо цамхагтаа эргэж хэзээ ч очсонгүй.

Их гүрний эзэн хааны шинэ түүхийн хувилбар, сод бизнес авьяас, итгэл найдварын эзэн 1919 онд нас сүүдэр 84 хүрээд нас нөгчив. Хүч тэнхээ жинхэнэ хайраас төрдөг. Эдийн засгийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эрчүүдийн нэг  Эндрю Карнеги хүний нийгэм, төрсөн нутагтаа хандсан дундаршгүй хайраа аж үйлдвэрийн ноён оргил болсон ган, төмрийн бизнес гүрэн болгон биежүүлсэн. Хамгийн романтик мөрөөдлийг хамгийн хатуу, хамгийн биет үйлдвэрлэлээр хэрэгжүүлж болдгийг Эндрю Карнегийн түүх заан харуулдаг билээ.

 

[1]Түүхий эд олборлохоос бүтээгдэхүүн үйлчилгээг эцсийн хэрэглэгчид хүргэх хүртэлх бүх шат дамжлагыг нэгтгэсэн бизнес.

[2]Христийн номлолд гардаг муу зүгийн хорлолт сүнс.

[3] Америкт хамгийн их үзэн ядагдсан хүн гэгдэх санхүүгийн салбарын магнат.

[4]Одоогийн ханшаар хэмжих нэгжээс хамаараад 10-400 тэрбум доллар.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1145

Таны амьдрал дажгүй юу?

54%
Дажгүй шүү.
27%
За яахав дээ, болгож л байна.
6%
Дажгүй гэхэд хэцүү биш гэхэд хэцүү 0 цэг дээр.
12%
Хэрэг алга.
  • 54%
  • 27%
  • 6%
  • 12%