Иргэншсэн хүн болох нь буюу ИЛҮҮ ба ДУТУУ

Фэйсбүүкт UB Foodies гэдэг бүлэг бий. Бүгд англиар ярьдаг гадаад, дотоод хүмүүс Улаанбаатар хотын хоолны газрууд, рестораны талаар санал бодлоо солилцдог юм. Хаана ямар аятайхан хоол байгаа талаар мэдэхэд дөхөмтэй. Заримдаа хоолны жор хуваалцаж буй нь ч харагддаг.

Хэсэг ажиглаад олж авсан нэг дүгнэлт: МОНГОЛЧУУД шүүмжилж чаддаггүй.

Учир нь гадаадууд тухайн хоолыг үнэлэхдээ сайнтай, муутай нь хэлээд базаж дүгнэдэг бол манайхан шууд л “It sucks”, ” Don’t ever go there” гэж эхэлдэг. Бичиж буй сэтгэгдлийг нь харваас дийлэнхидээ гомдоллосон, шүүмжилсэн. Гадаадууд нь тухайд ресторан пабын эзэд байх нь бий ч монголчууд ч түүнээс дутахгүй тоотой юм гэж дүгнэсэн тул нийтлэг хандлага тодорхойлоход өмчийн эзний реклам ороогүй гэж хэлж болно.

 

Хурал цуглаанд сууж байхад үг хэлж буй хүмүүс үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх гэхээсээ илүүтэй шүүмжлэх байр сууринаас ханддаг. Шүүмжлэх, үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх хоёр угтаа асар ялгаатай зүйлс л дээ. Иргэншсэн хүн, примитив эгэл сэтгэж буй хүний хоорондын гол ЯЛГАА: Санал хэлэхэд монгол хүн шүүмжлэл гэж хүлээж авна. Иргэншсэн бол Юу билээ? гэж асуудлаа эргэж харна. Асуудлыг ухаж хэлэлцсээр, судалсаар нийтлэг ойлголтод хүрнэ.

Жишээ нь: Нүүлгэлтийн үйлчилгээ 2404-ийн тухай санал авахаар утасдаж байна. "Цагтаа ирсэн, сайн байсан. Харин ирсэн дөрвөн залуугийн нэг нь арай туршлагатай 2 нь яг юу хийхээ мэдэхгүй байх шиг байна лээ. Сайн зааж, зааварлаж, сургаж өгч байвал зүгээр юм" гэж хэлэнгүүт "За баярлалаа" гээд утсаа тасалчихав. Оюутан залуус цагаар авч ажиллуулдаг байх магадлалтай гэдгийг би ойлгож буй тул туршлага жаахан тийм байна шүү л гэж хэлэх гэсэн санаа байв. Хэрэв сэргэлэн оператор байсан бол үүнийг нь хэлчихэд л би ч нөхцөл байдлыг ойлгоод цаашдаа дадлагажаад сайн болно гэдэг дээр санаа нэгдээд аль аль тал нь сэтгэл ханамжтайгаар салах байлаа.

Энэ мэтээр бүх зүйлийг шүүмжлэл гэж хүлээж авдаг бидний монголчуудын сэтгэхүй хаанаас эхтэй вэ гэхээр

1.Хувь хүний өөртөө итгэх итгэл сул. Энэ нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ нь хангагддаггүйтэй холбоотой.

Өсөн торних цагаас нь эхлэн боловсрол, хүмүүжлийн нэгдсэн философигүйгээр зөвхөн иргэний толгойд мэдээлэл хийх агуулгаар явсан учраас тухайн хүний өөртөө итгэх итгэл үнэн сул. Дээр нь яг нэг ижил системээр явсан хүмүүс нь өөрчлөлт, шинэчлэлтийн цагийн өнгөнд өөрөөс нь илүү “амжилттай” яваа болохоор барьцах сэтгэлгээ өндөр байгаа. Мөн ажиллах хүчний нийт тоонд залуус олонхи болж байгаа зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Мөн гэр бүлийн хамтач менталитет, бусдын хэрэгт хошуу дүрэх сэдлийг ямагт өддөг тул найз нөхөд, гэр бүлийн зүгээс ирэх шүүмжлэл нь дарамт болж хүндээ очдог аж. Энэ нь эргээд хувь хүний үнэлэмжид нь хатуу цохилт өгдөг юм байна.

2. Үзэл бодлоо бүтээлчээр илэрхийлэх чадвар сул, Иргэний боловсролоор олгогддог энэ ур чадвар манайд нийтээрээ дутмаг байгаа.

Орос сургууль төгссөн хүүхдүүд яриандаа “яагаад гэвэл” гэж тайлбар хийх нь монгол сургууль төгссөн хүүхдүүдээс хамаагүй олон байдаг. Та нар анзаараарай. Өгүүлбэрийн бүтэц, дүгнэлт хийж байгаа байдал нь тухайн хүний сэтгэхүйн хэв шинжийг илэрхийлэхээс гадна тухайн хүний боловсрол мэдлэг, уншиж судалсан зүйлээс аваад аав ээж нь хэрхэн харилцаж байсныг илэрхийлдэг юм.

3. Өөрчлөлт асар хурдтай явж, хуучин нийгмийн харилцаанд ороход нь “аюулгүйн бүс” нь болдог байсан гэр бүл, танил талын хүрээ гэх мэт институц тогтолцоо нь шилжих хөдөлгөөнөөс болж задран унасан тул “ХҮН ХҮНДЭЭ ЧОНО, дараа нь НАЙЗ” гэдэг сэтгэхүй давамгайлж, хэн хаанаас намайг барьчих бол гэж ямагт биеэ хураан “хамгаалалт-довтолгооны” байр сууринаас асуудалд ханддаг болж.

Иргэншсэн хүмүүн болон нийтлэг монгол хүний хувьд дараахи үзэл  бодлын асар ТОМ ЯЛГАА байгаа нь харагддаг.Учир нь асуудлын мөн чанарыг ойлгоход үзэл бодлоо илэрхийлэх нь хэрэг явдалд тустай гэсэн агуулгаар харах чухал болохоос хэний зөв, хэний буруу гэж ангилах нь асуудлын гол утга биш юм.

Бидний хэд Чи надаас юугаар ч илүү биш, би чамаас юугаар ч дутуу биш гэсэн арсалдах, барьцах сэтэхүй давамгайлдаг бол иргэншсэн хүн Чи надаас юугаар ч дутуу биш, би чамаас юугаар ч илүү биш гэдэг өнцгөөс асуудалд ханддаг байна. Өөрөөр хэлбэл эхнээсээ л өөрийн зүгээс нөгөө хүнээ илүү, дутуу тавихгүйгээр анхнаасаа бид ижил тэгж гэсэн сэтгэхүйн өгөгдөлтэй харьцвал алив саналыг шүүмжлэл гэж хамгаалалтын байр сууринаас биш, эн тэнцүү хамтын гэсэн хэв шинжтэйгээр харах аж.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4976

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%