Нийтлэл 02 сарын 16, 2017

АЮУЛТАЙ: Ходоодны хавдраар өвдөгсдийн 73% нь ТАВАН жилийн дотор нас барж байна

Ходоодны хорт хавдар нь дэлхий дахинд хорт хавдрын нас баралт дунд 3-р байранд ордог бөгөөд уг өвчнөөр өвдсөн хүмүүсийн 30 хүрэхгүй хувь нь 5 жил амьдардаг маш хорон явцтай, нас баралт өндөртэй, аюултай өвчин юм. (1,2) Дэлхий нийтэд жил бүр барагцаагаар 1 сая ходоодны хорт хавдар өвчин шинээр оношлогдож буй бөгөөд ойролцоогоор 723.000 хүн уг өвчний улмаас нас барсан байна (3). Уг өвчний нийт тохиолдлын бараг тал орчим хувь нь зүүн Азийн орнуудад (БНСУ, Хятад, Япон, Монгол зэрэг) тохиолддог. Ходоодны хорт хавдар нь эрт үедээ оношлогдвол бүрэн эмчлэгдэх боломжтой. БНСУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнууд нь ходоодны хорт хавдрын нийт тохиолдлоороо дэлхийд тэргүүлэгч орнууд ч гэсэн эрт илрүүлгийн хөтөлбөрийг амжилттэй хэрэгжүүлснээр уг өвчний нас баралт жил ирэх тусам буурч байгаа бөгөөд нийт нас баралтын тохиолдлоороо Монгол улсаас барагцаагаар 2 дахин бага байна.

Шалтгаан: Ходоодны хорт хавдар нь удамшлын суурин дээр орчны олон төрлийн хүчин зүйлс нөлөөлсний дүнд үүсдэг өвчин юм. Ходоодны хорт хавдар үүсгэгч хамгийн гол шалтгаан нь Хеликобактерийн халдвар бөгөөд уг өвчнийг үүсэхэд нөлөөлөх бусад хүчин зүйлсэд тамхины хэрэглээ, нитрит болон давсны өндөр хэрэглээ, Еппштейн Баррын вирусын халдвар, удамшлын өгүүлэмж  зэрэг багтана.

Судалгаагаар ходоодны гарах хэсгийн хорт хавдрын нийт тохиолдлын  75 хувь нь Хеликобактерийн шалтгаантай байдаг бөгөөд ходоодны орох хэсгийн хорт хавдар ба Хеликобактерийн халдварын хамаарал тодорхой бус байна (4).

Монгол улсын хорт хавдрын байдал

2015 оны мэдээгээр Монгол улсын хорт хавдрын өвчлөлийн 2-р байранд буюу нийт хорт хавдрын тохиолдлын 14,7%-г ходоодны хорт хавдар эзэлж байна (5). Харамсалтай нь уг өвчний тохиолдлоороо Монгол улс дэлхийд 2-р байранд орж байгаа ба нас баралтаараа дэлхийд 1-р байранд ордог. Монгол улсад жилд бүр 500 орчим хүн уг аюулт өвчний улмаас алтан амиа алдаж байна.

Монгол улсад оношлогдож буй ходоодны хорт хавдрыг үе шатаар нь авч үзвэл нийт өвчтөнүүдийн дөнгөж 1% байран өмөн үедээ, 3% нь I үе шатандаа, 11% нь II үе шатандаа 43% нь III үе шатандаа, 42% нь IV үе шатандаа тус тус оношлогдож байна. Манай улсад ходоодны хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн 27% нь 5 жил амьдарч байна (6). Ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралт манай оронд жил ирэх тусам өсөх хандлагатай байна. 

Эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн орнуудын туршлага

Ходоодны хорт хавдрын өвчлөл ихтэй БНСУ, Япон орнууд нь ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр уг өвчний нас баралтыг эрчимтэй бууруулж чадсан. Үүний үр дүнд дэлхийд уг өвчний өвчлөлөөр тэргүүлж буй БНСУ нь нас баралтаараа дэлхийд 18 дугаар байранд харин өвчлөлөөрөө Монгол улсын ард буюу 3-р байранд орж буй Япон улс нас баралтаараа дэлхийд 18 дугаар байранд орж байна. Солонгосын ходоодны хорт хавдрын нийгэмлэгийн мэдээллээр 1995 онд уг улсын ходоодны хорт хавдрын нийт тохиолдлын 28,6% нь эрт үедээ оношлогдож байсан бол 1999 оноос эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлснээр 2009 он гэхэд эрт үедээ оношлогдох хувь 57,7% болж өссөн байна (7). Үүний үр дүнд 1993-1995 оны хооронд ходоодны хорт хавдар оношлогдсон өвчтөнүүдийн 5 жил амьдрах магадалал эрэгтэйчүүдэд 43% эмэгтэйчүүдэд 42,6% байсан нь 2006-2010 оны хооронд оношлогдсон өвчтөнүүдэд эрэгтэйчүүдэд 67,7% эмэгтэйчүүдэд 65,7% болж өссөн гайхалтай үр дүн гарсан байна (8). Харин манай орны хувьд ходоодны хорт хавдартай өвчтөний 5 жил амьдрах магадлал ердөө 25% байгаа нь нийт өвчлөлийн 85 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаатай шууд холбоотой юм.

Ходоодны хорт хавдрын эмчилгээний зарчим, манай орны туршлага

Хэрэв эрт үедээ оношлогдвол ходоодны хорт хавдрыг улаан-хоолой ходоодны уян дурангийн аргаар дотор талаас нь салст хуулах, салстын доод давхаргыг хуулах аргаар эмчлэх боломжтой байдаг. Харин хожуу шатны хорт хавдрын эмчилгээ нь олон талт маш өртөг ихтэй эмчилгээ хийх шаардлагатай байдаг бөгөөд мэс засал, клиник хавдар судлал, хими эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээ гэх мэт олон нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний баг эмчилгээний үйл ажиллагаанд оролцдог ч эмчилгээний үр дүн маш муу байдаг. ХСҮТ-д жил бүр дунджаар 300 орчим ходоодны хорт хавдрын мэс засал хийгддэг бөгөөд манай оронд дээр дурдагдсан ходоодны эрт үеийн хорт хавдрын үед дурангаар салст хуулах ESD EMR эмчилгээний аргууд нэвтрээд олон жил болж байна.

Иймээс ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг улсын хэмжээнд эхлүүлэх нэн шаардлагатай байна.

Хавсралт 1. Монгол улсын хорт хавдрын өвчлөлийн бүтэц

Хавсралт 2.

Ходоодны хорт хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж буй орнууд

Эх сурвалж: WHO statistics http://www.worldlifeexpectancy.com/

Хавсралт 3. Ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтаар  дэлхийд тэргүүлж буй орнуудын өвчлөл нас баралтыг харьцуулсан байдал  (насны стандардчилсан түвшин 100.000 хүн ам тутамд )

Эх сурвалж: Globocan 2012

Хавсралт 4. Монгол улсын Ходоодны хорт хавдрын өвчлөл нас баралтын хандлага

Эх сурвалж: ХСҮТ-н статистикийн албаны мэдээ

Хавсралт 5. Ходоодны хорт хавдартай өвчтөний 5 жил амьдрах магадлал үе шатаар


Номзүй
Source: American cancer society facts

  1. Parkin DM. The global health burden of infection associated cancers in the year 2002. Int J Cancer.2006;118:3030–44.
  2. Siegel R, Ma J, Zou Z, Jemal A. Cancer statistics, 2014. CA Cancer J Clin. 2014;64:9–29.
  3. Jemal A, Bray F, Center MM, Ferlay J, Ward E, et al. Global cancer statistics. CA Cancer J Clin. 2011;61:69–90.
  4. Helicobacter, Cancer Collaborative G. Gastric cancer and Helicobacter pylori: a combined analysis of 12 case control studies nested within prospective cohorts. Gut. 2001;49:347–53.
  5. Эрүүл мэндийн үзүүлэлт 2015 7.3.1 зонхилох 10 байрлалын хорт хавдар хүйсээр ху 71
  6. Эрүүл мэндийн үзүүлэлт 2015 7.3.1.1 зонхилон тохиолдох хорт хавдрын хяналтанд байгаа хүмүүсийн 5-аас дээш жил амьдрах хувь 2015 ху 72
  7. Clinicopathological features and surgical treatment of gastric cancer in South Korea: the results of 2009 nationwide survey on surgically treated gastric cancer patients. Jeong O, Park YK J Gastric Cancer. 2011 Jun; 11(2):69-77.
  8. Cancer statistics in Korea: incidence, mortality, survival and prevalence in 2010. Jung KW, Won YJ, Kong HJ, Oh CM, Seo HG, Lee JS Cancer Res Treat. 2013 Mar; 45(1):1-14.

 

Б.Түвшин    Мэс засалч, Хавдар судлалын үндэсний төв

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2019-06-18

    Ар гэрээ зовоож байхаар үхэж байвал таарна !хавдрын өвчтэй гарууд

    • хатан хаан
    • 2017-02-19

    Wow амжилт

arrow icon