Хурдан мориноос унаж амь насаа алдсан 25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав

Хурдан мориноос унаж амь насаа алдсан

25 хүүхдийн гэгээн дурсгалд зориулав.

 

Оршил

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай захирамжийг 2017 оны 3-р сарын 3-ны өдөр гаргасан нь ойрын хэдэн өдөр олон нийтийн анхаарлыг татаж, хэлэлцүүлгийн сэдэв болж байна. Нэхэмжлэгч хоёр ТББ-ын хүсэлтээр Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02-р сарын 22-ны өдрийн “2017 онд зохион байгуулах хурдан морины Хаврын болон Зуны уралдааны товыг баталсан” тогтоолын Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус 2017 оны 3-р сарын 12-ны өдөр, Төв аймгийн Аргалант суманд 2017 оны 3-р сарын 5-ны өдөр товлосон хэсгийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлжээ. Энэ өдрүүдэд уралдаан явагдвал “бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байх тул” дээрх Засгийн газрын тогтоолын биелэлтийг хэсэгчлэн түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүгч үзжээ.

Шүүгчийн энэ захирамж гарснаар Монголд хууль дээдлэх ёс хэрэгжих эсэх том сорилт тулгарч байна. Учир нь, аль ч улсад жирийн иргэдээс хууль биелүүлэхийг албадаж чаддаг, харин зөвхөн хууль дээдлэх ёстой улсад л нийгмийн хамгийн эрх мэдэлтэй тогтолцоо болох төр хууль биелүүлдэг, мөн хамгийн хүчтэй, баян, нөлөөтэй байгууллага, хувь хүн ч хууль захирагддаг. Иймд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш. Хууль хэрэглээд гарсан шүүгчийн захирамж - шүүхийн шийдвэр бол хуультай адил. Шүүхийн шийдвэр гармагцаа хүчинтэй, хэн бүхэн заавал биелүүлэх ёстой. Үндсэн хуулийн 1-р зүйлийн 2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” гэсэн учраас Засгийн газар шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй. Харамсалтай нь, дээрх шүүгчийн захирамж гарсан байтал олон уяачдыг багтаасан, ашиг сонирхлын зөрчилтэй Засгийн газар шүүгчийн захирамжийг үл тоож хаврын хурдан морины уралдаан явуулахыг зөвшөөрчээ. 2017 оны 3-р сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд болж буй “Дүнжингарав 2017” хурдан морины уралдааныг Эх орон ТВ шууд дамжуулав. Өөрөө шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй Засгийн газар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг иргэдээс шаардах ёс суртахууны эрхтэй юу гэж олон иргэн асууж байна. Шүүгчийн захирамжийг биелүүлэхийг Засгийн газраас олон нийт хүчтэй, тууштай шаардахгүй бол 2017 оны 3-р сарын 12-ны өдөр хурдан морины уралдаан Хөвсгөл, Говь-Алтай аймагт тус тус болж хурдан морь унах олон зуун хүүхдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөнө. Хуулиа дээдэлж шүүгчийн захирамжийг биeлүүлэхийг Засгийн газраас шаардахад иргэд, ТББ, хэвлэлийнхэн, судлаачид, хуульчид онцгой үүрэгтэй.

Энэ өгүүллийн гол зорилго бол дээрх шүүгчийн захирамжийг дэмжихийн зэрэгцээ үндэсний баяр наадмын болон бусад томоохон морин уралдаан (цаашид “томоохон уралдаан” гэх)-д хүүхдээр морь унуулж буй нь хүүхдийн ашиг сонирхлыг ноцтой хохироож, Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцыг зөрчдөг гэдгийг харуулах явдал юм. Хавар (өвөл) төдийгүй зун (намар)-ны бүх улиралд явагддаг томоохон уралдаанд бүх насны хүүхдээр хурдан морь унуулахыг бүрэн хориглохгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах, тэвчишгүй хөдөлмөрөөс ангид байх, сурч боловсрох эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй бөгөөд ийнхүү хориглох нь хурдан морь уралдуулах үндэсний уламжлалыг үгүйсгэхгүй юм.

Хурдан морь унаж уралддаг хүүхдийг “морины хүүхэд,” “уралдаанч хүүхэд” зэргээр нэрлэж ирсэн ч “унаач хүүхэд” гэж албан бусаар төдийгүй зарим албан эх сурвалжид хэрэглэж эхэлсэн тул энэ нэр томьёог хэрэглэв. 2016 оны Хүүхдийн эрхийн тухай хуулийн 3.1-т заасны дагуу 18 хүртэлх настай хүнийг хүүхэд гэж ойлгоно.

Жил бүр 2 унаач хүүхэд амь насаа алддаг

Хүүхдээр хурдан морь унуулснаар тэдний амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах ашиг сонирхлыг ноцтой зөрчдөг нь томоохон уралдааны үеэр нүдний өмнө тод харагддаг. Энэ талаар олон судалгаа ч хийгдэж. 1996-2006 онд 17 хүүхэд,[1] 2006-2008 онд 2 хүүхэд,[2] 2012-2014 онд 6 хүүхэд[3] хурдан мориноосоо унаж амь насаа алдсан байх бөгөөд бусад оны мэдээлэл олдохгүй байна. Олдсон энэ мэдээллээс харахад доод тал нь 25 унаач хүүхэд амь насаа алдаад байгаа бөгөөд жил бүр дунджаар хоёр хүүхэд мориноос унасны улмаас амиа алддаг байна.

Морин уралдааны явцад мориноос унаж бэртэж нас барсан тохиолдлыг аль болох нууцалж, олон нийтэд мэдээлэхээс зайлсхийдэг учраас дээрх бүртгэгдсэн тооноос хамаагүй олон хүүхэд амь насаа алдсан байх өндөр магадлалтай. Жилд дундаар 2 унаач хүүхэд амь эрсэддэг гэж үзвэл 1996-2016 оны хооронд буюу сүүлийн 20 жилд дээрх 25 хүүхдээс гадна 10 хүүхэд, нийт 35 хүүхэд амь эрсэдсэн байж болзошгүй юм. Унаач хүүхэд амь эрсэдсэн тохиолдлыг хууль хяналтын байгууллага шалгадаггүй, эрүүгийн хэрэг үүсгэггүй байна.[4]

Мориноос унаж амь насаа алдах нь хаврын төдийгүй зуны уралдааны үед ч элбэг тохиолддог. 1996-2006 онд 17 хүүхэд хурдан морины уралдааны явцад мориноосоо унаж амь эрсэдснээс 6 нь зун (намар), 2 нь хавар (өвөл) тохиолдсон байх бөгөөд үлдсэн 9 тохиолдол хэзээ болсон нь тодорхойгүй.[5] Мөн, “2007 оны 7 дугаар сарын эхээр Сонгинохайрхан дүүргийн Өлзийт хороололд болсон уралдааны үеэр 12 настай хүүхэд мориноосоо унаж тархины хүнд гэмтэл авч эрсэдсэн харамсмаар баримтууд цөөн биш байна.”[6]

Жил бүр 300 унаач хүүхэд эрүүл мэндээрээ хохирдог

Албан ёсны бүртгэлд тэмдэглэгдээгүй хэдэн хүүхэд хурдан мориноос унаж эрүүл мэндээрээ хохирсон нь тодорхойгүй. Гэвч, албан ёсоор бүртгэгдсэн баримтыг харвал хэдэн мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохироод байна. Хавар уралдаж байна уу, зун уралдаж байна уу гэдгээс үл хамаарч хүүхэд мориноосоо унаж гэмтдэг. 2006-2008 онд унаач хүүхэд мориноос унасан тохиолдол 101 бүртгэгдсэн бөгөөд 40 хүүхэд гэмтжээ.[7] 2012-2014 онд жилд дунджаар 300-320 унаач хүүхэд мориноос унаж бэртсэн, түүнээс 180-220 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ.[8] Эндээс харахад хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа ажээ.

Аль ч улирлын морин уралдаанд хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих, өвчлөх нь түгээмэл ажээ. Дотрын эмч, доктор Т.Баясгалан хэлэхдээ: “Морь унаснаар механик гэмтлээс гадна, дотор эрхтэн, арьс нүүрэнд хэрхэн нөлөөлж байгаа талаар нэгдсэн судалгаа байдаггүй. Хэдий тийм ч бага насандаа уралдааны морь унаж байсан гэх бөөр, давсагны өвчлөлтэй хэд хэдэн хүн хандаж байсан. Хүүхэд олон жил морь унаснаар бөөр унжих, шээсний сувагт механик гэмтэл үүсч, мөн төмсөгт бичил судасны хагарал үүсч яваандаа үргүйдэлд хүрэх аюултай.”[9]

Олон унаач хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэний улмаас насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болдог нь харамсалтай. Тухайлбал, Өвөрхангай аймагт 2004 онд зохион байгуулагдсан уралдаанд 12 настай эмэгтэй хүүхэд мориноосоо унаж, түнх, булууны яс нь хугарч, хөлгүй болж, байнгын тахир дутуу болсон бөгөөд эмчилгээний зардал байхгүйгээс гадаадад явж эмчлүүлж чадаагүй.[10]

Хурдан морь унуулах нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр

Олон хүүхдийн хувьд хурдан морь унах нь цалин хөлстэй эсхүл цалин хөлсгүй эрхэлдэг ажил юм. Унаач хүүхэд морь унаж уралдах ажил гүйцэтгэж, үүнийхээ төлөө сард 250.000 эсхүл түүнээс дээш төгрөгийн цалин хөлс авдаг гэжээ.[11] Засгийн газрын 2005 оны 148-р тогтоолоор баталсан “Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм”-д хурдан морины бай шагналын 20-оос дээш хувийг хурдан морь унаач хүүхдэд олгохоор заасан боловч “бодит байдал дээр уралдаанд оролцсон хэдэн зуун морьдын 30 хүртэлх хувьд нь бай шагнал олгож байгаа бөгөөд үлдсэн ихэнх морьдыг унасан хүүхдүүд ямар нэг урамшуулал, хөлсгүй үлдэж байна.”[12]

Хүүхэд хурдан морь унах нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр мөн. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182-р конвенцын 3(d)-д “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр” гэдгийг “ажлын шинж чанар, түүнийг гүйцэтгэх нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд хор нөлөө үзүүлэх ажил” хэмээн тодорхойлжээ.[13] Урд бичсэнчлэн хурдан морь хүүхдээр унуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай. Тийм учраас, хурдан морь унаач хүүхдийн ажлыг “хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт хамруулах үндэстэй” хэмээн Хүний эрхийн үндэсний комисс үзжээ.[14]

Унаач хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигддөг

Унаач хүүхдүүд сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чаддаггүй. Олон унаач хүүхдийг жилийн ихэнх сард сургуульд явуулалгүйгээр хурдан морь унуулдаг гэдэг. Хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд ихэнхдээ 30 хүртэл хоног хичээлээс чөлөө авдаг, тасалдаг бөгөөд тэдний чанартай боловсрол эзэмших эрх нь зөрчигддөг.[15] Энэ судалгаанаас харахад унаач хүүхдүүдийн дийлэнх хичээлдээ тааруу үнэлгээ авдаг, хоцрогддог, хичээлээ нөхөж чаддаггүй, сургуулиас завсарддаг байна. Сайн боловсрол эзэмшээгүй эсхүл сургууль завсардсан хүүхдүүд хурдан морь унах нас нь өнгөрсний дараа уяачдын эсхүл бусдын мал маллах, гэрийн ажил хийх зэргээр амьжиргаа залгуулдаг ажээ.

Бүх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох нь

2003 оны Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8.2-р зүйлд "баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхдэд" унахыг зөвшөөрчээ. Засгийн газрын 2005 оны 119-р тогтоолоор батлагдсан “Хурдан морины уралдааны дүрэм”-ээр унаач хүүхдүүд нь 7-оос дээш настай байхаар заасан. Гэвч, энэ дүрэм зөвхөн Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж буй морин уралдаанд хамаардаг бөгөөд бусад морин уралдаанд насны хязгаар байхгүй байна. Тиймээс, аймаг, сум, багийн төвшний эсхүл ой тэмдэглэх зэрэг бусад уралдаанд 5-7 насны хүүхэд хурдан морь унадаг байна. Жишээлбэл, 1996-2006 онд эндсэн 17 унаач хүүхдийн 1 нь 5 настай байжээ.[16] Судалгаанд хамрагдсан 529 хүүхдийн 68.4 хувь нь 5-7 наснаасаа хурдан морь унаж эхэлсэн хэмээн хариулсан байна.[17]

Амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, сурч боловсорч чадаагүй хүүхдүүдийн нас нь 5-18-н хооронд байгаа учраас томоохон уралдаанд бүх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох шаардлагатай байна. Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Конвенц, Зөвлөмжийн хэрэгжилтийн шинжээчдийн хорооноос Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182-р конвенцын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шууд хүсэлтэд уралдааны морь унах нь хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэндэд аюултай буюу осолтой гэдгийг дурьдаад, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдүүдийг морь уралдаанчаар ажиллуулахгүй байх тал дээр анхааран дорвитой арга хэмжээ авахыг хүссэн байна.[18]

Үндсэн хууль болон Хүүхдийн эрхийн тухай конвенцыг зөрчсөн нь

Монголын төр (УИХ, Засгийн газар, Засаг дарга зэрэг төрийн байгууллага, албан тушаалтан) томоохон уралдаанд хүүхдээр хурдан морь унуулах практикийг бүрэн хориглохгүй төдийгүй өөрөө хөхүүлэн дэмжиж байгаа нь наанадаж Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна. Нэгд, Үндсэн хуулийн 16-р зүйлийн 11-т "хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж заасныг зөрчиж байна. Энэ заалт ёсоор хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн бүх байгууллага унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, суурь боловсрол гэсэн хамгийн чухал ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлэх ёстой ч биелүүлэхгүй байна. Эцэг эх зөвшөөрсөн эсхүл хүүхэд өөрөө хүссэн эсэхээс үл хамааран төр унаач хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Томоохон уралдааны үед жил бүр наанадаж 2 хүүхэд амь насаа алдах, 300 гаруй хүүхэд эрүүл мэндээрээ хохирох нь бараг гарцаагүй болчхоод байхад үүнийг зөвшөөрөөд зогсохгүй дэмжиж байгаараа төр эдгээр хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нухацтай авч үзэхгүй байна.

Хоёрт, Үндсэн хуулийн 10-р зүйлийн 2-т "Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ" гэж заасныг зөрчиж байна. Учир нь, 1990 оны Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцын 6-р зүйлд "Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана," 24-р зүйлд "Оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй, зохистой бүх арга хэмжээг авна" гэж тус тус заасан. Томоохон уралдаанд хүүхдээр морь унуулах нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай уламжлалт дадал байтал Монголын төр үүний эсрэг үр нөлөөтэй, зохистой арга хэмжээ авахгүй байна.

Гуравт, Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д зааснаар Монголын төр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах, сурч боловсрох эрхийг хангахуйц баталгааг бүрдүүлэх, эдгээр эрхийг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх хариуцлага хүлээдэг ч энэ хариуцлагаа хөсөрдүүлсээр ирсэн. Хүүхэд, түүний эцэг эх эсхүл бусад этгээд хүссэн, зөвшөөрсөн эсэхээс үл хамааран хүүхдийн амь нас, эрүүл мэнд, боловсролд халтай үйл ажиллагааг хүүхдэд хориглодог. Жолоо барихыг хүүхдэд хориглодогтой адилхан томоохон уралдаанд хурдан морь унахыг хүүхдэд хориглох замаар тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд халтай хүүхдийн хөдөлмөрийн бусад тэвчишгүй хэлбэрийн нэгэн адил хурдан морь унахыг хүүхдэд хориглох хэрэгтэй. Орчин үед суурь боловсролгүйгээр хүн наад захын чанартай амьдралаар амьдрах, амжилтад хүрэх боломжгүй учраас суурь боловсрол эзэмших нь иргэн бүрийн эрх төдийгүй үүрэг, үүнийг эцэг эх, уяач, төр, хэн ч зөрчиж болохгүй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь

2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.2, 7.3-т зааснаар унаач хүүхэд “эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах” эрхтэй, “өөрийн нэр төр, эрүүл мэндээ хамгаалуулах” эрхтэй ч энэ эрхийг холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан төдийгүй эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч) зөрчсөөр байна. Хүүхэд өөрийн зүй ёсны ашиг сонирхол, эрхээ бүрэн мэдэж, хамгаалж чаддаггүй учраас эцэг, эх нь түүний өмнөөс шийдвэр гаргаж, хариуцлага хүлээдэг. Гэтэл, "хурдан морь унахдаа ихэнх хүүхэд дуртай," "уламжлагдаад ирсэн зүйл" зэрэг шалтгаанаар олон эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах хуулийн төдийгүй ёс суртахууны үүргээ умартсаар байна. Эцэг эх хүүхдээ өмч хөрөнгө шиг үзэж болохгүй, харин түүний хамгийн чухал ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргадаг байх ёстой.

Томоохон наадамд хүүхдээр хурдан морь унуулж буй эцэг, эх нь тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг бодитой эрсдэлд оруулж, “хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах” үүргээ зөрчдөг (Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1). Мөн, хавар унаач хүүхдүүдэд сурч боловсрох боломж олгохгүй байгаа учраас эцэг, эх нь “хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах” үүргээ биелүүлэхгүй байна (Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10.1).

Даатгал, хамгаалалтын хувцас нэмэргүй

Унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд гэсэн хамгийн чухал ашиг сонирхлыг хамгаалахад даатгал, хамгаалалтын хувцас үр нөлөөгүй. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8-р зүйлийн 2-т "баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна" хэмээн заасан. Гэвч, унаач хүүхдүүдийн дийлэнх даатгалд хамрагддаггүй байна. 2006 онд нийт унаач хүүхдийн 55-65 хувь гэнэтийн ослын даатгалд хамрагдаагүй байсан.[19] 2010 онд “Үндэсний их баяр наадмын үеэр хөдөө, орон нутгийн уралдаанд нийт 14,180 хүүхэд хурдан морь унасны 9716 нь буюу 68,5 хувь нь гэнэтийн ослын даатгалд хамрагдаагүй”[20] байжээ.

Унаач хүүхдийг бүгдийг нь даатгуулж, даатгалын нөхцөл үүсэхэд нөхөх олговор өгсөн ч хүүхдийн ашиг сонирхол бүрэн хамгаалагдаж чадахгүй. Яагаад гэвэл, жил бүр морь унаж буй хэдэн зуун хүүхэд эрүүл мэндээрээ хохирно, наад зах нь хоёр хүүхэд амь насаа алдана гэдэг тодорхой. Эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл эдгэрч болох ч ноцтой гэмтэл бүрэн эдгэхгүй, хөгжлийн бэрхшээл арилахгүй учраас эдгээр хүүхэд насан туршдаа хохирно. Нас барсан хүүхдийг амьдруулах ямар ч боломжгүй учраас энэ бол даатгалаар шийдэгдэх асуудал биш.

Унаач хүүхдүүд хамгаалалтын малгай, цээживч, өвдөг, тохойн хамгаалалт, тусгай эмээл хэрэглэсэн ч амь нас, эрүүл мэнд бүрэн хамгаалагдахгүй. Ганцхан хамгаалалтын хувцас хэрэглэл өмссөнөөр бөөр, давсагтай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх баталгаа байхгүй гэж энэ талаар судалсан эмч хэлжээ.[21] Хамгаалалтын хувцас нь унаач хүүхдийг бусад гэмтлээс ч хамгаалж чадахгүй. Мөн, хамгаалалтын хувцас хэрэглэдэг болсон үеэс хойш унаач хүүхдийн амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох нь багасахгүй байна.

Хаврын төдийгүй зуны уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглох шаардлага

Хаврын морин уралдаан бол хахир хүйтэн, хальтаргаа гулгаатай үед явагддаг учраас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд илүү эрсдэлтэй, хүүхдийн хичээлийн үетэй давхацдаг тул сурч боловсроход нь сөргөөр нөлөөлдөг. Үүнээс гадна, хаврын морин уралдаан бол Монголын үндэсний уламжлал биш гэдгийг Үндэсний архивын газар буй баримтаар нотолжээ.[22] Тиймээс, олонх хүмүүс үүнийг хориглох шаардлагатай гэдэгтэй санал нэгддэг. Энэ чиглэлд албан ёсны зарим нэг шийдвэр гарсан нь унаач хүүхдийн эрхийг хамгаалахад чухал алхам болсон. Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2-р сарын 2-ны А/36 дугаар тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталж, уг жагсаалтын 3.9-т “Жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах”-ыг хоригложээ. Энэ хугацаанд буюу өвөл, хаврын уралдаанд хүүхдээр морь унуулахыг “Насанд хүрээгүй хүний амь нас, эрүүл мэнд, ёс суртахуун, аюулгүй байдалд нийтлэг аюултай ажлын байр, ажил мэргэжил”-д тооцсон гэсэн үг. Харамсалтай нь, одоогийн Засгийн газар өмнөх Засгийн газрын салбарын сайдын энэхүү дэвшилтэт алхмыг үгүйсгэж, 2017 оны хавар хэд хэдэн уралдааныг товлосон тогтоолыг баталсан талаар энэ өгүүллийн эхэнд дурдсан. Засгийн газрын тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж бүх уралдаан бус харин хаврын уралдааны үеийн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг онцолсон байна.

Зуны уралдааны үед ч хүүхдийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд хохирол учрах эрсдэл хаврынхаас дутуугүй бодитой гэдэг нь дээр дурдсан судалгаанаас харагддаг. Иймд, хүүхдийг ажиллуулахыг хориглосон жагсаалтад хаврын төдийгүй зуны уралдаанд хүүхдээр морь унуулах ажлыг багтаах хэрэгтэй. Унаач хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хамгийн найдвартай арга зам гэвэл аль ч улирал дахь томоохон уралдаанд хурдан морийг хүүхдээр унуулахыг хуулиар бүрэн хориглож, олон улсын жишиг ёсоор зөвхөн насанд хүрсэн хүнээр арай бага зайд хурдан морь унуулдаг болж, хүүхдэд хурдан морь унуулсан, унахыг зөвшөөрсөн эцэг эхчүүд, насанд хүрэгчдэд хариуцлага тооцдог болох явдал юм.

Хурдан морь уралдуулах уламжлалаа нандигнан өвлөе

1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал бидэнд өөрсдийн сайн гэж үзсэн амьдралын хэв маягаа сонгож хэрэгжүүлэх эрх чөлөөг авч ирсэн билээ. Зарим хүмүүс түүхэн уламжлалаа дээдэлсэн амьдралын хэв маягийг сонгож энэ эрх чөлөөгөө эдэлдэг нь зүй ёсных. Гэхдээ, ардчилсан нийгэмд уламжлал бүхэн хүлээн зөвшөөрөгдөхгүй байж магадгүй. Үндсэн хуулийн Оршилд Монголын ард түмэн бид “төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх” тухай тунхагласан. Гэвч, Оршилд “хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх” зэрэг бусад зорилгыг бичсэнээс харахад уламжлалыг нандигнан өвлөх нь Үндсэн хуулийн цор ганц зорилго биш гэдгийг илтгэдэг учраас бусад зорилготой уялдах ёстой. Түүнчлэн, Үндсэн хуулийн Оршлоос өөр газар, үндсэн текстэд “уламжлалыг нандигнан өвлөх” тухай заагаагүй, харин Хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөө, үүндээ хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах тухай тодорхой заасан. Үндсэн хуулийн Оршил бол илүү тунхаг шинжтэй, харин Үндсэн хуулийн тодорхой заалтууд заавал биелэгдэх шинжтэй. Тиймээс, ямар ч уламжлал нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих ёсгүй, харин эдгээр эрх, эрх чөлөөг зөрчсөн уламжлалыг өөрчлөх хэрэгтэй. Ийм шалтгаанаар томоохон хэмжээний морины уралдаан явуулах өнөөгийн бурангуй практикийг өөрчилж хүүхдээр хурдан морь унуулахаас татгалзвал зохилтой.

Томоохон уралдаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хуулиар хориглосноороо олон зуун жил оршсоор ирсэн хурдан морины уламжлалаа үгүйсгэхгүй. Бидний өвөг дээдсийн нүүдэлчин ахуйгаас үүдсэн уламжлалуудаас ардчилсан нийгмийнхээ нийтлэг үнэт зүйл болсон хүний үндсэн эрх, эрх чөлөөг зөрчөөгүйг нь тордон авч үлдэх, хөгжүүлэх нь одоогийн болон ирээдүйн Монголчуудын эрхэм үүрэг. Монголчуудын зарим уламжлал тодорхой салбарт Монголыг дэлхийд таниулах, амжилтад хүрэх нөхцөл болж байна. Монголчуудын амжилт үзүүлж байгаа спортын төрлүүдэд ч сумо, бөх, буудлага, бокс зэрэг бидний уламжлалтай холбоотой спортууд орж байна. Уламжлалт хурдан морины уралдаан энэ мэт спорттой адилхан үнэ цэнэ, амжилтад хүргэх боломжийг агуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

 

2017.03.05

 

[1] “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны удирдамж тайлан” (ХЭҮК, 2006), 5.

[2] “Хоёр жилд хурдан мориноос унаж хоёр хүүхэд амь насаа алджээ,” Olloo.mn, 2009.06.26, http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=1156273.

[3] Б.Гүнбилэг, Ц.Мөнгөнцацрал, Б.Мөнгөн-Аргамж, Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх: судалгааны тайлан, 2015, 6, https://www.unicef.org/mongolia/Unaach_huuhdin_erh_MGL.pdf.

[4] “Хурдан морины уралдааны явцад мориноосоо унаж амь эрсэдсэн хүүхдийн судалгаа,” (ХЭҮК, 2006).

[5] Мөн тэнд.

[6] “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд (2008)” (ХЭҮК, 2008), 77, http://mn-nhrc.org/index.php?newsid=5284.

[7] “Хоёр жилд хурдан мориноос унаж хоёр хvvхэд амь насаа алджээ.”

[8] Э.Номин-Эрдэнэ, “Жилд 300 гаруй хүүхэд мориноос унаж эмнэлэгт ханддаг,” Өдрийн Сонин, 2015.10.21, https://dnn.mn/%D0%B6%D0%B8%D0%BB%D0%B4-300-%D0%B3%D0%B0%D1%80%D1%83%D0%B9-%D1%85%D2%AF%D2%AF%D1%85%D1%8D%D0%B4-%D0%BC%D0%BE%D1%80%D0%B8%D0%BD%D0%BE%D0%BE%D1%81-%D1%83%D0%BD%D0%B0%D0%B6-%D1%8D%D0%BC%D0%BD%D1%8D%D0%BB%D1%8D%D0%B3%D1%82-%D1%85%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B4%D0%B0%D0%B3/.

[9] Мөн тэнд.

[10] “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд (2008),” 78.

[11] Б.Гүнбилэг, Ц.Мөнгөнцацрал, Б.Мөнгөн-Аргамж, Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх: судалгааны тайлан, 29.

[12] ХЭҮК, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 12 дахь илтгэл (УБ, 2013), 54, http://www.mn-nhrc.org/index.php?do=cat&category=32.

[13] Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмжүүдийн эмхэтгэл (Олон улсын хөдөлмөрийн байгууллага, 2012), 64.

[14] “Монгол Улс дахь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд (2008),” 79.

[15] Б.Гүнбилэг, Ц.Мөнгөнцацрал, Б.Мөнгөн-Аргамж, Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх: судалгааны тайлан, 25.

[16] “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны удирдамж тайлан,” 6.

[17] Э.Номин-Эрдэнэ, “Жилд 300 гаруй хүүхэд мориноос унаж эмнэлэгт ханддаг.”

[18] Б.Гүнбилэг, Ц.Мөнгөнцацрал, Б.Мөнгөн-Аргамж, Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх: судалгааны тайлан, 17.

[19] “Хоёр жилд хурдан мориноос унаж хоёр хvvхэд амь насаа алджээ.”

[20] ХЭҮК, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаарх 12 дахь илтгэл (УБ, 2013), 55.

[21] Мөн тэнд.

[22] Б.Гүнбилэг, Ц.Мөнгөнцацрал, Б.Мөнгөн-Аргамж, Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх: судалгааны тайлан, 27–28.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4670

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%