Нийтлэл 06 сарын 06, 2017

Connectivity буюу Айлсал

Монголыг “Minegolia” хэмээн хочилдог Параг Ханнагийн “Айлсал: Даяар иргэншлийн ирээдүйг зураглахуй” хэмээх номонд дэлхийн улс орнуудын хөгжил ба ирээдүй нь улс хоорондын хилийн зурвасаас илүүтэйгээр тухайн улс дэлхийтэй хатуу, зөөлөн дэд бүтцүүдээрээ хир зузаан холбогдсоноос хамаарна гэж дүгнэжээ. Даяаршил (Globalization), Айлсал (Connectivity) нь 21-р зуунд үнэхээр хүн төрөлхтний хувьд хөгжлийн гол хурдасгуур болсон хүчин зүйл. Дэд бүтэц, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүчний салбарт дэлхий даяар жил бүр 10 их наяд ам.долларыг зарцуулж мега хотууд жил бүр шинээр үүсч, үндсэндээ дэлхий дахин инженерлэгдэж байна. Энэ нь нөгөө талаасаа гео-улстөр, эдийн засаг, хүн амзүй, хүрээлэн буй орчин, нийгмийн ижилсэл, соёлын ондоошлын хувьд бидэнд шинэ сорилтуудыг авч ирж байна. Товчхондоо айлсал гэдэг бол газарзүйн байршил биш юм. Энэ бол бидний зугтаж чадахгүй хувь тавилан.

Энэхүү номыг бичихдээ стратегич П.Ханна нь Украинаас Иран, Монгол, Хойд Солонгос хүртэл, Пакистанаас Нигер хүртэл, Арктикийн тойргоос Өмнөд Хятадын тэнгисээр хөндлөн гулд аялан улс орнууд өөрийн хилийн зурвасаасаа илүүтэйгээр өөрийн болон хүний газар нутаг дээгүүр өнгөрөх дэд бүтцүүд болох газрын тосны хоолой, төмөр зам, далайн тээврийн маршрут, интернэтийн кабель татагдсан газар нутгуудыг хүний өөрийн гэлгүй зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбараараа ил болон далдаар хамгаалж байдгийг баталжээ. Энэхүү шинэ өрсөлдөөний ялагч нь дэлхийн аль болох олон цэгтэй холбогдсон улс орон байх болно. Одоогоор энэхүү “уралдаанд” Ази ба Европийг холбосон асар том хөрөнгө оруулалт шаардсан “Шинэ Торгоны Зам”-ын төслөөрөө Хятад улс тэргүүлж байна. Харин АНУ Хойд Америкийн Холбоо дотроо л дэд бүтцийн нөөцөө хуваалцаж сууна.

П.Ханнагийн энэхүү номоороо батлахыг хүссэн нөгөө зүйл нь улс орнууд байгалийн баялгийн төлөө өрсөлдөж, дайтахаа болино. Учир нь эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ технологиуд байгалийн баялгийг орлохуйц хэмжээнд ирж байна. Улс орон, тивүүдийг холбох дэд бүтцийн амбицтай том төслүүд, худалдааны корридор буюу улс орнуудын арилжаа наймааны бүс дамнасан хонгилууд нь Африк тив, тэр байтугай Арабын ертөнцийг үндсээр нь өөрчилж байна. Тухайлбал үндэстэн дамнасан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлснээр Ойрхи Дорнод өөрсдийн эдийн засгийг эрчимжүүлэхээс гадна дайн дажингүй амьдрах энх тайвны баталгаагаа гаргаж авч чадаж байна. Түүнчлэн Дубай, Сингапур зэрэг залуу бөгөөд хүн ам шигүү суурьшсан хотуудад цахим нийгэм үүсч, тэр хирээр хүмүүс орон зай болон цаг хугацааны мэдрэмжгүй ажиллаж, амьдрах боломжтой боллоо. Энэ хирээр хөрөнгө оруулалт, худалдааны асар том урсгал эдгээр хотууд руу урсч байна. Тэгэхээр бид ирээдүйгээ хэрхэн зураглах нь тэднээс, тэд ирээдүйгээ хэрхэн бүтээх нь биднээс хамаарах учиртай болжээ.

АНУ-н батлан хамгаалах яамны төрийн нарийн Chuck Hagel -н улс орнуудын ерөнхийлөгч нарын заавал унших ёстой ширээний ном гэж айлтгасан энэхүү номын хэсгээс товчлон орчуулан та бүхэнд хүргэв.

Хэдхэн хоногийн дараа бид өөрсдийн ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай мөчтэй тулна. Бид бусадтай айлсаж амьдрахыг хүсдэг, энэ дэлхийн нэг хэсэг гэдгээ хүлээн зөвшөөрч чаддаг, бусдыг ялгаатай соёл, уламжлалыг хүндэтгэдэг, өөрийн орны онцлог, давуу, сул талуудаа мэддэг бөгөөд хүлээн зөвшөөрдөг төрийн тэргүүнтэй байх ёстой буй заа.

Сэтгэгдэл бичих

arrow icon