Нийтлэл 04 сарын 17, 2017

Ц.ЭЛБЭГДОРЖ ЮУ АМЖУУЛАВ? Жинхэнэ ажлын тайлан

Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн эхэнд “…ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэжээ. Иймэрхүү үг хэллэгийг манайд хаана ч бичиж тайлбарладаггүй, бид ч хэн бүхэнд ойлгомжтой үг яриа мэт хүлээж авцгаадаг.

Гэвч энэ үг хэллэгийн цаад утгыг ерөнхийлөгчийн алба ажилтай холбож нарийвчлан авч үзэх аваас ерөнхийлөгч хүний үүрэг хариуцлага, түүний хийх ёстой жинхэнэ ажил хүн бүхэнд ойлгомжтой, тод томруун болж ирэх юм. Төрийн аливаа ажил үүргийг манайд тодорхой томьёолдоггүйн учир шалтгаан бол аль болох ерөнхий юм ярьдаг хэвшил гүн гүнзгий тогтсонтой холбоотой байдаг.

Асуудлыг хэчнээн ерөнхий ярих тусам төдий чинээ хариуцах эзэнгүй байдаг гэсэн үг. Тиймээс эрх баригчид бүх хууль тогтоомжийг анхнаас нь хамгийн ерөнхий арга хэлбэрээр томьёолж бичих явдал бол эцэстээ тэднийг хариуцлагад унагахгүй байх гэсэн алсын зорилготой байдаг гэхэд хилсдэхгүй. Ялангуяа улс төрийн бичиг баримтуудыг аль ч талаас нь тайлбарлаж болохоор үйлдсэн байдгаас гадна бас хуулиндаа ч тэгж тусгаж өгнө. Улс төрчидтэй хариуцлага тооцож болдоггүйн гол шалтгаан энэ. Өөрөөр хэлбэл аливаа чухал ойлголт ерөнхий байх тусмаа бэлгэдлийн шинжийг агуулж, нарийсах тусмаа зовлонтой хирнээ ажил хэрэгч байдлыг нэмэгдүүлдэг байна.

Тиймээс бэлгэдлийн ерөнхийлөгч гэсэн нийтэд түгсэн ойлголт нь аливаа ажил хэрэгч байдлыг үгүйсгэсэн, тодорхой ажлын хариуцлага тооцох механизм үйлчилдэггүй хүнийг л хэлээд байгаа юм.

Тийм ч учраас бусад оронд жишээ нь, бэлгэдлийн шинжтэй гэж үздэг учраас японы эзэн хааныг энгийн хүн гэж үздэггүй, жирийн хүнээс дээгүүрт тавьдаг юм байна. Энэ нь түүнд ажил хэрэгч байдал үйлчлэхгүй, зүгээр л бэлгэ тэмдэгийн чанартай байлгах гэж үзсэн хэрэг.

Нэгэнт тэрээр энгийн хүн биш учраас жишээ нь, жолооны үнэмлэх олгох эсэх талаар японд бөөн маргаан дэгдсэн удаатай ажээ. Английн хатан хаан ч бас бэлгэдлийн шинжтэй учраас саяхан түүний огтхон ч оролцоогүйгээр Английг Европын холбооноос гаргах шийдвэр гаргасан. Бэлгэдлийн шинжтэй ийм албан тушаал голдуу баян улс орнуудад зонхилдог бөгөөд энэ албыг насан туршдаа үе залгамжилсан тогтолцоогоор авч явдаг ажээ.

Тиймээс манай ерөнхийлөгчид бэлгэдлийн гэсэн тодотгол огт зохихгүй. Энэ нь манайд хариуцлагаас зугтах л зорилгоор бий болгосон үг хэллэг бөгөөд дайн байлдаангүй, шашны болоод элдэв дотоодын зөрчилгүй манайх шиг оронд ерөнхийлөгчөөсөө бид маш тодорхой ажил хэрэг нэхэж, чадахгүй бол хатуу хариуцлага тооцох ёстой болохоос бэлгэдэл, эв нэгдэл гэсэн хоосон үг ярьж ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг бүдгэрүүлээд байхын хэрэггүй байх нь.

Тэгээд ч зүгээр л нэг бэлгэдлийн ерөнхийлөгч сонгохын төлөө намууд дөрөв дөрвөн жилээр улс орон даяар сүр дуулиан тарьж, хүн ард нь хэдэн тал болцгоон нэг нэгнийгээ газар дор ортол гутаан доромжилж, хэрүүл зодоондоо хүрэх шаардлага байхгүйТэгэхээр, мэдээж түүний цаана асар их эрх мэдэл үнэртэж байгаа учраас л намууд ингэтлээ улайрцгаан, олон нийтийг хоморголон хохироосоор ирсэн байж таарна.

“Манай ерөнхийлөгчид мөнгөний эрх мэдэл угаасаа байдаггүй, түүнд улс орны хөгжилд гар бие оролцоод явах боломж ч дутна, хэдхэн томилгооноос цааш эрх мэдэл нь хязгаартай...” гэх мэт яриаг санаатай, зохион байгуулалттай явуулдаг байх гэж би боддог.

Гэтэл үнэн хэрэг дээрээ манайд бодит байдал яг эсрэгээрээ, жишээ нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гар дүрээгүй, хутгалдаагүй, оролцоогүй, хийгээгүй ажил гэж үгүйг түүний саяхны ажлын тайлан бүрнээ харуулж байна. Тэр юу хийж үлдээв?, Бид цаашид яах ёстой вэ?

25 жилийн турш хүмүүсийг шударга байхын аргагүй болтол ялзруулсан энэ нийгэмд төр нэрээр бидний дээр залрагсад хамгийн их идэж уусан. Ийм улс оронд шүүх, хүчний байгууллагын удирдлагыг томилох эрхтэй хүн л хамгийн хүчтэй этгээд болдгийг Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилийн турш бидэнд тод томруун харуулж өглөө.

Авилгад идэгдсэн улс орныг хамаг мөнгөө гартаа атгаж буй ерөнхий сайд нь бус, хамаг улс төрийн гэмт хэрэгтнүүдийн баримт материалыг цуглуулж чадсан сүйхээтэй этгээд л жолоодож болдог юм байна. Хэнийг хэзээ ч гэмт хэрэгт хутгаж, шоронд хийж, бас хэн дуртайгаа цагаатгаж, хэзээ шоронгоос гаргахаа тэр л ганцаар шийдэж байна. Энэ бол хамгийн аймшигтай эрх мэдэл! Одоо ч түүнээс айж чичрээд, удахгүй болох сонгуулийн маргааш өглөөний мандах нарыг хүлээгээд гэр орноосоо ч гарч чадахааргүй бүгсэн хүмүүс олон байгаа байх.

Улс орныг хэрсэн авилгын эзэд нь манайд эрх баригч нам дамжсан улс төрийн бүлэглэлүүд бөгөөд тэдний дунд явагдаж буй хамаг муу муухай явдлын алийг нь ил гаргаж дэлгэх, алийг нь далдлах үйл ажиллагааг удирдсаар, бүхэл бүтэн зохион байгуулалттай аппарат болтол нь хөгжүүлсэн бүтэц цаашид ч бас нэг хэсэгтээ л улс орны хувь заяаг шийдвэрлэх төлөвтэй харагдаж байна.

Өөрөөр хэлбэл ийм хүчтэй механизмыг хэн жолоодох вэ гэдэг нь энэ сонгуулийн үр дүн болох учраас ирэх ерөнхийлөгчийн сонгуульд намууд асар өндөр ач холбогдол өгөхөөс өөр замгүй байгаа нь харагдаж байна. Ерөнхийлөгчийн албаа удахгүй шилжүүлэн өгөх гэж буй одоогийн ерөнхийлөгчийн зориг зүрхтэй юм шиг харагдаад байгаа нь юуны өмнө өөрийнхөө хийж бүтээсэн “механизм”-даа итгэж найдан, мөн энэ тогтолцоог цааш үргэлжлүүлэх хамгийн найдвартай гарт шилжүүлж өгөх бүхнээ хийж гүйцэтгэсэн гэж найдаж байгаагийнх.

Тэр үнэндээ бүхнийг захирч байсан, түүний дээр бурхан ч бараг гарч чадаагүй байх. Бэлгэдлийн гэгдэх ерөнхийлөгч зөвхөн хууль хяналт, хүчний байгууллагын ганц хоёрхон албан тушаалтны томилгоогоор улс төр, эдийн засгийн хямралд орж, өр ширэндээ баригдчихаад байгаа улс орныг тун ч хялбархан өөрийн эрхшээлд оруулж дөнгөдгийг түүний хийж бүтээснээс төвөггүй харж болохоор болсон. Энэ бол хэдхэн тооны хүн улс орныг энэ хэвээр нь цааш авч явах хүсэлдээ хөтлөгдөж байгаагийн илрэлээс өөр юу ч биш. Гэвч өөдөө хаясан “чулуу” өөрийн толгой дээр унах тул бидэнд энэ хүний хоморгонд хэн хэн орж хамт золиос болохыг л харах үлдлээ.

Р. Энхбат

 

Сэтгэгдэл бичих

arrow icon