Нийтлэл 04 сарын 19, 2017

ОФФШОР: Элийрэгчийг урт өгүүлэл бичтэл бүү зовоо

Би бээр хэсэгтээ сошиалд идэвхжилгүйгээр гэгэлхэн байхыг хичээлээ л дээ. Гэгээрсэндээ ч биш, энэ их бухимдалдтай, стресстэй нийгмийн сэтгэл зүйг өдөөж юу гэхэв гэсэн л санаагаар гэх юмуу даа. Тэгтэл сошиалын ангийн хамт олон минь намайг өөрийн эрхгүй татан оролцуулахаар шийдэв бололтой.

Хэрүүлийн алимаар "Талбай дээр архичин царайтай хэдэн юмнууд сууж байна" гэсэн жиргээг маань хуулан эгдүүцэхээр 140 тэмдэгтийг сонгожээ. Энэ 1 өгүүлбэр дотроос "оффшор", "ард түмэн", "тэмцэл", "иргэний зориг" гэсэн үгнүүдийг олоод уншчихсан бололтой юм. Ер нь бол манай гадаа талбай дээр өдөр бүр л цугладаг архичин царайтай юмнуудтай хэрүүл, тэмцэл хийсээр ирлээ. Сэдэв ямар ч байж болох туйлшралын подпрол ийн эхлэх амой.

За тэр яахав, нэгэнт оффшоортой тэмцэгчдийн тухай яриа эхэлснээс хойш хэдэн үг хэлэх нь зүй байх. Анх оффшор хэмээх сэдвээр бидний хэдэн нөхөд сошиалын дунд уулзалт, хэхэлцүүлэг хийж, миний бие танилцуулга тавьж байлаа. Би одоо ч тэрхүү байр суурьнаасаа ухраагүй.

Улс төрчдийн идсэн уусан, завшсан, зувчуулсанд зэвүүцэн игзаартаагүй хүн гэж үгүй. Гэхдээ энэ нь өнгөрсөн сонгуулийн үед боссон асуудал тул их багагуй ямарч ойлголтгүйгээр туйлшран, хэмжээ хязгаараа давсан нь үнэн.

Оффшор бүс үгүй эдийн засаг гэж хаа ч байхгүй, байх ч боломжгүй, хүчээр байлгасан ч хулгай дээрмийг зогсоох арга хэрэгсэл гэхээсээ элгээрээ хэвтсэн эдийн засгаа улам л боомилон уруудуулах л хэлбэр. Үүнд Венесуэлийн ард түмний өлсгөлөнг дурдах илүүц биз.

Тэмцэгчид татвар төлөгчдийн мөнгө, онншор дахь баялгаас үүссэн мөнгө оффшор руу урсахаас хэрхэн яаж хамгаалах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга зам, шийдэл, шийдвэр ярихаасаа илүү зүгээр л бослого тэмцэлд уриалах, яаж ийж эмх замбараагүй бдалд хүргэх л хэт экстрим араншиндаа хөтлөгдөн олон нийтээ турхирсаар. Тэрэндээ ард түмний ядарсан төлөөллийг сурсан зангаараа ашигласаар. Дараа нь яах ёстой юм гэдгийг бодож тунгаах хүн алга бололтой. Юутай ч хувьсгал хийе л гээд байх шиг. Асуулт тавьж эргэлзвэл сүргээрээ боороглон ариун зүрхт тэмцэгчдийн нэрээр гуагчихаас өөр үйлдэл гаргасангүй. Цэнцэрэн тэргүүтээс ялгарах юм нэгээхэн ч алга.

Хэрэв бид үндэстнээрээ оффшорыг хориглох аваас Засгийн газрын Оюу толгой төслөөс эхлээд Эм Си Эс, энэ хэдэн банк болон бусад гадаадын хөрөнгө оруулалтын компаниудаа бүгдийг нь хөөж гаргахаас аргагүйд хүрнэ. Цугаар нь хөөгөөд гаргачихья гэхэд дараа нь яах вэ? Бид энэ олон төвлөрсөн төрийн комданиудыг захаас нь паблик болгож хувьцааны чөлөөт арилжаанд оруулах замаар ард иргэддээ баялаг хүртээе гэвэл ямар арга замаар гадаад зах зээлээс мөнгө босгож дотоодын үйлдвэрлэлээ хүчирхэгжүүлэх вэ? Таван толгойн 1072 хувьцаа хэзээ ч амилахгуй үхмэл цаас хэвээр нь үлдээх үү? гэх мэтчилэн эцэс төгсгөлгүй утас хөвөрхөд зангилааг тайлах арга хэрэгсэлгүй зүгээр цээжний хий, хоосон үгний чарлаагаар өөрсдийнхөө хөл рүү буудаж, нүдээ сохлох тэнэг үйлдэл хэнд хэрэгтэйв? Сайнаар бодоход Риогийн эсрэг хүчирхэгжье гэвэл ОТ-гийн 34%-ийнхаа үнэлгээг хүчитгэх шаардлага үүсгэнэ. Үүнийгээ ходоод хоосон ард түмнээсээ босгох уу? Эргэлтгүй болсон дотоод зах зээлээс гаргах уу? 34-ийнхээ өнөөгийн үнэлгээг Риогийн 66-гаас ч илүү өндөр үнэлгээнд оруулхад гадаад сток маркет дээр л тоглолт хийнэ. Өнөөдөр нүцгэн нойтон байлаа ч ирээдүйгээ харж итгэл тээж амьдралаа төлөвлөх ёстой бус уу?

Улс төрчдийг болон гэр бүлийнхнийг нь бизнесс эрхлүүлүүлэхгүй, иддэггүй, өмсдөггүй, үр хүүхэд, гэр бүлээ гаргуунд нь хаясан, орон гэр, оочих цайгүй хүнийг сонгож хоёргүй сэтгэлээр төрд зүтгүүлнэ гэдэг дэмийрэл үлгэрт ч байхгүй. Бодит байдлыг байгаагаар нь харж рациональ сэтгэхгүй бол ийм хэт радикал үзэл зүгээр л улс төрчдийн хоорондын зодооны хэрэгсэл болсоор, ард иргэд хөгжил дэвшилгүй дунд нь үрэгдээд, үгүйрсэн хэвээрээ л байна. Бид хэдэн талд гарж хагаралдах тусам тэдний улс төрийн оноо л нэмэгддэг нь жам ёсны асуудал. Үнэндээ гаргалгааг прагматик тооцооллоор харж, хувилбар дэвшүүлэх эрүүл ухаантай хүн энэ тэмцэгчид дунд алга гэж үү? Зүй нь нэгэнт улс төр, төрийн өндөр албан тушаал, татвар төлөгчдийн санг захиран зарцуулах эрх авч буй хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг хариуцлага хүлээж байгаа этгээдүүд Засгийн газартаа өөрсдийг нь итгэмжлэн тандан шалгах, олон улсын банкууд болон оффшор бүсүүдээс лавлагаа гаргуулж, гүйлгээ байх аваас орлого, зарлагаа тайлагнах, эх үүсвэрээ нотлох, мөнгө олсон нутаг дэвсгэрийн татварын тайлантай нь таарч байгааг хянах эрхийг шилжүүлэх гэх мэтчилэн арга хэлбэр бүхий хууль боловсруулах шаардлага гаргасан бол окей шүү дээ. Үгүй ээ, зүгээр л дайтна гэх. Хэнтэй? Юутай?

Эцсийн бүлэгт АН ялагдсан газар л өнгөт хувьсгалын захиалга явагдаж байдгийг бүү мартагтун. Шударга ёс гэдэг ухаангүй сохор муйхарлал биш юм шүү. Гадныхны турхиралтад өртсөн өч төчнөөн хувьсгалчдын орон гэрээ буснулсан түүх төгсөөгүй, нүднээ ил байсаар байгааг нэг ч гэсэн удаа эрүүл тархиар тунгаах болов уу.

Товч гэсээр байгаад баахан нуршчихлаа. Эцэст нь Элийрэгчийг ийн урт өгүүлэл бичтэл бүү зовоо...

Сэтгэгдэл бичих

arrow icon