Нийтлэл 05 сарын 01, 2017

СОНГОДОГ УРЛАГ: Шопены уран бүтээлд үзүүлсэн Жорж Сандын нөлөө

Фредерик Шопен, Лоуис-Август Биссоны авсан зураг, 1849 он

Фредерих Шопен бол хөгжмийн суу билэгтэн юм. Амьдралдаа нэг ч дуурь, симфони бичээгүй ч төгөлдөр хуурын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, техникийн боломжийг нь нэмэгдүүлж, мэргэжлийн тоглоочийн ур чадварыг сорьсон олон зохиол туурвиснаараа энэ агуу хүн сонгодог урлагийн түүхэнд мөнхөрч үлдсэн юм. Өөрийн үндэсний буюу Польшийн ардын урлагийг сонгодог бүтээлд шингээн алдаршуулсан хөгжмийн суутан Шопен нь 20 настайдаа эх орноосоо гарч, эргэж очиж чадалгүй Парист амьдарч байгаад 39 насандаа хүнд өвчиний улмаас хорвоог орхисон билээ.  "Хүний амьдралыг хэр урт удаан амьдарснаар нь биш хэр үр дүнтэй амь­дарс­наар нь хэмж" гэж үг байдаг. Шопены амьдрал яах аргагүй энэ үгийг са­нагдуулдаг юм. Амьдралын­хаа ахар богино хугацаанд мазурк, прелюди, полонез, вальс, сонат, ноктьюрин, этюд хэлбэрийн олон арван зохиол бичсэн нь түүнийг дэлхийн хөгжмийн ертөнцөд алдар хүндийн ор­гилд аваачсан юм. Түүнийг дэлхий дахинд алдартай бүтээлээ туурвиахад нь гол нөлөө үзүүлсэн хүн бол түүний сэтгэл зүрхний эзэн, Францын зохиолч Жорж Санд байсан юм.

Шопен Жорж Сандтай 1836 онд гүнгийн ахайтан де Агугийнд танилцжээ. Хүүхнүүд Шопены зөвхөн авьяасанд дурладаггүй байлаа. Тэрбээр царайлаг, биеэ сайхан авч явдаг залуу байжээ. Цэнхэр нүдэнд нь ялимгүй гуниг хурсан Фредерикийг хүмүүс “Сэтгэл зүрхнийхээ гүнжийг олоогүй, эсвэл бүтэлгүй дурлалтай учирсан” гэж шивнэлддэг байв Тэр нэгэн үдэш гүнгийн ахайтан де Агугийнд цугларсан олны дунд эрэгтэй хүний костюм өмсөж, үсээ улбар шар өнгөөр будсан, сигар зуусан этгээд төрхтэй нэг эмэгтэй байжээ. Гэрийн эзэгтэй Шопеныг тэрхүү хачирхалтай эмэгтэйтэй танилцуулахад Парисын дээдсийн хүрээнд Жорж Санд нэрээр алдаршсан зохиолч бүсгүй Аврора Дюпен байв. Жорж Санд Шопенд хандан “Таны ганц этюд миний бүх романтай тэнцэнэ шүү ” гэж хэлжээ. Эрэгтэй хүнийх шиг баргил хоолойгоор ярих нь Шопенд сонин хачин санагдаж, таалагдсангүй.

Үүнээс гадна түүнээс эрэгтэй хүний үнэртэн ханхалж байлаа. Ингээд хөгжимчин залуу зохиолч бүсгүйтэй хэдэн үг сольсны дараа яагаад эрэгтэй хүн шиг хувцаслаж, хачин үнэртэн цацсаныг нгь бага ч гэсэн ойлгожээ. Үдэшлэгийн дараа Шопен гэрийн эзэгтэйд хандан “Хатагтай Жорж Санд их хачин юм, эмэгтэй хүн хүн мөн гэдэгт нь эргэлзэж байна” гэж хэлжээ. Тэр үед Шопен ганцаараа ингэж бодоогүй байлаа.

Хүмүүс хатагтай Дюпенийг царай муутай гэдэг байлаа. Харин Дюпен өөрийгөө эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн эсрэг жишээ гэж ил тод ярина. Шопен Варшавт амьдардаг гэрийнхэндээ хандан бичсэн нэгэн захидалдаа “Өчигдөр Жорж Санд нэрээр алдаршсан хатагтай Дюпентэй танилцлаа. Тэрбээр зохиолч гэнэ. Маш царай муутай тэр эмэгтэй надад огт таалагдсангүй. Түүнээс хүмүүс дөлж, зугатах ямар нэгэн өөр зүйл байна” гэжээ. Шопентэй танилцах үед тайж гаралтай Аврора Дюпен 32 настай байсан бөгөөд хэдийнэ амьдрал үзэж хоёр хүүхдийн ээж болсон байв. Саксоны хүчит Августын удам тэрбээр ямагт бусдаас хараат бус байхыг эрхэмлэдэг Дюпен тэр үед нөхрөөсөө тусдаа амьдарч байв. Аврора гэрлээд ёсөн жил болсны эцэст гэр бүлээ албан ёсоор цуцлуулаагүй ч, Парис явж зохиол бичихээр шийджээ. Тэр үед “Роз, Бланш” хоёр гэдэг анхны романаа Дюпен хожим дэлхийд танигдах Жорж Санд гэдэг нууц нэрээрээ хэвлүүлжээ. Шопеныг Парист ирэхэд Францын уншигчид Жорж Сандын хэд хэдэн тууж, өгүүллэгтэй нь танилцчихсан байлаа. Харин Шопены хувьд 26 настай, амьдралтай танилцаж яваа залуу хөгжмийн зохиолч байв. Ингэж алдартай зохиолч бүсгүй, хөгжмийн зохиолч хоёрын романс эхэлсэн юм.

"Дундуураа хайчлагдсан зураг буюу Шопен, Жорж Санд хоёр" 

Нэрт зураач Эжен Декларуа Фредрик Шопен, Жорж Санд хоёрын зургийг хамтад нь зурж мөнхөлсөн юм. Гэхдээ энэ зураг голоороо хайчлагдсан байдлаар тус тусдаа байдаг бөгөөд нэг нь Копенгагены урлагийн музейд, нөгөө нь Парисын Луврын музейд хадгалагдаж байна. Хамт зурагдсан энэхүү бүтээл яагаад салав гэдэг нь ойлгомжгүй байсаар өдийг хүрчээ. Зарим судлаачид Жорж Сандын хүсэлтээр салгаж хайчилсан хэмээн тайлбарладаг ч уг зургийг эзэмшиж байсан хүн нь өндөр үнэ хүргэхийн тулд салгаж худалдсан гэсэн таамгийг илүү үнэний хувьтай  гэж үздэг байна.

Шопен, Жорж Санд хоёрын тухай сонсоод олон бүсгүй ухаан алдаж, олон эр сэтгэлээр унасан гэдэг. Жорж Санд анхны харцаараа Шопенд дурласан бол хөгжмийн зохиолч Шопен тэр эмэгтэйгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ зургаан сарын дараа л ойлгосон гэдэг. Шопены сэтгэлийг олон эмэгтэй татаж байсан ч, бардам зан, нийгмийн ялгаатай байдал зэрэг шалтгаанаар Шопен хэнтэй нь ч бат бэх холбоо тогтоож байгаагүй аж. Харин Жорж Сандад маш хүчтэй дурлаж, бие сэтгэл, чин зүрхээрээ түүнтэй холбогдсон байв. Шопен урд нь хэзээ ч, хэнтэй ч ингэж илэн далангүй байж, уран бүтээлийнхээ талаар чин сэтгэлээсээ ярилцаж байгаагүй юм. Шопены урлагийн онгод тэнгэрийг тэтгэгч нь яах аргагүй Жорж Санд байлаа. Зан чанарын хувьд хоорондоо эрс ялгаатай ч гэсэн бие биедээ маш хүчтэй татагдаж гайхалтай дурлалын романсыг үүсгэсэн юм. Шопен, Жорж Санд хоёрын дурлалын романс арав гаруй жил үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хэн хэн нь маш сайн уран бүтээл туурвижээ. Шопен алдарт мазурк, прелюди, полонез, вальс, сонат, ноктьюрин, этюд хэлбэрийн олон арван зохиол бичсэн бол Жорж Санд алдарт “Спиридон” романаа бичжээ. Шопены Жорж Сандад зориулж бичсэн хайрын ноктьюрин нь хамгийн алдартай бүтээлүүдийнх нь нэг. Энэ аялгуу яг инээмсэглэл гуниг хоёрыг зэрэг хүнд мэдрүүлэх увидастай бүтээл юм.  Бүхэлдээ “хайр” шиг гэж тодорхойлж болхоор сэтгэлийн утсыг хөндсөн хөнгөн хирнээ, гүн мэдрэмж төрүүлдэг энэ бүтээл сонсогчоо уйлуулж бас дуулуулж, тэдэнд төрөл бүрийн мэдрэмжийг зэрэг өгч чаддаг учраас бусад ноктьюринуудаасаа илүү алдаршжээ.  

 

Сэтгэгдэл бичих

arrow icon