Нийтлэл 05 сарын 24, 2017

МОНГОЛБАНК ШИЛЭН ДАНС ХАНГАЛТГҮЙ ХӨТӨЛДӨГ БАЙЖЭЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2012-2016 онд Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэв. Шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцууллаа. 

Орон сууцны борлуулалт удааширч, барилгын салбарт сөргөөр нөлөөлж байна. Барилгын салбарт олгосон нийт зээлийн 9,5 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байна.

Монголбанкинд орох гадаад валютын урсгал тасралтгүй буурсан. Гадаад валютын албан нөөц 2012 онд 4,1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1,3 тэрбум ам.доллар болсон.

Монголбанкнаас “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4,8 их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүний 3,7 их наяд төгрөг нь орон сууцны зээлийн хөтөлбөр байгаа юм. Үлдсэн 1 их наяд гаруй төгрөг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах зээл байгаа юм.

“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын үед 13 аж ахуй нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэдэг нь тогтоогдсон.

“Монголбанкны шалгалтын дүнд шатахуун импортлогч 14 компанид 226,4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг нь тогтоогдсон. Энэ зээлийг ихэнх аж ахуй нэгж зориулалтын бус зүйлд зарцуулсан. 2012 оноос дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ тогтмол буурсан. Тиймээс манай ажлын хэсэг шатахууны компаниудад зээл олгох шаардлагагүй байсан” гэж үзэж байна. 

Т.АЮУРСАЙХАН: МОНГОЛБАНК ШИЛЭН ДАНС ХАНГАЛТГҮЙ ХӨТӨЛДӨГ БАЙСАН

"Шатахуун импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт 1 тэрбум 579,95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан. Үүнээс Монголбанк 354,2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээсэн. Дээр нь 226,4 тэрбум төгрөгийг жилийн 0,89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон. Арилжааны банкууд 2,91 хувийн хүү нэмж, 3,8 хувийн хүүтэй зээлийг шатахуун импортлогч компаниудад олгосон" гэлээ.

Монголбанк своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Одоогийн байдлаар 3 их наяд 19 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байна. Үүнийг задалж харуулбал, 2012 онд 302 тэрбум, 2013 онд 424 тэрбум, 2014 онд 535 тэрбум, 2016 онд 1 их наяд 648 тэрбум төгрөгийн алдагдал байгаа аж. Алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь хүүгийн алдагдал 524 тэрбум төгрөг, своп, порвард хэлцэл байгуулснаар 1,7 их наяд төгрөгийн алдагдал, гадаад валютын арилжааны алдагдал 462 тэрбум төгрөг болсонтой хамаатай. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар гишүүд юу гэж хэлэв?

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: “Монгол Улсын эдийн засгийн алуурчидтай тэмцэх цаг боллоо”.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголбанкны Ерөнхийлөгч Л.Золжаргалын тухай “Монголын банкны үндсэн гурван зорилтоо мэддэггүй хүнээ ерөнхийлөгч хийлгэсэн... Нэг доллар 1350 байсан бол одоо 2400 болсон нүгэл хийсэн.” 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Жилд хоёр тэрбум ам.долларын хэмжээний  ‘галзуу’ интервенц хийж байсныг ОУВС, Дэлхийн банк анхааруулж байхад зогсоож, арга хэмжээ аваагүй.” гэсэн байна. Цаашлаад “14 их наяд төгрөгийг салхинд хийсгэсэн”

УИХ-ын гишүүн Б.Ундармаа: “Монгол банкны өмнөх удирдлагад хариуцлага тооцох ёстой”

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  “Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр УИХ-ын гишүүдийн хамаатнууд зээл авсан байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр Ерөнхийлөгчийн сонгуульд улс төржинө гэвэл эндүүрэл”.

Ажлын хэсгээс дараах саналуудыг гаргалаа.

- Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх

- Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах

- Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх

- Шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon