ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Венесуэлийн сүйрлийн түүх

Венесуэлд болж буй жагсаал Ерөнхийлөгч Николас Мадурод засгийн эрхийг дөрвөн жилийн өмнө авсанаас хойш тулгарсан хамгийн том сорилт болж байна. Венесуэлийн аажим доройтол нь дэлхийн хамгийн том газрын тосны нөөцөн дээр сууж буй орны хувьд онцгой явдал юм. Тив дотроо хамгийн том эдийн засаг нь байсан улс одоо ард түмнээ ч хооллож чадахаа байжээ. Эмчилгээнд явах гэсэн жуулчдын очих газар байсан орны эмнэлэгүүд хөнгөн өвчтөнүүдээ ч эмчилж чадахаа больжээ. Засгийн газрын эсрэг жагсаал ойр ойрхон болж, хэдэн арван жагсагчид өнгөрсөн долоо хоногуудад амиа алдаж, өлсөж, зовж буй ард иргэдээ улам бухимдуулж байна.

Венесуэлд фото зурагчдын хөл тасардаггүй байсан бол сүүлийн жилүүдэд ардчилал хэврэгшиж зурагчид очих нь цөөрчээ. “New York Times”-ын Меридит Кохур тэнд олон жил амьдарч хямралын тухай хамгийн өргөн баримтуудыг цуглуулж байна. Испани зурагчин Алваро Ябарра Завала Венесуэлийн сүйрлийн дүр зургийг хар цагаанаар буулгаж байна. Гэвч иймэрхүү ажил Венесуэлийн бүлэг фото сэтгүүлчид, чөлөөт уран бүтээлч эсвэл аль нэг улсын төлөөлөгч зэрэг Венесуэлийг олон улсын анхааралд байлгахын төлөө өдөр хоногоо өнгөрөөж буй хүмүүст ноогдож байна.             

Тэд жагсагчидтай, цагдаа нартай хамт гудамжинд хамт байж нулимс асгаруулах хий үнэрлэж байна. Тэд хоол, ахуйн наад захын хэрэглээгээ авах гэж нар гарахаас өмнө гар хоосон ирээд шөнө дунд гар хоосон буцдаг нөгөө л иргэдтэй хамт байна. Тэд оршуулгын ёслолд оролцож, нас барсан хүмүүсийн эцэг эхийг цурхирахыг сонсдог.

TIME сэтгүүл ийм 8 хүмүүсээс архиваа хуваалцахыг хүссэн. Товч, тодорхой болгохын тулд бага зэрэг засвар оруулсан ч тэдний түүх Венесуэлийн бодит байдлыг харах цонх болно.

Алехандро Сегарра

Гранатны дэлбэрэлтэнд өртсөн хүүгийн оршуулгын үеэр.

2016 оны тавдугаар сард Каракасын ядуучуудын 23 de Enero хотхонд хоёр хүн цагдаагаас зугтаж байв. Нэг нь цагдаа нарыг бужигнуулахын тулд гранат шидэв. Тэд 5 настай Габриэл хүү ээж Мариатайгаа хамт байсныг анзааралгүй өнгөрчээ.

Маргааш нь болсон оршуулгын ёслол сэтгэл шимшрүүлж, цаг ердийнхөөсөө удаан явж байв. Тэнгэр сааралтаж, цагаан авсны дэргэд цугласан бэйсболын багийнхан нь дуу дуулна. Ээж нь тэргэнцэр дээр суун ганц ч үг хэлж чадахгүй уйлах аж. Бусад хүмүүс чимээгүй дотроо нулимс асгаруулж байв.

Энэ үед би анх удаа залбирч үзсэн. Би шашин шүтдэггүй ч зөвхөн зураг аваад байх нь хангалтгүй байв. Би түүний сүнсийг амирлуулах ёстой гэдгээ мэдэрлээ. Камер маань бамбай болсонгүй. Би камераа бамбай болгохыг хүсэлгүй бусадтай адил уйлсан. Өнөөдрийг хүртэл би Габриэл болон түүний ээжийн тухай боддог. Ингэснээр би зураг авдаг хүмүүстэйгээ ярилцах, тэднийг ямар нэг байдлаар ойлгох болон бусад хүнд хайртай хүмүүсээ алдах зовлон шаналалыг ойлгуулах урам зоригтой болдог.

Фабиола Ферреро

Каракас дахь жагсаалын үеэр эмэгтэй цагдаагийн оффицер бамбайгаа барьж байна.

Үйлдэл биш үзэгдэл илүү илэрхийлэх нь бий. Заримдаа урд эгнээнд зогсож буй Үндэсний гвардын гишүүн эсвэл цагдаагийн оффицерийг харвал тэднийг тэнд байхыг хүсэхгүй байгааг харж болно. Би жагссан оффицерууд уйлж байхыг харсан. Айдас, цөхрөл аль ч байж болно. Ингэх үед бүх хүн  тэдэн рүү хардаг. Энэ жирийн явдал биш шүү.

Зарим жагсагчид сэтгэл хөдлөлийг ашиглах гэж оролддог. Тэдэн рүү хашгирч, шоолно. Зарим хүн тэдэнд “Чамд сонголт бий, чи энд зогсохгүй байж болно. Энэ нөхцөл байдал чи, чиний гэр бүлд нөлөөлж байгаа  би мэдэж байна.” гэдэг. Харин тэд бамбайныхаа ард уйлан тушаалаа чимээгүйхэн авсаар байна.

Дээрх эмэгтэй хүний гарны зургийг дөрөвдүгээр сард Каракасд авсан. Тэр үед жагсаал тийм ч өргөн байсангүй. Жагсаал дөнгөж эхэлж байв. Гэвч нэг жагсагч тэр эмэгтэйг өшиглөн бамбайг нь түлхэн бусад цагдаа нарыг доромжилж байв. Жагсагчид болон аюулгүй албаныхан мөргөлдөж хүний амь эрсдэхээс өмнө энэ эмэгтэй огтхон ч хөдлөөгүй. Тэрээр нэг гартаа бамбайгаа барьсаар өөрийгөө хамгаалахын тулд буцаж түлхэнэ. Түүнийг зогсоох гэж үзсэн боловч гараа бамбайныхаа ард тавин чимээгүйхэн дараагийн дайралтад бэлтгэнэ.

Оскар Кастилло

Олон зуун хүн Каракасын баруун өмнөд хэсгийн Лос Текүэст ахуйн хэрэглээгээ авахаар хүлээж байна.(2016 оны наймдугаар сар)

Өглөөний 8:30 болж байна. Жагсаал ширүүн болж байна. Олон хүн дөрөв, таван цаг хоолонд оочерлож байна. Венесуэл даяар үүнтэй адил дүр зураг харагдана. Өглөөний унд, үдийн завсарлаггүй хүмүүс боломжиндоо тааруулж хоол авах гэж тэмцэнэ.

Жагсаал ширүүн хэвээр. Нар шарж олон зуун цөхөрсөн хүн оочерийн төгсгөлд ямар бараа байгаа, ерөөсөө бараа байгаа эсэхийг мэдэхгүй цагийг өнгөрөөнө. Хүмүүсийн уур, харуусал, цөхрөл туйлдаа хүрчээ. Тэд амьдралаа удирдаж чадахаа больсон. Тэд цаг тутам олон мянган тооцоо, гаргалгаа хийснээс болж тайван байхаа больжээ. Тэд үндсэн цалингаараа байрны түрээс, сургуулийн төлбөрөө төлж чадах болов уу хэмээн бодно. Цаашлаад унаа тэрэг, дүрэмт хувцас, ахуйн хэрэглээгээ яах вэ? Тэд уух эмээ ч аваагүй, цахилгаан, ус, гар утас, хувцас, хүнснийхээ төлбөрийг ч төлөөгүй байна.

Жагсаал ширүүн хэвээр. Килограмм будаа эсвэл гурил, магадгүй шүдний оо эсвэл нойлын цаас зэрэг ховор барааг тэд олох цорын ганц өдөр нь өнөөдөр байж магадгүй. Хэрвээ тэд азтай бол хоёр сонголттой учирна. Нэг литр ургамлын тос эсвэл нэг килограмм элсэн чихэр. Ухаан санаагаа алдаж богинохон гэсэн ч мөрөөднө. Оочер урагшилсан ч хүмүүс тасрахгүй. Дараалалд зогсох зайгаа үүрээс өмнө захиалчихна. Маш олон хүн тэндээ шөнийг өнгөрөөж хамгийн эхэнд зогсох гэсэн хүмүүс зогсох зай худалдаж авна.

Би энэ дүр зургийг харж хүмүүс яагаад ийм хойрго байгааг гайхсан. Удирдагчид бүхэл бүтэн ард түмний хоол хүнсээр яаж тоглож чадаж байна вэ? Зах нь харагдахгүй энэ дараалал шиг өлсгөлөнг дагасан энэ их бухимдалыг зогсох эсэхийг харах болно.

Адриана Луореро Фернандез

Лос Текүэс дэх шоронгийн хүүхдийн цэцэрлэг.

2016 оны гуравдугаар сард би Венесуэлийн дижитал мэдээллийн байгууллага “Efecto Cocuyo”-д ажиллаж байсан юм. Бид улсын гурван шоронгоор явсан. Ашгийн бус байгууллагууд шоронгийн хүний тоо хэтэрсэн, хүний эрх зөрчсөн зэрэг дүгнэлт гаргасан боловч шоронгийн удирдлагууд үүнийг худал гэж нотолж байв. Бид үнэнийг мэдмээр байв.

Каракас хотын гадна орших Лос Текүэс дэх Эмэгтэйчүүдийг засан хүмүүжүүлэх үндэсний институтэд зочлов. Энэ бол эмэгтэйчүүдэд зориулсан Венесуэлийн цорын ганц шорон юм. Биднийг шоронгоос томилсон нэг хүн дагуулан зөвшөөрөлгүйгээр ярилцлага авах эсвэл эмэгтэйчүүд ямар өрөөнд амьдардагийг харуулахгүй байв. Хэдийгээр олон эмэгтэйчүүд шоронгийн удирдлагууд бага хоол иддэг гэж бидэнд нууцхан хэлсэн ч бид шоронгийн даргатай өдрийн хоол идэх үед ширээн дээр нь том таваг дүүрэн тахиа, будаа болон салад байв. Гэхдээ хүнсний хомсдол тэдэнд ч мөн нөлөөлсөн аж. Цаг хугацаа өнгөрөх тусам хоолны порц багасаж буй гэж хэлж байв.

Би энэ эмгэнэлтэй байдлын тухай тэдний гал тогоотой танилцах үеэр бодлогоширч эхлэв. Гал тогоонд 15 хүүхдийн ор байв. Энэ өрөө бидний шоронд харсан хамгийн тайван, цэгцтэй газар байв. Энд би шоронд байгаа гэдгээ мартах шахаж байв. Энд чимээгүй, тайван, цэвэрхэн. Гал тогоонд байдаг эмэгтэйчүүд хоол хийнгээ дуу сонсож бүжиглэнэ. Бид ээжүүд хэрхэн амьдардаг эсвэл хаана унтдагийг харж чадаагүй ч хүүхэд, хөгшчүүд аз жаргалтай харагдаж байв.

Хэрвээ би хэн нэгэнд улсынхаа тухай тайлбарлах болвол ингэж тайлбарлана: хүнд нөхцөл байгаа хүмүүс ямар хэцүү байгаагаа мартах өчүүхэн ч гэсэн газар олдог гэж.

Манаурэ Куинтеро

Каракас дахь жагсаалын үеэр нулимсаа арчиж буй эмэгтэй.

Би олон хамтрагчтайгаа хамт дөрөвдүгээр сарын 19 буюу 1810 оны энэ өдөр Испаний эзэнт гүрнээс тусгаар тогтносон өдөр болсон томоохон жагсаалыг сурвалжилж байсан юм. Энэ өдөр өөр байв. Фото сурвалжлага хийсэн долоон жилд би анх удаа нэгэн сонин мэдрэмж авав. Энэ нь ямартай ч уур бухимдал биш байв. Мөргөлдөөн эхлэх үед нэгэн хөгшин эмэгтэй аюулгүй албаныханыг хүчирхийллээ зогсоохийг тайвнаар гуйж байв. Гэвч бамбайтай жагсагчид түүнийг буцаан татав.

Нэг цагийн дараа би нөгөө эмэгтэйг “Хирс” хэмээх хочтой хуягт машин хурдны зам дээр гарж ирэх үед дахин харлаа. Тэрээр нэг машин руу удаанаар алхаж байв. Үндэсний гвардаас хэн нэгэн гарч ирэн нулимс асгаруулагч шидэж эхлэв. Ийм том хуягласан төмөр түүн рүү ирж байхад тэрээр айсан шинжгүй байв. Тийм учраас энэ зураг надад үнэ цэнэтэй байгаа юм. Яагаад гэвэл жагсаал цуглаанаас айдаг ахмад үеийнхэн гудамжинд жагсаж байна. Шийдвэрлэх чухал мөч нь энэ байв.

Кристиан  Хосе Эрнандез

Каракас дахь хогийн цэгээс хоол идэж буй нэгэн.

Ерөнхийлөгчийн ордноос холгүй орших Каракасын нэгэн хөл хөдөлгөөнтэй гудамжинд 15-25 орчим хүн хог ухаж буйтай таарсан юм. Бүх насны эрэгтэйчүүд, эхчүүд, эхнэр, хүүхдүүд гэр бүлээрээ ямар нэг зүйл олохын төлөө хог ухаж байв. Тэд ресторан, байкери хаахыг орой болтол хүлээн хогийн уут ухан түүхий мах, тахианы яс, талх, нухсан гурил эсвэл будаа, ногоо, соус зэргийн үлдэгдэлээр хооллоно. Хангалуун өдрүүдээр тэд цадтал идэж хоолтой уутнуудаа хадгална эсвэл гэр рүүгээ авч явна.

Тэдний зургийг авч, ойртож болно гэхэд би их гайхсан. Үнэндээ тэдний олонхи нь гудамжинд амьдардаггүй харин гэртээ хоол зөөх гэж ирдэгээ ойлгуулах гэж надад зөвшөөрсөн байж. Тэд хог түүж, цаас, картон, пластик, хөнгөн цагаан, зэс, электроник хаягдал болон гоёл чимэглэл зарна. Тэдний хэлсэнээр “муу зүйлс” рүү уруудахгүйн тулд тэдний хийх ёстой хамгийн энгийн зүйл нь энэ байв. Тэд багахан тусламж авсандаа талархдаг ч гэсэн олон хүн хуурамч амлалт, шийдэлд үл итгэнэ. Тэд ихэвчлэн хулгайч гэж сэрдэгдэн, цагдаад зодуулан ачигдана.

Хэдэн сарын дараа тэдний очдог хогийн цэг алга болжээ: цагдаа болон худалдаачид дэлгүүртээ төвөг учруулахгүйн тулд бүгдийг хийжээ.

Тэдний яаж амьдарч буйг харсан учраас миний уур хүрч хямралыг бодон гойнсож байв. Тэднийг гуйлгачин эсвэл гэмт хэрэгтэн гэдэг хүмүүстэй би маргалдаж эхэлсэн. Тэд ажил олдвол хийнэ гэхдээ цалин нь гэр бүлээ тэжээхэд хүрэлцэхгүй. Тэд улс төрийг тоодоггүй. Тэд хогон дундаас дараагийн удаа юу олох бол, яаж тэрийгээ хуваах тухай л боддог.

Вил Риэра

Каракасын ойролцоо Тургуа тосгонд гэр бүлээрээ бэйсболл тоглож байна.

Би энэ гэр бүлд цөөн хэдэн сарын өмнө зочилсон. Тэд гэрийнхээ гадаа бэйсбол тоглон хэрхэн аз жаргалтай байх гэж оролдож буйг нь би биширсэн юм. Тэдний зооринд тэр өдөртөө идэх хэдхэн юкка (Америк тивийн зарим хэсэг, Карибд ургадаг нэг төрлийн ургамал Орч.) л байв. Хүнд нөхцөлд амьдарч буй энэ гэр бүл үүнийгээ ч тоохгүй. Миний хувьд энэ явдал Венесуэлийн хүсэл зориг болон сайн сайхан, эв нэгдэлтэй амьдрах бидний хүслийг харуулж байна.

Каракасын гадна амьдрахад илүү хүнд. Одоо тэд хоолоо аргалж чадахаа больсон. Тэдэнд хэрэгтэй хүнс Засгийн газрын мэдэлд байгаа.

Би амьдралынхаа бараг талыг энэ Засгийн газрын үед өнгөрөөсөн ч би эх орноо ийм байдалд орно гэж төсөөлж явсангүй. Би үнэхээр бухимдаж байна.

Андрэй Эрнандез

Каракасын зүүн хэсэгт орших боомт хот Пүэрто Ла Крүз хотод хүүгийн авсыг оршуулга руу авч явж байна.

Нэгэн сахиусан тэнгэрийг түүний гэр бүл, хамт олон нь үдийн үед оршуулжээ. Найман настай нэгэн хүү 20 жилийн өмнө Венесуэлээс алга болох ёстой байсан амьсгал боогдох өвчнөөр (дифтери Орч.) нас баржээ. Ийм төрлийн өвчнүүд эрүүл мэндийн систем дампуурсанаас болж дахин дэлгэрэх болов. Олон төрлийн эм тасарсан учраас өвчлөлийг зогсоох маш хүнд болсон аж. Хумхаа өвчин дахин дэлгэрч хязгаарлах боломж хомс байв.

Энэ түүх нас барсан нэгэн хүүгийн гэр бүл хүүгээ ханиад хүрсэн гэж андуурсан тухай юм. Тэд ямар нэг зүйл болохгүй байгааг мэдээд эмнэлэгт очин эмчлүүлэх болоход хүүг аврах цөөхөн эм, тариа үлдсэн байжээ. Миний анхаарлыг гойд татсан зүйл нь ийм түүх байн байн давтагдаж буйд юм. Цаашдаа үүний давтамж өссөөр байна.

Сахиусан тэнгэрүүдийн гэр бүлийнхний царайд ичиж, зовох нь ээлжлэн тодорч байв. Тэд хүүгийнхээ үхлийг хариуцах ёстой гээд болсон явдлыг ярихаас цааргалж байв. Гэвч эцэстээ тэд бууж өгсөн. Би зурагчны хувиар оршуулгын ёслолд оролцож байгаагүй бөгөөд тэр удаагийнх шиг сэтгэл хөдлөлөө дарах гэж хичээж байсангүй.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.time.com

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%