Нийтлэл 06 сарын 15, 2017

НЭР ДЭВШИГЧДЭЭС ИНГЭЖ АСУУГААРАЙ: Чи бүхнийг хийх бодолтой бол чамд юу ч хийх бодол алга

Нутаг буцаж ирээд удаагүй байхдаа зурагтаар нэг мэдээ сонссон юм. Бараг 4 жил өнгөрөх гэж байгаа ч одоо ч санаанд тод. Хижээл насны нэг эр ярилцлага өгөх бөгөөд сэтгүүлчийн “Ах аа та төр засаг дэмжвэл юу хиймээр байна?” хэмээх асуултад “Аа тэгээд төр засаг л дэмжвэл тахиа гахай зөгий чацаргана ногоо цагаа үхэр хонь гээд аж ахуй эрхэлмээр байна” хэмээн хариулах юм. Асууж байгаа, хариулж байгаа хоёр бол хоорондоо яг таарна, аюулын нийцтэй. Гахай бол гахай, тэр дундаа ямар үүлдэр, ямар хэрэглээний мах хэдэн тонн авч, бараг аль хэсгээр нь өөхтэй мах гаргаж, яг ямар хэрэглэгчид зориулмаар байгаагаа ширхэгчлэн тоочих маягтай газраас ирээд удаагүй байсныг хэлэх үү, агуу олон зорилгоос нь ямар ч зорилгогүй байдал үнэртээд нэг бодлын хөөрхөн санагдаж байж билээ. Чи бүх юмыг хийх бодолтой бол чамд юу ч хийх бодол алга.

Нэр дэвшигчдээс ингэж асуугаарай
Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр 7 хоног үлдлээ. 3 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг харьцуулах санаатай харж үзээд энэ явдлыг эргэн дурсахад хүрэв.

Эдийн засгийг хөгжүүлж, гадаад харилцааг өргөжүүлж, эрүүл мэндийн салбарыг өөд нь татаж, боловсрол, технологи, шинжлэх ухааныг сэргэн мандааж, монгол хүнийг хөгжүүлж, Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгийг засан тохинуулж, батлан хамгаалах цэрэг армийг дахин техникжүүлж, экспортыг нэмэгдүүлж, экологийг хамгаалж, шударга ёс эв нэгдлийг бэхжүүлж, мал аж ахуйг өөд татаж, малчид цэрэг оюутан хүүхэд өвчтөн настан бүгдийг нь энэрэн хайрлаж энхрий хайрт Монгол орноо эгнэгт мандан бадрааж удирдах аж,

гурвуулаа. Өөрөөр хэлбэл “Та Монголыг яаж удирдах юм бэ?” гэсэн бидний асуултад өнөө сэтгүүлчийн асуултад ногоо цагаа үхэр хонь гахай тахиа зөгий төдийгүй уурхай үйлдвэр гутал гоо сайхан худалдаа банк санхүү бүгдийг нь эрхэлмээр байна гэж хариулахтай дүйцэх маягийн хариу өгч байгаа юм. Амжих уу? Одоо больё оо, ерөнхийлөн уянгаруулан эмооруулан хавтгайруулан балархайтуулан лоозогнохоо.

Ядаж байхад Монголыг хэрхэн хөгжүүлэх тухай мэтгэлцүүлэх гэсэн чинь мэтгэлцээнээс хэрхэн бултсан тухай мэтгэлцээн болон хувирсан. Монголчууд бидний аливааг анхны утгаас нь гажуудуулж, улмаар анх ер нь яах гэж байсныгаа загасны ойтой мэт мартаж орхихыг алийг тэр гэхэв. Сонгууль ба сонгогч та бол уг нь хөгжил барихад хэрэглэх “тоосго” гэдгийг энд сануулах гэж үзсэн http://www.trends.mn/n/6682 .

Тэгээд одоо ийм балархай хөтөлбөртэй сонгуулиас нэг ч болов тодорхой Public promise нийтэд амалсан улстөрийн амлалт авч үлдэхийн тулд яах вэ? Миний бодлоор, нэгд өөрсдөө юунд хариулт авмаар байгаагаа тодорхой болгох, хоёрт медиа, соошил сувгууд гэх мэт бүх сувгаар тэдгээр асуултаа асууж, тодорхой хариулттай улстөрийн мэтгэлцээнд орохыг шаардах. Сэдэв хөндсөнийх дараагийн Ерөнхийлөгч ямар бодлого баримтлах нь маш чухал гэж бодож байгаа 5 асуудлыг бичье.

1, Цаашид өмчийг яаж хувьчлах вэ? Аль өмчийг, хэзээ, ямар арга замаар хувьчлах вэ? Өмч төрийнх байсан дээрээ өрсөлдөх чадваргүй Монголд төрийн өмчийг хэрхэн хувьчлах нь хөрөнгийн зах, зах зээлийн эрүүл хөгжилд туйлын чухал нөлөөтэй тухай цувралаар хэдэн тэмдэглэл гаргасан. Дархан, Хөтөл, Цемент, ГОК 49%-ийн давуу эрх, лицензүүд гээд зарим нь одоо ч шийдэгдээгүй өрсөлдөөнгүй хувьчлалд ямар бодлого баримтлах вэ? Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хэрхэх ёстой гэж үзэж байна вэ?

2, Төсвийн хулгайг хэрхэн зогсоох вэ? Баялаг бүтээлгүйгээр баяжигсдын дараагийн бялуу: төсөв. Элдэв чамин төсөл хөтөлбөрийн дор төсвийг лобби сайтай цөөнх, хэдэн компанид давуу талтай хуваарилж монголчуудыг дээрэмддэг. Үүний эсрэг тууштай ажиллаж, хөрөнгийн эрүүл эргэлтийг сэргээхгүйгээр эдийн засгийн дархлаа үүсэхгүй, гадаад бодлогоор мянган мянгуужин яриад нэмэргүй. Төрийн алба, намын санхүүжилт гээд олон ярвигтай үзэгдэлтэй холбоотой энэ асуудлыг шийдэх бодитой шийдэл чинь юу вэ?

3, Ломбард шиг банкнуудаа яах гэж байна? Өмч хувьчлалтай ч холбоотой асуулт. Том өмчүүд биржээр хувьчлагдвал хөрөнгийн зах идэвхижиж, салбар арай балансжих байх. Түүнээс чухал нь гадаадын банкнууд. Хамгийн том банкир нь хужаа танкны үлгэр шиг юм яриад явж байдаг, эдийн засгийн хамаг өрмийг хамж байдаг, түүгээрээ уурхай, үйлдвэр аваад явж л байдаг. Хаалттай, ломбарджсан байдлаараа Хойд Солонгостой мөр зэрэгцэж ирсэн энэ салбараа яах бодолтой байна вэ?

4, Медиа хэмээх мянгуужингийн салбарт ямар бодлого баримтлах вэ? Дээрх 1, 2, 3-аар монголчуудаас дээрэмдсэн мөнгөөрөө буцаагаад монголчуудын тархийг угааж байдаг асуудлыг ер нь яах вэ? Монголчууд хулгайг хүлцээд байгаа хэрэг биш. Хулгайг нь хулгай биш, хулгайчийг хулгайч биш болгож тархи угаагаад байдагт асуудал байх шиг. Орлогын эх үүсвэрт хяналт тавих юм уу? Салбарын тоглогчдын тоог цөөлж, бие даасан байдлыг хангах талаас ажиллах юм уу? Ямар бодлого баримтлах юм бэ?

5, Бие даасан шүүх. Медиагийн өнгөт линзийг давж, хулгай нь хулгай гэж хүлээн зөвшөөрөгдөөд явж байсан юм шүүх, прокурор дээр гацдаг, хэрэг захиалдаг, хүн хэлмэгдүүлдэг, томилгоогоор дамжуулаад утсан хүүхэлдтэй бэлддэг энэ байдлыг яах бодолтой вэ? Томилгоо хийж байгаа Ерөнхийлөгч нь том наймаанд ордог, түүнийгээ төрөөс өмөөрдөг, шүүх дээр нөлөөлөл хийдэг ийм байдал өөрчлөгдөхгүй бол хулгай зогсохгүй, хөгжинө гэж саналтгүй. Бодитой бодлого, хариулт авмаар байна.

6, Эцэст нь сөрөг асуудлын шийдэл биш, эерэг манлайллын тухай. Товчдоо Монгол Улсын зорилго, монголчуудын үндэстний амбиц юу байх вэ? Ард түмэн Ерөнхийлөгчөөр салбарын сайд, газрын даргын, гал тогооны ажил хийлгэх гээд байгаа гэж бодохгүй байна. Өнөөдрийн хоол амлах биш, маргаашийн мөрөөдлийг бий болгож манлайлах лидер байж чадах эсэхийг энэ асуултаар шинжмээр байна.

Уул уурхай тойрсон популизмаас илүүтэй энэ 6 асуудалд тоймтой хариултгүй бол Монголыг хөгжүүлнэ гэж мянган сайхан юм ярьсан ч худлаа гэдэгт итгэлтэй байж болно. Монголчууд бид нэг нь ялж нөгөө нь ялагдах дайнд ороогүй. Хууль санаачилж, Монголыг дэлхийд төлөөлж, зэвсэгт хүчнийг коммандалж, шүүх прокурорт томилгоо хийдэг нэн нөлөөтэй албан тушаалд хүн сонгох гэж байгаагаа, сонгосон хүнийхээ бодлогод бүгд өртөх нэг тал гэдгээ ухамсарлаж, аль нэг нь гарах нь тодорхой 3 нэр дэвшигчээс нэг тал болж асуултаа асуух, нийгэм хамтын захиалгаа өгөх л чухал гэдгийг давтан сануулсу.

Нэр дэвшигчид бүхнийг амлаад байвал болгоомжил, түүнд нэг ч юм хийх бодол алга. Сонгогч та ч юм бүхнийг нэхэж байгаа бол танд нэг ч тодорхой хүсэл байхгүйтэй адил.

arrow icon