Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдал

Төсвийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл”-ийг бэлтгэн Улсын Их Хуралд хүргүүлж, 2017 оны 5 дугаар сар 31- ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан билээ.

Төсвийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Улсын Их Хурал дээрх мэдээлэлтэй танилцсаны дараа “сонгуулийн өмнөх макро эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайланг бэлтгэж, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх тайлан”-г боловсруулан мэдээлж байна. Энэхүү тайланд эдийн засаг, санхүү, төсвийн 2013-2017 оны тоон мэдээлэлд хийсэн харьцуулалт болон 2018-2021 оны дунд хугацааны төсөөллийг тусгалаа.

2013-2016 оны эдийн засаг, санхүү, төсвийн байдлыг товч дурдвал:

Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувьтай байсан бол 2014 онд 7.9 хувь, 2015 онд 2.4 хувь, 2016 онд 1.0 хувь болж буурлаа. Эдийн засгийн өсөлт ийнхүү буурахад 2016 онд 2013 онтой харьцуулахад 1) эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр дунджаар 47.0 хувиар буурсан.  2) гадаад худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 1.2 хувиар саарсан зэргээс үүдэн манай улсын экспорт 2016 онд 2014 онтой харьцуулахад 857 сая доллараар буюу 15.0 хувиар буурсан. 3) Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 1.9 тэрбум доллараар буюу 93 хувиар багассан. 4) мөн дотоод хүчин зүйлс нөлөөлсөн.

Улмаар, нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээгээр 2013 онд дэлхийн банкны дундаж-дээгүүр орлоготой орны ангилалд дэвшин орсон Монгол Улс 2015 онд ухралт хийж, дундаж-доогуур орлоготой орны ангилалд шилжин орсон байна.

Түүнчлэн 2013-2016 онд төсөв, мөнгөний алдаатай бодлогын улмаас төсвийн алдагдал их хэмжээгээр өсөж, алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод их хэмжээний зээл авсан нь  2016 оны эцэст Засгийн газрын өрийн хэмжээ 2013 оны жилийн эцсийн үлдэгдэлтэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдэж, эдийн засаг хүндрэхэд хүргэсэн байна.

 Монгол Улсын Засгийн газрын өр, тэрбум төгрөг

Монгол Улсын Засгийн газар, Монголбанктай хамтран 1,167.8 тэрбум төгрөгийн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг 2012-2015 онд хэрэгжүүлсэн, Засгийн газраас сайн малчин, сайн оюутан, сайн хувьцаа зэрэг хөтөлбөрүүдэд зориулж 543.1 тэрбум төгрөгийг төсөвт тусгагдаагүй эх үүсвэрээр санхүүжүүлж, зах зээлд төгрөгийн нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлсэн нь төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны жилийн эцэст 2013 онтой харьцуулахад 40.9 хувиар суларч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлсөн байна.

2013 онд 12.5 хувьтай байсан инфляци 2016 онд 1.1 хувь болж огцом буурсан нь эдийн засгийн идэвхжил суларч, эрэлт, хэрэглээний бууралт бий болсныг харуулж байна.

 

Гадаад худалдааны тэнцэл 2013 онд 2.1 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2016 оны эцэст 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ нь эдийн засгийн өсөлт саарсан, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор импортын хэмжээ 2016 онд 2013 оны түвшнээс 3 тэрбум ам.доллараар багассантай холбоотой юм.

2013-2016 онуудад дээр дурдсан хүчин зүйлүүдээс үүдэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 2013 онд 1.2 хувь байсан бол 2014 онд 3.9 хувь, 2015 онд 5.0 хувь, 2016 онд 15.3 хувь болж хурдацтай өссөн.

Гадаад нөхцөл байдал хүндэрч буй цаг үед Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, тус хуульд заасан төсвийн тусгай шаардагууд, Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг мөрдөхийн оронд тухайн нөхцөл байдалдаа тохируулан хуульд өөрчлөлт оруулсаар ирсэн байна. ОУВС болон Дэлхийн банкны зүгээс ч төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах талаар зөвлөмжийг удаа дараа өгч байсан хэдий ч үүнийг хэрэгжүүлээгүй нь эдийн засаг ийнхүү хүндрэхэд шууд нөлөөлсөн байна.

Засгийн газрын зүгээс өмнөх Засгийн газрын үед алдагдаад байсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд онцгой анхаарал хандуулж ажиллалаа. 2016 оны 7 сарын хувьд 2016 оны батлагдсан төсвийн 1) зарлага нийт дүнгээр 2,372.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 2) төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1,669.6 тэрбум төгрөгөөр буурч үүнээс үүдэн нэгдсэн төсвийн нийт алдагдал анх батлагдсан ДНБ-ий 3.4 хувиас ДНБ-ий 20.6 хувьд хүрч 17.2 нэг хувиар нэмэгдэх нөхцөл байдалд хүрсэн байсан.

Төсвийн ийм хүнд нөхцөл байдалд хүргэхэд төсөвт тусгагдаагүй, санхүүжигдсэн 1) нийгмийн даатгалын тэтгэврийн нэмэгдэл 60.9 тэрбум төгрөг, 2) Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилт 543.1 тэрбум төгрөг, 3) олон улсын арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөр 141.5 тэрбум төгрөг 4) “Барих-Шилжүүлэх” концессын төслөөр хэрэгжсэн төслүүдийн санхүүжилт 70.7 тэрбум төгрөг, 5) өмнөх жилүүдэд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн векселиэр санхүүжигдсэн, гүйцэтгэгч компаниудын өр, төлбөрийг барагдуулах 672.9 тэрбум төгрөгийн үүргүүд голчлон нөлөөлж, төсөвт их хэмжээний дарамт учруулсан.

Иймд 2016 оны төсөвт тодотгол хийж, төсвийн алдагдлыг ДНБ-ий 18.0 хувь болгож баталсан. Улмаар 2016 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн орлого төлөвлөснөөс 486.8 тэрбум төгрөгөөр давж, төсвийн зарлага 199 тэрбум төгрөгөөр хэмнэгдсэнээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ий 15.3 хувь болж батлагдсан хэмжээнээс бууруулж чадсан.

 

Түүнчлэн улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй, концессын гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх, концессын гэрээ байгуулсан боловч ажил нь эхлээгүй гэрээний үйлчлэлийг зохих журмын дагуу зогсоох, “барих-шилжүүлэх” концессын төслийг байгуулахгүй байх, цаашид векселиэр санхүүжүүлэх харилцааг бүрэн зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргаж, ирэх жилүүдэд төсөвт ирэх дарамтыг бууруулж, төсвийн сахилга батыг чангатгаж ажилласан.

Эдийн засаг, санхүү, төсвийн цаашдын хандлага, төсөөллийн талаар:

Засгийн газар байгуулагдсан цагаасаа эдийн засгаа сэргээх ажлуудыг яаралтай хэрэгжүүлж уналтыг зогсоох, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгийн суурь бүтцээ засаж, сайжруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлж ажиллалаа. Тухайлбал, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлуулан, төлөвлөгөөнд туссан ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ онд Олон улсын валютын сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Хөтөлбөрийн хүрээнд 1) макро эдийн засаг, төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, өргөн хүрээний бүтцийн шинэчлэл хийх, 2) төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж, өрийн дарамтаас гарах, 3)  төсвийн урсгал болон хөрөнгийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх, 4) төсвийн орлогыг бодитой төлөвлөх, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс хэт хамааралтай байдлыг бууруулж, тогтвортой орлогын бааз суурийг өргөжүүлэх, 5) хөнгөлөлттэй санхүүжилтийг түлхүү ашиглах замаар өрийн тогтвортой байдлыг хангах, 6) нийгмийн хамгааллын тогтолцоог илүү үр ашигтай, үр дүнтэй болгох зэрэг бодлого хэрэгжүүлнэ.

Түүнчлэн, эдийн засгаа дунд хугацаанд төрөлжүүлэх бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлыг байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийн орлогыг өсгөх, орлогын ялгааг багасгахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгийн бүтэц, сууриа эрүүл болгож, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлснээр бизнесийн үйл ажиллагаа эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Үүний хажуугаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь уул уурхайн томоохон төслүүдийг эхлэхэд түлхэц болсноор эдийн засгийн өсөлтийг дэмжих, төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах бодит боломж бүрдэнэ гэж үзэж байна. Дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2017-2021 онд дунджаар 4.2 хувиар өсөхөөр байна.

Дунд хугацаанд Монгол Улсын төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг чанд сахихын зэрэгцээ төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-д эзлэх хувийг 2018 онд -9.5, 2019 онд -6.9, 2020 онд -5.1, 2021 онд -3.6 болгон бууруулах боломж бүрдэхээр байна.

Мөн өнөөгийн үнэ цэнээр тооцсон Засгийн газрын өрийн нийт хэмжээг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хязгаарт буюу 2018 онд ДНБ-ий 80 хувь, 2019 онд ДНБ-ий 75 хувь, 2020 онд ДНБ-ий 70 хувь, 2021 онд ДНБ-ий 60 хувиас тус тус хэтрэхгүй байхаар төсөөлж байна.

Эх сурвалж: Сангийн яам

 

                

 


avatar
    • s
    • 202.55.180.*

    Төр нь ч өртэй ард бид ч өрний туйл болж гүйцлээ, яана даа хөөрхий

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5407

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%