Нийтлэл 06 сарын 22, 2017

“Ногоон нуур” хорооллыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарна

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт  1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар  хүн амын орон сууцны  хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох  1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна.

Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар  найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль барих ажил энэ мөчөөс эхэлж байна.

Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барих юм. Гүйцэтгэгч компаниудын хэлж байгаагаар “Ногоон нуур” хороолол ирэх жилийн өдийд ашиглалтад орох учиртай гэдгийг хэллээ.

Энэ төслийг хэрэгжүүлснээр гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төслүүдийн хэрэгжилт эрчимжиж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулах юм.

Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахын тулд цахилгаан халаагуур, утаагүй түлшний үйлдвэрлэл болон хэрэглээг дэмжиж төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх, гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг  өвлийн улиралд шөнийн цагаар 100 хувь чөлөөлөх, нийслэлд оруулах түүхий нүүрсний хэмжээг үе шаттай бууруулах зэргээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч энэ бүхэн бол эцсийн төгс шийдэл хараахан биш юм. Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулж байж агаарын бохирдол буурна. 1008 айлын цогцолбор хороолол энэ бодлогын эхлэл юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэр манай улсад олгохоор болсон хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон. Энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар  Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн.

Мөн агаарын бохирдол хамгийн өндөртэй бүсийн айл өрхүүд ипотекийн зээлд хамрагдахдаа хашааны газраа үнэлж барьцаалаад урьдчилгаа төлбөргүйгээр одоо бэлэн ашиглалтад орсон байруудад орж болох боломжийг бүрдүүлсэн гэдгийг Ерөнхий сайд тодотголоо.

“Ногоон нуур” хорооллын барилгын бүтээн байгуулалтад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гаргахгүй байж, богино хугацаанд ашиглалтад оруулахад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 1008 айлын байрны түлхүүр гардуулах ёслол дээр уулзахын ерөөл тавилаа.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих

arrow icon