ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Хятадын зөөлөн хүчийг ойлгох нь

БНХАУ эд баялаг, хүч чадлаа нэмэгдүүлэхийн хэрээр нэр хүндээ өсгөх, гадаад орчин дахь Хятадын тухай сөрөг сэтгэгдэлүүдийг засахаар ажиллаж байна. Үүний тулд зөөлөн хүчний стратегиа боловсруулж эдийн засаг, соёл, улс төрийн чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж байна. Хятадын энэ зөөлөн хүчний стратеги, үйл ажиллагааг тайлбарласан Барууны таван судлаачын тайлбарыг орчуулан хүргэж байна.

Сара Күүк (Sarah Cook) – Freedom House судалгааны байгууллагын Зүүн Ази судлаач

Хятадын Коммунист намын медиа дахь нөлөөлөл болон янз бүрийн суртал ухуулга, цензур зэргийг багтаасан бусад зөөлөн хүчний үйл ажиллагаанууд гадаадад оршин сууж буй Хятадууд болон Хятад бус гадаадууд гэсэн хоёр гол бүлэгт чиглэсэн байдаг. Үүндээ үндсэн гурван зорилго агуулдаг: Хятадын тухай эерэг үзэл, Хятадын Коммунист намын дэглэмийн тухай нөхөрсөг сэтгэгдэл бий болгох; Хятадад гадаадын хөрөнгө оруулалт татах болон Хятадын хөрөнгө оруулалтыг гадаадад дэмжих; Хятадын Засгийн газрын тухай сөрөг улс төрийн үзэл, сэтгэгдэл, үнэлгээг зогсоох зэрэг болно.

Медиа салбар дахь “Хятадын хүчин зүйл” –ийн нөлөө дэлхий даяар илэрхий болсон. Тодруулбал Хятадын Коммунист нам Хятад хэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг амжилттай байгуулж чадсан. Ялангуяа телевизүүд Барууны нөлөө бүхий мэдээллийн байгууллага Bloomberg, бүс нутгийн чухал мэдээллийн байгууллага South China Morning Post зэрэг байгууллагуудын мэдээний найруулга болон цензурыг өөрчилсөн. Мөн New York Times, Хонг Конгийн Apple Daily цаашлаад Boxun, New Tang Dynasty TV (NTDTV) зэрэг байгууллагуудад санхүүгийн хориг тавьсан байдаг.

Гэхдээ Бээжингийн нөлөөнд хязгаар бий. Дэлхий даяарх хэвлэлийн байгууллагууд Хятадын Коммунист намын нууж хаахыг хүсдэг мэдээнүүдийг өдөр бүр гаргадаг. Олон Хятад бус гадаад иргэн Хятадын Засгийн газрын суртал ухуулгыг таашаадаггүй ялангуяа төрөөс санаачилсан гэдгийг нь мэдвэл. Тодорхой бүлэгт чиглэсэн хэвлэлийн байгууллагууд Хятадын олон сая хүнд контент хүргэж байна. Мөн харьцангуй өрсөлдөөнтэй онлайн орчинд NTDTV шиг мэдээллийн байгууллагууд АНУ-д нөлөөгөө тэлж байна.

Ямартай ч Хятадын Коммунист намын зөөлөн хүчний тактикийн одоогийн болон ирээдүйн үр нөлөөг хэвлэлийн эрх чөлөө, эдийн засаг эсвэл үндэсний аюулгүй байдлын хүрээнд үл ойшоож болохгүй.  

Анне Мариэ Бради (Anne-Marie Brady) - Кантербурийн их сургуулийн Хятад судлаач

Хятад бол маш их эрсдэлтэй нам-төрт улс. Хятадын үндэсний үзэл нь 150 жилийн “хохирогч”-ийн түүхтэй холбоотой. Хятадын Коммунист намын Засгийн газар Хятадын олон улс дахь статус, нэр хүндийг сэргээж, хүчтэй армитай чинээлэг улс болохоор зорьж байна. Хятадын Коммунист нам Хятадын олон улс дахь “нэр төрийг сэргээх”, Хятадын санаа бодлыг олон улсын хэрэгт хүргэх зорилгыг Хятадын олон сэхээтнүүд дэмжиж байна. Энэ нь 1950 оноос хойш Хятадын стратегийн орчинг цэгцлэх, Хятадын ашиг сонирхлын хууль ёсны дагуу хамгаалах зэргийн нэг хэсэг болсон үйл ажиллагаа юм.

Хятадын Засгийн газар олон улс хэргийн тухай үзлийг Барууны медиа буруу мэдээллэдэг, гадаад ертөнцөд орчин үеийн Хятад сөрөг, бодит бус дүр зурагтай болж харагддаг гэж үздэг.

Цаашлаад Ши Жиньпин нарын одоогийн удирдагчид гадаадад орчинд нөлөөлөх аварга үйл ажиллагаа хэрэгжүүлсэн. Ши Жиньпин үүнийг “Хятадын тухай сайнаар өгүүлэх нь” гэж нэрлэсэн. Ши Жиньпин Хятадын соёлыг Хятадын тухай олон улсын хандлагыг сайжруулах нөөц гэж харж байна. Нэг бүс Нэг зам санаачлага бол Ши Жиньпиний Засгийн газрын гадаад дахь үйл ажиллагааны гол сэдэв болж өмнөх үйл ажиллагаануудаас илүү том гэж харагдаж байна. Армийн суртал ухуулгаар гадаад ертөнцөд Хятадын армийн шинэ чадавхи, зорилтуудыг сурталчлах явдал нь Ши Жиньпиний үед чухал болж түүний Засгийн газар илүү идэвхитэй гадаад суртал ухуулгийн стратеги баримталж байна.

Эван Эллис (Evan Ellis) – АНУ Армийн Дайны коллежийн Латин Америк судлаач

 Ашигтай, нөхөрсөг харилцааг дэмжих, Хятадын улс төр, эдийн засгийн стратегийн зорилтуудыг дэмжих олон улсын харилцаанд оролцогчдод нөлөөлөх зэргийг багтаасан өргөн хүрээний санаачлагуудыг нэгэн зэрэг хэрэгжүүлж байна. Латин Америк руу чиглэсэн 2008 он болон 2016 оны Хятадын бодлогын баримт бичгүүд болон тус бүс нутаг руу чиглэсэн бусад албан ёсны баримт бичгүүдэд иргэд хоорондын харилцааг онцолсон байдаг. Гэвч ийм нээлттэй мэдэгдэл, нарийн мэдээллүүд болон тэдгээрийн цаана байгаа зорилгуудыг тус бүс нүтгийнхан бүрэн ойлгодоггүй.

Күнзийн институт болон бусад Ханбан санаачлагууд Хятадын эртний эзэнт улсуудынхаа үеэс тайван оршсоор ирсэн гэсэн нэр төрийн мэдрэмжээс үүсэлтэй. Иргэд хоорондын харилцаа нь Хятадын аюулгүй байдал, хөгжил дэлхийтэй салшгүй холбоотой гэдгийг ойлгуулахаас гадна Хятадын ирээдүйн төр засагт эдийн засгийн эсвэл өөр байдлаар ашигтай харилцааг хөгжүүлэхэд тустай юм. Хятадын “нөхөрлөлийн хороо”  болон нам хоорондын харилцаа тодорхой улсуудын элитүүдэд нөлөөлөх, мэдээлэл цуглуулахад ашиглагддаг. Үүнд Тайваны статусын тухай улс орнуудын байр суурийг өөрчлөх зэрэг зорилго байдаг. Мөн нам хоорондын харилцаа нь засгийн эрх аваагүй намтай дотно, нөхөрсөг харилцаатай байхад чиглэдэг.

Хятадын медиа гадаад хүмүүс Хятад болон Хятадуудыг хэрхэн харж байна вэ гэдэгт мөн тэд олон улсын харилцааны оролцогчид, үйл явдлуудыг хэрхэн харж байгаад нөлөөлдөг. Гэхдээ  Хятадын зөөлөн хүчний хамгийн том эх сурвалж нь олон тооны гадаадуудыг татдаг Хятадын аварга зах зээл, Хятадын санхүү болон Хятадын хүчирхэг бизнес хамтрагчид юм.

Хятадын нөхөрсөг харилцааны нөлөө нь олон сая оюутан Хятад хэл сурч буй явдал, Хятадын зах зээлд олон тэрбум долларын хөрөнгө оруулж буй бизнесмен мөн Хятадын олон улс дахь байр сууриас үүдэн Хятадын дургүйцэлийг хөдөлгөхгүйг хичээж байгаа гадны орнуудын удирдагчдаас харагдаж байна.

Мартин Хала (Martin Hála) – Хятад судлалын Sinopsis.cz вэб сайтын үүсгэн байгуулагч

“Зөөлөн хүч” (ruan shili) гэх үг нь “харилцан ярианы хүч” (huayuquan) гэсэн үгтэй ойролцоо утгаар бий болсон харьцангуй шинэ нэр томъёо юм. Уламжлалт “гадаад сурталчилгаа” (duiwai xuanchuan) гэх үгний оронд Хятадын удирдлагууд шинэ олон улсын зорилтод чиглүүлэхээр “Хос залуур” (liangge yindao,  өөрөөр хэлбэл Хятад бол глобалчлал, олон улсын аюулгүй байдлын залуурдагч гэсэн утгатай) гэх шинэ концепцийг санаачилжээ.

“Хос залуур” нь хагас нээлттэй эдийн засагтай, дотоод болон гадаад аюулгүй байдлын хэргийн таагүй түүхтэй улсын хувьд онцгой эрмэлзэл юм. Хятадын орчин үежсэн суртал ухуулгын машин Хятад болон Бээжингийн санаархаж буй шинэ үүргүүдийн тухай гадны зовинолыг засахаар байгуулагдсан. Барууны медиа, маркетингийн технологиудаас суралцсан олон төрлийн сувгуудаар дамжуулан Бээжин Хятадыг найрсаг, нээлттэй зах зээлтэй, тогтвортой улс мөн харилцан ашигтай бизнес орчинтой гэж харуулахыг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд Хятадын гадаад сурталчилгаа ихэвчлэн Хятадын дотоодын дарамт, шахалтын тухай гадаад дахь шүүмжлэлийг саармагжуулахад чиглэж байсан. Сүүлийн жилүүдэд тэд илүү итгэлтэй болж Хятад дэлхийд өөрсдийгөө “шийдэл” (zhongguo fangan) гэж харуулж байна.

Үзэл санааны өрсөлдөөнд Хятад хаалттай дотоод систем, нээлттэй гадаад орчноо ашигладаг. Барууны медиагийн уламжлалт бизнес загвар хямралд орсон үе болон Хятад зузаан хэтэвчтэй байгаа үед энэ үйл ажиллагаа илүү хялбар болсон. Энэ суурь тэнцвэргүй байдлаас болж бие даасан  Хятадын дуу хоолойг сонсох боломжийг хязгаарлаж гадаад орчинд нөлөөлж байна.

Хятадын “харилцан ярианы хүч” олон нийтийг биш Засгийн газрыг хүчирхэгжүүлж байна. Дотоодын болон олон улсын орчин дахь мэдээлэлд нэвтрэх энэ бүтцийн тэнцвэргүй байдал нь,  олон улс орнуудын олон нийтийн харилцаанд нэвтэрсэн байдлаас харвал, Хятадын Коммунист намыг суртал ухуулгын машинаасаа улс төрийн давуу тал олж авах боломж олгож байна.

Жошуа Курланзик (Joshua Kurlantzick) – Олон улсын харилцааны зөвлөлийн Зүүн Өмнөд Ази судлаач

Өнгөрсөн 20 жилд амжилттай ажилласан Хятадын Засгийн газрууд зөөлөн хүчинд маш их хөрөнгө оруулсан. 2000-аад оны эхээр Бээжин гадаад тусламжийн хэмжээгээ нэмэгдүүлж, соёл, боловсролын солилцооны шинэ хөтөлбөрүүдийг санаачилж, орчин үежсэн Хятадын хэвлэлийн мэдээллийн байгууллагуудыг үйл ажиллагааг гадаад орчинд тэлж, Хятадад гадаад улсуудын төрийн албан тушаалтнуудыг бэлтгэх зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулж байв. Дүгнээд хэлбэл эдгээр зөөлөн хүчний үйл ажиллагаанууд нь бусад хүчирхэг улсуудын үйл ажиллагаатай төстэй харагдаж байна. Тодруулбал Хятадын нэр хүндийг дээшлүүлэх, Бээжин гадаад улсуудтай илүү хялбар харилцах боломжтой болох цаашлаад худалдааны гэрээ, хамтарсан цэргийн сургуулалт, ойр дотно дипломат харилцаа зэрэг төвөгтэй гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд багтаж байна.

Би 2007 онд Charm Offensive нэртэй ном хэвлүүлсэн. Тэнд Бээжингийн зөөлөн хүчний стратеги амжилттай хэрэгжиж байна гэж бичиж байсан. Хятад дэлхийн улс орнуудад таатай сэтгэгдэл төрүүлж, Азийн бусад орнууд Хятадын эдийн засаг, дипломат, стратегийн нөлөөллийн тухай зовинолыг намжааж эхэлсэн. Хэдийгээр тухайн үед цэрэг зэвсгийн хувьд Бээжин харьцангуй сул байсан. Эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчээ хэтрүүлэн ашиглахаас болгоомжилж байсан үе юм. Өнгөрсөн арванд буюу 2007 оноос хойш Бээжин зөөлөн хүчнийхээ үйл ажиллагааг өргөжүүлсэн ч гэсэн зөөлөн хүч нь нэмэгдсэнгүй.

Хятадыг дэмжих хандлага бүхэлдээ буурсан ялангуяа Азид. Хятад Азид эдийн засаг, цэрэг зэвсгийн хүчээ аажмаар нэмэгдүүлэв ялангуяа Зүүн Өмнөд Азид. Гэвч зөөлөн хүч нь хатуу хүчнийхээ нөлөөг давж чадахгүй байна. Вьетнам цаашлаад Сингапур, Индонези зэрэг орнууд маргаантай газар нутгийн талаарх Хятадын санаархалаас айж эхэлж байна. Бээжингийн зөөлөн хүчний стратеги хатуу хүч нь бага нөлөөтэй Европ, Латин Америк, Африкт илүү амжилттай байна. Гэвч эдгээр бүс нутагт Хятад өсөн нэмэгдэж буй хатуу хүч зөөлөн хүчээ хязгаарласаар байх болно.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.ned.org


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4672

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%