Нийтлэл 07 сарын 10, 2017

Ерөнхийлөгч Х.Баттулга тангарагаа өргөлөө

Монгол улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангарагаа өргөлөө. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сонгуульд нийт 611,226 хүний санал буюу сонгуульд саналаа өгсөн иргэдийн 50,61%-ийн саналыг авч ялалт байгуулсан билээ. Монгол улсын Үндсэн хуулийн дагуу ялалт байгуулсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрч, ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулдаг. УИХ-ын хаврын чуулган өндөрлөсөн байсан учир УИХ-ын дарга М.Энхболд ээлжит бус чуулганыг зарлаж шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хуулийг баталж, тангараг өргөх ёслолыг зохион байгууллаа.

УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр зарим гишүүд өнгөрсөн сонгуулийн талаар болон шинэ Ерөнхийлөгчид хандан үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Тангарагынхаа үг болгоныг хэрэгжүүлээрэй. Энэ үг болгоны дагуу Ерөнхийлөгчийг шахаж, шаардаж ажиллах болно”. гэв. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Амлалтаа биелүүлэхэд Ерөнхийлөгчийг дэмжинэ. Яагаад гэвэл ард түмэн сонгосон учраас бид гацаахгүй байх гэж итгэж байна.” гэжээ.  

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ “Иргэдээ ядуурал, ажилгүйдлээс аврахын төлөө УИХ-тай хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ мэдэгдэв. Мөн өөрийн мөрийн хөтөлбөр дэх амлалтуудаа цохон тэмдэглэн хэрэгжүүлэхээ амлав.

Тэрээр дараа нь Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

arrow icon