Монгол улсын эдийн засгийг аврах, сайжруулах зорилго бүхий Алт-1 үндэсний хөтөлбөр 1992-2000 онуудад хэрэгжиж, одоо Алт-2 үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд байгаа энэ цаг үе нь өмнөхөөсөө арвин их сургамж авсан, туршлагатай, хариуцлагатай хэрэгжүүлэх боломжтой хөтөлбөр билээ. Гэвч энэ оны эхээр батлагдсан Алт-2 үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт аль хэдийн асуудал дагуулаад эхэллээ. 

Алт-1 хөтөлбөрийн балаг нь энэ хөтөлбөрийг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэсэн жанжин шугамаар шуурхайлан хэрэгжүүлэхдээ тухайн газар нутгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, тухайн орон нутгийг хөгжүүлэх асуудлуудыг орхигдуулж эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрууд, бохирдсон байгаль, өвчтэй хүмүүс үлдээсэн нь нутгийн иргэд, олон нийтийн байгууллага эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэж байна.

Улс орны хэмжээнд айхтар том том зорилттой, сүрхий сүрхий заалт бүхий шаардлагуудтай Алт-2 үндэсний хөтөлбөр 2016 онд боловсруулагдан 2017 оны эхээр батлагдсан боловч энэ хөтөлбөрийн хэрэгжилт өмнөх алдаагаа давтаж асуудал дагуулсан хэвээр байна.

Хялбар аргаар, зардал багатай, богино хугацаанд алт олборлох нь байгаль орчныг сүйтгэж байна.

Одоо бид техник технологи хөгжсөн 21-р зуунд Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг баатар болон эхлүүлсэн ч хариуцлаггүй байдал нь үргэлжилсээр байна. Тэгэхээр алтаа олборлохдоо хариуцлагатай, зөв зохистой ямар арга замуудыг сонгох, ямар шаардлагуудыг хангах талаар товчхон өгүүлье.

21-р зуунд бид илүү хариуцлагатайгаар ухаалаг технологи ашиглаж алт олборлох нь байгаль орчинд хал багатай гэдгийг бүгд мэддэг ч хийдэггүй нь харамсалтай.

Манайхан олборлолтын өмнөх судалгааг маш муу хийдэг бөгөөд ухаж эхлээд л алтныхаа судлыг дагаад хаашаа ч хамаагүй, ямар ч мэргэжлийн төлөвлөлтгүйгээр газар шорооны болон уулын ажил хийдэг муу туршлага нь хууль сахиулагчид, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдыг эсэргүүцэхэд хүргэсээр байна.

Сүүлийн жилүүдэд Газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл-ийг эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас авч нөхөн сэргээх нэрийдлээр алт олборлох явдал ихэссэн. Энэхүү тусгай зөвшөөрлийг авахад тавигдах шаардлага нь уурхай ажиллуулах хэмжээний хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй байхаар заажээ. Харин одоогоор манай улсад энэхүү шаардлагад нийцэх үнэ өртөг өндөртэй, томоохон тоног төхөөрөмжүүдтэй, мэргэжлийн түвшинд зөвхөн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх боломжтой аж ахуй нэгж нэг ч байхгүй байна.

Олон улсын туршлагаас харахад нөхөн сэргээлтийг тухайн олборлогч өөрөө гүйцэтгэнэ. Ингэхдээ мэргэжлийн зөвлөх үйлчилгээг авч хамтран ажилладаг байна. Гэтэл манайд нэг нь эрх олгож, нөгөө нь эрх авч алт олборлоод шаардлага хангахгүй мэргэжлийн бус нөхөн сэргээлт хийсээр байна. Ийм буруу шийдэлтэй зөвшөөрлийн механизмыг яаралтай халж, зөв шийдэлтэй механизм бүрдүүлэх шаардлагатай байна.  

Харин ингэхдээ тухайн алтны ордыг олборлохын өмнө анхаарах зарим асуудал, шийдвэрлэх арга замуудыг дор зөвлөе.

   Үүнд:

  • Тухайн газарт алт нь газар доогуураа хэрхэн тархаж байгаагаа урьдчилан өндөр нарийвчлалтай тогтоож, газрын доорх алтны тархалтын мэдээлэлд үндэслэж ерөнхий төлөвлөлтийг (Техник эдийн засгийн үндэслэл, Уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө) хийх, тухайн алт олборлох төслийн эдийн засгийн үр ашгийг оновчтойгоор зөв тооцох нь чухал.
  • Дээрх төлөвлөлтийн дагуу олборлоход байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн болон хохирлын үнэлгээг бодит тооцоонд тулгуурлан хийснээр тухайн газрын алтыг олборлоод эргүүлэн нөхөн сэргээх зардлыг зөв тооцоолон гаргах боломжтой юм. (БОННҮ-ийн талаарх асуудлууд). Тэгэхээр эдийн засгийн үр ашгаа тооцохдоо нөхөн сэргээлтийн зардлыг хасаж тооцоод ашигтай байх төсөлд л тухайн газарт алт олборлох зөвшөөрөл олгох нь зүйтэй юм. Ийм тооцоо судалгаагүйгээр алт олборлосноос болж манайд нөхөн сэргээлт хийгдэхгүй эвдэрч, бохирдож орхигдсон газруудын талбайн хэмжээ нэмэгдсээр ирсэн.
  • Тухайн газарт алт олборлох явцад байгаль орчныг хэрхэн хамгаалах, сөрөг нөлөөг хэрхэн бууруулах болон олборлолт хийж дууссаны дараа эргүүлэн хэрхэн нөхөн сэргээлт хийх төлөвлөгөө нь тодорхой, ил тод нээлттэй байж хэрэгжих нь аль аль талдаа итгэлцэлийг төрүүлэх юм.
  • Тухайн газарт алт олборлож эхлэхийн өмнө хариуцлагатайгаар ажиллаж төгсгөлд нь нөхөн сэргээхээ баталгаажуулах зорилгоор нөхөн сэргээлтийн санхүүгийн баталгаа (Санхүүгийн баталгааны нөхцөл байдлын тухай ) гаргасны дараа ордыг ашиглах завшөөрөл олгох нь зүйтэй юм.
  • Тухайн орчинд амьдарч байгаа иргэд, олон нийтэд үйл ажиллагааны төлөвлөгөөг ил тод танилцуулах, тухайн орон нутагт бий болох нийгэм, эдийн засгийн үр ашгийг танилцуулах, нутгийн иргэдтэй зөвшилцөх. Энэ нь зөвхөн нутгийн иргэдээс цаасан дээр гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахыг хэлэхгүй бөгөөд оролцогч талуудын итгэлцэлд тулгуурласан аман хэлбэрийн зөвшөөрөл байх учиртай.
  • Алт олборлох явцад үүсэх байгаль орчны бохирдлыг (Мөнгөн ус, Цианид) хэрхэн арилгах, тухайн орчныг хэрхэн хамгаалах арга замуудыг тодорхойлж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтийг тогтмол шалгаж, хариуцлагын механизмаа ажиллуулах нь чухал юм.

Эрх бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд, мэргэжлийн зөвлөлийн гишүүн зэрэг мэргэжилтнүүд алт олборлох төслүүдийн “Техник эдийн засгийн үндэслэл” болон “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө” тус бүрийг хэлэлцэн батлахдаа “Алтыг нь аваад авдрыг нь хаяхгүй байх” тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Д.Өлзийбаяр МБОМХ

 

 


avatar
    • баагий
    • 103.242.46.*

    Уул уурхайн компаниуд хариуцлагатай болсон гэж ойлгоод байгаа. Жинхэнэ дайсан бол нинжанууд тэд хээзээ ч нөхөн сэргээлт тэр бүү хэл ухсан нүхээ ч булсан удаа байхгүй. Нинжа нарын эсрэг арга хэмжээг чангатгах өөрсдөөр нь нөхөн сэргээлт хийлгэх талаар ажил санаачлах хэрэгтэй байна.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 1352

Таны амьдрал дажгүй юу?

53%
Дажгүй шүү.
28%
За яахав дээ, болгож л байна.
6%
Дажгүй гэхэд хэцүү биш гэхэд хэцүү 0 цэг дээр.
11%
Хэрэг алга.
  • 53%
  • 28%
  • 6%
  • 11%