Геоинженерчлэл дулаарлаас аврах шийдэл мөн үү?

Ойрд хэт халуун эсвэл нэлээд усархаг бороотой өдрүүд ээлжилж байгаа нь дулаарлын улмаас агаар мандал үнэхээр асар хурдацтай өөрчлөгдөж байгааг харуулж байна. Дэлхийн дулаарал туйлын мөс, уулын мөнх цас, мөсөн голуудыг хайлуулж байгаль орчин, экологид нөлөө үзүүлээд эхэлчихсэн. Мөн цаг агаарын үзэгдлүүд болох хур тунадасны хуваарилалт өөрчлөгдөж байна. Цаашид мал аж ахуй, газар тариалан, ургацын хэмжээ хийгээд эдийн засаг, байгаль орчинд ч ноцтой үр дагавар, хор хохирол учруулах нь илэрхий боллоо. Манай оронд цаг агаарын аюулт, гамшигт үзэгдэл сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл уур амьсгал өөрчлөгдөх тусам та бидний орших, хэрхэн амьдрах нь цаг агаараас улам л хамааралтай болно гэсэн үг.

                                                                                                                           (Эх сурвалж БОНХАЖЯам)

Бид амьдардгаараа амьдраад байгаль орчинд учруулах нөлөөгөө хэвээр байлгасан ч шинжлэх ухааныхан ур ухаан гарган арга хөгжүүлж хэрэглээд уршигт буюу уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, ашигтайгаар эргүүлэх аргуудыг өнөөдөр Геоинженерчлэл судлаж байна.  

1830-д оноос цэрэг дайны зориулалтаар хур тунадас нэмэгдүүлэх туршилтууд хийж эхэлсэн байдаг ч бараг 100-д жил онцын амжилт ололгүй байсаар 1915 онд анхны “ихээхэн амжилттай” туршилт хийгджээ. “Ихээхэн амжилттай” гэсний учир нь Калифорнид урт хугацаанд үргэлжилсэн ганг тайлахаар бороо оруулснаар ихээхэн хэмжээний газар 17 хоног үер болж, зуугаад гүүр нурж, олон мянган хүн орон гэргүй болжээ. Дэлхийн 2-р дайны үеэс цэргийн зориулалтаар туршилтууд нилээн хийгдсэн нь өдгөө хэрэглэж байгаа аргуудын эхлэл болов. 1967-72 онд Вьетнамын дайны үед шаардлагатай үед нөхцөл байдал хүндрүүлэх үүднээс, 1986 онд Чернобилийн АЦСтанцын ослын улмаас хорт бодисын зөөгдлийг сааруулахын тулд орох борооны хэмжээг нэмэгдүүлж байсан зэрэг томхон жишээнүүд бий. Эдгээр нь хур тунадас нэмэгдүүлэх арга юм. Хур тунадас сарниулах, багасгах арга бас бий. Бээжингийн олимпийн нээлт, хаалт, зарим тэмцээний үеэр орох байсан хур тунадасыг багасгах, сааруулах арга хэмжээ авч төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг амжилттай явуулсан. Нислэгийн үед саад учруулах нисэх буудлын мананг багасгах ажлыг зарим оронд хийдэг. Хур тунадас нэмэгдүүлэх пуужин харвахыг сүүлийн үед бид нийтээрээ сайн мэддэг болсон. Энэ нь геоинженерчлэлийн түгээмэл нэг арга, байгаль орчинд зориудаар нөлөөлж байгаа хэлбэр. Хаврын хөрсний чийг нэмэгдүүлэх үүднээс орох цасны хэмжээг хүртэл ихэсгэх боломжтой. 

Үүлэнд хуурай мөс (dry ice), йодот мөнгө (silver iodide) цацаж конденсацийн цөм үүсгэж агаарт байх усны уурыг гадаргадаа хамж наалдуулан томорсноор усан дуслууд бороо болон доошоо буудаг. Хоосноос илбийн хүчээр тунадас буулгаж байгаа хэрэг биш, боломжит зүйлд ташуур нэмж байгаа хэрэг юм. Жирэмсэн хүн байгалиараа төрөх боломжгүй тохиолдолд ксерево хагалгаа хийдэгтэй адилтгаж болох ба үүлний услаг бага бол хичнээн буудсан ч усан дуслууд үүсгэн томорч хур тунадас буухгүй.

Глобаль хэмжээний геоинженерчлэлийг улс орон дур мэдэн хийх нь цөмийн зэвсгээс ч илүү аюул учруулж болзошгүй тул 1976 онд уршиг тарихуйц том хэмжээгээр цаг агаарт нөлөөлөхийг хориглох талаарх НҮБ-ын конвенцид улс орнууд нэгдсэн. Байгаль орчин, биологийн олон янз байдалд нөлөөлөхүйц том хэмжээний геоинженерчлэлийг цэргийн зориулалтаар хэрэглэхийг хорих тухай НҮБ-ын санаачлагыг 2010 онд 190 гаруй орон хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өдгөө улс орнууд энхийн зориулалтаар цаг агаарт зориудаар нөлөөлж байгаа.

Өнөөдрийн түвшинд хүн төрөлхтөн бид жижиг газар нутагт тодорхой хэмжээгээр геоинженерчлэлийг ашиглаж, техник технологи хөгжүүлсээр байгаа ч дэлхийн хэмжээний асуудалд геоинженерчлэлийг хэрэглэн, үр дүнг харахад яарахгүй байгаа юм. Гэвч энэ талаар ашиг, сонирхол хэзээд байсан, ярьсаар, судалсаар л байна. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай уялдаад цаг агаарын аюулт үзэгдлийн тоо нэмэгдэж байгаа Дэлхийд геоинженерчлэл хийх талаар сүүлийн үед хэд хэдэн чиглэлийн том судалгаанууд явагдаж байна:

  1. Галт уулт дэлбэрэхэд гарсан аэрозолууд агаарт цацагдсанаар тодорхой хугацаанд нарнаас дэлхийн гадаргад ирэх гэрлийг “халхалж” багасгах тул дэлхийн агаар мандлын температур буурдаг. Энэ санааг түшиглээд агаар мандлын стратосферийн давхаргад хүхэр эсвэл мөсөн кристал цацаж нарнаас ирэх цацрагийн хэмжээг бууруулж дэлхийн дулаарлыг нэмэхгүй барих санаа бий. Лабораторийн болон тоон загварчлалын туршилтууд хийгдэж байгаа ч жинхэнээрээ туршигдаагүй.
  2. Дэлхийтэй зэргэлдээ томоохон толь байрлуулж нарны цацрагийг өөр тийш нь ойлгосноор дэлхий “сэрүүцнэ”. Нарны тодорхой хэсгийг ойлгох толь хэмжээгээрээ нэлээд том, Гренландийн хэмжээтэй үед үр дүнгээ өгөх юм.
  3. CO2-г ихээхэн хэмжээгээр шингээдэг далай тэнгисийн фитопланктон ургамлыг тоог эрс нэмэгдүүлэх. Энэ нь эдийн засгийн хувьд боломжийн, хэрэгжүүлж болохоор санаа ч далайн экосистемд үзүүлэх нөлөө их тул өөрчлөлтийн талаар тооцоо, судалгаа их хийх шаардлагатай.
  4. Далайн усны ууршилтыг нэмэгдүүлж үүлний хэмжээг ихэсгэж нарнаас ирэх цацрагийг багасгах.
  5. CO2-г хүчилтөрөгч болгодог хиймэл моднууд их хэмжээгээр суурилуулах.

Эдгээр санаанууд утопи мэт санагдавч дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийн хэмжээг буулгаж чадахгүй, Парисын хэлэлцээр зэрэг олон улсын гэрээ хэлэлцээрүүдээр тогтоосон зорилтууд бодитоор биелэхгүй бол дэлхийг туршилтын талбар болгосон том туршилтууд хэдхэн арван жилийн дараа хийгдэх нь гарцаагүй. Тиймийн тулд өнөөдрийн байдлаар Америк, Европын судлаачид ялангуяа эхний чиглэл дээр идэвхтэй судалгаа явуулж байгаа.

Геоинженерчлэл бол байгаль дэлхий, хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлуудын шалтгааныг шийдэхгүй ч аюулыг багасгах, хор уршгийг нэмэгдүүлэхгүй барихад хэрэгтэй юм. Хүн төрөлхтөн бид дэлхийн дулаарлыг богино хугацаанд огцом багасгаж чадахгүй нь тодорхой тул одоогоор өөрчлөлтөд дасан зохицох асуудал тавигдаж байгаа. Ялангуяа цаг агаараас хамаарсан эмзэг салбар болох хөдөө аж ахуйн онцлогтой манай орны хувьд ганд тэсвэртэй сорт тариалах, тариалалтын технологи арга өөрчлөхөөс эхлээд биоинженерчлэлийн технологи (биотехнологи) хэрэглэх тал руугаа чиглэх ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хөдөө аж ахуйд учрах эрсдлийн ганц жишээ татахад, ган зудын давтамж нэмэгдэж байгаагаас ургамал гарц, хадлан муудах хандлагатай болох тул мал аж ахуйд сөрөг нөлөө үзүүлнэ. Улмаар малчдын амьжиргаа, ажилгүйдэл цаашлаад эдийн засаг, хүнсний бодлогын асуудал босно. 1990-2000 оны үеэс малын тоо толгой нэмэгдсэн нь сайн ч цаашид зайлшгүй нүүр тулах эрсдлийг даван туулахад шинжлэх ухааны ололтод суурилсан дэвшилтэт үйлдвэрлэлд шилжиж эдийн засаг, эрхзүйн орчин, бодлого, менежментийг цогцоор нь бүрдүүлэхээс гадна нийт малчдын мэдлэг, мэдээлэл, ухамсрыг дээшлүүлэх нь тэргүүн шаардлага болно.


avatar
    • Зочин
    • 103.10.21.*

    дэлхий өдрөөс өдөрт улам бүдүүрч хийн төлөв рүү аажим шилжиж бга,агаар мандал улам шахагдаж сарних төлөвтөө орж бга,дэлхийн дулаарал цаг агаарын өөрчлөлт зэрэг нь эко системчлэлийн өчүүхэн хэлхээс болох хүн гэх амьтнаас огтын хамаарал нөлөөлөлгүй бөгөөд илүү том өөрийн хүчин зүйлтэй

  • та өөр масштабын гажуудалтай холиод бх шиг бна

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%