СОНГОДОГ УРЛАГ: Балетын урлаг Монголд

XIV-XV зуунд Италид үүссэн сонгодог бүжгийг тайзны бүжгийн нэг төрөл хэмээн үздэг байсан бөгөөд анх ардын бүжгээс мэргэжлийн тайзны бүжгийг задлан ялгахад хэрэглэж байжээ. Харин одоо балетын урлагийн үндсэн цөм хэл нь болоод зогсохгүй улс орнуудын мэргэжлийн балетын урлагийн суурь болж хөгжсөөр иржээ.
Балет гэдэг нь латинаар "бүжиглэж байна" гэсэн утгатай үг юм. Хөгжим бүжиг, үггүй жүжиг /фантамин/, эх зохиол мөн уран сайхны засал чимэглэл зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдээс балет бүрэлддэг. Анхны балетын жүжгүүд нь нэгдмэл утга санааг илэрхийлдэггүй бүжиг, дуу, харилцан яриа мөн янз бүрийн эффект хэрэглүүрүүдийг хамарсан томоохон үзэгдлүүд байлаа. Орчин үеийн мэргэжлийн балетын эцэг гэгддэг Ж.Новер балетад цогц нэгдлийг тодорхойлж, бие даасан театрын урлагийн төрөл болгон баталгаажуулсан юм. XX зуунаас балетын урлагт тодорхой өөрчлөлтүүд нэвтэрч тогтсон уламжлал, төвөгтэй техникээс татгалзан чөлөөт хэлбэрт шилжиж, бүжгэн жүжгүүд модерн чиглэлээр хөгжих болсон нь балетын хөгжлийн том алхам болсон байна.

Балетьн урлаг нь хүмүүний сэтгэл хөдлөл, амьдралыг биеийн уян налархай хөдөлгөөнөөр хөг аялгуунд тааруулан харуулж, хүмүүст бие сэтгэлийн таашаал өгдөг тийм л урлаг. Тэр дундаас тэр л эрхэмсэг хөдөлгөөн, онцлог шинж, илэрхийлж буй арга техникээрээ хүнд хамгийн их сэтгэлийн таашаалыг өгдөг урлаг бол балет билээ. Балетийн түүх нь XV зуунаас эхтэй бөгөөд XVII зуунд Францын Наран хаан хэмээн алдаршсан XIV Людовик хааны үед бие даасан урлагийн төрөл болтлоо хөгжжээ. Энэ цаг үеэс хойш балетын хөгжил эрчимжиж дэлхий дахины  үзэгчдийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгаж байдаг алдартай бүтээлүүд төрөн гарч, улс орон, театр бүр өөр өөрийн тавилтаар бидэнд хүргэсээр иржээ.

А.Аданы “Жизель”, П.И.Чайковскийн “Хунт нуур”, “Щелкунчик”/Цөмөөхэй/, “Нойрсож буй гүнж” гээд дэлхийд алдартай  сонгодог бүтээлүүд бий. Монгол орон ч балетын арвин туршлагатай. Монголд хамгийн анх 1953 онд Г.Жамьяны хөгжмөөр, Ц.Раднаагийн дэглэлтээр нэг үзэгдэлт “Манай нэгдлийнхэн” нэртэй бүжгэн жүжгийг тавьж байсан бол 1956 онд Б.Асафьеиний “Бахчисарайн оргилонт булаг”, Ф.Яруллиний “Шурале” хэмээх бүжгэн жүжгийг тавьсан нь сонгодог бүжгэн жүжгийн эхлэл болж, бүжигчдийн ур чадвар өсөхөд ихээхэн нөлөөлсөн байна. Тухайн үед балетмастерууд бэлтгэх нь чухал асуудал байсан учраас 1950-иад оноос ЗХУ-д бүжигчдийг сургахаар явуулсан нь балетын хөгжилд том дэвшил авчирсан. 1975 онд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, 1979 онд А.Аданы “Жизель” зэрэг сонгодог бүжгийн сор  болсон балетуудыг найруулан тавьсан нь балетын урлаг дөнгөж хөгжиж буй улсын хувьд маш том ололт амжилт болсон. 

 “Хунт нуур” балет

Маш хэцүү хөдөлгөөн, нарийн нягт техник, сэтгэлийн их хөдөлгөөнийг илэрхийлдэг энэ балет Чайковскийн өөрийнх нь мөрөөдөж байсанчлан балетад амьдралаа зориулсан олон олон бүжигчин бүсгүйчүүдийн мөрөөдлийн жүжиг, мөрөөдлийн дүр нь болж үлдсэн нь сонин. Бүжигчин бүсгүйчүүдийн энэхүү мөрөөдлийн дүр, цагаан хунд Монголын балетчидаас хамгийн анх зууны манлай балетын бүжигчин Ю.Оюун гуай бүжиглэж үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Тэр үед манайд ажиллахаар ирсэн Оросын мэргэжилтэн Оюун гуайг хараад “Жинхэнэ цагаан хунд зориулагдсан бүжигчин энэ байна даа” гэж дуу алдаж байсан гэдэг. Оюун гуайн гарыг тэрээр хунгийн гар яг мөн гэж мэргэжлийн хүний хувьд ихэд олзуурхаж байсан гэсэн. Ингээд Оюун гуай ч цагаан хунд олон жил бүжиглэж Монголын үзэгчид түүнийг Чайковскийн цагаан хунгүйгээр төсөөлөхөө байсан гэж болно. Монголын урлагт бурхнаас заяасан энэ эмэгтэй цагаан хунгийнхаа бүжгээр хойч үеийнхэндээ бүхэл бүтэн “лаборатори” үлдээсэн гэж үздэг. “Хунт нуур”-ыг манайх дэлхийд анх тавигдсанаас нь зуугаад жилийн дараа 1970-аад оны дундуур тайзнаа тавьсан юм.

“Нойрсож буй гүнж”

“Нойрсож буй гүнж” балет нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хамгийн урт бүжгэн жүжигт тооцогддог алдарт бүтээл юм. Завсарлагуудыг тооцохгүй бол гурван цаг шахам үргэлжилдэг гурван үзэгдэл бүхий энэхүү бүжгэн жүжиг балетчидаас нарийн ур чадвар, техник, тэсвэр хатуужлыг гойд ихээр шаарддаг. Манай тайзнаа анх 1990 оны гуравдугаар сарын 30-нд нээлтээ хийн, УГЗ Ч.Жамсранжаваар удирдуулсан энэхүү бүжгэн жүжиг нь өнөөдрийг хүртэл үе үеийн шилдэг гоцлоочдын чадварыг илтгэн амилсаар байгаа билээ. 

 “Комаки балет”

"Комаки балет"-ыг үүсгэн байгуулагч Масахиде Комаки 1970-аад оны эхэн үед Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Б.Жамъяндагвыг Япон улсад зохиогдсон олон улсын балетын тэмцээнд шүүгчээр оролцуулж, Япон Монгол хоёр орны балетын хамтын ажиллагаа эхэлсэн  түүхтэй. “Комаки балет” тоглолт нь Японы үндэсний балет Мадарена, Н.Римски Корсаковын Шахерезада бүжгэн жүжиг гэсэн хоёр хэсэгтэй. Мадарена бол 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм. "Комаки балет байгуулагдсанаас хойш Японы балетын урлаг эрчимтэй хөгжиж, дэлхийд Япон улсыг таниулах нэгэн нүүр царай болсон. Мөн "Комаки балет" компани нь үе үеийн бүжигчид, уран бүтээлч нартай хамтран Японы Балетын холбоог байгуулж, тив дэлхийн чанартай тэмцээн  уралдааныг зохион байгуулдаг. "Комаки баллет" компани нь зөвхөн Япон гэлтгүй Ази тивдээ хамгийн анх сонгодог урлагийн энэхүү төрлийг оруулж ирсэн. 1950 онд дэлхийн дахинаа улсын хэмжээний бүрэн бүрэлдэхүүнтэй балетын дөрвөн том байгууллага байсан нь Францын Парис Опера театр, Английн Рояал Опера театр, Италийн Ла-Скала театр болон Комаки балетын компаниуд юм.

“Жизель” балет

Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет нь анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli  Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотноо “Гранд Опера” театрын тайзнаа амилж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москва, 1843 онны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тайзнаа тоглож байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa –гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт бүжгэн жүжиг юм. Сүүлийн Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байжээ. А.Аданы “Жизель” нь бүжгэн жүжгийг төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед эмэгтэй бүжигчид тэргүүлэх болж алдарт Мария Тальони пуанты буюу /хуруун дээр/ гарч бүжиглэжээ. Мөн бүжгийн хөдөлгөөн ялангуяа үсрэлтүүд хөгжиж боловсронгуй болж, бүжигчид нисэх мэт сэтгэгдлийг төрүүлдэг болсон байна.

Цөмөөхэй балет

“Цөмөөхэй” балетыг 1892 оноос өнөөг хүртэл Орос, Европ, Америкийн бараг бүх театрууд жил бүрийн Зул сарын баяраар тоглож, хүүхэд багачууддаа бэлэг барьдаг уламжлал тогтоод удаж байна. Харин 1982 оноос Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрт уг балетыг шинэ жилийн баярт зориулан тоглож байгаа билээ. Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 2014 оноос эхлэн шинэчлэн тоглосон юм. Монголын балетын сан нь АНУ-ын Бостон хотын “Бостон балет” компаниас балетын тайз, декорац, гэрэлтүүлэг, тоглолтын хувцас зэргийг худалдан авч шинэ хореграф хийж, үзэгчдэд хүргэж байна. Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Дросселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайxшруулж байгаагаар эхлэх “Цөмөөхэй” балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, балетын анхныхаа дүрийг бүтээсэн бүжгэн жүжиг болж чаджээ. “Цөмөөхэй” балет нь 120 жилийн түүхэн хугацаанд тив дэлхийд тархсаар шинэ жилийн баяраар гэр бүлээрээ үзэх ёстой үзвэрүүдийн нэг болтлоо хүн төрөлхтөнд хүрээд байна.

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4980

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%