Нийтлэл 08 сарын 30, 2017

2021 оны төгсөгчдөд өгөх 21 зөвлөгөө

Олон жилийн турш нэгдүгээр курсын оюутнуудад хичээл заасан АНУ-ын Өмнөд Каролина Бюүфортын Их Сургуулийн профессор Дебора Конаны (Ph.D.) шинэ оюутнуудад зориулсан “Psychology Today” сэтгүүлд нийтлүүлсэн 21 зөвлөгөөг орчуулан хүргэж байна.   

  1. Хичээлийн хуваарь, сургалтын төлөвлөгөөтэй сайтар танилц. Их сургуульд гаргах амжилтын хөтөч, асуултын хариулт болж өгөх зүйл бол сургалтын хөтөлбөр, хуваарь юм шүү. Их сургуулийн багшийнхаа ой тойнд үргэлж жижиг сажиг асуултаар бөмбөгддөг оюутны дүрээр мөнхрөхийг хүсэхгүй л байгаа биз дээ.
  2. Уулзалт, хурал, бие даалт хураалгах сүүлийн хугацаа, шалгалт авах он сар өдрийг бичиж авах хувийн хэрэгсэлтэй бол. Ажил амьдралаа зохицуулахад хэрэглэж болох электрон хэрэгслүүд олон ч цаасан дээр бичиж буулгах нь хамгийн сайн аргын нэг хэвээр байгаа шүү. Хичээлийн хуваарь, сургалтын хөтөлбөрөө харсан бол он сар өдөр, шалгалт авах хугацаа зэргийг тэмдэглээд авах хэрэгтэй. Та нарт шалгалт, бие даалт хураах хугацааг дахин дахин сануулах нь их сургуулийн багшийн үүрэг биш гэдгийг санаарай.
  3. И-мэйл ашиглах заавар: Хэрвээ сургууль чинь та нарт и-мэйл хаяг нээж өгдөг бол түүгээрээ багш нартайгаа харилцах хэрэгтэй. Багш нар луугаа chokolatekisses69, lovekisszulaa гэсэн хаягаас мэйл бичих хэрэггүй гэж зөвлөх байна. Ийм хаягаас ирсэн мэйл шууд спам руу орж болзошгүй. Эсвэл багш чинь чамайг төдийлөн анхаарч үзэхгүй. Багш руугаа и-мэйл бичихдээ ажилтан нь босс руугаа мэйл бичиж байна гэж төсөөлөөд бичих хэрэгтэй. Их сургуульд бол багш нар босс л гэсэн үг. Их сургууль бол ирэх 4 жилд ажиллах чиний ажил юм. Зүгээр Hi гэхийн оронд бүрэн бүтэн мэндчилгээ бичээрэй. Мөн и-мэйлээр дүнгээ бүү асуугаарай. Дүн гуйхыг бүр бодоод ч хэрэггүй.
  4. Хичээлд хэрэглэх ном, сурах бичгээ урьдчилан бэлдээрэй. Багшаасаа тэр ном “үнэхээр хэрэгтэй” юу гэж бүү асуу.
  5. Хамгийн наад захын хэрэглээний бичгийн хэрэгслүүд худалдаж ав. Жишээ нь үдээсний машин. Багш чинь хэдэн зуун оюутнуудын бие даалт шалгаж байгаад бүгдэнг нь хольж хутгачихлаа гэж бодоход чиний хийсэн бие даалт талаар нэг тарж, бүр алга болчихвол харамсалтай биз дээ. Өөрийн гэсэн харандаа, үзэг, скоч, цаасны хавчаар, маркер, тодруулагч, тооны машинтай байх хэрэгтэй.
  6. Өвчтэй л биш бол хичээл болгондоо суугаарай. Энэ бол амжилтын хамгийн том үзүүлэлт. Хичээл дээрээ харилцан ярилцаж, санал бодлоо солилцдог бол чиний сурах зүйл ч тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Шинэ найз нөхөдтэй ч болоод авна.  
  7. Интернэт орж оюутны байгууллага, лекц, семинар, үйл ажиллагаануудтай танилц. Семестрийн эхэнд болдог оюутнуудын зохион байгуулдаг аливаа үйл ажиллагаанд оролцохыг хичээгээрэй. Энэ бол хүмүүстэй танилцах, шилдэг оюутнуудтай найзлах боломж юм. Үнэгүй юм ч авч магадгүй шүү.
  8. Интернэт орж сургуулийн захиргаанаас зохион байгуулдаг арга хэмжээ, үйлчилгээг судал. Эрүүл мэндийн төв, зөвлөгөө мэдээллийн төв байдаг эсэхийг судлаарай. Өмнө нь мэдээд авсан байхад хэрэгтэй үед хэрэг нь гарна.
  9. Зөвхөн нэгдүгээр курсынханд зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцохыг хичээгээрэй. Бүгд шинэ оюутнууд учраас шинэ найзуудтай болох боломж гэсэн үг.
  10. Дотуур байранд орох бол өрөөний найз чинь дотны найз чинь болж болох юм. Зарим тохиолдолд дотны найз болохгүй байх нь ч бий. Гэхдээ зүгээр ээ. Дотуур байр гэдэг нийгмийн харилцаа эхлүүлэх сайхан газар.
  11. Хэрэв чи эмэгтэй бол нэгдүгээр курсын эмэгтэй оюутнууд бэлгийн дарамтанд орох эрсдэл маш их байдаг гэж ихэнх статистикийн судалгаа, тоо баримтанд дурдсан байдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Сургуулийн үдэшлэг, цугларалтанд очихдоо сонор сэрэмжтэй байхад гэмгүй.
  12. Шинэ газар шинэ орчинд өөрийгөө нээж, нээлттэй байхыг хүсч байгааг чинь хэн ч буруутгахгүй. Гэхдээ чи эмэгтэй ч бай эрэгтэй ч бай бусадтай харилцах харилцаандаа сексийг оруулбал эцэстээ чамайг доош нь татахаас өөр үр дүнд хүргэхгүй. Архи, тамхи, сексээс хамааралгүй нийгмийн энгийн сайхан харилцаанд орох нь зүйтэй.
  13. Америкийн коллежид “оффис цаг” буюу багш оюутан хоорондоо санал солилцох, зөвлөлдөх цаг гэж байдаг. Багштайгаа хоёулхнаа суугаад анги, хичээл, амьдрал, ирээдүй, мөрөөдөл, айдсынхаа талаар чөлөөтэй харилцан ярилцаж, багшийнхаа зөвлөгөө, санал бодлыг сонсох боломжтой. Харин Монголд багшийнхаа завтай цагаар тааруулан зөвлөгөө, мэдээлэл авахыг хичээж болох юм. Санал бодлоо солилцож, мэргэжлийнхээ талаар, цаашид суралцах чиглэл зорилгынхоо талаар асууж зөвлөхийг хүсвэл багш нар чинь татгалзахгүй нь лавтай. Хэрвээ ажлын бус цагаар уулзах цаг авахыг хүсвэл урьдчилан и-мэйл бичиж (и-мэйлдээ юун тухай ярилцах болон хэр удаан уулзах хүсэлтэй байгаагаа дурдсан байх хэрэгтэй) уулзалт товлох нь зүйтэй.
  14. Их сургууль, коллежийн орчинд насан туршид чинь үргэлжлэх ажил мэргэжлийн харилцаа, нөхөрлөл үүсч ч мэднэ. Цаашид чиний талаар тодорхойлолт гаргаж өгөх найдвартай хүн чинь ч бий болохыг байг гэхгүй. Тэд цаашдын судалгааны ажлын чинь зөвлөгч, судалгааны хамтрагчид, бүр найзууд болж ч магадгүй. Өнгөрсөн жилүүдэд олон зуун оюутнууд минь надтай холбоотой хэвээр л байсан. Би тэдний хурим, хүүхдийн найр, нэг оюутныхаа охиных нь оршуулган дээр хүртэл очиж байсан. Их сургуульд олж авсан холбоо, харилцаа бол туйлын үнэ цэнэтэй зүйл. Би бүхий л нөхөрлөл, харилцаагаа сэтгэлдээ нандигнан үздэг юм. Оюутнууд минь ч тэгж үздэг гэж итгэдэг.
  15. Их сургуулийн багш нар зөвхөн хичээл заахаас илүү маш олон зүйлийг хийдэг. Бидэнд цаг үргэлж “ямар нэгэн зүйл” хэвлүүл, чадахгүй бол гэртээ харь гэсэн шаардлага тавьж байдаг. Үнэндээ бол ямар нэгэн зүйл бичиж, хэвлүүлэх гэсэн шаардлагыг хангаж байгаа нь биднийг их сургуулийн багшийн ажилд авахад хүргэдэг гол шалтгааны нэг юм шүү дээ. Тийм ч учраас багш нар өдөр бүр сургууль дээр байдаггүй юм. Харин багштайгаа уулзахын тулд урьдчилж цаг товлож байх хэрэгтэй. Багш нарынхаа судалгааны бусад ажлыг ч гэсэн хүндэтгэж байх хэрэгтэй. Учир нь багш чинь хэдий чинээ их ажиллаж, мэдлэгтэй болно чиний ч ангид авах мэдлэг тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм.
  16. Сургууль дээр болж буй лекц, урлагийн тоглолт, үзэсгэлэн, танилцуулга гэх мэт бүхий л үйл ажиллагааг мэдэж байх хэрэгтэй. Сурах мэдэх зүйлсийн багагүй хувь нь дотуур байр, ангийн гадна бий гэдгийг санаарай.
  17. Технологид зарцуулж буй цагаа нэг бодоод үзэх шаардлагатай. Утсандаа зүүгдээд байлгүй бодит орчинд бодит хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдгээ тунгааж байгаарай. Утсаа огт харалгүйгээр эсвэл бүр утсаа орхиод хоолонд орж болох юм.
  18. Багш нарынхаа технологид хэрхэн ханддагийг мэдэж аваарай. Ангид лаптоп, гар утас хэрэглэхийг хориглодог бол хэрэглээд хэрэггүй. Хичээл дээр хэрэглэх хэрэгцээ гарахгүй л бол гар утсаа ангид гаргаж ирэх хэрэггүй.
  19. Чамд даалгавар өгсөн бол даалгавраа ангидаа авч ир. Даалгаврынхаа талыг хийгээд талыг нь ангид хийх хэрэггүй. Багш чинь зөвшөөрөөгүй л бол и-мэйлээр даалгавраа илгээж болохгүй.
  20. Бэрхшээлийн хамгийн анхны шинж тэмдэг илэрмэгц бусдаас тусламж хүс. Энэ нь хичээл ном болон бие, сэтгэлийн эрүүл мэндтэй чинь аль алинд нь хамаатай. Тусламж хэрэгтэй байгаагаа хүлээн зөвшөөрөх нь аливаа асуудлыг шийдвэрлэх хамгийн гол бөгөөд том алхам болох болно.
  21. Эцэст нь хэлэхэд өрөөндөө бүгэж суух хэрэггүй. Өрөөнөөсөө гар. Интернэтээр кино үзээд суух гэсэн хүслээ дар. Их сургуульд байх хугацаандаа бүтээх хамгийн сайхан дурсамж чинь бий болгосон үерхэл нөхөрлөл, оролцсон арга хэмжээ, тэмцээн уралдаанаас чинь бүрдэх болно. Сайн хоол идэж, ажил амралтаа зохицуулж, цагийг зугаатай өнгөрүүл. Оюутан нас амьдралын чинь хамгийн сайхан цаг үеийн нэг байх болно.

Орчуулсан: Б.Сувд

Эх сурвалж: www.psychologytoday.com

Сэтгэгдэл бичих

arrow icon