БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Хятадын төрийн бодлого ба манай төөрсөн бодлого

БНХАУ хүнд үйлдвэрлэлийн салбараа эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэж үзэхээ больж орчин үеийн технологийн үйлдвэрлэлд тэргүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг эхлүүлчихсэн явж байна гэсэн үг. Цаашдаа Монгол-Хятадын технологийн хөгжлийн зөрүү Монголыг Хятадын үйлдвэрлэл, эдийн засгийн системийн ихээхэн сул дорой, доод түвшинд аваачих буюу бид хоцорч үлдэх нь байна.

Хятадын үйлдвэрлэлийн шилжилт ба төрийн бодлого

Ногоон эрчим хүчний хэрэглээ рүү шилжиж байгаа бөгөөд дотооддоо хүрээлэн орчинд бохирдолтой хүнд үйлдвэрлэл буюу уул уурхай ажиллуулахын оронд байгалийн баялаг ихтэй хөгжил буурай орнууд руу үйлдвэрлэлээ шилжүүлж байгаа аж.

Саяхан БНХАУ-ын төрийн удирдлагууд 2020 он гэхэд нүүрсний бус чиглэлийн 6,000 уурхайг хаахаар болсоноо зарлалаа. Мөн нүүрсний чиглэлийн уурхайнуудаа тасралтгүй хааж байна. 2016 онд л гэхэд 1,000 гаруй нүүрсний уурхайгаа хаажээ. БНХАУ-д нийт 10,760 уурхай ажиллаж байгааг тооцвол энэ нь асар олон уурхай хаагдаж буйг харуулна. Цаашлаад 2016 оноос хойш 3 жилийн хугацаанд шинээр ямар ч нүүрсний уурхай нээж ажилууллахгүй гэсэн шийдвэр гаргажээ.

Уурхай хааж буй шийдвэр нь дотооддоо уул уурхайн салбар дахь осол гэмтлийг бууруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой ч гадаад талдаа энэ нь бүхэлдээ сайн үр дагавартай шийдвэр биш юм. Саяхан манайхан БНХАУ-ын Шенхуа групп хоёр уурхайгаа хаасан мэдээнд уухайлан Монголын нүүрсний үнэ, экспорт өслөө гэж хөөрцөглөж байв. Энэ мэдээнд баярлахаас илүүтэй зог тусаж, нухацтай бодох хэрэгтэй.

Хятад улс уламжлалт хүнд үйлдвэрлэлийн салбараа эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр гэж үзэхээ больж орчин үеийн технологийн үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж байна. Үүнд зориулж орчин үеийн технологид хөрөнгө оруулах аварга сангуудыг байгуулж байна.  Зөвхөн 2015 онд 297 ийм санг байгуулсан ба нийт хөрөнгө нь 1,5 триллион юань болж байв (жишээ нь Хятадын төрийн дэмжлэгтэй Цинхуа Юнигрупп 150 тэрбум юанийг Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг сайжруулахад зарцуулахаар төлөвлөсөн). Одоо БНХАУ хиймэл оюун ухаан, биотехнологи, ногоон эрчим хүч, төрөл бүрийн машин механизмийн үйлдвэрлэл гэх мэт салбарт дэлхийн тэргүүлэгч улс болоод байна (энэ талаар манай Дэлхий юу уншиж байна вэ цувралаас үзнэ үү).

Гэтэл нөгөө талдаа хөгжил буурай орнууд тэдгээр технологийн үйлдвэрлэлийн сүлжээний хамгийн доод эгнээнд буюу түүхий эдийн нийлүүлэгч, хавсрага улс болж үлдэх юм. Эдгээр орнуудын тоонд Монгол гарцаагүй багтана.

Ийм үйлдвэрлэлийн сүлжээнд багтах нь буруу зүйл биш. Харин ямар нөхцөлөөр түүхий эдээ зарж байна вэ, үйлдвэрлэлийн хөгжлийн аль чиглэлд явж байна вэ гэдэг нь чухал асуудал юм.

Хэрвээ санаж байгаа бол 2011 онд төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.доллар зээлдэж, төлбөрөө нүүрсээр барагдуулах гэрээ байгуулсан. Ингээд Тавантолгойн ордын нүүрсийг машинаар, хямд үнэлэн зөөсөөр 2017 оны 4-р сард нэг юм зээлээ төлж барагдуулав. Зээлсэн мөнгөө улс даяараа тараасан ч энэ гэрээг таатай хүлээж авсан хүн цөөн болов уу.

Гэтэл яг ийм загвараар Монголын түүхий эд зөөгдөх нөхцөл байдал үүсэхгүй гэх баталгаа алга. Хэрвээ Монгол улс дефолтоо зарлавал (магадгүй зарласан бол) БНХАУ зээлээ түүхий эдээр буюу нүүрсээр эсвэл өөр байгалийн баялагаар төлөхийг шаардах боломж үүснэ. БНХАУ хэдийн Монгол улсын үндсэн зээлдүүлэгч болсон ба зээлдүүлэгчийн хувьд тодорхой нөхцөлүүдийг шаардах эрхтэй юм. 350 саяыг 6 жилд төлсөн 1 тэрбумыг 20 жилд үү? Гэхдээ БНХАУ-аас авсан зээл 1 тэрбумаар дуусахгүй.

БНХАУ-ын хүнд үйлдвэрлэлээ хумих бодлого дотооддоо уурхайгаа хаах замаар хэрэгжүүлж байгаа бол гадааддаа “Нэг бүс Нэг зам” санаачлагатай уяж байна. Өөрөөр хэлбэл “Нэг бүс Нэг зам” санаачлагын дагуу хөгжил буурай орнуудад баригдсан дэд бүтцийг ашиглан Хятад руу түүхий эд импортлох боломжийг нээж байна. Энэ үйл явц Монголд хэдийн эхэлжээ.

Ядарч яваа Монголын нэр хүнд нийтлэлдээ бичиж байсанчлан “Нэг бүс Нэг зам” санаачлагатай холбоотой манай зүүн чиглэлийн босоо төмөр зам буюу Дорнод аймгийн нутгаар дайрах Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг БНХАУ-аас санхүүжүүлэхээр болж байх шиг байна. Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барих санхүүжилтийг “Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк” гаргахаар болж байна. Харин Чойбалсан-Хөөт чиглэлийн төмөр замыг Шэнхуа групптэй хамтран барьж байгуулахаар болсон байна. Чойбалсангаас Эрээнцав хүртэл социализмын үед барьсан төмөр зам бий.

 Хятадууд төмөр зам барихаас гадна дээрх чиглэлийн төмөр замын ойролцоо орших уурхайнуудын лицензийг Хятадын компаниуд эзэмшиж байна. Өмнөх нийтлэлээсээ эшлэвэл:

 

 

“Дорнод аймаг дахь Улааны хар тугалга, цайрын ордыг БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК, Цавын цайр, хар тугалгын ордыг мөн БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Шанлун” компани, Гурванбулагийн ураны ордын лицензэд Хятадын Үндэсний цөмийн корпораци хувь эзэмшиж байна. Эдгээр ордуудад олон мянган тонны алт, зэс, мөнгө, хар тугалга, цайр, хүдэр, уран болон газрын ховор элементүүд бий.

Мөн энэ чиглэлийн төмөр замд Хөөтийн нүүрсний бүлэг орд бий. Зарим мэдээгээр энд 300 сая тонн хүрэн нүүрс бий гэжээ. Одоогоор энэ ордод “Буман олз” хэмээх Монголын 100%-ийн хөрөнгө оруулалттай компани олборлолт хийж Хятад руу экспортолж байна. Энэ чиглэлийн төмөр замыг 2018-2020 оны хооронд барьж дуусгана гэж буй. Төмөр зам баригдахтай зэрэгцээд Хөөтийн бүлэг ордод Хятадын компаниуд ажиллаж эхлэж магадгүй. Хятадууд өөрсдөө замаа бариад, олборлоод, тээвэрлээд Монголчуудад амар ч юм уудаа. Гэхдээ ашиг нь хэнд очих юм бол доо?”

 

 

Хятадууд технологийн дээд эрэмбэд шилжиж байхад бид Монголын газар нутагт заяасан түүхий эдтэйгээ зууралдсаар үлдэж байна. Тэд энэ үйл явцдаа дотоод, гадаад бүх төрлийн нөөцийг идэвхитэй ашиглаж байхад бид алийг нь ч бүрэн ашиглаж чадахгүй байна. Тэдний бодлогыг бодлого гэхээс өөр юу гэхэв. Харин манай бодлого хаана явна?

Х.Баттулгын бодлого ба Засгийн газар

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга Аж үйлдвэрийн хөгжүүлэгч Ерөнхийлөгч байж, экспортын шинэ эринг эхлүүлнэ гэж амласан. Тэрээр дээр тайлбарласан Хятадад өрнөж буй үйл явцыг ойлгосон эсэх нь тодорхойгүй ч үйлдвэрлэл хөгжүүлж, Монголыг технологийн шинэ түвшинд хүргэнэ гэсэн. Технологийн хөгжлөөр хоцорч байгаагийн хувьд ямар нэг байдлаар ахих нь зөв. Чухам ирээдүйд үйлдвэрлэлийн хөгжлийн ямар түвшинд очих вэ гэдэг нь илүү том асуулт учир энд дэлгэрүүлсэнгүй.

Ямартай ч дэвшүүлсэн Шинэ сум төсөл, Аж үйлдвэрийн паркын төслүүд цөөнгүй хүний сэтгэлийг татаж, найдлага төрүүлсэн байх. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод энэ бодлогоо дахин зүтгүүлнэ гэж мэдэгдэв. Гэвч тэрээр олон жил энэ талаар ярихдаа бүрэн гүйцэд ажил хийгээгүй аж.

Шинэ сум, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг төслүүдийг бүрэн гүйцэд бодож төлөвлөөгүй, төслийн суурь асуудлуудыг шийдэлгүй орхигдуулсан нь харагддаг. Шинэ сум төсөл сэдэл, зорилгынхоо хувьд зөв боловч суманд шинээр барьсан бүтээн байгуулалтуудын урсгал зардал, үйл ажиллагааг зохицуулах асуудал чирэгдэл үүсгэх нь байна. Шинэ сум төслийг хэрэгжүүлсэн Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумуудын төсвийн урсгал зардал Баянхонгор аймгийн дунджаас өндөр байгааг 2015, 2016 оны Баянхонгор аймгийн төсвөөс харж болно. Өөрөөр хэлбэл тэдгээр сумуудад цэцэрлэг, сургууль, эмнэлэг соёлын үйл ажиллагааны зардал Шинэ сум төсөл хэрэгжихээс өмнөх үетэй харьцуулахад ихэссэн дүнтэй байна. Хэдийгээр Шинэ сум төслийн ачаар сумын иргэдийн амьдралын чанарт үндсэн өөрчлөлтүүд гарч, нийтийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүртэх болсон нь сайн хэрэг ч эндээс үүдэх зардлыг хүнд чирэгдэл болгох хэрэггүй юм. Шинэ сум төсөл дээрх сумдуудад нийт 21,9 тэрбум төгрөгийн өртөгтэй бүтсэн бөгөөд Монголын 329 сум бүрт Шинэ сум төсөл хэрэгжүүлж, бүтээн байгуулалтын дараах урсгал зардлуудыг төр хариуцна гэвэл урт хугацаандаа олон их наядын зардал үүсэх нь. Цаашлаад улсын төсвөөс цусладаг явдлыг нэмбэл энэ зардал бүр ч нэмэгдэнэ.    

Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах нэрийдлээр үрсэн мөнгийн хэвлэлүүд янз бүрийн байдлаар бичсэн. Усгүй газар ган, зэс хайлуулах үйлдвэр барина гэдэг боломжгүй. Сүүлдээ аргаа барахдаа Орхон голоос Тавантолгой, Оюутолгой хүртэл, Хэрлэн голоос Сайншанд хүртэл усны хоолой татах төсөл хийж үзэв. Энэ хоёр хоолойг татахад тус бүр дор хаяж 400 сая ам.доллар шаардлагатай гэж Дэлхийн банк дурдсан байна. Ер нь ус авчирсан ч Монгол шиг усны нөөцийн хомсдолд орсон улсад хэтийдэхээр их ус хэрэглэх нь тодорхой болсон.

Сайншандын аж үйлдвэрийн паркын төслийг удирдаж байсан Ч.Ганбат энэ төсөл 7-10 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгдэж байсан. Мөн төмөр замын бүтээн байгуулалтад 1,4 тэрбум хэрэгтэй гэсэн. Ингээд Х.Баттулгын үндсэн төслүүд дуусч байгаа юм.

Хэдийгээр дээрх төслүүдийн үнийн дүн их хэмжээтэй мэт сонсогдож байгаа боловч 2009-2017 оны хооронд шууд хөрөнгө оруулалтыг эс тооцвол Монгол улс 23 тэрбум ам.доллар гадаадаас зээлж чадсаныг харгалзвал гар татах хэмжээ биш юм.

Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтад мөнгө дутаагүй харин мөнгөө үр дүнтэй зарцуулах бодлогын дэд бүтцээ бариагүйд байгаа юм. Тийм ч учраас өнөөг хүртэл экспортын бүтээгдэхүүн гаргах гялтайх ганц ч үйлдвэр байгуулсангүй. Нүүрс, зэсээ “органикаар” нь зөөсөөр л.

Манай үе үеийн Засгийн газрууд сүр дуулиантай бүтээн байгуулалтын төслүүдийг зарладаг боловч бүрэн бэлтгэсэн төсөл ховор. Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын зээлийг бүтээн байгуулалтад зарцуулна гэсэн боловч яг юунд зарцуулахаа шийдэж чадахгүй хоёр жил болж байна.

Саяхан Монголд айлчилсан БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Тавантолгой, Оюутолгойн төслийн бүтээн байгуулалтуудад оролцож, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа давтан илэрхийлэв. Хямралтай үед сайн л мэдээ. Эндээс хийж болох хамгийн энгийн дүгнэлт бол тэд Монголын түүхий эдийг авах сонирхол нь хэвээр байгаа явдал юм. Зарим хүний ярьдаг шиг нүүрс үнс болох эсвэл Монголын түүхий эдийн эскпортод шууд хязгаар тогтоох зүйл алга.

Хятадууд Монголын уул уурхайн салбарт уйгагүй олон жил зүтгэж байна. Гэхдээ тэд бүгдийг өөрсдийнхөө “стандартаар” хийхийг хүсэж байна. Тэгвэл Монгол төөрөгдөлөөсөө гараад өөрсдөө “стандарт” тогтоох цаг болсон юм биш үү?. Бас Монголоо ялуулна гэж байгаа бол ямар дүрмээр, хэнтэй уралдаж байгаагаа юун түрүүнд мэдэх хэрэгтэй байх.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%