ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Хойд Солонгосын талаарх Хятадын цэргийн стратеги

Өнгөрсөн саруудад Солонгосын хойгийн нөхцөл байдал ихээхэн тогтворгүй болж буйтай учир Хойд Солонгосын заналхийллийн асуудлыг дэлхийн томоохон улсууд шийдэх гэж оролдож байна. Зөвхөн өнгөрсөн сар гаруйн хугацаанд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгост гурван удаа хориг арга хэмжээ тогтоосноос гадна АНУ, Япон, Хятад зэрэг улсууд бие даан хориг тогтоогоод байна. Хойд Солонгосын “асуудал”-ыг шийдвэрлэж болох нэгэн хувилбарыг Economist сэтгүүлийн редактор асан Билл Эммот дэвшүүлжээ. Ингээд түүний нийтлэлийг орчуулан хүргэе.

Хойд Солонгосын цөмийн асуудлыг шийдэх хамгийн бага хохиролтой арга нь чанга хориг, дипломат үйл ажиллагаа гэдэгт олон мэргэжилтнүүд санал нэгддэг. Харин цөөн хэсэг нь Хятад аюултай хөршийнхөө асуудалд хариуцлага үүрч, Хойд Солонгос руу цэргийн хүч оруулах ядаж цэргийн хүчээрээ айлган Хойд Солонгосын дэглэмийг өөрчлөх гэж үздэг. Үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп санал болгож байсан.

Хэрвээ ийм зүйл болвол үр дүнд нь Зүүн Азийн стратегийн тэнцвэр Хятадын талд ашигтайгаар эргэх ба олон хүн бодож байгаа шиг үр дүнд хүргэхгүй. Тодруулбал ийм үйл ажиллагааны үр дүн нь итгэл төрүүлж байгаа нь Хятадын цэргийн стратегичид зэрэг хүмүүс анхаарахад хүргэж байгаа юм. Трампын хувьд энэ “Хятад нэгдүгээрт” гэсэн хувилбар бөгөөд “Хятадыг дахин агуу болгох”-д туслах болно.

Хятадын эсвэл өөр ямар нэг орны цэргийн интервенци маш их эрсдэл дагуулах болно. Гэхдээ тэдгээрт анхаарахаасаа өмнө Хятадын интервенци амжилттай болвол юу болохыг тооцоод үзье. Юун түрүүнд Хойд Солонгос Солонгосын дайнаас хойшх нөхцөл байдалд орох буюу Хятадын цөмийн шүхэрт багтаж, аюулгүй байдлын баталгаа авна.

Мао Зэдун өөрийн улс болон Хойд Солонгосыг “уруул шүд шиг ойрхон” гэж тайлбарладаг байсан. Солонгосын дайнд Хятадын цэргүүд орж Америкийн ялалтаас сэргийлснийг харгалзаж үзвэл тохирсон зүйрлэл юм. Гэхдээ Солонгосын дайнаас хойшх 60 жилд Өмнөд Солонгос, Япон хоёр АНУ-тай бат бөх холбоотон болж, АНУ-ын цэрэг, цөмийн хамгаалалтанд орсон байтал Хятад Хойд Солонгос хоёр улам холдсон байна.

Үр дүнд нь хөрш, холбоотон дахь Хятадын нөлөөлөл багасаж, Хойд Солонгост юу болоод байгаа талаар хомс мэдээлэлтэй байх шиг байна. Хятадаас Хойд Солонгосын худалдааг зогсоож, эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоож болно. Гэхдээ ийм үйлдэл Ким Жон Уныг өөр нэгэн хөрш Оросоос тусламж эрэхээс өөр үйлдэлд хүргэхгүй байж магад.

Нийтлэг ойлголтын дагуу хэрвээ Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоосныхоо хариуд аюулгүй байдлын найдвартай хамгаалалт хүсэж байгаа бол үүнийг нь хангаж чадах ганц улс нь Хятад юм. АНУ-ын ямар ч амлалт уртдаа Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн хугацаанаас цааш хэтрэхгүй.

Тиймээс хэрвээ Хятад цэргийн хүчээр айлгах, цөмийн болон аюулгүй байдлын хамгаалалтыг санал болгох хоёрыг хослуулан хариуд нь хамтын ажиллагаа болон дэглэмийн өөрчлөлт хийхийг нэхвэл Солонгосын Ардын Армийн олонх хэсгийг өөртөө татах боломж нь нэмэгдэх юм. АНУ-тай цөмийн дайн хийж сүйрснээс, Хятадыг дагавал сүйрлээс зайлж, автономи байдлаа хадгалж чадна. Ким Жон Унд ойр хүмүүсээс бусад хүнд сонгоход хэцүү байхгүй.

Хятад амжилттай цэргийн интервенци хийж чадвал стратегийн хувьд цэргийн баазаа байгуулан Солонгосын хойгийг хянаад зогсохгүй, аймшигт дайнаас сэргийлсэн гэх нэр хүнд олж авах болно.

Ази дахь Хятадын манлайллаас өөр ямар ч үйлдэл тохирч таарсан, баталгаатай байж чадахгүй. Ялангуяа нөгөө хувилбар нь бодлогогүй, дутуу төлөвлөсөн АНУ-ын удирдах дайн байгаа үед. Юун түрүүнд Хятад Хойд Солонгос руу интервенциэ зөвтгөх хэрэгтэй. Харвардын профессор Жосеф Наигийн хэлсэн шиг “Хатуу хүч”-ийг Хятад амжилттай ашиглаж чадвал ихээхэн “зөөлөн хүч” хуримтлуулж чадах юм.

Одоо эхний асуултандаа анхаарлаа хандуулъя. Энэ үйл ажиллагаа үнэхээр үр дүнтэй байж чадах уу? Бид баталгаатай хариулт хэлж чадахгүй ба цэргийн ямар ч интервенци ихээхэн эрсдэлтэй. Хятадын зэвсэгт хүчин маш сайн тоноглогдсон ч дайны туршлага багатай. Хэрвээ Хойд Солонгосын цэргүүд Хятадын шаардлагыг зөвшөөрч, бууж өгөхгүй гэвэл Ким Жон Ун цөмийн зэвсэг эсвэл олноор устгах өөр зэвсэг ашиглахад бэлдэж магадгүй.

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл рүү пуужин харвахаас АНУ-аас илүү Хятадын газрын болон далайн интервенци сэргийлнэ. Хятадын интервенци Хойд Солонгост автономи байдал биш ч гэсэн аюулгүй байдлын баталгааг өгч байхад Хойд Солонгос өмнөд хилийн ойролцоо байгаа элэг нэгтнээ яагаад устгана гэж?

Цаашлаад Хойд Солонгосийн цөмийн хүч харьцангуй сул. Хятад руу пуужин харвах нь юу л бол. Хэрвээ Хятад цэргийн хүчний хувилбарыг нухацтай авч үзнэ гэвэл АНУ-ын тагнуулын мэдээ болон пуужингийн хамгаалалтыг сонирхож үзэхэд илүүдэхгүй. Эрсдэлийг нь харгалзаж үзвэл АНУ татгалзахад хэцүү.

Энэ хувилбар хэзээ ч биелэхгүй байж магад. Гэхдээ ул суурьтай логиктой учраас нухацтай авч үзэх хэрэгтэй. Эцсийн эцэст Хятад болон АНУ-ыг хоёуланг нь заналхийлдэг тогтворгүй байдлын эх сурвалжийг зайлуулж чадвал Хятад бүс нутагтаа стратегийн хүчээ нэмэгдүүлж чадах бүрэн боломжтой юм.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.project-syndicate.org


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 5010

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%