Нийтлэл 09 сарын 26, 2017

ДЭЛХИЙ ЮУ УНШИЖ БАЙНА ВЭ? Германы цаг

Германы эдийн засаг, улс төрийн хүч нөлөө Европын Холбоонд хэрхэн ноёлдог тухай Варвикийн их сургуулийн улс төрийн эдийн засгийн профессор Роберт Скиделскигийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Тэрээр өнөөгийн Европын Холбооны хямралаас гарахад Герман чухал үүрэгтэйг онцолжээ.

Европын Холбоог хэн удирддаг вэ? Нэг стандарт хариулт нь “Европын холбооны 28 гишүүн орнууд бүгд” гэнэ. Эсвэл “Евро Комисс” гэж хариулна. Харин Их Британиас Германд сууж байсан элчин сайд асан Паул Левер илүү тодорхой хариулт өгнө. Тэрээр Берлин захирдаг гэсэн шинэ номондоо “Орчин үеийн Герман дайнаар олох шаардлагатай зүйлийг улс төрөөр оллоо.” гэж бичжээ.

Герман бол Европын Холбооны хамгийн их хүн амтай, хамгийн том эдийн засагтай улс буюу Европын холбооны ДНБ-ний 20 гаруй хувийг эзэмшдэг. Герман яагаад эдийн засгийн хувьд амжилттай байгааг тайлбарлах нь амаргүй. Гэхдээ алдарт Рейнландын модел гурван онцгой шинж чанартай.

Нэгдүгээрт, Герман бусад өндөр хөгжсөн эдийн засгуудаас илүү үйлдвэрлэлийн хүчин чадлаа хадгалж үлдсэн. Германы эдийн засгийн 23%-ийг үйлдвэрлэлийн салбар эзэлдэг байхад АНУ-д энэ тоо 12%, Их Британид 10% хүрдэг. Мөн үйлдвэрлэлийн салбар Германы ажиллах хүчний 19%-ийг хамруулдаг атал АНУ-д 10%, Их Британид 9%-тай байдаг.

Герман үйлдвэрлэлийн сууриа хадгалж үлдсэн амжилт нь үйлдвэрлэлээ хямд хөдөлмөрийн зардалтай газрууд руу шилжүүлсэн чинээлэг орнуудын стандарт үйл ажиллагаатай зөрчилддөг. Герман энэ практик суурилсан харьцангуй давуу талын статик онолыг хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй. Германы эдийн засгийн эцэг гэгддэг Фредрих Лист 1841 онд “баялгийг бүтээх нь баялгаасаа илүү чухал” гэж бичиж байв. Герман үйлдвэрлэлийн сууриа судалгааны институтиудын сүлжээний тасралтгүй инновацийн процессын дэмжлэгтэйгээр хадгалж чадсан. Экспортын өсөлт нь үйлдвэрлэлийн орц, гарцын өсөлтөд эерэгээр нөлөөлжээ.

Германы загварын хоёр дахь онцлог нь “хамтын зах зээлийн эдийн засаг” (social market economy) буюу үйлдвэрлэлийн “хамтын оролцоо” систем юм. Өндөр хөгжсөн эдийн засагтай орнуудаас Герман ганцаараа “хувь эзэмшигч капитализм”-ыг хэрэгжүүлдэг. Хуулийн дагуу бүх компаниуд ажилчдын зөвлөлтэй байхыг шаарддаг. Цаашлаад томоохон компаниудыг хоёр удирдах зөвлөл удирддаг: нэг нь менежментийн зөвлөл, нөгөө нь удирдах зөвлөл. Хувь эзэмшигчид, ажилчдын төлөөлөл тэнцүү хуваагдаж стратегийн чухал шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр оффшорт гарахыг эсэргүүцэх нь дэлхийн аль ч орноос илүү байх буюу цалингаа эрсдэлд оруулахаас цааргалдаг.

Эцэст нь үнийг тогтвортой байлгахыг Герман тууштай зорьдог. Герман инфляцийн аюулын тухай Милтон Фридманаас хичээл авах шаардлагагүй. Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан Бундесбанк эдгээрийг зохицуулдаг.

1945-1948 оны валютын хямрал, 1920-иод оны гиперинфляцийн дурсамжууд одоо ч байдаг учир ийм үйл ажиллагаа хийхэд хүргэжээ гэж Паул Левер бичсэн байна. Үүнд үндэслэн олон нийт алдагдлаас зайлсхийдэг нь хүмүүс хувийн өртэй байхыг эсэргүүцдэгээс илт ажиглагддаг.

Институцийн хувьд Европын Холбоо Германы томруулсан хувилбар болсон. Евро Комисс, Евро Парламент, Евро Зөвлөл болон Европын Шүүх зэрэг нь төвлөрөлийг сааруулсан Германы бүтцийн тольны тусгал юм. Европын Холбооны эрх мэдлийг хуваарилсан байдал нь Германы холбооны Засгийн газар болон холбооны мужуудын Засгийн газар хооронд салгасантай ижил юм. Германчууд Европын Холбоог манлайлж байх ёстой гэж Германчууд үздэг. Европын Холбоо институтиудаараа дамжуулан удирддаг, гэхдээ Герман тэдгээр институтиудыг удирддаг юм.

Гэвч “ноёрхол” эсвэл “манлайлал”-ын тухай яриа Германд хориотой байдаг. Германы байр суурийг даруу харагдуулах нь Германчуудад өнгөрсөн харанхуй дурсамжийг нь сэргээхээс сэргийлдэг. Гэхдээ манлайллаа үгээрээ үгүйсгэж, үйлдлээрээ харуулдаг нь Германы үүрэг, хариуцлагын тухай ярилцах боломжгүй болгож байгаа юм. Үүнээс улбаалан Европын холбооны бусад гишүүн орнуудад зардал, ялангуяа эдийн засгийн зардал үүсгэж байна.

Герман өрсөлдөх давуу талаа хадгалж явах дүрмийн системийг бүтээсэн. Ганц мөнгөн тэмдэгт евро бүсийн ханшийг тодорхойлдог. Мөн евро Германы мөнгөн тэмдэгтээс доогуур байх боломжийг бүрдүүлдэг.

Европын Холбооны саяханы "Санхүүгийн холбооны гэрээ" буюу "Өсөлт ба тогтвортой байдлын гэрээ"-ний залгамжлагч гэрээ зааварчилгаа, хоригоор дамжуулан төсвийн алдагдал, өрийн таазыг тогтоосон. Энэ өсөлтийг сааруулж буй санхүүгийн алдагдлыг тогтоон барьж буй юм. Мөн Герман цалингийн бус зардал Европын холбоо даяар ижил байхыг шаардсан нь Германы өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бусдынхыг бууруулах болно.

Европын Холбоо, ялангуяа евро бүсийн 19 гишүүн улс, Германы хувьд зах зээлийн суурь болж байна. Өөрөөр хэлбэл нэвтэрч орох гадаад зах зээл нь болж байна. Тэр суурь нь ч хүчтэй байна. Герман Европын Холбооны импортын 30%-ийг бүрдүүлдэг байхад үүнээс бага тоогоор Европын Холбооноос импортолж, дэлхийн хамгийн өндөр нэмүү өртөгийг шингээдэг.

Энэ нь хатуу ширүүн гэхээсээ зөөлөн ноёрхол юм. Гэвч үүний голд ихээхэн зөрчилдөөн бий. Үндэсний орлого, зарлага тэнцвэртэй байх ёстой. Европын нэг орны ашиг нөгөө орны алдагдал байдаг. Евро бүс хүндрэлд орсон гишүүн улсдаа туслах санхүүгийн шилжүүлгийн механизмгүй байгуулагдсан. Европын төв банк банкны системд мөнгө зээлдэх хориотой. Үндэсний бондуудыг нийлүүлсэн Евробонд гаргах Евро комиссын саналыг Герман өөрөө ихэнхийг нь гаргах учраас эсэргүүцдэг.

Герман өрөнд баригдсан евро бүсийн Грек шиг орнуудад “нийгмийн хамгааллын зардлаа цэгцлэх” болзолтойгоор санхүүгийн тусламж олгох хүсэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл халамжийн зардлаа хасч, төрийн өмчөө зарж, илүү өрсөлдөхүйц болох бусад алхамуудыг хийхийг шаарддаг. Гэвч Германчууд өөрсдийн супер-өрсөлдөх чадвараа бууруулах нь зүйтэй тухай ямар ч шалтгаан олж хардаггүй.

Европын зээлдэгч болон өртэй улсуудын хооронд илүү тэгш нөхцөл яаж тогтоох вэ? 1941 онд Жон Мэйнард Кейнс Олон улсын мөнгөн тэнцэлийн холбоог байгуулах төлөвлөгөөг евро бүст хэрэгжүүлж болох юм. Гишүүн орнуудын төв банкууд Европын мөнгөн тэнцлийн банканд евро балансаа (хадгаламж Орч.) хадгална. Алдагдалд хүү тооцох замаар зээлдэгч болон өртэй улсад балансаа зохицуулахыг дарамт давхар ирнэ.

Европын Холбооны мөнгөн тэнцлийн холбоо Германы үндэсний сонирхлыг санхүүгийн шилжүүлгийн холбооноос бага хөндөх юм. Гол дүгнэлт нь евро бүс идэвхитэй байхын тулд хүчтэй нь сул доройтойгоо хамтарч ажиллахад бэлэн байх явдал юм. Үүнийг ойлгох тодорхой механизмгүй байх аваас Европын Холбоо хямралаас хямралын хооронд үсчиж, замдаа гишүүн орнуудаа алдсаар байх болно.

Орчуулсан: Ш.Билгүүн

Эх сурвалж: www.project-syndicate.org 

Сэтгэгдэл бичих

arrow icon