XX зуун гарав уу үгүй юу АНУ-ын ерөнхийлөгч МкКинлэи улстөрийн аллагад өртөж, Теодор Рузвелт орыг нь авснаар тус улсын түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгчөөр тодорсон нь одоо ч хэвээр байна. Түүнийг Цагаан ордонд эзэн суухад тухайн үеийн нөлөө бүхий бизнесмэн, лоббист Марк Ханна   “Юу хүртсэнээ хараач, өнөө хараал идсэн ковбой жаал чинь Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч болцон байна” гэж халаглаж байсан гэдэг.  Өнөөдөр харин нөгөө хараал идсэн нударга Хүрэлсүх чинь Монгол Улсын Ерөнхий Сайд болцон байна.

Төрөх үхэхийн завсар жам нэг болохоор тэр үү, хүний түүхийн дахин давтагдах шинжийг нэхэн харахнээ гайхмаар болном. Т.Р,  Хүрэлсүх хоёр түүхийн яг төстэй мөчлөгт улс удирдах үүрэг хүлээж байна. Америкчуудын хоёр зуун солигдох үеийн нийгмээ зурагласан дараах тайлбарыг уншаад үз, өнөөдрийн Монгол уу гэмээр.

“Ёс жудаг юм гэж нойл зааж, хэвлэл мэдээлэл худалдагдаж, олон нийт амаа бариулж, бизнес эрхлэгчид туйлдаж, иргэд ипотект дарлуулж, ажилчид ядуурч, газар баялаг хэдэн олигархийн гарт орлоо.Баяжих шунал зээлд хөтөлж, зээл өсөлтөд хөтөлж, өсөлт мөнгөний төлөөх солиоролд хөтлөв.”

Өсөх явц өвдөлт дагуулдаг бол хурдтай өсөлт хурц өвчин дагуулдаг. Үнэхээр ч АНУ-ын асар хурдтай довтолгосон огцом үйлдвэржилт, түүнийг дагасан хотжилтоос угаар, бохирдол замаа алдаад байв. Хот хөдөөний соёлын шоок,  уугуул ба цагаач, үйлдвэрлэгч ба ажилтан анги зэрэг зөрчлийн бүлгүүд үүсч зөрчлөөс өртөг нэмэгдэж үнийн өсөлтөд хөтлөв. Гэхдээ америкчуудын бухимдал эдийн засаг, мөнгө, ахуйгаас илүү үнэт зүйлийн захиалга байв.  Болохгүй нь бүтэхгүй нь гээд байгаа энэ үеийн Америк оронд  “Алтадсан эрин” гэгдэх аж үйлдвэрийн их бүтээн байгуулалт оргилдоо хүрч,  дэлхийн нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг үйлдвэрлэн гаргах хэмжээнд хүрээд байлаа. Алтадсан эринээр шинэ тивийн баялгийг хувааж саасан бизнесүүд өөр хоорондоо дахин нэгдэл үүсгэж, траст гэгдэх монополь бүтцүүд ар араасаа төрөх болов.  United States Steel Corporation, Standard Oil, Consolidated Tobaccо зэрэг том трастууд, тэдгээрийн хувьцааг нэгтгэн базсан аварга санхүүгийн нэгдлүүд үүссэнээр мега үйлдвэрлэл ба мега санхүүгийн нэгдэл хэлбэрийн капитализмын хөгжил оргилдоо хүрэв. Төр тэдний эрх ашгийн манаа болж, засаг захиргааны удирдлага боссуудын гар хөлөөр дүүрч, авилга газар авсан нь ч  өнөөдрийн Монгол яг мөн. Манайд үйлдвэрлэлийн биш хэрэглээний шинжтэй хотжилт, бүтээмжийн биш уул уурхайгаас үүдэлтэй өсөлт явж байгаа нь өөр болохоос. 

Ийм байх ёсгүй! Энэ америк мөрөөдөл биш. Тусгаар тогтнолын эцгүүд бүгдэд боломж, чөлөөт өрсөлдөөн, тэгш эрх өгнө, тэрийг л Америк гэнэ гэж тунхаглаагүй билүү?

Нийгмийн статус, чөлөөт өрсөлдөөн нэхсэн дуу хоолой улам нэмэгдэж 200 толгой авах ухааны зохиол роман хэдэн арваараа бичигдэж, мянга мянган шог зураг зурагдаж, хуучнаа санагалзах хөдөөний цөлх эрийн магтуу газар авлаа.  “Цэвэр цусны” янкиудын тэнгэрлэгээ батлах хүсэл Испанитай дайн хийхэд хөтлөв. Гэхдээ өнгөрсөн рүү буцах носталжиа биш маргааш руу урагшлах реформ хийгдэх хэрэгтэй байв. Реформыг хэн хийх вэ?

Яг ийм үед Т.Р төрийн тэргүүний албыг авчээ. Цэцэн Эмэрсон “Зүй нь түүх гэж юм байхгүй, их хүмүүсийн намтар л буй” гэж хэлсэн байдагчлан их хямрал, их зөрчил их хүний дүрээ нэхдэг.  Т.Р.  энэ дүрд залуудахгүйгээ батлаж  чадсан болохоор өнөөдөр АНУ-ын түүхэн  ерөнхийлөгчийн нэгд зүй ёсоор тооцогддог.  “Азаар” Ерөнхийлөгч болсон тэрээр трастуудыг задлах, төрийг цөөнхөд биш олонхид үйлчлэх хүчирхэг аппарат болгож хувиргах захиргааны болон хууль зүйн шинэчлэлүүдийг хийснээр 1904 оны сонгуулиар тасархай ялж улиран сонгогдов. Олон нийтээс том дэмжлэгтэй байсан нь шинэчлэлийг зоригтой үргэлжлүүлэх боломж болжээ.  Харвардад түүхийн хичээл ганцыг л авч байсан хэрнээ хэд хэдэн хүлээн зөвшөөрөгдсөн түүхийн ном гаргах хэмжээний оюуны лидер, бичгийн хүн байсан нь олон нийттэй уран цэцэн хэлээр харилцаж, “попрох” давуу тал олгож байв.  Кабинетаа супер ухуулагч bully pulpit  гэж дуудах нэршлийг  T.Р өөрөө гаргасан юм. Одоогийн хэлээр супер пиарч байлаа. Олон нийтэд хандан тэнгэрлэг АНУ, би үзлээс салж нийтлэг эрх ашиг, шударга ёсыг тогтооход уриалсан ярилцлага, мэдээ, захидал, бичгийн харилцаагаар бодлогын эрэлт үүсгэж, улстөрийн дархлаа олж авдаг байв. Ийм дэмжлэггүйгээр ажиллах боломжгүй ямар том лобби бүлэг оршин байсныг, түүний эсрэг ямар зоригтой ажиллаж байсныг нь нэг жишээнээс харж болно.

АНУ даяар хэрсэн төмөр замын аварга сүлжээ бол 19-р зууны их баронууд л хийж чадсан гоц үзэгдэл билээ. 1870 онд 85,000 км байсан зам 1890 он гэхэд 311,000 км, 1909 он гэхэд 386,000 км гараад байв. Хоёр  үе дамнасан их хүч хөдөлмөр, аз туршилт, золиос, алдагдал, дампуурлын дүнд бүтсэн төмөрзам Америк эздийн хамгийн том хувийн өмч, бас хамгийн том монополь хүч байлаа. Төмөрзамын эзэдтэй тулна гэдэг төр орших эс оршихоо үзэх тулаан байв. Тэдний нэгдэл, аварга том Northern Securities трастыг тарааж, тариффын хяналт тогтооход нь АНУ-ын төрийг нэг компани шигээ удирддаг гэгдэж асан мега банкир  Ж.П.Морган яагаад эхлээд миний хүнтэй ярьсангүйв? гэж уурлаж байсан гэдэг. Т.Р-ын хувьд лобби бүлэглэл ба төрийн эрэмбийг зохих байранд оруулаад түүнийхээ дүнд АНУ-ын дунд ангид боломж, нийгмийн шинэчлэл эхлүүлж өгснийг хожим Вилсон нарын прогрессив манлайлагчид үргэлжлүүлсэн. Т.Р ба Вилсон нарын реформоос АНУ-ын төрийн үндсэн бүтэц тавигдсан гэж үздэг.

Түүх хэмээх их багш. Өнөөдөр ч Монголд мөнгө биш үнэт зүйл нэхэх үе эхлээд байна. Яг л АНУ-д 1920-оод он хүртэлх реформыг 1890-өөд оны хямрал үзсэн үе нуруундаа үүрсэн шиг 1990 оноос хойш хуурмаг ардчилалд хулхидуулж ханасан олон нийт  өнгөрсөн 100 жилд бүтээн байгуулсан улсын өмч ба уул уурхайн баялгийг хэдхэн гэр бүл хувааж эзэмшдэг монополь, олигарх улстөр эдийн засгийн төгсгөлийг хэзээ хэзээнээс хүчтэй нэхэх болоод байна. Хүмүүнлэг нийгмийн төлөө реформ хийх нийгмийн тохироо бүрдэж, цаг нь иржээ. Харин хэн хийх вэ? Реформ хийгдэхэд хувь хүн ба нийгмийн хүчин зүйл нийлэх ёстой.  Дээр өгүүлсэнчлэн их зөрчлийн цаг үе их хүний дүрээ нэхдэг. Женко Баттулга бол чадахгүй. Баттулга бол үе үеийн, улс улсын түүхэнд ажиглагддаг нийгэм шилжих үеийн хөндүүрийг  өчигдөр рүү ухрах маягаар түр илааршуулах наалт наадаг сувилагч болохоос маргааш руу чиглэсэн реформ эмчилгээ, мэс засалч хийхэд цар нь дутна. Реформыг үгүй ядаж л бид гоц, тэнгэрлэг биш гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг юм.  Тэгээд Баттулга чадахгүй юм бол хэн чадах вэ? Хүрэлсүх чадах уу?

T.R ямар бие хүн байсан болохоор чадсан юм бэ? Теодор Рузвелт төрийн үүрэгт, эх орныхоо ирээдүйд,  хуульт ёсонд итгэдэг улстөрийн идиалист байлаа. Шударга бусыг үл тэвчдэг  хүмүүжилтэй, төрөлхийн шинэчлэгч тэрээр төрийг “үйлчлэгч” гэж үздэг, тиймдээ монополиудад “их баялгийн нүгэлтнүүд” гэж нэр өгөөд сөрж зогсож чадсан. Нэг иймэрхүү бараг ханхүүгийн боловсрол гэрээр олж өссөн элит улстөрчийн хайрцагт баригдахгүй төсөөлөл, задгай сэтгэлгээ, ёсзүйн хэм хэмжээ, тэдгээр үнэт зүйлээс л төрөх улстөрийн эрзориг нударга Хүрэлсүхээс гарна гэж найдлаа гэж үү гэж хөх инээд нь хүрэх хүн гарах нь дамжиггүй.   Хүрэлсүхэд тэгж өсөх, ер нь бидэнд тийм лидер бүтээх боломж байсангүй. Гэхдээ цаг үе хүнээ төрүүлдэг гэнэм. Хэн нэг дээр хэзээ нэг цагт хөх инээд  дуусч, хөх Монголын хөгжил эхлэх ёстой.    

Анд дуртай Т.Р зэрлэг, хүнлэг бус санагдсан бүхнийхээ зүрхэнд “сум зоож” амьдарсан билээ. Живж яваа хүн мөчир шүүрдэг шиг үл итгэл цөхрөлийн ийм үед адилхан гангамсаг, адилхан сониуч, романтик, эрч хүчтэй, анд дуртай Хүрэлсүхийг хэлсэн үгийг нь нэг зууны дараа яг давтаж, хууль дээдлэнэ гэхэд нь горьдлого төрөөд байлаа. Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг. Хэлсэн үгийг нь ч олон нийт алга ташиж хүлээж авсан. Харин алга ташсан чимээ намжаагүй байхад хэдэн яамаа ямаа шиг наймаалцаж байгаа сураг сонсов. Хэцүү байгаа нь ойлгомжтой. Баяр, Элбэгдорж, Баттулга, Миеэ… MCS, ХХБ, Мак... энэ бүхний эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй бялуу хуваарилах хэрэг гарна. Харин яг наадуулаа байранд нь тавьж, нийтэд үйлчилдэг төр бий болгож өгөөч гэсэн эрэлтэд тэгээд хэн хариулах вэ? Реформыг  MCS, Женко, Эби, ХХБ байтугай дэлхийд дайн дэгдээчих хэмжээнд байсан  Вандербилт, Морган, Карнеги, Рокефеллер, Хилл, Харримантай тулж байж хийдэг. Тэгэх боломжийг цаг үе, олон нийт нь олгодог. Хүрэлсүх өөрт нь цаг үеэс олгож байгаа дүрд тоглож чадахгүй бол хэн нэг нь тодорч хийж л таарна. Хэн хийхдээ гол нь биш хийгдэх ёстой ажил гэж байдаг учраас цаг үе эрт оройгүй хүнээ төрүүлнэ. Харин тэр болтол цаг зуурын үзэгдэл байх сонголт үргэлжилж, 27 жилд 15 засаг солигдоод байна.

Түүх давтагддаг, тэр салаа зам руу эргэсэн ч, энэ рүү эргэсэн ч сургамж бий. Алийг нь дагаж байгаагаас ард түмэн хувь заяагаа сонгоно. Хүрэлсүх нийгмийн реформ хийсэн лидер болж түүхэнд үлдэх үү, ордны хананд зураг нь өлгөөтэй олон хүүхэлдэйн тоог нэгээр нэмэх үү гэдгээ сонгох салаа зам дээр иржээ. Иргэд бидний хувьд хэзээд энэ сонголтод нөлөөлөх хөзөр атгаж байдгаа харин мартаж боломгүй. Т.Р 42 настайдаа төр тэргүүлж, реформ хийх үүрэг хүлээж билээ.

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%