БИ САЙН ЭЭЖ: Хүүхдүүд минь хэзээ ч монгол ахуйгаасаа салах ёсгүй

Хүмүүний орчлонд хүн төрлийг олж төрөх нь зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохтой адил тийм ховор хувь заяа ажээ. Гагцхүү энэ хувь заяаг ижий хэмээх тэнгэрийн элч нар бидэнд олгодог билээ. Бид хүүхдээ зөв хүмүүжил эерэг хандлагатай хүн болгож өсгөсөн ээжүүдийн туршлагаас хуваалцдаг “Би сайн ээж”  буланг хүргэдэг билээ. Энэ удаа барилгын салбарт 20 жил ажилласан бүтээлч  нэгэн ээжийг  онцолсон юм. Энэ эмэгтэйг Дүгэрмаагийн Соёлмаа гэдэг. Энгэрт нь эрхлэх дөрвөн хүүхэдтэй. Тэдний гурав нь  хатан ухаан сурч, гэргий болох охид, нэг нь удам залгаж голомт сахих хүү. 1987 онд нөхөртэйгөө танилцан гэргий болж бяцхан үрсийн сайн ээж болсон Соёлмаа  гэх эмэгтэйн хатан ухаан, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаанаас уншигчиддаа хүргэе.

Говь-Алтай аймгийн “Барилга Триест” компаниас ажлын гараагаа эхэлж аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бий оролцож явсан түүний хөдөлмөрийн үр шим одоо ч өнгө зассаар байгаа. Айл гэрийн дэвжин дээшлэх, өнгөтэй өөдтэй байх нь гэрийн эзэгтэйгээс шууд шалтгаална хэмээн үздэг тэрээр гэрийнхээ бүхий л гоёлыг өөрийн гараар бэлтгэдэг нь түүний бас нэгэн гайхалтай чадвар. Гэрийнхээ хөнжил гудасны углаа даавуунаас эхлээд монгол гэрийг тойруулан хатгасан гоёлыг цөм өөрийн гараар хатгажээ. Ингэхдээ монгол хүний ёс заншил түүх уламжлалаа хадгалдаг ёсоор гэрийн зүүн талд арван хоёр жилийг хатгаж оёсон нь эзэгтэйн талыг, баруун талд цэцэг барьж машин дээр сууж буй хүүхдүүдийг хатгаж оёсон хатгамал нь ирсэн зочид гийчдээ сайхнаар угтаж үднэ гэсэн санааг агуулах мэт. Түүний амьдралдаа баримталдаг зарчим нь тун энгийн. Жижигхэн зүйлсийг өөд татаж түүнийгээ утга учир билэгдэлт зүйлс болгож өөрийн зарчим болгохыг илүүд үздэг.  Түүний үр хүүхдээ хүмүүжүүлэх, сургах арга барил нь өөрөөрөө үлгэрлэх. Аливаа зүйлсийг ингэж хий, тэг гэж зааж зааварлахаас илүүтэй өөрсдөөр нь хийх арга барил техникийг олуулахыг чухалчилдаг гэнэ.

Суурь хүмүүжил сайтай хүүхэд амьдралд хэзээ ч алддаггүй

Би хүүхдүүдээ жаахан байхад унтуулахдаа бүүвэйн дуу дуулаад өөрөө тэрэндээ уяраад уйлдаг зөөлөн хүн. Гэвч би танихгүй хүний өмнө хатуу байх хэрэгтэйг үргэлж өөртөө сануулж хүүхдүүдээ ч захидаг. Хүүхдүүд маань үүнийг маш сайн ойлгодог юм. Өөрөөр хэлбэл монгол хүн хүнд муугаа үзүүлж болохгүй. Сул тал байвал үргэлж зас гэж л сургахыг хичээдэг. Харин бусад хувь хүний хөгжил, авьяас чадварыг өөрөө олж хөгжүүлэхэд нь чиглүүлж өгдөг. Хүүхдүүд өөрсдөө анги хамт олон найз нөхдөөсөө суралцаж түүнийгээ надад ч заадаг. Гэхдээ миний гол үзэл баримтлал бол би хүүхдээ сайн өсгөж, суурь хүмүүжил олгосон бол хүүхдүүд маань амьдралд хэзээ бүдрэхгүй гэж боддог юм. Хүн хүнээрээ байхад сайн сайхан зүйлс үргэлж хүрээлж байдаг учраас би  охиддоо хичээл дээр заадаг шиг амьдралын тухай онол сургааль заадаггүй.  Харин тэдэнд гэргий байх ухааныг заадаг. Эрийн нэрээр орж эзэгтэйн нэрээр гардаг гэж ээж маань надад захидаг байсныг хүүхдүүдээ ч үргэлж захидаг. 

Би хүүхдүүдээ хийсэн алдаагаа давтдаггүй хүн байгаасай гэж хүсдэг

Алддаггүй хүн эвдэрддэггүй эд гэж байдаггүйн адилаар хүүхдийнхээ алдааг зэмлэдэггүй. Харин дахин тэр алдаагаа давтсан тохиолдолд их ширүүн зэмлэдэг. Хүний итгэлийг олж авна гэдэг их хэцүү ч итгэлийг алдахад амархан байдаг учир цаг ямагт анхааралтай байж бэлэн юм ашиглан залхуурахыг огт хүлээн зөвшөөрч чадахгүй. Мэдээж хэрэг ажлаа хурдан, өөрт амраар хийх арга ухаан байх ч хүний юмыг өөрийнхөө юм шиг ашиглаж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Тэгэхээр миний хүүхдүүд үүрэг хариуцлагаа хүлээж чаддаг өөрийн алдаагаа ухамсарлаж засаж чаддаг байгаасай л гэж хүсдэг юм.

Би маш сайн сонсогч ээж

Минийхээр сайн ээж байна гэдэг маш сайн ярилцагч, харилцагч байхыг хэлнэ.

Хүүхдүүдийнхээ балчир байсан үеийн алдаа оноог ярьж сургаж зөвлөх нь түүний хүмүүжилд хамгийн их нөлөөлнө. Учир нь хүн алдаанаасаа суралцаж цаашид өсөж дэвждэг шүү дээ. Тийм болохоор бид хамтдаа суугаад хэн нэгнийх нь хүүхэд байхад нь тохиолдож байсан хөгжилтэй явдлуудыг ярингаа хүүхдүүд маань одоо юу хүсч мөрөөддөг ямар зорилго руу тэмүүлж буйг сонсдог.

Хүүхдүүд минь хэзээ ч монгол ахуйгаасаа салах ёсгүй

Би өөрөө Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн. Хүүхдүүд маань зуны амралтаараа тэнд тоглож монгол арга ухаанд суралцаж өссөн. Одоо ч нөхөр бид хоёр хөдөө амьдарч байгаа. Хотод төрж өссөн хүүхдүүдийг харахаар яг гадны хүүхдүүд шиг ишигнээс айж зугтах, тараг ааруул ээзгий харахаар юу вэ гэж гайхах жишээтэй. Энэ бол бид монгол ахуй, нүүдэлчин соёлоосоо холдож буйн шинж. Мэдээж хэрэг соёлтой боловсролтой байлгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь ахуйн соёлоосоо хөндийрөх хэрэггүй. Миний хүүхдүүд, ач зээ нар монгол соёлоосоо хөндийрч харийн хүн шиг болохыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Ядаж л ахмад настныг хүндэлж мэндлэх ёсоо мэддэг, зочин гийчин ирэхэд цай хоол байгаа бүхнээрээ дайлдаг байх хэрэгтэй.

 

 

 

 

 

 


avatar
    • Zochin
    • 122.201.21.*

    Haan zorig hatan uhaan gj mongoliin mani uw soyol ueiin ued uwlun hadgalagdaj yawaasai gj eroogood Soyolmaa egchiihe hatan uhaant talarhaj sain saihaniig husye

    • Дөлгөөн
    • 103.57.94.*

    Үнэхээр сайхан болжээ амьдралын утга учир болох ээж аав гэдэг эрхэм хүмүүсийн үр удам болсон эгч дүү нартаа болон гэрийг нь гийгүүлэгч хайрт эгч Соёлмаа болон өрхийн тэргүүн Хүргэ ах нартаа азжаргал эрүүл энхийг хүсэн ерөөе хүндэтгэсэн Төмөрбаатарын Дөлгөөн

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 390

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%