Англи хэл хэрхэн герман хэлийг ардаа орхиж шинжлэх ухааны үндсэн хэл болсон бэ?

2014 оны 10 дугаар сар 11-нд сэтгүүлч Нина Порзаски, “BBC.com” сайт дээр орчин үеийн шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл, эрдэм шинжилгээ, судалгааны голлох бүтээлүүд яагаад англи хэл ихэвчлэн бичигдэх болсон тухай сонирхолтой нийтлэл бичсэнийг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Шинжлэх ухааны түүхч Мичаел Гордин шинжлэх ухаанд англи хэл яагаад герман хэлнийг давамгайлах болсон тухай ингэж тайлбарлаж байна. 
Мөнх цэвдэг(Permafrost), хүчилтөрөгч(oxygen), устөрөгч(hydrogen) зэрэг үгнүүд надад шинжлэх ухааныг санагдуулдаг. Гэхдээ эдгээр нэр томъёо нь Орос, Грек, Францаас гаралтай үгс. Харин өнөөдөр байдал өөрчлөгдөж, хэрэв эрдэмтэд шинэ санаа бодож олох эсвэл энэ талаар бичиж бусдад хүргэх шаардлага гарвал ихэвчлэн англи хэлийг сонгох болжээ. Хамгийн ойрын жишээ бол саяхан Физиологи болон Анагаах ухааны чиглэлээр Нобелийн шагнал хүртсэн Норвегийн хос Май-Бритт, Едвард Мосер нарыг жишээгээр татаж болно.

Тэд судалгааны ажлаа англи хэл дээр бичиж, хэвлүүлсэн байна. 
Энэ асуудал үргэлж ийм байгаагүй юм. АНУ-ын Принсетонийн их сургуулийн профессор, түүхч Мичаел Гордин бидэнд ингэж ярьж байна. Хэрвээ цаг хугацааг эргүүлж 1900 онд хүрч очоод “Бүгдээрээ 2000 онд шинжлэх ухаанд ямар хэл голлох үүрэг гүйцэтгэхийг таамаглах уу?” гэж асуувал хүмүүс чамайг дооглон инээлдэх байв. Ер нь шинжлэх ухааныг ганцхан хэлээр төлөөлөх боломжгүй гэдэг нь тодорхой асуудал, харин ч Франц, Герман, Англи хэлнүүдийг хооронд нь хольж ашиглавал зөв зүйл болж магадгүй байв. М.Гордин нь шинжлэх ухаан, түүний хэлний түүхийн тухай “Шинжлэх ухааны Вавилон” гэдэг ном бичиж байгаа юм байна. Тэр хэлэхдээ “1900 онд Англи хэл нь шинжлэх ухаанд голлох байр суурь эзлэнэ гэхэд дэндүү хол сонсогдож байсан билээ,“ гэв. Тэр үед Герман хэл шинжлэх ухааныг “ноёрхож” байсан ажээ. 20 дугаар зуун бол шинжлэх ухааны харилцааны хувьд Англи хэлний хөгжил дэвшил бус харин Герман улсын хэд хэдэн удаагийн бүтэлгүй уналтын түүх болж өнгөрсөн юм. 

Та Латин хэлийг шинжлэх ухааны гол хэл хэмээн бодож магадгүй. Дундад зуунаас 17-р зууныг хүртэл олон жилийн турш Баруун Европт Латин хэлийг бүх нийтээрээ хэрэглэдэг, холбоо харилцааны гол хэл байсан нь үнэн. Гэвч аажимдаа байдал өөрчлөгдөж, уг хэл шинжлэх ухааныг бүтээсэн олон хэлний нэг нь больж хувирсан байдаг. М.Гордины үзэж буйгаар бол өөрийн төрлөх хэл дээр шинжлэх ухааны бүтээлээ бичсэн анхны хүн бол италийн физикч, одон оронч Галилео Галилей гэнэ. Галилео нь бүтээлээ Итал хэл дээр бичээд бусад олон эрдэмтдэд өөрийнхөө бүтээлийг танилцуулж, уншуулахын тулд Латин хэл рүү орчуулжээ. 

Энэ байдал эрчимтэй өрнөж, 20-р зуунтай золгов. Тэгвэл Англи хэл хэрхэн Герман хэлийг ардаа орхиж шинжлэх ухааны үндсэн хэл болов? 
Тухайн үед шинжлэх ухааны бүтээлүүдийн гуравны нэг нь Англи хэл дээр, гуравны нэг нь Франц, үлдсэн нь Герман хэл дээр тус тус гардаг байв. Гэхдээ мэдээж дотроо зааг ялгаатай байсан юм. Тухайлбал шинжлэх ухааны ямар салбарын бүтээл гэдгээс ямар хэл дээр бичих нь шалтгаалж байсан бөгөөд Латин хэл энэ гурван хэлний хаа нэгтээ огт хаягдчилгүйхэн шиг хавчуулагдаад байж байв. Харин дэлхийн нэгдүгээр дайн дэгдсэн явдал нь овоо тогтворжоод байсан шинжлэх ухааны хэлэнд гүнзгий өөрчлөлт оруулсан хоёр том нөлөөг үзүүлэв.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Бельги, Франц, Англи улсуудын эрдэмтэд нэгдэж зохион байгуулалтайгаар Герман болон Австрийн эрдэмтэдийн үйл ажиллагаанд саад болж эхлэв. Тэд Герман болон Австрийн эрдэмтэдийг шинжлэх ухааны хурал, цуглаанд оролцуулахыг эсэргүүцэж эхэлсэн нь эдгээр хоёр орны эрдэмтэд бүтээлээ Баруун Европын хэвлэлд нийтлүүлэх боломжгүй болгосон байна. Энэ байдал даймжирч явсаар шинжлэх ухааны хоёр тусдаа нэгдэл үүсэх нөхцөл бүрдэв. Үүний нэг талд нь дайнд ялагдсан Герман болон Австри, харин нөгөө талд нь Баруун Европ буюу Англи, Франц улсууд зогсож байв. Түүхийн яг энэ цаг мөчид шинжлэх ухааныг зохион байгуулалттай удирдах олон улсын байгууллага үүсэн байгуулагдаж эхэллээ. Тухайлбал “Олон улсын цэвэр болон хавсарсан химийн холбоо” байгуулагдаж бүх үйл ажиллагаагаа Франц, Англи хэл дээр явуулж эхэлжээ. Энэ нь Химийн шинжлэх ухаанд ноёрхож байсан Герман хэлийг бүр мөсөн арчиж хаясан юм. 

Дэлхийн I дүгээр дайны хоёр дахь нөлөө нь АНУ-д хүчтэй үзэгдсэн юм. 1917 онд АНУ уг дайнд татагдан орсон цагаас энэ үйл явдал эхлэв. Улс орон даяар Германы эсрэг төрөл бүрийн хөдөлгөөн өрнөсөн байна. “Тэр үед АНУ-ын хүн амын томоохон хэсэг Герман хэлээр ярьдаг байсныг сануулах нь зүйтэй байх,” гэж М.Гордин хэллээ. АНУ-ын Охио, Висконсин, Миннесота зэрэг мужуудад олон хүмүүс зөвхөн германаар ярьдаг байсныг энэ дайн өөрчилжээ. Америкийн 23 мужид германаар ярихыг гэмт хэрэгт тооцох болов. Герман хэлээр олон нийтийн газар ярьж болохгүй, радио ашиглан германаар ярих хориотой, мөн 10-аас доош настай хүүхдэд герман хэл заахыг хуулиар хориглох болжээ. 1923 онд Дээд шүүх Германы эсрэг энэхүү хуулийг хүчингүй болгосон хэдий ч бодит байдал дээр дараагийн хэдэн жил энэ байдал үргэлжилсэн байдаг. Энэ нь “АНУ-ын нутаг дэвсгэр дээр гадаад хэл сурах явдлыг бүрэн сүйрүүлсэн,” гэж М.Гордин үздэг. 1915 онд Америкчууд гадаад хэлийг Европчуудын үзэж буйтай адил түвшинд сурч байжээ. 1920 оноос эхлэн хэрэгжсэн эхэлсэн хууль нь хэдхэн жилийн дотор гадаад хэлний боловсролын түвшинг огцом уналтад оруулсан байна. 
Үүний үр дүн ирээдүйн шинжлэх ухааны эрдэмтэд болох залуу үед хүчтэй нөлөөлж, бусад гадаад хэлний нөлөөнд орох явдалд хязгаарлалт тавьжээ. Харин үүнийг “Англиас бусад хэлний мэдлэг багатай залуу эрдэмтэд энэ цаг мөчөөс эхлэн Америкийн шинжлэх ухаан дэлхийн даяар ноёрхох суурь, эхлэлийг тавьсан юм,” гэж М.Гордин дүгнэдэг. Ялангуяа дэлхийн II дугаар дайны дараа төрөл бүрийн салбарын маш олон германы эрдэмтэд америкт очиж, бүтээлээ англи хэл дээр туурвиж байлаа. 
Бодоод үздээ, “Чиний эргэн тойронд гадаад хэл мэдэхгүй хүмүүс хүрээлж байна гээд, тэдэнд англи хэл тааламжтай санагддаг, тэд англиар уншиж, бичдэг, тэд толгойд нь эргэлдэж буй хамгийн сэтгэл хөдлөм үйл явдлыг англи хэлээр дамжуулан хүлээж авдаг юм,” гэж. Ингээд Дэлхийн хоёрдугаар дайны дараа та өөрийн мэдэлгүй Америк төвтэй, нарийндаа Англи-төвтэй шинжлэх ухааны нэгдэлд тулж очдог гэнэ.

Жишээ болгон хүчилтөрөгч(oxygen)-ийн тухай аваад үзье. 1770 онд Францын химийн эрдэмтэд шатах үзэгдэлийн шинэ онол боловсруулж байхдаа энэ бодисыг гаргаж авчээ. Тэд шинжлэх ухааны туршилтад ашиглаж буй өөрсдийн бүтээсэн шинэ элементдээ нэр өгөх ёстой болжээ. Ингээд шинэ бодисдоо хүчилтөрөгч(oxygen) гэсэн өгчээ. Энэ нь “хүчил”, “үүсгэгч” гэсэн утгатай Грек үг бюм. Яагаад гэвэл тэдний онолоор бол хүчилтөрөгч нь хүчил үүсгэх ёстой байсан юм. Тэд энэ талаар буруу бодсон хэдий ч “хүчилтөрөгч” гэдэг Грек үг шинжлэх ухаанд тэр чигээрээ үлдсэн. Тэгэхээр тэр үеийн Франц, ер нь Европын эрдэмтэд шинжлэх ухааны сонгодог боловсролтой байсныг тод харуулдаг. Англи хэл нь хүчилтөрөгч гэдэг үгийг Францаас тэр чигээр нь хуулбарлан авчээ. Гэтэл Германчууд асуудалд тэс өөр байр сууринаас хандаж байв. Тэд уг үгийг хуулбарлалгүйгээр үг тус бүрийг нь герман хэл рүү орчуулж “хүчиллэг бодис” (Sauerstoff) гэж буулгасан байна.
Нийтэлсэн: Сэтгүүлч НИНА ПОРЗАСКИ

Жич: Зөвлөлтийн үед оросын шинжлэх ухаан өндөр хөгжиж далимд нь нөгөө “алтны дэргэдэх гууль шарлах”-ын үлгэрээр хажуу бөөрөнд нь наалдаж байсан Монголчууд ч шинжлэх ухаантай овоо танилцаж, бичиг үсэгтэй болоод байсан боловч зах зээлийн системд ороод энэ бүхнийг үгүй болгосон харамсалтай цаг үеийг бид туулсан. Үр дүнд нь мухар сүсэг, шашин, бөө мөргөлд гүнзгий идэгдэж, мөнгөнөөс өөр юм бодож, шар сонин, хов живнээс өөр юм уншихаа болсон Монголын нийгмийг монголчууд бид өөрсдийн гараар бий болгоод байна. Үүнд хэн нэгнээс буруу хайж, хоорондоо маргалдаж цаг алдахын оронд бүгдээрээ нийлэн, засаж залруулах талаар бодож, ярилцвал илүү эерэг үр дүнд богино хугацаанд гарч магадгүй. Харин ингэхийн тулд шинжлэх ухааны суурь мэдлэг, боловсрол эзэмших, дэлхийн оюуны том эрдэмтэдийн ном, бүтээлээс уншиж судлах асуудал чухал болоод байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон байгаа байх. 

Иймд Англи хэлийг сурах, англи хэлээр дамжуулан зөв мэдээлэл(бүх мэдээлэл гэж байгаа юм биш шүү), шинжлэх ухааны бүтээл, судалгааны ажлуудыг уншиж, судлаж байх зайлшгүй шаардлага бий болжээ. Өнөөдөр дэлхийд шинжлэх ухааны бүтээлүүдийн бараг 90 хувь Англи хэл дээр бичигдэж, дэлхий нийтийн мэдээллийн үндсэн харилцаа холбоо болоод буй интернет дэхь мэдээллийн ихэнх нь англи хэл дээр байгаа нь бодит зүйл юм. Тийм учраас Монголын залуучуудыг өндөр боловсролтой болохын төлөө тэмүүлэх, гадаад хэл, түүний дотор Англи хэлийг сурах үйлд сайтар хичээж зүтгэх, харин эсрэгээрээ янз бүрийн нам дагаж дарга нарын цүнх барьж гүйж байгаад дээшлэх, эсвэл хялбар аргаар мөнгө олох муу үйлээс зай барьж байгаасаа гэж чин сэтгэлээсээ хүсэх юм. 
Энгийнээр хэлбэл монголын залуус маань хоорондоо уулзахдаа тэр нам, эвсэл ингэж, тэгж засаг баривал гарвал би ингэнэ, тэгэж томроно, би тэр УИХ, намын гишүүнийг танина, тэр дуучин жүжигчин тэрэнтэй салж нийлсэн, тэнд тийм гэмт хэрэг гарчээ энэ тэр гэсэн дэмий юм ярьж цаг барьж байхын оронд шинжлэх ухааны шинэ нээлт, судалгааны ажил, бүтээлүүд, шинэ ном зохиол, үйлдвэр, компьютер, техник, технологи зэрэг сэдвээр ярилцаж байгаасай гэж хүсдэг. Тийм цаг үе монгол оронд маань удахгүй ирнэ гэдэг итгэлтэй байдаг.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 195

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

6%
МАН
33%
АН
59%
Шинэ гуравдагч хүчин
  • 6%
  • 33%
  • 59%