Нийтлэл 10 сарын 31, 2017

АМЬДРАЛ САЙХАН: Эмэгтэй хүн хүүхдээ хараад гэртээ суух цагаа ашиглан өөрийгөө үргэлж хөгжүүлдэг байх хэрэгтэй

 Улаанбаатар хотод 1 сая 300 мянга гаруй хүн ажиллаж хөдөлмөрлөж амьдардаг. Эдгээр хүмүүс бүгд эрч хүчтэй, өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэйгээр өглөө ажилдаа яарч, орой гэрлүүгээ хайртай ханьдаа, энхрий үрсдээ яардаг. Тэгвэл тэдний энэ завгүй амьдралын цаана ямар адал явдал, ямар сонирхолтой түүх нуугддаг бол. Бид Улаанбаатарт амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайн сайхнаас эхлээд амьдралын алдаа оноо, эрээн бараан бодит дүр зургийг сурвалжлан хүргэдэг билээ. Манай энэ удаагийн дугаарт Монголын ковер одод тэмцээний шилдэг оролцогч , зөв дадал хүүхэд хөгжүүлэх төвийн ерөнхий менежер Д. Наранзул өөрийн амьдралынхаа нэгээхэн хэсгийг  хуваалцсан юм.

Намайг Дашзэвэгийн Наранзул гэдэг. Би та бүхэнд амьдралынхаа сайхан дурсамжуудын нэг болох анх ээж болсон талаараа ярихыг хүслээ. Хүү минь надад сонголт болж ирсэн юм. Учир нь одоогоос 2 жилийн өмнө би “Юнител” группд өөрийн хүссэн ажилдаа орох гээд хичээнгүйлэн бэлдэж байсан юм. 2 сарын хугацаанд тасралтгүй бэлдээд яг ажилдаа орох үед мэргэжлийн минь дагуу бас нэгэн гоё санал ирсэн. Хувь хүний карьерын хувьд өсөж, дэвжих боломж миний өмнө нээлттэй байлаа. Гэвч яг тэр үед миний хүү хэвлийд минь бүрэлдэж амьдралын минь гэрэл гэгээ болж надад ирсэн. Маш их  хичээл зүтгэл, хөлс хүчээ зарцуулан байж олж авсан ажлын байраа орхих жаахан харамсалтай байсан ч би хувь хүний карьераас илүү ээж байх сонголтыг хийсэн. Тухайн үед ээж болно гэж бодохоор хачин их баярлаж, цаг минут тутамд хэвлий дээрээ гараа тавиад хүүгээ төрөх хүртэл ярилцаж, хамтдаа дуулдаг байлаа. Хүүгээ төрүүлэх гээд 16 цаг өвдөж байсан юм. Эмнэлэгт очихоос өмнө ус гарчихсан учраас маш их айж байсан. Одоо санахад хүүгээ л эрүүл төрүүлж байвал тэр өвдөлт, тэр айдас надад юу ч биш байсан. Бараг бүх л ээж надтай адил байх. Гэхдээ эх хүний жинхэнэ өвдөлт төрөхөд биш төрсний дараа л эхэлдэг юм байна лээ. Хорвоод дөнгөж ирсэн нялх амьтан чинь дасан зохицох гэж байнга л уйлна, айна, өвдөнө. Бараг л өмнөөс нь уйлмаар, өвдмөөр санагдана. Анх вакцин хийлгэх гээд очиж байхдаа хүүгээ өрөвдөөд уйлснаа бодохоор инээд ч хүрдэг. Гэхдээ хүүхдийнхээ анхны инээдийг нь анх удаа мөлхөх гээд оролдохыг нь анх авиа гаргаж онгирч байхыг нь ээжийнхээ хажууд амар тайван унтаж байгааг нь харах юутай ч зүйрлэшгүй торгон мэдрэмж байдаг.  Хэдий хүүгээ төрүүлээд өөрийн хүссэн ажлаа хийж чадаагүй ч түүнээс илүү чухал, илүү сайхан боломжуудыг хүү минь надад нээж өгсөн. Ер нь  хүүхэд төрүүллээ гээд эмэгтэй хүний болоод хувь хүний хувьд өсөж дэвжих, өөрийгөө хөгжүүлэх боломж хаалттай болж байна гэсэн үг биш. Харин ч илүү их боломж, илүү их эрч хүч нэмэгддэг юм. Хүүхдээ хараад гэртээ суух цагаа боломж болгож өөрийгөө хөгжүүлж шинэ хэл сурч болно. Мөн онлайн бизнес ажил хийж ном уншиж юу ч хийж болно шүү дээ. Бид чинь бүхэл бүтэн нэг ертөнцийг би болгож байгаа учраас өөрийгөө хэзээ ч битгий голж сэтгэлээр унагаарай үргэлж өөрийгөө хайрлаарай гэж ээжүүддээ хэлмээр санагддаг юм.  Хамгийн гол нь хүүхэд ирээдүйд амжилттай, эрүүл саруул байхад ээжтэйгээ өнгөрүүлж байгаа энэ хором мөч бүхэн үнэ цэнэтэй байх болно.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-11-01

    Мундаг дайчин охин шүү,охиндоо амжилт аз жаргал бүхнийг хүсье

    • Саранцацрал
    • 2017-10-31

    Тийм шүү яг үнэн. Найздаа амжилт хүсье. Сайхан нийтлэл байна . Мундаг ээж шүү

arrow icon