Нийтлэл 11 сарын 07, 2017

Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ?

Амаа зайлах  

Гаднаас орж ирээд бүлээн усаар амаа зайлах нь ханиаднаас сэргийлдэг үр дүнтэй. Ялангуяа Монгол шиг хуурай уур амьсгалтай, шороо тоос ихтэй газар, гаднаас орж ирээд гараа угаах явцдаа амаа зайлж хэвших нь хүүхдийн аман дахь хуурай шороо тоосыг угаах, бактери вирусыг зайлуулж гаргах ба амны хөндийг чийгшүүлж өгдөг. Хоолой зайлахдаа дан ус, давстай ус, тамедины уусмал буюу иодын төрлийн уусмалуудыг хэрэглэж болох ч, ногоон цайгаар ам зайлах нь хамгийн үр дүнтэй болохыг сүүлийн үеийн судалгаагаар баталсан байна.

Агаараа чийгшүүлэх  

Агаар чийгшүүлэх нь ямар үр дүнтэй байдаг вэ? Өрөөний чийгшил өндөр байхад, ханиадны вирусны идэвхжил буурч газарт буудаг, харин хуурай орчинд байгаа вирус хуурайшин агаарт дэгдэх цаг нь уртасдаг. Мөн хуурай орчинд хоолой хуурайшин, салст хатсанаар хэвийн үйл ажиллагаа явуулах чадваргүй болон аливаа вируст өртөмхий болдог. Агаар чийгшүүлэх нь ханиад хүрсний дараа ч үр дүнтэй байдаг бөгөөд хамар хоолойг чийгтэй байлгаснаар нус цэрийг гадагшлуулах, хоолойны өвдөлтийг зөөлрүүлэх үр дүнтэй. Агаарын чийгшил 50-60%-тай байх нь ханиаднаас хамгаалахад хамгийн зохистой хэмжээ байна. Манай улс шиг хуурай, хүйтэн өвөлтэй, паар болон зуухаар гэрээ дулаацуулдаг газарт өрөөний чийгшилийг 50-60%-д барина гэдэг хэцүү хэдий ч аль болох агаар чийгшүүлэгч ажилуулж 40%-аас дээш байлгахыг зориорой. Угаасан хувцасаа гэртээ хатаах, усанд орсны дараа хэрэглэсэн алчуураа өрөөндөө, тэр тусмаа орныхоо толгойд өлгөх, паарны хажуудаа савтай ус тавих зэрэг агаар чийгшүүлэгч байхгүй ч гэрээ чийгшүүлэх аргууд олон байдаг.

Хоол хүнсэндээ анхаарах 

Аль болох гадуур хооллохгүй, мөн бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

Шингэн зүйл сайн уух. Ундаа жүүснээс татгалзаж цай ус хэрэглэн шингэнээ авах нь чухал бөгөөд халуун бүлээн ус уух нь цайнаас илүүтэйгээр биеийн дулаан нэмэгдүүлж, бие дэх аливаа муу зүйлсийг гадагшлуулах үр дүнтэй байдаг.

Ногоо жимс идэж витаминаа сайн нөхөх. Сармис, цагаан гаа хэрэглэн биеэ дулааныг нэмэгдүүлэх, цагаан идээ ялангуяа тараг сайн хэрэглэж кальциа нөхөх, ходоо гэдэсний үйл ажилгаагаа сайжруулж биеийн дархлааг сайжруулах.

Бохь зажлах, чихэр хүлхэх. Амны шүлс ялгаруулалтыг нэмэгдүүлж хоолой ам хатахаас сэргийлдэг. Гэхдээ чихэр хэтрүүлж хэрэглэн шүдээ хорхойтуулахаас болгоомжлоорой. Ажиллаж ядарсан үедээ чихэрлэг амттан идэх хүсэл төрдөг ч, чихэрлэг зүйл нь хүний биеийн витаминыг гадагшлуулах муу талтай байдаг байна.

      

Хүүхдэд ямар юмны стресс байх вэ? гэж боддог эцэг эхчүүд цөөнгүй. Гэвч хүүхдүүд ч гэсэн томчууд бидэнтэй адил олон шалтгаанаас болж стресст ордог боловч, томчууд шиг түүнийгээ илэрхийлж чаддаггүй болохоор удаан тээж үргэлжилдэг ба улмаар биеийнх нь дархлаанд муугаар нөлөөлдөг байна.

Ц.Энхтөгс

 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл бичих

arrow icon