Нийтлэл 11 сарын 08, 2017

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын цогц бодлогын шинэчлэлийн явц  

Далайд гарцгүй Монгол Улсын гадаад бодлого нь улс төр, эдийн засаг, цэрэг армийн хүчээр давамгайлсан Орос, Хятад хоёр хөрштэйгөө тэнцвэртэй байхыг эрмэлздэг. Гуравдагч хөрш орнуудтай харилцаа тогтоох нь Монгол Улсын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбарт дэвшилт үзүүлж байгаа бодлогын чиглэл юм. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого болон гадаад бодлогын шинэчлэлийг 2010 онд УИX-ын 48 дугаар тогтоол[1], 2011 онд  УИX-ын 10 дугаар тогтоол[2]-оор тус тус баталсан. Энэ хоёр төрийн баримт бичиг нь өнөөдөр Монгол Улсыг бусад улс үндэстнүүдтэй харилцаа тогтоох, дипломат харилцааг бэхжүүлэх чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Энэ өгүүлэл нь Монгол Улсын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын чиглэлийг тодруулж, Ази-Номхон далайд хэрхэн нөлөөтэй байхыг судлах юм.

  1. Түүхэн Удиртгал

Монгол Улсын түүхэн дэх 1911, 1921 оны хувьсгал, 1939, 1945 оны дэлхийн хоёрдугаар дайн, болон ЗХУ-aac хараат байсан үеүдээс аваад үзвэл Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдлын салбар байнга гадны давамгайлал, стратегийн нөлөө бүхий тэмцэлтэй нүүрлэж байжээ. Ерөнхийдөө 1990 оны ардчилсан хувьсгал хүртэл Монгол Улсын гадаад бодлогыг, Манж Чин улс 200 жил гаруй, ЗХУ 70 жил гаруй удирдаж, чиглүүлж байсан нь түүхийн номонд бичээстэй буй. 1990 оны ардчилсан хувьсгал бол Монгол Улсыг бие даасан гадаад бодлого болон аюулгүй байдлын салбарт чиглүүлсэн түүхэн үйл явдал билээ. 

Монгол Улсын гадаад бодлого нь Зүүн Хойд Азид өрнөж буй хоёр хөршийн харилцаа, бүс нутгийн улсуудын гадаад харилцаанаас нөлөөтэй байсан болно. Энэ нь Монгол Улс гадаад бодлогогүйдээ биш, харин том гүрнүүдийн бодлого нь бүс нутагт илүү нөлөөтэй байсныг харуулж байгаа юм. Жишээ нь, 1939, 1945 онуудад, Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы түрэмгийлэл Манж, Өвөр Монголд хүрч, түүний эсрэг Орос, Монгол хоёр нэгдэж байлдсан түүхтэй. 1945 оны өвлийн дайны үед, Орос цэргүүдэд Монголын талаас хоол, хүнс, арьс, ноос, мориор хангаж байсан юм. Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаа болон итгэлцлийг бэхжүүлэх түүхэн боломжууд байсан юм. 2017 оны 5-аар сарын 7-нд 72 дох “Ялалтын баяр”-аар Оросын засгийн газраас дайны үеийн Монгол морин дурсгалыг хүндэтгэж маш том дайны хүрэл морин хөшөөг босгосон нь Монгол-Оросын найрамдлын харилцааг бататган, сайн хөршийн бодлогыг илэрхийлсэн үйл явдал болжээ.[3] 

Мөн түүнчлэн, Монгол Улсын аюулгүй байдлын хүрээнд, ЗХУ-ын гадаад бодлого нь Монголын тусгаар тогтнолд шууд аюул заналхийлээгүй гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд харин ч эсрэгээрээ, 1945 оны “Ялтын хэлэлцээр”-т Сталины хүсэлтээр Хятадын нөлөөг Монголоос холдуулж, тусгаар тогтнолыг баталгаажуулсан юм.[4] Ялтын хэлэлцээрийн дараа, тун удалгүй, Монгол Улсын нийт ард иргэдийн санал хураалт болж 100% тусгаар тогтнох байдлаа дэмжсэн. Эдгээр түүхэн үзлүүд Монгол-Оросын харилцааны мөн чанар болон хоёр хөрштэй аль алинтай нь сайн харилцаатай байx зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Нөгөөтэйгүүр, Хятад-Монголын харилцаа нь түүхээсээ авахуулаад сайн муутайгаа, одоогийн геополитик, стратегийн хувьд ч маргаантай, эмзэг асуудал байж ирсэн. 1945 оны Ялтын хэлэлцээрийг үл харгалзан Мао Зэдунгийн гадаад Монголын газар нутгийг эзлэх гэсэн хүсэл нь 1989 онд Дэн Сяопингийн засгийн газрын үед ч хэвээрээ байсан юм. Колумбийн их сургуулийн Зүүн Азийн Түүхийн багш, эрдэм шинжилгээний судлаач, Моррис Росаби “Орчин үеийн Монгол” номондоо ингэж бичжээ:

2000 жил үргэлжилсэн үл итгэлцэл, байнгын сөргөлдөөн болон байлдааны үйл явдлууд нь Монгол, Хятадтай харилцах харьцаанд ихэд нөлөөлсөн[5] гэжээ.

Тиймээс ч, өнөөдөр манай нийгэмд байдаг, Хятадын эсрэг сэтгэлгээ, болгоомжлол нь түүхээс язгууртай гэж үзэх үндэстэй. Өнөөгийн Монгол-Хятадын харилцаа нь иж бүрэн эдийн засгийн ашиг, импорт-экспортын транзитын харилцаа, бүс нутгийн тогтвортой байдлаас шалтгаалан, хоёр талын гадаад хэлэлцээр дэвшилттэй байгаа ч түүхэн олон сэдлүүдээс үүдээд харилцаа хэзээ ч дэд шатандаа хүрж чаддаггүй аж.

1980-аас 1990-ээд оны үед Хятадын гадаад бодлого ямархуу байсныг нэгэн түүхэн баримт бичиг баталж байгаа юм. Энэхүү баримт бичиг нь 2016 оны зун олон нийтэд нууцын зэрэглэлээс гарч, Woodrow Wilson судалгааны төв нийтэлсэн юм. Энэ нь Монгол-АНУ-ын дипломат харилцаа тогтсоноос 2 жилийн дараа болсон үйл явдал юм. George W.H. Bush болон Дэн Сяопин дарга нарын хоорондох харилцан яриаг илтгэсэн эх сурвалж байлаа. Энэхүү эx сурвалж бичиг нь 1980-аад онд Монгол Улсын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдал дээсний дөрөөн дээр байсныг баталж байна. Дэн дарга ерөнхийлөгч George W.H. Bush Хятад-Зөвлөлтийн харилцааны талаар ярьж байгаа нь:

“ЗХУ-ын өнөөгийн нөхцөл байдал, Оросын Хааны Засагтай (ОХЗ) харьцуулбал ялгаатай байна. Д2Д-ны дараа ЗХУ-ын олж авсан 3 сая км газар нутаг нь Хятадын нутаг дэвсгэр байсан юм. ОХЗ-ын үед Оросууд 1,5 сая км эсвэл түүнээс их Хятадын газрыг авсан билээ. Сталины үед ЗХУ гадаад Монголыг өөртөө авсан нь мөн л зуун хэдэн жилийн турш Хятадын байсан. Ерөнхийдөө, ЗХУ, Их Британи, АНУ-ын хэрэгжүүлсэн Яалтын хэлэлцээрийн үр дүн нь БНХАУ-ыг хуваах зорилттой байсан явдал гэж нэмж хэлмээр байна.”[6]

Монгол-Хятадын гадаад харилцааны эрдэм шинжилгээний судалгаа хийж байхад, иймэрхүү эх сурвалж олно гэдэг нь хоёр улсын харилцааны үл итгэлцлийн угийг олж байгаатай адил юм. Тийм ч учраас, энэхүү үл итгэлцэл нь Монголын Хятадыг чиглэсэн гадаад бодлого, эдийн засгийн аюулгүй байдал, хараат байдлаас зайлсхийсэн чиглэлд ихэвчлэн нөлөөлдөг байна. Гэсэн хэдий ч, БНХАУ-ын гадаад бодлого, зөөлөн хүч бүс нутгийг даван дэлхийн дахин нөлөөгөө ихэсгэж байгаа цаг үед, хөрш улс, Монгол бид ч бас сайн харилцаатай байх нь чухал. Монгол Улсын шинэчлэгдсэн гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын зорилт нь эдгээр эргэлзээг зөөлрүүлж, Хятад, Орос аль алинтай нь сайн хөршийн улс төрийн, эдийн засгийн, нийгмийн харилцаатай байх зорилттой билээ. 

  1. Монгол Улсын Гадаад Бодлогын Тогтолцооны Шинэчлэл

Монгол Улсын гадаад бодлогын шинэчлэл, хөгжил нь дараах гурван чиглэлд ихээхэн ач холбогдолтой: 

  1. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), Олон Улсын Валютын Сан (ОУВС) болон Дэлхийн Банк (ДБ) зэрэг томоохон байгууллагуудын гишүүн болох;
  2. Улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын чиглэлээр дамжуулан бусад улсуудтай дипломат харилцаа тогтоох;
  3. Бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд мөн гуравдагч хөршийн бодлогод чиглүүлж зөөлөн хүчний бодлогын дагуу өөрсдийн нөлөөллийг ихэсгэх. 

Монгол Улсын гадаад харилцааны бодлого нь гадны улсуудаас ихээхэн хамааралтай байсны улмаас үндэсний аюулгүй байдлын зорилтуудыг тогтмол бэхжүүлж, баталгаажуулах шаардлага тулгарсан юм.  Энэхүү түүхэн үүрэгт нэрт Удирдагч, Маршалл, Ю. Цэдэнбал Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хангах зорилгоо биелүүлэхийн зэрэгцээ хилийн чанадад чиглэсэн гадаад бодлогын үзэл баримтлалыг бий болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Гурван удаагийн амжилтгүй оролдлогын дараагаар Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-д бүрэн эрхт гишүүн орон болсон юм.[7] НҮБ-ын дүрэм журмуудыг дагаж мөрдүүлэх үүднээс тус байгууллага нь Монгол Улсын бусад орнуудтай дипломат харилцаа тогтоох ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн бөгөөд 1972 онд Монгол – Японы хоёр талт харилцаа, мөн 1987 онд Монгол – АНУ-ын хооронд дипломат харилцаа бий болсон нь Дорныг Өрнөдрүү чиглүүлсэн ардчиллын зарчмуудыг түгээх, зах зээлийн эдийн засгийг бий болгох, засгийн газар хоорондын болон ард түмэн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх харилцаанд гүүр болж өгчээ. 2001 онд АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн терpорист халдлагын үр дүнд Монгол – АНУ-ын хоорондох батлан хамгаалах салбарын харилцаа хүчирхэгжив. Өсөн нэмэгдэж буй хоёр талт харилцаанууд нь Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудын социалист сэтгэхүйгээс татгалзаж хөгжил дэвшил болон капиталист сэтгэлгээрүү илүү ихээр чиглэх болсныг илтгэж байна. 

  • Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Тогтолцооны Шинэчлэл

Дэлхий дахин ба бүс нутгийн улс төрийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг шинэчлэх зорилгоор УИX, ЗГ тогтоолууд гаргасан. Монгол Улсын “Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал, УИX-ын 48-р тогтоол”, “Гадаад Бодлогын Үзэл Баримтлал, УИX-ын 10-д тогтоол” гэгдэх хоёр чухал хууль тогтоомжийг нэвтрүүлсэн юм. Энэхүү аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн ач холбогдол нь Монголын нийгэмд сөргөөр нөлөөлж буй гадаадын болон дотоодын асуудлуудыг таслан зогсоох бодлогын үр дагавар билээ. Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлалын цогц шинэчлэлд баталгаат байдал, дасан зохицох чадвар, өсөн нэмэгдэж буй чадавх, стратегийн аюулгүй байдлын хэмжүүрүүд зэрэг чухал ойлголтуудыг хэрэгжүүлжээ. Тус хэмжүүрүүд нь зөвхөн үндэсний ашиг сонирхол, газар нутаг, өв соёл болон онцлогийг хамгаалаад зогсохгүй, гадаад бодлогын бусад зарчмуудад ч хамааралтай юм. ҮАБ-ын зөвлөлөөс эрхлэн гаргасан ҮАБ-ын үзэл баримтлалыг судлав:

  • Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолыг хангах гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэнэ.
  • Аюулгүй байдлын бодлого цогц байх

Монгол Улсад “ оршин тогтнохуйн аюулгүй байдал” , “эдийн засгийн аюулгүй байдал”,  “иргэний/ хүний аюулгүй байдал”, “хүрээлэн буй орчны аюулгүй байдал” болон “мэдээллийн аюулгүй байдал”- ууд хоорондоо харилцан уялдаатай хангагдасанаар үндэсний аюулгүй байдал баталгаажна.

3.1.1.4.  ОХУ, БНХАУ – тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын       ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ, үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ.[8]

Бүс нутгийн үүднээс авч үзвэл, Ази, Номхон далайн орнуудад Хойд Солонгосын цөмийн эмх замбараагүй байдал, Өмнөд болон Дорнод Хятадын тэнгисийн асуудлаар Хятад улсын хурц алхамууд, Зүүн Өмнөд Ази дахь дэлхий нийтийг хамарсан шашны мөргөлдөөний өсөлт, цахим тероризм мэтийн уламжлалт бус аюулгүй байдлын асуудлууд г.м. олон заналхийлэлүүд нүүрлээд байна. Монгол Улсын гадаад бодлого нь хоёр хөрштэйгээ сайн хөршийн бодлогыг хэрэгжүүлэхээс гадна, бүс нутагт ч сайн нөлөө үзүүлэх чиглэлд тэмүүлэж байгаа нь Монгол Улсын гадаад бодлогын шинэчлэлийн алхам мөн. Үүнд, Норвеги улсын жишигээр, Хойд Солонгосын энхийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэж буй Монгол Улсын гадаад бодлого нь ихээхэн чухал ач холбогдолтой юм. 2014 онд Хойд Солонгосын асуудлыг зөвлөлдөх Улаанбаатар Хэлэлцээр чуулга уулзалт зохион байгуулсан бөгөөд талуудад “Зургаан талт хэлэлцээр” хийхийг уриалжээ. ҮАБ-ын тухай хуулийг баталсанаас нэг жилийн дараагаар буюу 2011 онд “Гадаад Бодлогын Үзэл Баримтлал – 10-р тогтоол”-ыг парламентаас баталсан юм. 2010 болон 2011 оны бодлогын бичгүүд нь цогцоороо Монгол Улсын гадаад бодлогын зорилтуудыг шинэчлэн тодруулсан билээ.

ҮАБ-ын бодлого болон Гадаад Бодлогын Үзэл Баримтлалын төрийн бодлого нь бие биенийхээ өөг нөхөж, гадаад болон дотоодын сөрөг бодлогуудаас ангижрах зориулттай билээ. Үүнээс гадна, ГБҮБ нь хоёр талт харилцаа, олон талт харилцаа, БНХАУ болон ОХУ-тай сайн хөршийн харилцаа, улс төр, эдийн засгийн болон аюулгүй байдлын зорилгуудад тулгуурласан гурав дахь хөршийн бодлого, олон улсын үүрэг даалгавар, хүмүүнлэгийн тусламжид Монголын оролцоог нэмэгдүүлэх, технологи инновацийн хөгжилд дэмжлэг үзүүлэхэд түлхэц болохын чухал ач холбогдлыг цохон тэмдэглэсэн юм. Түүхийн ихэнх хугацааны турш Монгол Улсын гадаад бодлого нь ОХУ болон БНХАУ-тай тэнцвэртэй харилцаатай байснаараа гуравдагч хөршүүддээ хүрч ажиллах боломжтой болдог байжээ. Хоёр хөрштэйгээ тэнцвэргүй, муу харилцаатай байх нь гуравдагч хөршийн бодлогыг үр өгөөжгүй болгоход ихээр нөлөөлөх нь гарцаагүй. 2011 оны ГБҮБ нь бусад шинэ салбаруудад ч мөн ашиг тусаа өгсөөр байна. Онцгойлон дурдваас, ГБҮБ -ын 14.2 -р зүйл нь кибер аюулгүй байдлын тухай “Монгол – Энэтхэгийн Стратегийн Түншлэл”  зэрэг хэд хэдэн өндөр төвшний стратегийн гэрээ хэлэлцээрт хэрэглэгдсэн байдаг. 2015 онд Зүүн Ази, Персийн булан тэр ч байтугай Хойд болон Өмнөд Америкийн улсуудтай Монголын дипломат харилцаан өсөлт гарсныг  үүгээр цохон тэмдэглэх нь зүйтэй.

  1. Дүгнэлт

Дэлхийн улс төр нь бусад улс орнуудын бодлогын тогтолцооны хүрээнд хөгжиж байдгийн хувьд, Монгол Улсын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын зорилтуудыг тэднээс ангид авч үзэх боломжгүй юм. Манж Чин Гүрний ноёрхлын эсрэг 200 жилийн тэмцэл, 70-аад гаруй жил Оросын нөлөөнд байсан нь Монголчуудад маш үнэтэй сургамжийг үлдээжээ. Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зорилтууд нь цаг үеэ даган шинэчлэгдсэнээр, уламжлалт болон уламжлалт бус бэрхшээл, аюултай тэмцэх  чадавх, арга барил, бодлогын шинж чанартай ахиц хийж, энэ нь ҮАБҮБ (2010) болон ГБҮБ (2011) -аар батлагдаж байгаа билээ. Монголын орчин үеийн түүхийг тодорхойлж буй хамгийн чухал хоёр баримт юм. Эдийн засгийн хүрээнд ч мөн адил, Монгол орны асар их байгалийн баялгийг ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хүний капитал болгох боломжуудыг энэхүү хоёр төрийн бодлого дэмжиж байгааг энд тэмдэглэв.  Африкийн байгалийн баялгийн хараал, Латин Америкийн уул уурхайн хагалбараас зайлсхийхийн тулд Монгол Улсын засгийн газрууд төрийн бодлогоо дэмжин ажиллана гэхэд итгэж байна.  

 

Судалгааны ажлыг хийсэн, Редактор Л. Болор

Ангилиаас Монголруу хөврүүлсэн, Г.Батцоож, Ц.Эгиймаа

 

[1] 48. http://nsc.gov.mn/?q=ns-concept.

[2] 10. http://www.legalinfo.mn/annex/details/3362?lawid=6340.

[3] Inauguration Ceremony of ‘War Horses’ Monument in Moscow Held. May 9, 2017. http://montsame.mn/en/read/9951.

[4] The Yalta Conference. February 11, 1945. The Library of Congress. Accessed September 20, 2017 https://www.loc.gov/law/help/us-treaties/bevans/m-ust000003-1022.pdf.

[5] Morris Rossabi, Modern Mongolia: From Khans to Commissars to Capitalists (Berkeley: University of California Press, 2005), 226.  

[6] George H.W. Bush and Deng Xiaoping, Memorandum of Conversation between George H.W. Bush and Chairman Deng Xiaoping, February26, 1989. Woodrow Wilson Center. Accessed May 8, 2017.

[7] Permanent Mission of Mongolia to the United Nations. Accessed May 4, 2017. https://www.un.int/mongolia/mongolia/mongolia-and-united-nations-0. 

[8] ҮАБ-ЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ. http://www.nsc.gov.mn/?q=ns-concept.

 

Сэтгэгдэл бичих

    • С. ЛХАГВАЖАВ
    • 2019-11-14

    ӨЧҮҮХЭН ИРГЭНИЙ ӨЧИЛ ҮГСЭЭС: Монгол улсын нэрийн өмнөөс монгол элчингүүд хаа сайгүй ажиллаж байгаа учраас гадаадын гаалийн мэдүүлэгт монгол бичгээ оруулбал 'МОНГОЛ' гэсэн нэр алдар нb мандах ёстойсон. Дэлхийн улс орнуудын нисэх гаалиудын баримт бичгүүдэд монгол бичиг алгаа хө. Монголчууд маанb бүгд гадаад хэлтэй болсон юм уу гэлтэй. Хятад, АНУ, Солонгос ... гэх мэт улсуудад нэвтрэхэд ч хүртэл монгол бичгийн тайлбар байдаггүй ээ. Бид мэтийн настаймонголчууд чинb гадаад хэлэндтийм ч сайн биш шүү дээ. МОНГОЛ УЛС гэж байхгүй ээ гэсэн утга яваад байх шиг нэг л эвгүй бодол төрж .байна. Ер нb монголчууд гадаадад ажиллажбайгаа нb сайшаалттай боловч МОНГОЛ УЛСЫНХАА НЭР ХҮНДЭЭ ӨНДӨРТ ӨРГӨЖ БАЙВАЛ ЗҮГЭЭРСЭН. Адгийн наад зах нb гэхэдхил гаалийн мэдүүлэгтээ МОНГОЛ ҮСГЭЭ тэмдэглүүлчих юм бол 'МӨНХ ТЭНГЭРТЭН МОНГОЛ УЛС'-аа гэсэн нэрээ дэлхийн тавцанд мандуулах хэрэгтэйсэн. НААД ЗАХ Нb ХИЛ ГААЛИЙН МЭДҮҮЛЭГЭЭС ЭХЛЭМЭЭР ... МОНГОЛЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ЮУ ХИЫЖ БАЙНАА ГЭМЭЭР. ЦААШИД ЭНЭХҮҮ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА СОНОР СЭРГЭГ, УХААЛАГ, ОЮУНЛАГ ХАНДАХЫН ЗЭРЭГЦЭЭ МӨНХТЭНГЭРТЭН МОНГОЛ УЛСЫНХАА НЭР ХҮНДЭЭ ӨНДӨРТ МАНДУУЛААСАЙ ГЭЖ ХҮСМЭЭР БАЙНА. ЭНЭ ҮНЭН ҮҮ?, ХУДЛАА ЮУ? МУ-ын жирийн иргэн бөгөөд өндөр настан С.ЛХАГВАЖАВ. 2019 -11-15-ны өдөр.

    • Зочин
    • 2017-11-14

    Өгүүллийн аргумент ойлгомжтой, гэвч монгол хэл найруулгын хувьд учир дутагдалтай байна. Нэлээд сайн орчуулж, баяжуулж гаргаж тавихгүй бол зарим хэсэгт ойлгосонгүй, бас юм...., юм..., гээд давтагдаад орсон байх жишээтэй. Мөн Research Paper question? тодруулж өгмөөр байна.

    • Зочин
    • 2017-11-10

    Sexy niitlel boljee :P

arrow icon