Ж.З.Галт: АНУ нь Монголын гуравдагч хөршийн нэг гэдгээрээ бахархдаг

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо  Монгол улсад Америкийн Нэгдсэн Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Америкийн элчин сайдууд ирэх буцах нь дандаа анхаарал татдаг. Та ирээд 2 жил хагас болж байгаа байх аа?

Ж.З.Галт: Би төлөвлөж байсан хугацаанаасаа өмнө буцах гэж байна. Вашингтонд буцаж очоод Төрийн департаментын Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчоог даргалах саналыг надад тавьсан.

Д.Жаргалсайхан: Энэ албан тушаал чинь манайхаар бол дэд сайд уу?

Ж.З.Галт: Үгүй юм аа. Манай систем арай өөр. Төрийн нарийн бичгийн дарга тэгээд Төрийн нарийн бичгийн даргын орлогч гэж байна. Тэдний доор туслах нарийн бичгийн дарга нараар ахлуулсан товчоод байна. Тэгэхээр энэ түвшин энд яаж буух вэ, тэр нь гэсэн үг.

Д.Жаргалсайхан: Та боловсрол соёлын асуудлаар бусад улсуудтай харилцах АНУ-ын харилцааг хариуцах нь ээ?

Ж.З.Галт: Тийм ээ товчоо маань дэлхийн бүх улс орнуудыг хамаарна. Олон улс оронтой харилцах хэдий ч Монгол орон миний сэтгэл зүрхэнд ойрхон байх болно.

Д.Жаргалсайхан: Таныг энд элчин сайдаар ажилласан 2 жил хагасын хугацаа нь манай ардчиллын хөгжлийн их чухал үе байлаа. Ард түмний итгэлийг хүлээн төр барьж байгаа нам маань дотроо хагаралтай, ийм л зүйлүүд болоод байна. Энэ бүхэнтэй уялдуулан таниас нэг асуулт асуумаар байна. Манай тогтолцоо ардчилал дээр тулгуурлаж бид та нартай ардчиллын үнэт зүйлсээрээ ижилсэж та нараасааа их зүйлд суралцаж байдаг. Ардчилал ийм байх ёстой юу?

Ж.З.Галт: Монголд ардчиллын институцуудыг хөгжүүлэхэд АНУ хамтран ажиллаж байгаагаараа бахархдаг. Бид өөрсдөө “төгс” холбооны улсыг байгуулах хүчин чармайлт дээрээ 242 жилийн турш ажилласаар байгаа. Монголын ардчиллын замнал одоохондоо богинохон байна. Та нар ардчиллаа төгс болгох хүртэл дахиад урт замыг туулна. Намайг энд ажиллах хугацаанд их хурлын болон ерөнхийлөгчийн сонгууль аль аль нь болсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнө нь гарч байгаагүй хоёр дах шатны санал хураалт явагдсан. Аль аль нь тайван, илт тод, шударга, Монголын хууль тогтоомж болон олон улсын сонгуулийн стандартын дагуу явагдлаа. Ерөнхийлөгчийн сонгуулиар өмнө нь гарч байгаагүй хоёр дахь шатны санал хураалт явагдсан. Аль аль нь тайван, ил тод шударга, Монголын хууль тогтоомж болон олон улсын сонгуулийн стандартын дагуу явагдлаа. Монголын ардчиллын ирээдүйн талаар би маш эерэг бодолтой байдаг. Ардчилал бол ард түмнээр бүтээгддэг, ард түмэнд өмчлөгддөг, ард түмний төлөө хийгддэг зүйл. Монголчууд ардчилалд тууштай, ардчиллын үйл явцад оролцох эрмэлзэлтэй байгаа нь надад өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Элчин сайдаар ажиллах хугацаандаа залууст хандсан ажил хийхийг эрмэлзэж байсныг минь та мэднэ. Монгол орон даяар хэдэн зуун манлайлагч залуустай уулзаж ярилцах завшаан надад тохиож байлаа. Тэдгээр залуус нийгэмдээ байгаа асуудлыг олж харж өөрчлөлт хийх зориг эрмэлзэлтэй байгаа нь Монголын ардчилал бат бэх суурьтай, институцуудээ цаашид хөгжүүлээд явна гэдгийг харуулж байна.

Д.Жаргалсайхан: Эдийн засгийн салбарт бидэнд тулгарч байгаа асуудлыг та юу гэж үздэг вэ?

Ж.З.Галт: Манай хоёр улсын хамтын ажиллагааны олон салбарууд дотроос эдийн засгийн харилцааг би онцолж, зорилт тавьж ажилласан. Учир нь бид эдийн засгийн хөгжилд хувийн хэвшил илүү их үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгт бат итгэдэг. Бид Америкт төгсөгчдийн Монголын холбоотой хамтран ажиллахдаа их талархалтай байдаг. Та нар бол 2000 гишүүнтэй АНУ-д суралцаж олсон мэдлэг туршлагаа Монголдоо аваад ирсэн залуу манлайлагчдын эрч хүчтэй бүлэг. Төгсөгчдийн авч ирдэг зүйлсийн нэг бол сайн дурын ажлын үзэл санаа. АНУ-д төр засаг нь иргэдийнхээ төлөө бүх зүйлийг хийж чадахгүй, хийх ч ёсгүй. Төр засгаа төгөлдөржүүлж, эдийн засгаа өөрсдийнхөө төлөө ажиллуулахад иргэд өөрсдөө маш чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж итгэдэг. АНУ-ын хувийн хэвшлийн оролцоог Монголд нэмэгдүүлэх талаар бид нилээд ажиллалаа. Хэдийгээр улс төрийн хувьд төвөгтэй ч ОУВС-ийн багц нь Монголын эдийн засгийг тогтвортой хөгжлийн замд оруулахад нэг зөв гарц нь болно гэдэгт бид итгэлтэй байгаа учраас энэ хөтөлбөрийг авахад ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Мөн монголд мянганы сорилтын корпорацийн хоёр дахь компакт гэрээг авчрахаар шаргуу ажилласаар байна. МСК усны салбарыг онцлон сонгож авсан байгаа. Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд МСК хөрөнгө оруулна.

Д.Жаргалсайхан: Та манай гадаад бодлогыг юу гэж хардаг вэ? Бид бага ч болов нөлөө үзүүлж чадах уу? Бүс нутгийнхаа хэмжээнд Монголын гүйцэтгэх үүргийг та юу гэж боддог вэ?

Ж.З.Галт: Монгол улс АНУ-ын хувьд Аюулгүй байдлын чухал түнш. Монголын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бид маш сайн хүндэтгэн үздэг. АНУ нь Монголын гуравдагч хөршийн нэг гэдгээрээ бахархдаг. Монгол улс ойрын хоёр хөршөөсөө цааших улс орнуудтай хамтран ажиллаж, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд томоохон хувь нэмэр оруулж байгаа. Афганистан дахь ажиллагаа болон Өмнөд Судан, бусад оронд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргээ илгээсээр байгаад бид үргэлж талархдаг. Монгол шиг жижиг орны хувьд энэ бол том дэмжлэг.

Д.Жаргалсайхан: Бид ч бас сайн гуравдагч хөрш байхыг эрмэлздэг. Ерөнхийлөгч асан Элбэгдорж НҮБ-ын индрээс Монгол төвийг сахих бодлого баримтална гэж зарласан. Та энэ бодлогыг юу гэж үздэг вэ?

Ж.З.Галт: Монголчууд өөрсдөө замнах зам ирээдүйгээ тодорхойлно. Тэр бодлого хэрхэн хэрэгжихийг бид анхааралтай ажиглаж байна. Бидний хувьд бол бид Монгол улстай зөвхөн аюулгүй байдлын чиглэлээр бус хүний эрхийг хамгаалах талаар ч хамтран ажиллахдаа таатай байдаг. Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах тал дээр Монгол улс байнга дэмжлэг үзүүлдэгт бид маш их талархалтай байдаг.

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3261

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%