Яагаад Б.Хурцын ТОМИЛГООНЫ СОНСГОЛ-ыг хийх шаардлагатай вэ?

 Ж.Батзандан гишүүн Б.Хурцыг Солонгос руу элчин сайдаар томилох асуудлаар сонсгол хийхийг санаачилж, 21 гишүүн дэмжээд байгаа ажээ

Энэ маш зөв алхам. Нэгд, Б.Хурц бол С.Зоригийн хэрэгт холбогдолгүй, гэм буруугүй Д.Энхбат гэж хүнийг Францаас хулгайлж авч ирэн Монгол Улсын Үндсэн хууль, бусад олон хууль төдийгүй олон улсын хуулиудыг ноцтой зөрчсөн, үүгээ Монголын нэр хүндийг унагасан ч үүндээ огт хариуцлага хүлээгээгүй. Харин ч тушаал дэвшиж даргын зөөлөн суудалд олон жил тухалсан. Иргэн Д.Энхбат хилсээр шалгагдаж байгаад бие нь муудаж суллагдаад жил гаруй хугацааны дараа нас барсан. 

Хоёрт, Б.Хурц нь Монгол Улс дахь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг Эрүүгийн процесст баталгаажуулахыг 2016 онд эсэргүүцэж захидал бичиж байсан. (Энэ талаар товч бичиж бв: “Хүний эрхийг хамгаалсан хууль батлах гэхээр дарга нар эсэргүүцээд байж болохгүй: Б.Хурцын захидлын тухай,” http://www.trends.mn/n/5648) 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар энэ эрхийн баталгааг сулруулж батлуулахад нөлөөлсөн хүмүүсийн нэг бол Б.Хурц. Энэ мэт хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсийн гайгаар монгол хүний эрхийн баталгаа болсон Эрүүгийн процессын хууль ямар байх гол агуулгыг цагдаа, прокурор, тагнуулынхан хүний эрхийн стандарт биш өөрийн тав тухад тохируулан гаргадаг болсон. 2017 оны шинэ эрүүгийн процессын хуульд дэвшилттэй зүйлс бий боловч хүний эрхийн тал дээрх ухралт, дутуу зүйлс бий, энэ бүхэн ийм шалтгаанаар үүссэн. Энэ талаар хоёр удаа саналаа бичгээр өгч байсан:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл (2016)-д өгөх санал,” http://www.trends.mn/n/5649
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл (2017)-д өгөх санал,” http://www.forum.mn/res_mat/2017/OSF_Huuliin%20shuumj_14.pdf

Гуравт, улсын  шугамаар олж авсан мэдээллээрээ УИХ-ын гишүүд зэрэг албан тушаалтны (Ц.Нямдорж, Л.Болд зэрэг) тухай улстөржсөн мэдээлэл цацаж, албан тушаалын асуудал дэгдмэгц өмнө янз бүрийн зүйл ярьж дарамталдаг ч энэ хүмүүстэй холбоотой үнэхээр асуудал байгаа бол түүнийгээ зохих ёсоор шалгуулаад, шүүх рүү шилжүүлэх эсхүл УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор шийдвэрлүүлэх бүрэн боломжтой ч тэгдэггүй.

Ер нь цаашид Цэцийн гишүүн, ХЭҮК-ын дарга, гишүүн, Дээд шүүхийн шүүгч, АТГ-ын дарга зэрэг албан тушаалд нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийж байх хэрэгтэй. Томилгооны сонсголын талаар мөн бичиж байсан: “Цэцийн гишүүн төдийгүй Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурорыг нийтийн сонсголоор томилох нь хуулийн засаглал тогтоход тустай,” http://www.trends.mn/n/3527

Фото эх сурвалж: sonin.mn

 

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4685

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%