Нийтлэл 11 сарын 21, 2017

БИ САЙН ЭЭЖ: Хүүхдийг зөв цагт нь магтаж, зэмлэж байх хэрэгтэй

Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн ээж минь ... Энэ дууг аялах бүрдээ хүн бүр ээжийгээ бодож нулимс цийлэгнүүлдэг. Гэхдээ энэ дууны уран яруу үг, тансаг сайхан хөгжимөөс илүүтэй таны ээжийн сайхан царай, дулаан гар, сүү үнэртсэн энгэрт наалдаж өссөн бага насаа дурсдаг байх.  Бид хүүхдүүдээ зөв хүмүүжил, эерэг хандлагатай хүн болгон төлөвшүүлдэг ээжүүдийн туршлагаас хуваалудаг билээ.  Манай энэ удаагийн дугаарт говь нутгийн бүсгүй Улцангийн Гантөмөр оролцсон юм. Тэрээр Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат. Нутагтаа  ажилсаг хөдөлмөрчөөрөө алдартай. 4 охин 1 хүү төрүүлж өсгөсөн төдийгүй одоо том охин нь Солонгос улсад мэргэжлээ дээшлүүлэхээр суралцаж байгаа бол удаах охидууд нь өөрсдийн мэргэжлийн дагуу амжилттай суралцаж, ажиллаж байгаа. Эднийх голомт залгах ганц хүүтэй. Хүү нь одоогоор авто машины инженер мэргэжлээр суралцдаг. Тэрээр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ эсрэг тэсрэг хоёр зарчмыг нэг дор баримталдаг. Хүүхдүүдийнхээ юу хийх, яаж амьдрахыг нь заалгүй, эрх чөлөөтэй байлгасан ч эргээд дээд зэргийн шаардлага тавьдаг гэнэ. Өөрөөр хэлбэл чи нэг ажил өөрийн дураар эхлүүлсэн бол тэр заавал үр дүнтэй хэн нэгэнд хэрэгтэй байх ёстой. Ингэж аливаа асуудалд хариуцлагатай хандаж, хийж буй ажлаа бүрэн дуусгаж байж эрх чөлөөтэй болно гэдгийг ухамсарлуулахыг чухалчилдаг түүний туршлагаас хуваалцъя.

Хүүхдийг зөв цагт нь магтаж, зэмлэж байх хэрэгтэй

Би ээж хүний хувьд хатуу үедээ хатуу зөөлөн үедээ зөөлөн хандаж ирсэн. Хамгийн гол нь хүүхдүүд яг өсвөр насан дээрээ маш их тогтворгүй байдаг юм. Энэ үед нь маш сайн анхаарал тавьж болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг нь асууж ярилцаж байх шаардлагатай байдаг юм. Мөн хүүхдүүдийнхээ жижиг ч гэсэн амжилтыг магтаж, сайшааж, урам зориг өгөх хэрэгтэй. Хэдийгээр хүүхдийг нүүрэн дээр илт магтах нь биеэ тоож, залхуу болох хандлага байдаг ч ихэнх тохиолдолд урамшиж илүү магтуулахыг хүсдэг. Тиймээс хүүхдийн буруу  хийсэн бүхнийг буруутгалгүй зөв цагт нь магтаж, зэмлэж байж цаашид өөртөө итгэлтэй, зоригтой хүн болж төлөвшдөг.

Мэндлэх, хүндлэх ёсноос хүүхдийн хүмүүжил харагддаг

Манай Говь-Алтай аймагт ёс заншил, соёлыг эрхэмлэдэг хүмүүс их байдаг. Би ч мөн адил монгол ёс уламжлалаа дээдэлдэг, ардын билэг ухааныг хүндэлдэг хүн. Тиймээс би хүүхдүүддээ мэндлэх хүндлэх ёсыг маш сайн зааж сургасан. Хүмүүжил төлөвшил гэдэг миний бодлоор хүнтэй зөв мэндлэхээс эхэлдэг. Ялангуяа цагаан сар, наадам зэрэг Монголын уламжлалт баяр ёслолын үеэр хүнтэй хөөрөглөх, хадгийг хэрхэн барих, ямар үг хэллэг хэрэглэх зэргийг багаас нь заасан.

 Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай байхыг хүүхдүүддээ үргэлж захидаг

Хүсэл мөрөөдөлтэй, зорилго тэмүүлэлтэй байх хамгийн сайхан зүйл. Би хүүхдүүдээ мөрөөдөлтэй бай гэж үргэлж захидаг. Мөрөөдлөө биелүүлэхийг тулд цаг минут тутамд хичээж өөрийнхөө төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлө гэж захидаг юм.

  Хүүхдүүдийнхээ сэтгэх чадварыг хөгжүүлэхийн тулд үлгэр зохиолгодог байсан

Би анхны охиноо сургуульд оруулахдаа л хүүхдүүдээ заавал дээд боловсролтой оюунлаг хүн болгоно гэж боддог байсан. Түүнийхээ дагуу охиноо анх сургуульд ороход нь хамт суугаад хичээлийг нь хийдэг. Чөлөөт цагаараа өөрөө үлгэр домог ярьж өгөөд дараа нь өөрөөр нь үлгэр зохиолгож яриулдаг. Ингэж өөрөө үлгэр зохиож яриулах нь аливаа зүйлсийг өөрөө сэтгэж, бас бусадтай харилцаж, бусдад өөрийгөө ойлгуулах чадварт суралцуулдаг гэж бодсон учраас яг энэ зарчмаар 5 хүүхдээ өсгөсөн.

Олон охидтой ээжид сэтгэл чилээж хонох шөнө чамгүй олон байдаг

Нийгэм өөрчлөгдөхийг хэрээр элдэв гэмт хэрэг, аймшигт мэдээ байнга л сонсогдох болсон. Энэ нь олон охидтой надад үнэхээр түгшүүртэй байдаг. Охидуудаасаа хол байх үе бишгүй тохиолдоно. Энэ үедээ шөнөжин санаа зовж сэтгэлээ чилээж хонодог. Хүмүүс олон охидтой ээж сайхан юм аа. Гэр орон цэмбэгэр хоол унд бэлэн гээд л ярьдаг. Гэхдээ олон охидтой ээжид сэтгэлээ чилээх мөч олон байдаг юм.

 

Сэтгэгдэл бичих

    • U.Dawaa
    • 2017-11-23

    bayr hurgee.duudee

arrow icon