Олон нийтийн амар тайван байдлыг хангахад мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэгтэй

Гэмт хэрэг ихэссэн, аймаар криминал, аюултай террор үед амьдарч байгаа тухай хүн бүр халаг хоохой болж, харамсан гашуудацгаах аж. Зүгээр нэг уулгалаад зогсохгүй хуучны сайхан цагийг санан дурсацгаана...

Комун үед ийм ч сайхан байв, тийм ч гоё байв гээд гол төлөв хүн хоорондын харилцаа, хүний мөсийг дурдаж, гэмт хэрэг бараг гардаггүй байсан шахуу юм ярина. Тэр үеийн хүн бүр бараг л гэгээрсэн будда хавьцааны байж, хувийн өчүүхэн ашиг сонирхлоо таягдан хаяж, эдийн шуналгүй, адын тачаалгүй байсан тухай өгүүлцгээнэ.

Харамсалтай нь бодит байдал дээр огт тийм биш гэдгийг цагдаагийн газрын архиваас харчихаж болно. Заааа, архивтай архивгүй өөр хороололд очоод тархиа хага цохиулж үзээгүй эрчүүд, түрийвчээ суйлуулж, цүнхээ зүсүүлж үзээгүй эмэгтэйчүүд бараг байхгүй дээ. Ер нь л ширүүн, "яг л байгалиараа" байсан үе.

Зөвхөн зодоон цохион, жижиг хулгай дээрмээр зогсохгүй. Хүүхэд хүчиндсэн, хүн мөчилсөн хэрэг ч бас гардаг л байсан юм билээ. Гэхдээ гэмт хэргийн гаралтыг хүн амын тоотой харьцуулж үздэгээр жишиж үзвэл тэр үед өнөөгийнхөөс арай цөөн гэмт хэрэг гардаг байсныг статистикаас харж болно.

Сайндаа ч биш. Тархиа хагалуулсан, хармайгаа ухуулсан болгон тэр бүр цагдаа сэргийлэх, хууль шүүх гээд явдаггүй байсан хэрэг. Тэр байтугай хүчиндүүлсэн бүсгүйчүүд ч чимээгүйхэн босоод өмдөө татаж шороогоо гүвээд нулимсаа арчдаг байсан гэдэг. Гомдол мэдүүлэхгүй, бүртгүүлэхгүй болохоор харьцангуй цөөн хэрэг гардаг, амар тайван юм шиг л харагдана. Яагаад тэгдэг байсныг үнэндээ мэдэхгүй юм. Цагдаа нь муу байв уу, эсвэл "Бүү шалчгана. Эр хүн шиг бай. Сүртэй юм. Лай лай..." гэх мэтийн бүдүүн тоймын хандлагаас болдог уу, эсвэл хүн ам цөөтэй хамаатан садан голдуу байсан болоод тэр үү, бүү мэд.

Гэхдээ хамгийн гол нь, тэр үед аливаа хэрэг хэргийн тухай өнөөгийнх шиг ил задгай зарлаад байдаггүй, мэдээллийг нь таг нуучихдаг байв. Нууцалдаг шалтгаан нь үзэл суртлын үүднээс, тодорхой хэлбэл коммунизмд харш байсан хэрэг. Сонирхолтой нь, энэ бол хаа очиж машид зөв зүйл байсан гэдгийг судлаачдын дүгнэлт илтгэдэг.

Гэмт хэргийн тухай нийтэд ил задгай мэдээлж, "ба бэ-гүй" тоочсоноор нийгэмд далд түгшүүр төрүүлж, айдаст автуулж, улмаар айдас нь гэмт хэргийн сэдлийг үүсгэдэг, өдөөдөг тухай нийгмийн сэтгэлзүйчдийн бичсэн өчнөөн судалгааны материал бий. Одоо бараг гэмт хэрэг гардаггүй гэгдэх Япон, Швед, Норвеги зэрэг хөгжингүй орнуудад нэг талаасаа хууль эрхзүйгээ чангатгаж, ялангуяа хууль сахиулагчдынхаа эрх болон хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, хэвлэл мэдээлэлтэйгээ нэлээд сайн тулж ажилласнаар олон нийтийн амар тайван амгалан байдлыг бүрдүүлж чадсан гэдэг юм билээ.

Сүүлийн үед аливаа хэрэг зөрчлийн талаар олон нийтийн сүлжээгээр эхэлж зарлаж, анхаарлыг нь татаж байгаад дараа нь хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг явдал газар авлаа. Түүнчлэн сенсаци, скандал хөөцөлдсөн вэб сайт, сэтгүүлчид мэдээллийг хэт давсалж, улам хөөрөгддөг. Энэ бол нэг талаар олон нийтийн зүгээс хууль сахиулагчдад итгэл алдарсныг илтгэж байгаагаас гадна, нөгөө талаар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагуудаас мэдээлэл их алдаж байгаагийн илрэл юм. Гэмт хэргийн талаар нийтэд дэлгэрэнгүй мэдээлснээр хэргийг илрүүлэх явц удааширч, гэмт этгээд ял завшдаг гэдэгтэй мэргэжлийн хүмүүс санал нэгддэг.

Тиймээс

нийгмийн сэтгэлзүй, нийтийн аюулгүй байдалд ноцтой хор уршигтай иймэрхүү мэдээллийн гинжин хэлхээг таслан зогсооход бүх нийтээрээ анхаарч, мэргэжлийн байгууллагуудыг ажлаа зохих ёсоор нь хийхэд саад болохгүй байхыг уриалж байна

. Төр засгийн зүгээс ч мөн олон улсын сайн туршлагыг судлан, бодитоор хэрэгжүүлэхийг хүсье.

Жич: Гэмт хэрэг хэмээгч нь ядууралтай шууд холбоотой нийгмийн сөрөг үзэгдэл юм. Эд баялгийн ядуурлаас гадна оюун сэтгэлгээний ядуурал гэж бас байдгийг бүгд мэдэх бизээ.


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%