Нийтлэл 11 сарын 29, 2017

Монгол улсад 9000 гаруй оюутан, сурагчид Хятад хэл суралцаж байна

Монгол улсад Хятад судлалын мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан баярын хурлын үеэр МУИС-ын Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор В.Батмаа Монгол дахь хятад хэлний сургалтын өнөөгийн байдлын тухай илтгэл тавилаа.

Анх 1957 оноос МУИС 10 гаруй хүүхдэд Хятад хэлийг заах болсноор Монгол улсад хятад хэлний сургалт эхэлсэн түүхтэй. Монгол дахь Хятад хэлний сургалтын үйл явцыг 3 хуваан авч үзэж болно. Нэгдүгээр үе шат буюу 1957-1965 онд нийт 52 оюутан Хятад хэл сурч төгсөн. 1965 оноос түүхэн шалтгааны улмаас хятад хэлний сургалт түр зогссон. 1973 оноос 1990 он хүртэл хоёрдугаар үе шат эхэлж МУИС-ыг 79 Хятад хэлний мэргэжилтэн төгсөн гарсан. Гуравдугаар үе шат буюу 1990 оноос Монгол Хятад улсын хоорондын харилцаанд шинэ үе эхэлснээр, Хятад хэл сурах явдал шинэ шатанд гарчээ.

Монгол Хятад улсын харилцаа хөгжихийн хэрээр Хятад хэлний мэргэжилтэн бэлтгэх нийгмийг хэрэгцээ үүссэн. Энэ хэрэгцээ улам бүр өргөжиж Хятад хэл суралцагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Манай улсад сүүлийн 15 жилд Хятад хэлний боловсрол боловсролын тогтолцоонд жинтэй хувь нэмэр эзэлж, Англи хэлний дараа сонгон суралцах хэл болсон.  Одоогийн байдлаар 50 орчим их, дээд, дунд сургууль Хятад хэлний сургалт явуулж байгаа нийт 9000 гаруй оюутан сурагч Хятад хэл суралцаж байна. 2003 онд хийсэн судалгаатай харьцуулахад Хятад хэл суралцагчдын тоо  3 дахин, 2007 оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгджээ.  Нийт суралцагчдын 70 гаруй хувь нь Хятад хэлийг ЕБС-д гүнзгийрүүлэн болон сонгон хэлбэрээр судалж байгаа.  1999 оноос хойш хөдөө орон нутагт Хятад хэлийг заах болсон. Нийт суралцагчдын 90 хувь нь нийслэлд Хятад хэлийг сурч байна.  Хятадын талын санхүүжилтээр сүүлийн жилүүдэд сургуулиудын дэргэд Күнзийн институт, Күнзийн танхимууд байгуулагдсан. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 16 их, дээд сургууль Хятад хэл судлалын мэргэжилтэн бэлтгэж байна. ЕБС-ын сургуульд 7300 орчим сурагч Хятад хэл судалж байгаагаас 5000 гаруй сурагчид хувийн хэвшлийн 20 гаруй дунд сургуульд  Хятад хэлийг судалж байна. Хятад хэл судалж байгаа сурагчдын тоо Баклаврын түвшинд судалж байгаа оюутнуудын тооноос бараг 3 дахин их байна. Төрийн өмчийн 18, 23, 15, 44-р сургуулиуд Хятад хэлний сонгоны ангийг хичээллүүлж байна. Жишээ сонирхуулахад 15-р сургуульд гэхэд 3-7-р ангийн 560 сурагчид Хятад хэлийг сонгон суралцаж байна.

Харин их дээд сургуулиудад Хятад хэлний үндсэн мэргэжлээр суралцагчдын тоо аажмаар буурч байгаа бол Хятад хэлийг сонгон болон хавсарга хэлбэрээр суралцагчдын тоо нэмэгджээ. Энэ нь Хятад хэлний мэргэжилтнүүдийн нийгмийн эрэлт хэрэгцээнд томоохон өөрчлөлт гарсныг харуулж байна гэлээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon