Нийтлэл 12 сарын 03, 2017

Б.Түмэнцэнгэл: Биткойн бол зохицуулалтгүй, өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлтэй сүүлийн үед олны анхаарлыг татаж байгаа цахим мөнгө, криптовалютын талаар ярилцлаа.

Сүүлийн үед криптовалют буюу нэг төрлийн электрон мөнгө олны анхаарлыг татаж байна. Тэр дундаас Биткойн яагаад ингэж ярианы сэдэв болж байна вэ?

Олон хүн Биткойныг сонирхож байгаа нь ерөөсөө л үнийн огцом өсөлттэй холбоотой. Нэг Биткойны үнэ жил хүрэхгүй хугацаанд 4 нугарсан шүү дээ. 9-р сарын эхээр $5000 ам.доллар давсан нь нэг унци алтнаас даруй 4 дахин үнэтэй болчихсон гэсэн үг. Иймд Биткойныг мөнгөө богино хугацаанд хялбар аргаар өсгөчих боломж гэж харж буй хүмүүс цөөнгүй байв. Улмаар Биткойн мэтийн электрон мөнгийг хэрхэн худалдаж авах вэ, эсвэл яаж олборлох вэ, гүйлгээ хийхэд найдвартай юу, төлбөр тооцоог нь хүссэн газруудад нь хүлээн зөвшөөрөх болов уу, эргээд мөнгөө яаж гаргаж авах вэ гэх мэт асуултууд их сонирхол татаж байх шиг байна. Харин нѳгѳѳ талаар, Биткойн үнэхээр баталгаатай төлбөрийн хэрэгсэл байж чадах уу, үнэ цэнээ хадгалж чадах хөрөнгө оруулалтын хэрэгсэл байж чадах уу гэдэг эргэлзээ ч бас хөндөгдөж байна.

Электрон мөнгө нэлээд шинэлэг сэдэв учраас магадгүй ер нь электрон мөнгө гэж яг юу болох талаар, давуу болон сул талуудынх нь талаар манай уншигчдад танилцуулбал?

Юуны өмнө мөнгө биет бус буюу электрон хэлбэртэй болсон нь тийм ч цоо шинэ зүйл биш гэдгийг онцлох нь зүйтэй болов уу. Жишээ нь, таны цалингийн картанд байгаа мөнгө л гэхэд электрон мөнгөний нэг төрөл гэж хэлж болно. Нэг сонирхолтой статистик дурьдахад, Монголын эдийн засагт ойролцоогоор 890 тэрбум төгрөг бэлнээр эргэлдэж байгаа нь нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 6% гаруйг л эзэлж байна. Харин үлдсэн нь бэлэн бус хэлбэрт буюу санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд электрон хэлбэрээр оршиж буй. Ер нь дэлхийн хандлага, ялангуяа хөгжсөн орнуудын чиг хандлага ийм болсон. Британид иргэд, ААН-уудын эзэмшиж буй мөнгөний ердөө 4% нь л бэлэн дэвсгэртүүд байна гэдгийг Английн төв банк мэдээлж байх жишээтэй. Тэгэхээр мэдээллийн технологи, санхүүгийн зах зээлийн хөгжилтэй холбоотойгоор орчин үеийн эдийн засагт ихэнх мөнгө аль хэдийн бэлэн бусаар, электрон хэлбэрээр хадгалагддаг болчихсон гэж ойлгож болно. Бэлэн мөнгөний хэрэглээ ийнхүү буурснаар мөнгөө хаях гээх эрсдэлүүд буурах, шилжүүлэг хийхэд зарцуулах цагийг хэмнэх зэрэг давуу талтай. Түүнчлэн, мөнгө бэлэн бус хэлбэрт байх нь нийт эдийн засгийн хэмжээнд маш их зардлыг хэмнэдэг. Жишээ нь, хөгжсөн орнуудын хувьд бэлэн мөнгийг үйлдвэрлэхээс эхлээд хадгалах, тээвэрлэх, эцэст нь бохирдож муудсан үед нь устгах хүртэлх дамжлагад гардаг зардал нь жилдээ ДНБ-ийн 2%-тай тэнцдэг бол хөгжиж буй орны хувьд энэхүү үзүүлэлт 7%-д хүрдэг гэсэн тооцоо бий.

Тэгвэл сүүлийн үед гол ярианы сэдэв болоод байгаа Биткойн юугаараа өөр, тийм шинэлэг зүйл вэ?

Биткойн мэтийн электрон мөнгийг болохоор криптовалют гээд байгаа. Криптовалют бол нэлээд шинэлэг зүйл юм. Одоогоор дэлхийн зах зээл дээр нийт 1000 орчим криптовалют буюу шинэ төрлийн электрон мөнгө арилжаалагдаж байна. Эдгээрээс хамгийн танил болсон нь гэвэл Биткойн. Криптовалютын хамгийн гол онцлог бол төв банк ч юм уу хэн нэгэн төвлөрсөн институци хариуцаж гүйлгээнд гаргадаггүй явдал юм. Биткойн гэхэд 2008 онд Сатоши Накамото нэртэй авторын бичсэн томъёоны дагуу явагдаж, тал талд IT компани, хувь хүмүүс олборлон зах зээлд нийлүүлж байгаа. Түүнчлэн аливаа гүйлгээ, шилжүүлэг хийхэд завсрын зуучлагч буюу банк, санхүүгийн байгууллага шаардлагагүй бѳгѳѳд гүйлгээнд оролцогчид хоороондоо шууд харьцах буюу peer-to-peer гүйлгээ хийдгээрээ онцлог.  Мөн төлбөр тооцоо хийж буй хүний хувийн мэдээлэл нууцлагддаг, хэн нэгэн зохицуулагчийн зүгээс хяналт багатай зэргээрээ онцлогтой. Тэгэхээр, эндээс криптовалют нь мөнгийг анх төв банк хэвлээд, харин гүйлгээг санхүүгийн байгууллагуудаар дамжуулж хийдэг, сэжигтэй гүйлгээг хянадаг г.м. уламжлалт ойлголтыг нэлээд эвдсэн зүйл гэдэг нь харагдаж байна.

Тэгвэл Биткойн хэр найдвартай мөнгө вэ гэдэг талаар ярилцъя. Мөнгөө криптовалют руу оруулсан дээр үү, үгүй юу гэж эргэлзэж байгаа хүмүүст энэ асуудал хамгийн сонирхолтой байх?

Биткойн буюу, криптовалютыг хэдийгээр “электрон мөнгө” гэж нэрлэж байгаа ч яг үнэндээ мөнгө гэж нэрлэх хэцүү. Учир нь эдийн засагт юуг мөнгө гэх вэ гэдэг тодорхойлолтыг одоохондоо бүрэн хангаж чадахгүй байгаа. Нэг ийм жишээгээр тайлбарлая. Хүн төрөлхтний түүхийг эргээд харахаар янз бүрийн л зүйлс мөнгөтэй төстэй зорилгоор тѳлбѳр тооцоонд хэрэглэгдэж ирсэн байдаг. Зарим орнуудад халуун ногоо, будаа, давсаар хүртэл төлбөр тооцоо гүйцэтгэж байсан тохиолдлууд бий. Монголд малчин айл ѳрхүүд одоо ч хониор төлбөр хийх тохиолдол байдаг шүү дээ. Гэхдээ тэглээ гээд эдгээр зүйлсийг яг мөнгө гэх үү гэдэг эргэлзээтэй. Ер нь ийм 3 гол шаардлагыг хангасан зүйлийг орчин үед бид мөнгө гэж нэрлээд байгаа. Нэгт, аливаа зүйлийн үнийг хэмжих нэгж байж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал. Хоёрт, чөлөөтэй хөрвөх төлбөр тооцооны хэрэгсэл байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал. Гуравт, үнэ цэнээ удаан хугацаанд тогтвортой хадгалж чадаж байна уу гэдэг асуудал юм. Харин криптовалютуудын хувьд, жишээ нь мөнгөн тэмдэгт шиг дуртай дэлгүүртээ ороод юм худалдаж авч чадахгүйн зэрэгцээ үнэ нь байнга савлагаатай, тогтворгүй гэдэг утгаараа ѳнѳѳдѳр мөнгөний үүргийг гүйцэтгэж чадахгүй байна гэж хэлж болох юм.

Гэхдээ л Биткойныг маш том өөрчлөлт авчрах ирээдүйтэй гээд байгаа шүү дээ.  Энэ тал дээр мэргэжилтнүүд ямар байр суурьтай байгаа вэ?

Энэ сэдэв бол хүн бүрийн л сонирхож байгаа сэдэв байх. Технологийн компаниуд ч тэр, эдийн засагч судлаачид ч тэр, хөрөнгө оруулагч нар ч цаашид юу болох нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ яг Биткойн гэхээсээ, ер нь криптовалютын үндэс болсон Блокчейн (blockchain) гэдэг технологи дээр гол анхаарал тѳвлѳрч байгаа гэхэд болно. Дээр хэлсэнчлэн криптовалютыг электрон хэлбэртэйгээс гадна тѳв банкнаас гаргадаггүй, банк г.м. зуучлагчийг шаардлагагүй болгож байгаа зүйл нь энэ технологи. Гүйлгээг дамжуулах, хянах, баталгаажуулах цаг, зардал хэмнэх боломжийг олгож буй гэдгээрээ нэлээд чухал өөрчлөлтийг авчрах потенциальтай гэгдэж буй. Тэгэхээр, цаашид блокчейн технологийн бүрэн потенциаль юу вэ, ямар салбарт том ѳѳрчлѳлт авчрах боломжтой вэ гэдэг дээр гол маргаан явагдаж байх шиг байна. Санхүүгийн салбар ч үүнд орчихсон явж байгаа учраас төв банкууд, санхүүгийн байгууллагууд ч блокчейн технологийг судлаад явж байна. Гэхдээ энэхүү технологи нь нэлээд шинэ зүйл учраас яг ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь одоогоор нээлттэй асуулт.

Биткойны ирээдүй тэгэхээр ямар байна гэсэн үг вэ?

Одоогоор Блокчейн технологийг олон хүнд таниулсан бүтээгдэхүүн нь Биткойн болж байна. Технологийн компаниудын хувьд, нэлээд өөдрөгөөр харж криптовалютын тѳслүүдэд цаг, мөнгө, эрч хүчээ зориулж буй. Гэхдээ энэ давалгаан дунд яваа IТ инженерүүд өөрсдөө ч криптовалютын боломж хаа хүрэх вэ гэдгийг мэдэхгүй байна. Харин төв банкууд, зохицуулагч нар бол ерөнхийдөө нэлээд консерватив байр суурьтай байгаа. Орчин үед уламжлалт банк, санхүүгийн тогтолцоог эрүүл найдвартай байлгах хяналтын систем нэлээд хөгжсөн ч, Силикон хөндийд борооны дараах мөөг шиг үүссэн криптовалютын компаниудыг хэрхэх вэ гэдэг одоогоор тодорхой бус байна. Судлаачид дунд болохоор Биткойны одоогийн үнийн өсөлтийг спекуляци, хөөсрөлт гэж харж байгаа хүн олон. Саяхан хөрөнгийн үнийн талаарх шилдэг экспертүүдийн нэг Йелийн их сургуулийн Роберт Шиллер гэхэд “Биткойны үнэ бол зах зээл дээрх үнийн хөөсрөлтийн шилдэг жишээ” гээд хэлчихлээ шүү дээ.

Хөрөнгө оруулалтын мэргэжлийн байгууллагуудын нэг JPMorgan-ий захирал бас “Биткойныг луйвар, Биткойн худалдаж авсан ажилтан байвал ажлаас нь хална” гэдэг утгатай зүйл хэлсэн нь нэлээд шуугиан дэгдээсэн?

Жеми Даймон болохоор Биткойны ирээдүй сайнаар төгсөхгүй гэдгийг дахин дахин хэлээд байгаа. Гол нь Биткойны хэмжээ томорлоо ч төрөөс хүчтэй зохицуулалт орж ирэх тул эрсдэл бий гэдэг зүйлийг онцолж буй. Энэ нь ч үндэслэлтэй. Саяхан Хятадын төв банкнаас Биткойнтой холбоотой хязгаарлалтуудыг хийхэд үнэ нь $3000 руу огцом унасан шүү дээ. Хэрэв цаашид үнэхээр зарим хүмүүсийн төсөөлж буй шиг криптовалютуудын хэмжээ, нөлөө нь нэмэгдээд ирвэл бусад улс орны зохицуулагч нар ч зүгээр суухгүй л болов уу. Одоогийн байдлаар криптовалютуудын хэмжээ харьцангуй жижиг байна.

Дэлхийн хэмжээнд зах зээл дээр байгаа 1000 криптовалютуудын нийт үнэлгээ гэхэд $150 тэрбум шүргэж байгаа нь зөвхөн бэлнээр гүйлгээнд байгаа ам.доллараас 10 дахин бага гэсэн үг

. Үүний хажууд форекс зах зээл, хувьцааны зах зээл, бондын зах зээл хэдэн триллион ам.долларын хэмжээтэй, олон улсын эдийн засагт ч хүчтэй нѳлѳѳтэй тул чанга зохицуулалт дор байдаг. Мѳн криптовалют ашиглаж буй хүмүүсийн тоо ч одоогоор харьцангуй цөөн байна. Кэмбрижийн их сургуулиас оны эхэнд хийсэн нэг судалгаагаар 6 сая орчим хүн л криптовалют хадгалдаг цахим түрийвч ашиглаж байна гэсэн байсан. Дэлхийн хэмжээнд шүү дээ.

Тэгвэл Биткойны үнэ цаашид унана гэж ойлгож болох уу? Хэрэв үнэ огцом савлаж унасан тохиолдолд эдийн засагт юу болох вэ?

Сүүлийн 1-2 сард л гэхэд Биткойны үнэ огцом өсч $5000 давснаа одоо эргээд $3000 руу ороод ирлээ. Ийм богино хугацааны үнийг таамаглах хэцүү бөгөөд цаашид яах вэ гэдэг ч тодорхой бус юм. Гэхдээ эндээс ямар ч байсан Биткойны үнэ их эмзэг гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр Биткойн бидний амьдралд ямар бодит үнэ цэнэтэй вэ гэдгийг нь бодож үзэх хэрэгтэй. Одоогоор Биткойн бидний амьдралд яг ямар хувь нэмэр оруулах үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг хэлэхэд эрт байна. Ийнхүү Биткойны бодит үнэ цэнийг хэн ч бүрэн ойлгоогүй байтал үнэ огцом өссөн нь богино хугацааны ашиг хонжоо хайх сонирхлоос үүдэлтэй. Иймд үнийн өсөлт нь анхнаасаа спекуляцийн шинж чанартай харагдаж байгаа. Үүнд зарим мэргэжлийн хөрөнгө оруулагч нар ч оролцож байгаа нь үнийн өсөлтийг улам дэвэргэсэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын өгөөж түүхэнд байгаагүй буурсан байгаа энэ цаг үед тэдний хөрөнгө оруулалтын портфолиод бага дүнтэй, өндөр эрсдэлтэй багц ч орж байгаа гэдгийг мартаж болохгүй байх. Харин эдийн засагт учруулах хохирол талаас нь авч үзвэл, өмнө хэлсэнчлэн хэрэглэгчийн тоо, зах зээлийн хэмжээ нь жижиг учраас үнийн хөөс хагарлаа ч дэлхийн эдийн засаг, эсвэл нэг улс орны эдийн засагт ч нөлөөтэй тогтолцооны эрсдэл учруулахгүй гэдгийг төв банкууд хэлж байгаа.

Одоо тэгвэл Монголын талаар ярилцъя. Ер нь цахим мөнгөөр гүйлгээ хийх, худалдан авах орчин Монголд ямар байна вэ?

Монголын хувьд өнгөрсөн 5-р сарын 31-нд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсан. Цахим мөнгөтэй холбоотой тусгай бүлэг оруулсан нь хуулийн нэг онцлог гэж хэлж болно. Хуульд цахим мөнгө, түүний шинжүүдийг тодорхойлж, Монголбанкнаас зөвшөөрөл олгох, хяналт тавих эрхийг хуульчилж өгснөөр цахим мөнгөний хэрэглээний талаар үүсэж болзошгүй төөрөгдөл, мөнгөний нийлүүлэлтэд нөлөөлж болох сөрөг үр дагавраас хамгаалах боломжтой болно гэж үзэж байгаа. Түүнчлэн, Мөнгөний бодлогын 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагааг Монголбанкны зөвшөөрөлтэй эрхлэх эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгохоор тусгасан. Тэгэхээр цаашид хуулийн хүрээнд холбогдох журмуудыг боловсруулж баталснаар техник технологийн хөгжлийг даган гарч ирж буй финтек (fintech) буюу санхүүгийн технологийн компаниудын үйл ажиллагаа зохицуулагдах боломжтой болно. Гэхдээ хуулинд “цахим мөнгө” гэж Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий Монголбанкны зөвшөөрөлтэй гаргасан бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хэлнэ гэж заасан байгаа. Цахим мөнгө нь заавал мөнгөн хөрөнгөөр баталгаажиж, эргээд мөнгөн хөрөнгөд чөлөөтэй хөрвөх шаардлагатай тул криптовалютууд үүнд хамаарахгүй юм.

Тэгвэл криптовалютуудын хувьд ямар зохицуулалт хийгдэх вэ?  Биткойны сонирхож буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Биткойны хувьд эрсдэл талаас нь анхааруулмаар байна. Нэгт, криптовалютууд ямар дүрмээр зохицуулагдах вэ гэдэг нь хараахан тодорхойгүй байна. Одоогоор олон улсад ч Биткойныг зохицуулах нэгдсэн зохицуулалт боловсронгуй болоогүй. Цөөн хэдэн төв банк зохицуулалт гаргасан ч гол зорилго нь зах зээлд оролцогчдод тэгш байдлыг бий болгох, мөнгө угаах-терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилготой холбоотой. Ер нь зохицуулагч нарт одоохондоо ажиглах байр суурь давамгайлж байна уу гэж харагдаж байгаа. Тэгэхээр, цаашид нэг эсвэл хэд хэдэн оронд криптовалютыг хязгаарлах ч юм уу хууль, журам гараад эхэлбэл мэдээж Биткойны үнэд нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй.  Хоёрт, Биткойны үнэ өөрөө их савлагаатай, эмзэг зүйл. Жишээ нь 1-2 мэдэгдэл л өндөр хэлбэлзэл үүсгэж байна. Цаашид үнэд нөлөөлөх үйл явдлуудыг урьдчилж таах боломжгүй. Блокчейн технологийн потенциалийг мэдэхийн тул төв банкууд өөрсдөө маш анхааралтай ажиглаж, судалгаа хийж буй. Роланд Бергер гээд зөвлөх компанийн мэдээлснээр бол 2016 оны эцэст 90 орчим төв банк криптовалютын талаар судалгаа явуулж, зарим нь өөрийн криптовалют гаргах талаар ч судалж буйг онцолсон байсан. Тэгэхээр, жишээ нь төв банкууд зохицуулалт хийхээс гадна, өөрсдөө илүү найдвартай криптовалют гүйлгээнд гаргаад эхэлбэл Биткойн мэт бусад криптовалютын үнэ яах вэ гэдэг том асуудал юм. Гуравт, криптовалют шинэлэг зүйл болохоор аливаа халдлага, цахим аюулгүй байдлын асуудлууд ч яригдах байх.

Хуулинд Монголд сүүлийн үед хүмүүс их сонирхож буй OneCoin той холбооотой зүйл заалт бий юу?

Юуны өмнө, Onecoin бол криптовалют биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Криптовалют бол мөнгөн хөрөнгөөр баталгааждаггүй, хэн нэгэн институци найдвартай байдлыг нь хариуцдаггүй хэдий ч, ядаж л цаана нь үйлдлийг нь хянадаг тодорхой зүй тогтол, Блокчейн технологи, криптографи явж байгаа. Харин Onecoin бол зүгээр л Понзи схем зохиодог байсан хэдэн хүмүүс нийлээд офшорт компани байгуулж, үйл ажиллагааг нь удирддаг гэдгийг Википедиа дээр ч тайлбарласан байгаа. Итали, Герман, Энэтхэг гээд олон оронд Onecoin-ий үйл ажиллагаанд хориг тавьж, оролцсон хүмүүсийг нь баривчлах зэрэг арга хэмжээг ч авсан. Понзи схем яаж ажилладаг вэ гэхээр, өндөр ашиг амлан олон хүн элсүүлж мөнгийг нь хурааж авна. Гэхдээ мөнгийг өсгөх бизнес, ашигтай хөрөнгө оруулалт ард нь байдаггүй. Иймд дараагийн хүмүүсийг элсүүлж, хурааж авсан мөнгөөрөө л өмнөх хүмүүстээ амласан өндөр хүү, орлогыг тарааж өгөөд, үлдсэнийг нь зохион байгуулагч нь өөрөө авчихдаг луйврын сүлжээ буюу пирамид юм. Ийм сүлжээнүүд таны оруулсан мөнгийг өмнөх хүнд өгөөд, харин дараагийн хүнээс авсан мөнгөө танд өгдөг учраас цаашид хангалттай олон хүн элсэхгүй бол шууд нурж унадаг маш аюултай зүйл. Тэр үед өндөр хүү, ашиг байтугай анх оруулсан мөнгөө эргүүлж авах боломжгүй гэсэн үг. Onecoin бол ийм л зүйл бөгөөд мөнгөө өсгөнө гээд худалдаад автал хэзээ нураад унах нь тодорхойгүй пирамидан схем юм. Оруулсан мөнгө чинь өсөөд байна гэх ч, яг гаргаад авъя гэхээр бас өгдөггүй. Хамгийн гол нь схем нурж унаад мөнгөө алдсан хохирогч гарч иртэл шууд хууль хяналтын байгууллагаас оролцох, зогсоох бүрэн үндэслэлгүй байдаг нь олон улс оронд ийм төрлийн залилан хийгдэх боломжийг олгоод байдаг.

Ярилцсанд баярлалаа!

Криптовалюттай холбоотой зарим сонирхолтой судалгааны материал, эх үүсвэрүүд:

  1. Global Cryptocurrency Benchmark Study
  2. New realities in central banking: The rise of cryptocurrency
  3. Blockchain, Explained
  4. Central bank cryptocurrencies 
  5. Bitesize: The very volatile value of cryptocurrencies 

Эх сурвалж: Монгол банк

Сэтгэгдэл бичих

arrow icon