Нийтлэл 12 сарын 04, 2017

Д.Эрдэнэбат: Чингис бондын мөнгө оффшорт гараагүй, Монголын бүтээн байгуулалтанд зарцуулагдсан

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: УИХ-д өргөн мэдүүлсэн 37 хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай эсэх талаар АН-ын бүлэг саналаа нэгтгэсэн. Эдгээр хуулийн төслүүдээс зайлшгүй тодруулах 17 хуулийн төсөл байна. Улс орны нийгэм эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой хэлэлцэх нэн шаардлагатай 12 хуулийн төсөл байна. 37 хуулийн төслийн дотор тухайн үед өргөн баригдаж байсан ч ач холбогдол нь буурсан 8 хуулийн төсөл байна гэж дүгнэлээ. 

Монгол банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хийсэн шалгалтын дүгнэлттэй АН санал нийлэхгүй байгаа. 2012-2016 онд явуулсан мөнгөний бодлого нь хямралын үе дэх суурь эдийн засгаа дэмжих Мөнгөний бодлого байсан. Эрх баригчид харин энэ мөнгөний бодлогыг төсвийн бодлого руу оруулсан. Харин төсвийн бодлого огт үр дүнгээ өгөхгүй байгаа гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Уул уурхайн үнийн өсөлт явагдаж, Оюутолгойн гэрээ хийгдэж байсан тэр үе буюу 2008-2012 оны эдийн засгийн нөхцөл байдлыг бид эргэж ярилцах ёстой. 2008-2012 оны нөхцөл байдлыг дүгнэхгүйгээр 2012-2016 оны мөнгөний бодлого дээр ийм гоомой дүгнэлт гаргаж болохгүй гэж бид үзэж байгаа. 2012-2016 он бол түүхий эдийн үнэ унасан, хямрал нүүрэлсэн үе. 2008-2012 онд болсон эдийн засгийн тэлэлтийг унагахгүй тулд тухайн үед бодлого авч хэрэгжүүлсэн. Энэ талаар Ардчилсан нам мэдэгдэл гаргана.

2008-2012 онд инфляци 13-14 хувьтай байсан. Хэрэглээний эдийн засгийг дагаж инфляци өссөн. Инфляцийн өсөлтийн бүтцийг харвал 2,3 хувийг эрэлтийн гаралтай, 3,1 хувийг нийлүүлэлтийн гаралтай инфляци эзэлж байжээ. 2010-2012 он дуустал иргэн бүрт олгосон 75000,  21000 төгрөгийн бодлого 90 тэрбумын хэрэглээний инфляцийг бий болгоход нөлөөлсөн. Энэ үед хэрэглээний барааны импортын үнэ 43 хувиар өссөн. Эдийн засаг 17 хувийн өсөлттэй байсныг өрхийн хэмжээнд аваачин хуримтлал үүсгэж чадаагүй. Тухайн үед 34-44 хувиар өсч байсан махны үнийг тогтворжуулахгүйгээр Монгол банк инфляцийг дунд хугацаанд зорилтот хэмжээнд барих ямар ч боломжгүй байсан. Иймээс инфляцийг бууруулах, тогтворжуулах шаардлага Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүргэсэн.

2008-2012 онд эдийн засаг тэлэхэд онцгой нөлөөлсөн нь Оюутолгой. Оюутолгой эдийн засагт огцом өсөлт авчирсан ч, Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн гэж бид үздэг. Оюутолгойн 34 хувийг тухайн үеийн засгийн газар 11 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэ 11 хувийн хүүтэй зээлийг буцаагаад жилийн үечлэлтэйгээр 34 хувь дээрээ нэмээд, зээлэн дээр хүү нэмэгдсэн өрийг төлж байгааг бид эргэж харах ёстой. Энэ нь өөрөө валютын хомсдлыг бий болгох шалтгаан болсон. Оюутолгойн гаргасан бүтээгдэхүүний үнээ Монголд оруулж ирж чаддаггүй, зөвхөн зардалд шаардлагатай хөрөнгөө валют болгон Монголд оруулж ирж байгаа нь Монголын тэлсэн эдийн засагт байнгын валютын хомсдол бий болгож инфляцийг өдөөж байгаа нэг хэрэгсэл болж байна.

Бидний шүүмжлээд байгаа Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол энэ инфляцийн савалтыг бууруулсан юм. Сааруулахдаа инфляцийг 1.1 хувь хүртэл сааруулсан.

Чингис бондын мөнгө оффшорт гараагүй, Монголын бүтээн байгуулалтанд зарцуулагдсан. Үүний хамгийн том ажил нь 80000 айлыг орон сууцжуулсан явдал. Ипотекийн зээл хэрэгжиж 200 000 ажлын байрыг хадгалж,  утааг нэмэгдүүлэхгүй байхад тодорхой хувь нэмэр болсон. Нийтдээ Монгол банкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 3,9 их наяд төгрөг гарсан байдгийн 2,8 их наяд нь ипотекийн зээл байдаг. Үүнийг хоорондоо хуйвалдаж авч идсэн мэтээр тайлбарлаж байгаа нь буруу. Үлдсэн 1,1 их наяд төгрөг нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарцуулагдсан.  Энэхүү бодлогын арга хэмжээний үр дүнд шатахуун, махны үнийг тогтвортой барьж чадсан.

Эх сурвалж: УИХ дахь Ардчилсан намын бүлэг

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-12-04

    За арай ч Оюутолгойн 34 хувь хөрөнгө оруулсан зээлд улсаас мөнгө гаргаж төлж байгаа нь худлаа байлгүй дээ. Хүртэх ёстой ноогдол ашгаа жил болгон тэр зээлийн төлбөртөө хийж байгаа биз дээ. Эрдэнэбат даргаа доллар 1000 төгрөгнөөс доошилно гэсэн чинь яасан бэ?

arrow icon