Елена Алонсо Фрели: Дуурь бүжгийн эрдмийн театраас санал аваад найрал дуунд дуулж байгаа

VTV HD телевизийн нийгэм улс төрийн хүрээн дэх тулгамдсан асуудлыг хөндөж ярилцдаг “De Facto” нэвтрүүлэг энэ удаагийн дугаарын зочноороо Испанийн зохиолч, дуучин Елена Алонсо Фрелитай ярилцсаныг trends.mn тоймлон хүргэж байна.

Д.Жаргалсайхан: Испани болон Мексикт уран зохиолын шагнал өмнө нь хүртсэн тухайгаа ярьж өгөх үү? Ямар номоороо авсан вэ?

Елена Алонсо Фрели: Би харьцангуй хожуу ном бичиж эхэлсэн л дээ. Таны мэдэж байгаагаар би хуульч хүн, энэ мэргэжлээрээ сургууль төгссөн. Гэхдээ уран зохиолын ертөнцөд хөл тавих хүсэл маань надад үргэлж байсаар ирсэн. Энэ маань миний тээж явдаг чин хүсэл болоод ч тэр үү байнга л ном уншиж уран зохиолыг ихэд сонирхож ирсэн. Төрөлхийн авьяастай төрсөн хүн л зохиолч болох ёстой гэж боддог байлаа л даа. Би өөрийгөө зохиолч биш хуульч болох учиртай хүн гэж боддог байсан тэгээд ч болсон. Хэзээ ч зохиолч болно гэж мөрөөдөж явсангүй. Тийм ч учраас би бусдаас бага зэрэг өөр карьераар явж ирсэн гэхэд болно.Би Аргентинд байхдаа буюу хожуу зохиол бичиж эхэлсэн. Гэрээсээ Испани эх орноосоо маш хол байх тэр үедээ карьераа өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдсан. Эхэндээ хүнд хэлэлгүй нууцаар бичиж байсан л даа. Бичсэн гар бичмэлээ нэргүйгээр уран зохиолын томоохон шагналууд руу илгээдэг байлаа. Харин гайхалтай нь миний гар бичмэлүүд тэр том шагналуудаас ээлж дарааллан шагнал хүртэж эхэлсэн. Эдгээр шагналууд тодорхой шалгууруудтай тэр дунд нь хэвлэгдэж гарсан байх ёстой гэсэн байдаг.

Д.Жаргалсайхан: Тэгэхээр таны ном хэвлэгдэхээсээ ч өмнө шагналууд хүртжээ. Дан гар бичмэлээрээ байсан уу?

Елена Алонсо Фрели: Тийм нэргүй явуулсан хэвлэгдээгүй гар бичмэлүүд маань байсан.

Д.Жаргалсайхан: Мексикээс хүртсэн шагналын тань талаар?

Елена Алонсо Фрели: Саяхан хүртсэн энэ шагнал маань Мексикийн засгийн газраас олгодог “Сор Хуан Инэ Дэ Ла Круз” нэртэй шагнал байгаа. Зохиол мөн л хэвлэгдсэн байх ёстой гэдэг шаардлага тавьдаг.

Д.Жаргалсайхан: Энэ ном тань Мексикчүүдэд ямар нөлөө үзүүлсэн вэ?

Елена Алонсо Фрели: Энэ ном маань богино өгүүллэгүүдээс бүтсэн байгаа. Тус шагналын шүүгчид нь Испани Мексикийн хамгийн том эрх баригчдаас томилогддог, тиймээс уг шагналыг хүртэхдээ би ихэд баярласан. Хэдэн жилийн өмнө тус шагналын бас хүртэж байсан. “Сор Хуан Инэ Дэ Ла Круз” бол богино өгүүллэгүүдийн түүвэр зохиолуудад өгдөг Мексикийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. Би зохиолоо Испани хэл дээр бичдэг учир Испаничууд ч мөн их уншдаг.

Д.Жаргалсайхан: Та Франц улсад мөн суралцаж байсан байх аа?

Елена Алонсо Фрели: Тийм ээ. Францад 4 жил суралцсан. Бакалаврын сургалтаа дүүргээд магистрын зэрэг авахаар тэнд суралцсан юм.

Д.Жаргалсайхан: Та “Анистисиагийн үе” гэдэг ном бичсэн. Үйл явдал нь Германд нэгэн сувиллыг тойрон өрнөдөг. Энэ зохиолынхоо талаар та ярьж өгөхгүй юу?

Елена Алонсо Фрели: Энэ номоо залуу үеийнхэнд зориулан бичсэн. Зүрхний өвчтэй хүүхэдтэй ээж хүнийхээ хувьд амьдрал туршлага дээрээ үндэслэн энэхүү зохиолоо бичсэн. Хүүхэд наснаасаа өсвөр насанд хүрээд амьдрал нь өөрчлөгдөж буй ч тодорхой хязгаарт баригдаж буй хүн амьдралыг арай өөрөөр харж, туулж болох талаар юм. Хүүхдийнхээ оронд бий өөрийгөө тавьж үзэж илүү сайн ойлгохыг хичээдэг байсан маань зохиолд маань нөлөөлсөн. Зохиолд маань зүрхний архаг өвчинтэй өсвөр насны хүүхдийн талаар гарна. Хүү маань зүрхний хагалгаанд орсны дараа бид хоёр Берлиний ойролцоох нөхөн сэргээх эмнэлэгт хэсэг байрласан юм. Тэр үед зохиолоо бичих санаа төрсөн юм. Тэр эмнэлэг архаг өвчтэй хүүхэд өсвөр насныхныг эмчилж асардаг бөгөөд гайхалтай нв тэр эмнэлгийн байранд өмнө нь Зүүн Германы социалист намын удирдагчид амьдарч байсан юм байна лээ.

Тус удирдлагууд Берлинээс 30 км-ын зайтай ой модон дунд жижиг суурин байгуулсан ба 1950-иад онд болсон Унгарын хувьсгалын дараа хотын төвд байхаас зайлсхийж тус суурин руу нүүсэн байдаг. Энэ нь хаалттай суурин байсан.

Д.Жаргалсайхан: Яагаад “мэдээ алдуулах” тухай нэрэндээ шигтгэж өгсөн юм бэ?

Елена Алонсо Фрели: “Анистисия” буюу мэдээ алдуулалт бол зохиолын маань нэгэн салшгүй хэсэг. Харин “Мэдээ алдсан эрин” гэж нэрлэсэн учир нь энэ зохиолд маань хүнд өвчтэй өсвөр насны хүүхдүүд ойр ойрхон хагалгаанд орох шаардлагатай тулгарч буй тэр үеийг нь харуулдаг. Нөгөө талаас зохиол өрнөж буй энэ үе бол Зүүн Германд хүмүүс эрх чөлөө бүрэн эдлэлгүй амьдарч байсан түүхэн жилүүд учраас ийнхүү нэрлэсэн.

Д.Жаргалсайхан: Таны бичсэн бас нэгэн ном бол “Найрал дууны хөвгүүд”. Энэ номныхоо талаар бидэнд ярьж өгөхгүй юу?

Елена Алонсо Фрели: Энэхүү ном нь Венийн найрал дууны хөвгүүдийн тухай. Энэ ном маань удахгүй монгол хэл дээр хэвлэгдэнэ. Бид аль хэдийнээ ажиллаад эхэлчихсэн байгаа. Дараа хавар гэхэд гарчих байх аа. Энэ тухайд би их баяртай байгаа. 1930-аад оны үед тус найрал хөгжмийн хамтлаг 1 жилээс урт хугацаанд дэлхийг тойрон аялан тоглолт хийх болдог. Энэ үед нь тэдэнд тохиосон явдлын тухай ном юм.

Д.Жаргалсайхан: Та Берлиний чамгүй алдартай томоохон театрт найрал дууны хамтлагт дуулж байсан гэж сонссон. Энэ тухайгаа ярьж өгөх үү?

Елена Алонсо Фрели: Бусад хүмүүстэй адил зүйл хийхийг хүсч ганцаараа байлгүй өөрийгөө нээж хүмүүстэй хамтарч нэгэн зүйлийг хамтдаа бүтээх мэдрэмжийг авахыг хүсч байсан юм. Зохиолч хүн цаас болон өөртэйгээ маш их цагийг өнгөрөөдөг. Нөгөө талаар би түрүүн хэлсэнчлэн дуу хөгжим гэдэг үргэлж миний амьдралтай холбоотой байсан. Дуулж яагаад болохгүй гэж бодсон юм. Берлинд маш олон найрал дууны хамтлаг бий. Тэгээд анхаарал татсан найрал дууны хамтлагтаа элссэн юм.

Д.Жаргалсайхан: Та өмнө нь дуулдаг байсан уу?

Елена Алонсо Фрели: Үгүй ээ. Дуулдаг байгаагүй. Дуулах дуртай ч мэргэжлийн хэмжээнд дуулж үзээгүй байсан.

Д.Жаргалсайхан: Та Берлинд дуулж байсан бол одоо Монголын найрал дуунд дуулж байгаа. Ямар санагдаж байгаа вэ?

Елена Алонсо Фрели: Тиймээ энэ бол маш том боломж байсан. Ингэнэ гэж зүүдлээчгүй явлаа. Анх энд ирээд дуу хөгжмөөсөө холдож их санагалзана гэж бодож байсан ч Дуурь бүжгийн эрдмийн театраас санал аваад ихэд баярласан.

Д.Жаргалсайхан: Таны хувьд Берлин ба Улаанбаатарт дуулах хоёрын ялгаа нь юу байсан вэ?

Елена Алонсо Фрели: Миний хувьд мэдээж энд хэлний хувьд хэлний хувьд бага зэрэг асуудалтай.

Д.Жаргалсайхан: Монгол хэл дээр дуулж байсан уу?

Елена Алонсо Фрели: Үгүй ээ. Тоглолтын хувьд Итали дуурь бол Итали хэл дээрээ. Харин зааварчилгааны хувьд “Одоо эднээс эхэлнэ, одоо давтана шүү “ гэх мэт яриа сонсоод монгол хэл мэдэхгүй бол ойлгохгүй шүү дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар сүүлдээ юу болоод байгааг ойлгоод ирдэг.

Д.Жаргалсайхан: Хоолойн сургуулилт бэлтгэл зэрэгт зарчмын хувьд Улаанбаатар болон Берлин ялгаатай байна уу?

Елена Алонсо Фрели: Би Герман маягаар суралцсан, тийм болохоор сахилга батыг чанд сахидаг. Тэдэн цагт эхэлнэ гэсэн л бол тэр цагтаа эхэлдэг. Энд ирээд ч тийм л байсан. Цаг барих их чухал, хэзээ ч хоцорч болохгүй. Тийм болохоор адилхан сахилга баттай эсвэл зохион байгуулалттай гэсэн үг.

Д.Жаргалсайхан: Үндэсний ондоошил гэж юу вэ?

Елена Алонсо Фрели: Энэ миний их боддог асуудал. Таны хэлснээр би Испани хойд хэсэгт өссөн. Хүүхэд байхдаа үндсэрхэг үзлийн хамгийн муухай хэлбэрийг харж байсан. Мухар үзэл санаа болон терроризмд бид олон арван жилийн турш өртөж байлаа. Миний ойлгож байгаагаар үндсэрхэг үзэл хоёр талтай. Энэ нь явсаар эцэстээ эх оронч үзэл зэргээс үүдэлтэй аюултай үзэгдлүүдийг амархан үүсгэж болно. Миний дүгнэж байгаагаар үндсэрхэг үзэл бол өнгөрсөн зуунуудад болсон олон муу зүйлсийн шалтгаан байсан байх. Үндсэрхэг үзлээс болж яагаад хувь хүний үндсэн мөн чанарыг үндэстэн, улсын хил зэрэг хийсвэр зүйлд хязгаарлан хамааруулаад байгааг би ойлгодоггүй. Улс орны хил хязгаар бол өнөө үед хийсвэр зүйл болсон шүү дээ. Дээр үед бол хил хязгаарыг давах боломжгүй хаалттай байсан. Үүнийг ойлгоход надад хүндрэлтэй байдаг.

Д.Жаргалсайхан: Та өөрийгөө Испани хүн гэж тодорхойлох уу, эсвэл Герман хүн үү? Үгүй бол дэлхийн хүн гэж үздэг үү?

Елена Алонсо Фрели: Аль нь ч биш. Би өөрийнхөө үндэсний харьяаллаа олж тодорхойлох гэж хичээж байгаа. Магадгүй би Испани хэлний харьяалалд багтах байх, яагаад гэвэл би Испани хэлээр өөрийгөө илэрхийлдэг. Тэгэхээр намайг эх хэл маань бусдын хувьд хэн гэдгийг маань тодорхойлдог гэсэн үг. Миний ярьдаг хэл намайг тодорхойлдог байж болно. Нөгөө талаас Испани хэлтэй болсон маань зүгээр тохиолдол байж болох шүү дээ. Би Испанид төрсөн, эцэг эх маань Испанид амьдарч байсан хэрэг.

Д.Жаргалсайхан: Хоёр өөр хэл эзэмшсэн хүний ондоошилд ямар өөрчлөлт гарах вэ?

Елена Алонсо Фрели: Би энэ асуултыг мөн л өөртөө тавьдаг. Гэхдээ миний бодлоор тэд өөр улсуудаар их аялдаг. Тэдний хувьд ч нэг улсад харьяалагдана гэдэг бол асуудал биш.

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4684

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%