Нийтлэл 12 сарын 06, 2017

АМЬДРАЛ САЙХАН: Золиос гаргахаас айдаггүй хүнийг амжилт үргэлж дагадаг

Зорилгодоо хүрэх зам өв тэгш, шулуун байдаггүй ч, хэн нэгний хатуу шүүмжлэл болон бусдад гологдох нь биднийг тэр зүйлээ орхиход хүргэх ч тохиолдол бий. Эсвэл улам илүү амжилт гаргах эрч хүчийг өгөх нь ч бий. Гэхдээ  хичээж, зүтгэж,  хөдөлмөрлөсөн хэнийг ч амьдрал үргэлж шагнаж байдаг.  Ингэж өгч, авч, санаж, сэхээрч байдаг болохоор хүний амьдрал сайхан. Бидний Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн гэрэл гэгээтэй сайхнаас амьдралын эрээн барааныг сурвалжлан хүргэдэг “Амьдрал сайхан” булангийн энэ дугаарт, боксын спортын мастер Д.Дэлгэрмөрөн  анх боксын спортод хөл тавьж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцсан юм.

Нэг тийм үг байдаг даа. Золиос гаргахаас айдаггүй хүнийг амжилт үргэлж дагадаг гэж. Энэ үг намайг үргэлж хурцалж, энэ үгийн хүчинд итгэж би анх спортод хөл тавьсан юм. Би арван жилд байхдаа сагсан бөмбөгт их сонирхолтой хүүхэд байсан юм. Тэгээд 2008 онд биеийн тамир спортын мэргэжлийн сургалттай дунд сургууль биеийн тамирын ангид орж суралцаж байсан юм. Тэгээд өглөө бүр зааланд ирж бэлтгэл хийнэ. Их дуртай.  Гэхдээ тэмцээн уралдаан болохоор би дандаа сэлгээнд суудаг байлаа. Тэгээд надад багийн спортоос илүү хувийн спорт тохирох юм шиг санагдаад энэ тухай бодож эхэлсэн. Уг нь манай аав боксын дасгалжуулагч хүн л дээ. Нэг удаа өглөө эрт сагсныхаа бэлтгэл дээр ирээд байж байсан боксын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байлаа. Тэгсэн жин бүрээс нэг хүн оролцоно гэсэн чинь 42кг-ийн жинд оролцох  хүн байгаагүй учраас би бүртгүүлсэн тэгээд өрсөлдөгч маань ирээгүй болохоор би аварга болсон. Энэ үеэс эхлээд л бокс тоглох хүсэл минь улам нэмэгдэж спортоор хичээллэж эхэлсэн. Аав маань намайг маш сайн дэмжиж надад тусалдаг. Манай аав миний дасгалжуулагч юм. Аавтайгаа хамт ренгин дээр гарахад үнэхээр сайхан байдаг. 

Анх дүүргийн аварга болохдоо огт зодолдолгүйгээр шууд л  аварга болчихсон би чинь хамгийн анхны тулаанаараа клубынхаа хүүхдэд зодуулаад гарсан. Тэр хүүхэд намайг энэ чинь иймхэн байсан юм уу гэж басамжилж байгаа мэт сэтгэгдэл төрж хүмүүс намайг юу ч чадахгүй хүн байна гэж байгаа юм шиг мэдрэмж төрж өөрийгөө маш их голсон.  Мэдээж анх эхэлж байгаа хүн бусдад гологдох ч үе байна. Яг тэр үед би маш их хичээж би  амжилт гаргана гэж өөрийгөө зоригжуулж, хичээнгүйлэн бэлтгэлээ хийсэн.

Өдөр бүр эрт ирж бэлтгэл хийж, хичээсэн. Одоо би гайгүй болж байна, одоо тэмцээнд орвол би заавал ялна гэж бодож ороод ялагдах тохиолдол ч байсан. Дасгалжуулагч болон бусад хүмүүсээс хатуу үг сонсоно, ялагдсандаа шаралхаж уйлах ч үе байна. Гэхдээ л би маш сайн тэвчиж, зориглож хичээж байсан болохоор би амжилт гаргаж чадсан. Ингэж хичээсний үр дүнд хамгийн анх өөрийн хөлс хүчээ зарцуулж “Олимпийн гараа” тэмцээнд 46 кг-ийн жинд алтан медаль авч байсан юм.

Би боксын спортын хажуугаар МУИС-д элсэн орж хичээл, спорт хоёрыг хослуулж байсан тэр дөрвөн жил их ололт амжилттай сайхан он жилүүд байсан. Хүн ер нь хичээж зүтгэвэл болохгүй бүтэхгүй зүйл гэж байдаггүй юм билээ. Амьдралд золиос гаргахгүйгээр, амжилтад хүрч хийж бүтээнэ гэж байхгүй шүү дээ. Мэдээж би боксын спортоор хичээллэснээр чамгүй гэмтэж бэртэж, түүнээсээ болж шантрах, хичээл сургууль маань хаягдах үе ч байсан. Гэхдээ энэ бүхэнд шантарч сэтгэлээр унах бүрдээ  сайхан хөлсөө гартал бэлтгэлээ хийсний дараа дуртай дуугаа сонсоод л эрч хүч авч улам илүү амжилт гаргамаар санагдаж амьдрал минь илүү тод гэрэлтэй харагддаг. 

Ер нь аливаа зүйлсийг хийхэд гэр бүлийн халамж тэдний тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байдаг. Би харин их азтай. Ааваараа дасгалжуулж, аавтайгаа хамт бэлтгэл хийж, аавтайгаа хамт ренгин дээр гарахад их сайхан мэдрэмж төрдөг.

 

Сэтгэгдэл бичих

    • Mgl
    • 2017-12-06

    Mundag ohind amjilt husie!! Iluu ih amjilt gargaj Mgl tumnee bayarluulj Mongoliin anhnii Olympic champion boloooroi

arrow icon