Нийтлэл 12 сарын 07, 2017

Г.Занданшатар: 18 хувийн хүүтэй зээлийг 2 хувийн хүүтэй зээлээр солихын тулд л ОУВС-ийн хөтөлбөрт орж байгаа

Засгийн газрын хуралдаанаар 19 асуудал хэлэлцэж, 4 асуудалтай танилцжээ. Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Оффшор бүсэд хамрагдах нутаг дэвсгэрийн тоог нэмжээ.

Оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрүүдийг шинэчлэн баталлаа. Өмнө нь батлагдсан оффшор бүс нутгуудын жагсаалтад УИХ-ын нэр бүхийн гишүүдээс ОУВС-ын оффшор жагсаалтад дурдагдсан Швейцарь, Сингапур, Хонгконг улсуудыг оруулах хүсэлт илгээсэн. Засгийн газар судалж үзээд оффшор бүс түүний нутаг дэвсгэрийн жагсаалтад эдгээр гурван улсын нэрийг нэмж 49 болгож баталлаа. Монгол улсыг Европын Холбооноос хар жагсаалтад оруулсантай уялдуулан татварын ил тод байдлыг хангах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчноо шинэчлэн батлах төлөвлөгөөг баталлаа. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд FATF буюу санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллаж, Монгол улс хар жагсаалтаас гарах хууль эрх зүйн шинэчлэлийг хийх юм.

Ард түмний хувьцааг бодит хөрөнгө болгох ажлын хэсэг байгуулагджээ.

Иргэдийн эзэмшиж буй Эрдэнэс таван толгой ХК-ийн хувьцааг биетэй бодитой хөрөнгө болгох, хөрөнгийн зах зээлд гаргах, хөрөнгийн бирж дэх хоёр дахь арилжаанд оруулах, ЭТТ-н  гэрээг ил нээлттэй болгох, тус компанийн нүүрс худалдах гэрээг  олон нийтэд нээлттэй, ил тод хариуцлагатай болгож, дуудлага худалдааг шилэн болгож хөгжүүлэх асуудлыг судлах, шийдвэртэй үр дүн гаргах ажлын хэсгийг уул уурхайн сайдаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг нь Эрдэнэс таван толгойг яаж эргэлтэнд оруулах вэ? Төрийн өмчийн энэ компанийн үр өгөөжийг хэрхэн сайжруулах вэ? Ард түмний хувьцааг яаж олон нийтэд биет мөнгөн хэлбэртэй болгож хөрөнгийн биржид арилжаалагддаг хувьцаа болгох вэ? гэсэн засгийн газрын чиг баримжааг гаргахаар ажиллах юм.

ОУВС-н хөтөлбөрт хамрагдснаар одоо авч буй зээлээс  дор хаяж  4 дахин бага хүүтэй зээл авна.

ОУВС-ийн 2 томоохон зээлийн асуудлыг хэлэлцэж, УИХ-д өргөн барилаа. Эдгээр нь Монгол улсын засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй өргөтгөсөн санхүүжилтийн багц хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төсөв, нийгэм болон эдийн засгийн бодлогын зээлийн хэлэлцээр юм.  Дашрамд хэлэхэд, ОУВС-ийн талаар зөрүүтэй ойлголттой байгаа дээр тодруулга хэлье. 2012-2016 онд авсан зээлүүд нь 6, 8, 10, 16 хүүтэй . Энэ зээлийн хүүндээ бид 1.2 их наядын хүү төлж байна. Өнөөдөр төсөв яагаад алдагдалтай байна вэ? гэхээр авсан зээлээрээ зам барьчихсан. Зам эргээд мөнгө олж ирэхгүй. Авсан зээлийн хүү ийм өндөр байгаа нь төсөв алдагдалтай байх гол шалтгаан болж байгаа. ОУВС бидэнд 8, 6 дахин дор хаяад 4 дахин хямд хүүтэй буюу 2 хүртэл хувийн хүүтэй зээлийг бидэнд олгож байгаа. Ийм учраас энэ ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хэн ч гэсэн өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй болгохын тулд явна. Бага хүүтэй зээл өгч байгаа учраас бидэнд бүсээ чангал, хэтэрхий үрэлгэн зардлаа багасга гэдэг шаардлага тавьж байгаа юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төсвийн алдагдал 10 хүртэл хувийн хүүтэй, 1.2 их наядын алдагдалтай явж ирсэн. Алдагдлыг мэдээж зээлээр нөхнө. Зээл нь өндөр хүүтэй.  Дотоодын банкуудаас 18 хувийн хүүтэй авсан зээл хүртэл бий.  18 хувийн хүүтэй зээлийг 2 хувийн хүүтэй зээлээр солихын тулд л ОУВС-ийн хөтөлбөрт орж байгаа. Энэ утгаараа ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр нь төсвийн алдаглыг бууруулж байгаа гол бодлого юм.

2012-2016 онд Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.1 их наядын зээл олгожээ.

Хөгжлийн банкнаас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2012-2016 онуудад аж ахуй нэгжүүдэд  3.1 их наядын зээл олгосон. Энэ 3.1 их наядаар барьсан зам, барилгуудын гүйцэтгэгч сонгон шалгаруулалт нь тодорхой бус, ил тод, нээлттэй бус, төсөвт өртөг нь хэт өндөр, ажлын гүйцэтгэл чанар муу гэсэн маш олон шүүмжлэлүүд гарсан. Энэ шүүмжлэлийг яам, яамны сайд нар нягтлан нарийвчлан шалгаад үнэхээр хууль зөрчсөн алдаа, эндэгдэлтэй зүйл байх юм бол засч залруулах үүргийг 2 сарын хугацаатай өгсөн. Хоёр сарын дараа Чингис бонд, Хөгжлийн банкны зээл, улсын төсөв үр дүнтэй зарцуулагдсан эсэх талаар  яам яамны дүгнэлтийг сонсоно. Үүн дээр үргэлжлүүлэн бид хариуцлага сахилгын асуудлыг шийднэ гэлээ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon