Матарскоп: Хорвоотой танилцсан түүх

"Утаатай танилцсан минь" 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өмнөх долоо хоногт нийслэлийн утаа ихтэй бүсүүдэд ажиллаж, оройн цагаар утааны нөхцөл байдалтай танилцаж, гэр хорооллын иргэдтэй уулзан санал бодлыг нь сонсжээ. 

- Ээж ээ, надад утаа үзүүлээч! гэж би нэг өдөр гуйлаа. Ээж:

- Баянхошуунд оч! Тэнд чиний утаа бэлэн бий гэв. Би Баянхошуу руу явлаа. Зуны дунд сарын үед бараа сүр нь ил  тод харагддаг мөртөө өвлийн дунд сард хэн хаана байгаа нь үл мэдэгдэх орчинд манай нутаг усныхан өөдөө уруугаа нүүдэллэн нутагладаг ажээ. Намайг Баянхошуунд очиход айлын хүүхдүүд ямар нэг зүйлээс зугатах мэт гудамжинд доош бөхийн ам, хамраа таглан явцгааж байлаа.

- Та нар юу хийж байгаа юм бэ? гэж би сониучлан асуув.

- Утаанаас зугатаж байна гэж тэд амандаа хариуллаа.

- Ямар утаа? гэж асуувал:

- Ийм утаа гэж нэг жаал яндангийн зүг заав. Тэр яндангаас гарах утаа хар саарал өнгөтэй атлаа  ойр хавийн агаар мандлаас үл ялгаран харагдаж байв. Тэр мэт сонин хачин утаа байдаг гэдэгт би үнэмшиж ядан үнэртэж үзлээ.

- Энэ бол энгийн үзэгдэл гэж тэр янданг заасан хүү тэгж гайхуулав. Утаан дунд амьсгалж яваад хоолой хорсож уйлав. Хүүхдүүд намайг тойрон ирж,

- Битгий уйл. Утаан дотор эвтэйхэн амьсгалж сур. Утаа их ууртай шүү гэж нэг охин сануулав. Утаа ийм байдаг юм байна "Маск зүүе" гэж би өчлөө

 Нэг ийм юм болсон юм даг уу даа. Ерөнхий сайд цэвэрлэх байгууламж, цахилгаан станц, махны үйлдвэр, маск зүүх бүстэй танилцаж “Хорвоотой танилцсан түүх” зохиолын гол дүрд тоглож байх зуур утаатай Улаанбаатарын иргэд “Тунгалаг Тамир” киноны Долгорын дүрийн сүүлийн үзэгдэлд тоглож байна. “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу?”

                                                                                                                           гэрэл зургийг arslan.mn-ээс

"Агаар цэвэршүүлэгчтэй танилцсан минь"

Улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулахад зориулан 17.3 тэрбум төгрөгийг суулгасан. Улс орныхоо хүн амын тэн хагасын амьд явах эрхийг үүгээр хангана гэвэл дэндүү чамлалттай тоо. Гэхдээ зарцуулалтыг нь харвал дэндүү хайран тоо юм. Засгийн газар нэн тэргүүнд дотоод орчны бохирдлыг бууруулах, тэр дундаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн анги танхимуудад агаар цэвэршүүлэгч суурилуулах зорилго тавьж, 4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд агаар цэвэршүүлэгч импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, бүтээгдэхүүн үйлчилгээтэй нь танилцсан байна.

                                                                                                             гэрэл зургийг montsame.mn-ээс

Агаар цэвэршүүлэгч, цахилгаан халаагуур авч тавих шийдвэр гаргуулах байсан бол тэрбум, тэрбумаар нь зарцуулан сонгууль хийж та нарыг сонгосны хэрэг юун. Аав, ээж бид нар өөрсдөө ээлжилж суугаад аль аятайхан импортлогчоос нь авч тавиад байж чадна. Асуудлын уг үндэстэй нь биш үр дагавартай нь хэдэн жил хоосон сэлэм эргүүлж тэмцэх вэ? Дарга нар аа? 

"Аз жаргалын индекстэй танилцсан минь"

Харин энэ удаад нийслэлийн төсөвт тусгагдсан “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал боловсруулах ажилд 1 тэрбум төгрөг зарцуулах" төлөвлөгөөтэй би өөрөө танилцлаа. Манай иргэдийн аз жаргалын индекс тодорхой. Идэр есөд заадаг темпратуртай л тэнцүү. Дарга болчихоор нүд нь таглараад, чих нь бөглөрөөд, хамар нь битүүрчихдэггүй л баймаар. Эсвэл энэ индекс утаанаас ялгарч буй аз жаргал, түгжрэлээс ялгарч буй аз жаргал гэх мэтчилэнгээр уг гарвалаар нь их нарийвчлалтай гаргадаг юм уу? Индексийнхээ талаар илүү дэлгэрэнгүй тайлбар өгөөч НИТХ-ынхаан.

"Зүүн Азийн Аялал жуулчлалын төвийн төсөвтэй танилцсан минь"

Нийслэлийн ирэх онд хэрэгжүүлэх төсвийг цаашлуулан сонирхвол "Зүүн хойд Азийн Аялал жуулчлалын төв болох ажилд 3 тэрбумыг зарцуулна" гэнэ. Хэн хорт утаагаар дүүрэн камер луу эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө дэнчин тавьж жуулчлах вэ? Экстрийм аялал сонирхогчид уу? Хэрвээ агаар цэвэршүүлэгч авч тавиад аялагчдыг уриалан дуудна гэж тооцсон бол энэ уриагаа Зүүн Азийн “ЭКСТРИЙМ Аялал жуулчлалын төв болно” гэж өөрчилмөөр юм даа. 

 

 

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 398

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

9%
МАН
27%
АН
62%
Шинэ гуравдагч хүчин
  • 9%
  • 27%
  • 62%