Зуршил ба өөрчлөлтийн хүч

“Чи л өөрчлөгдөхгүй юм бол чиний амьдрал хэзээ ч өөрчлөгдөхгүй.”-Жим Рон

Дулаахан ор, амттай зүүд…гэтэл гэнэт сэрүүлэг дуугарч энэ бүхэн хормын төдийд сарнин алга болж цааш үргэлжлүүлэн унтах уу, эсвэл босоод амьдралаа өөрчлөх үү хэмээх сонголтыг хүн бүхэн өглөө болгон хийдэг… Харин алийг нь сонгосноос шалтгаалан өнөөдөр чиний амьдрал хаана байгаа нь тодорхойлогдож байгаа.

Хүн нэг бол хангалттай урам зориг авсан үедээ нэг бол цөхрөлд орсон үедээ өөрчлөлтийн талаар бодож эхэлдэг гэдэг. Хэдийгээр яг юу тухайн хүнийг өөрчлөгдөх шийдвэр гаргахад хүргэдэг нь тун нууцлаг боловч дараах шалтгаануууд голчилдог.

Батаа хийж чадаж байгаа бол би ч гэсэн чадна шүү дээ гэсэн хор шар

Би энийг хийж чадсан юм чинь үүнийг ч гэсэн хийж чадна шүү дээ гэсэн урамшил

Дахин ганц ч хором ингэж амьдарч чадахгүй нь, одоо хангалттай гэсэн цөхрөл

Би одоо байгаагаасаа илүү байж чадна, надад илүү их потенциал байгаа юм байна гэсэн урамшил

Өөрчлөлт бол амар хялбар зүйл биш. Энэ бол маш том сорил. Хүн нэгэнт хэвшсэн, дадсан тав тухтай тойргоосоо гарна гэдэг үнэхээр таагүй мэдрэмж. Өглөө 5 цагт босдог, эртлэн гүйдэг гэхээр бусад хүмүүс чамд тэр чинь үнэхээр гоё байдаг байхдаа, үнэхээр л их сонирхолтой болоод л хийж байгаа байхдаа гэж их хэлдэг байх. Гэвч үнэндээ тийм биш. Заримдаа  нойр үнэхээр их хүрнэ, ядрана, заримдаа юуны төлөө хийгээд байгаагаа ойлгохгүй, хар өглөө өөр хийх юмгүй мэт амьсгаа давхцан гүйх үнэндээ тийм ч таатай биш. Огтхон ч таатай биш.  Гэвч энэ бүхэн өөрчлөгдөж болно. Энийг чи өөрчилж чадна.

“Бид нөхцөл байдлыг үргэлж сайжруулахыг хүсдэг ч өөрийгөө сайжруулахыг хүсдэггүй болохоороо амьдрал хэзээ ч дээрддэггүй.”- Жэймс Аллен

Тиймээс амьдралаа гэнэт нэг өдөр 100 хувь, бүгдийг өөрчлөнө гэдэг боломжгүй. Харин маш бага багаар, өөрчилж эхлэх хэрэгтэй. Магадгүй тогтсон нэг муу зуршлаа зогсоож, нэг эерэг сайн зуршлыг бий болго. Манай Амжилтыг Өнөөдөр Өөрөөсөө ТББ-ын залуус яг л үүнийг хэрэгжүүлж эхлээд 21 хоног амжилттай явж байна.

Тогтуун нуурын мандалруу чулуу шидэхэд чулуу унах газарт эхний хүчтэй давалгаа үүсдэг бол тэр давалгаа аажмаар тэлсээр тун удалгүй нуурыг бүхэлд нь бүрхдэг. Энэ бол өөрчлөлтийн хүч. Чи өнөөдөр нэг өөрчлөлтийг амьдралдаа хийж чадах юм бол дахиад илүү олныг хийж чадах сэдлээ авах болно. Өөрчлөгдөх тусам чи өнөөдөр, яг одоо байгаагаасаа илүү дээр, илүү чадварлаг болоод зогсохгүй урд нь огт харж байгаагүй өөр өөр боломж, бололцоонуудыг олж харах болно.

Амьдрал ямар үед хамгийн утгагүй санагддаг вэ? Чи огтхон ч хөгжихгүй, нэг л газраа гацчихсан юм шиг тэр үед. Яагаад гэвэл амьдрал бол ахиц дэвшил байх ёстой. Заавал агуу том байх албагүй гэхдээ чи бага ч гэсэн урагшилж бас хөгжиж байх ёстой. Тэгж байж л сая чи амьдралд илүү талархаж, урам зориг, хүсэл мөрөөдөл дүүрэн амьдарч чадах болно.

Аугаа Авраам Линконийн нэгэнтээ “Би их удаан алхдаг гэхдээ би ухарч алхдаггүй” хэмээсэн байдгийг эрхэм уншигч та оюундаа нэг тунгаана биз дээ.

Амжилт хүсье!

 


avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%