Ж.Энхбаяр: Улс төрийн нам авлигын вирус тээгч учраас төр авлигын хорт хавдраар өвчилсөн

Иргэний нийгмийн байгууллагуудын санаачилгаар Авилгын эсрэг парламентын бүлэг (МОНПАК)-тэй хамтран "ШИЛЭН НАМ" авлигын эсрэг түншлэлд нэгдэх үйл ажиллагаа 2017 оны Төрийн ордонд зохион байгуулагдаж байна. Авлигын эсрэг түншлэл нь иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намын нэр хүндтэй гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөллийн хамтын санаачилга юм. Энэхүү хуралд хэлсэн УИХ-ын гишүүдийн үзэл бодлыг онцолж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Монголчууд бүгдээрээ авлигадаа дасчихсан

Жил бүр маш олон авлигын эсрэг хурлууд болдог. Ингэж ерөнхий яригдсаар байгаад Монголчууд бүгдээрээ авлигадаа дасчихжээ. 1990 оны үед гаалийн байгууллага хамгийн их авилгад идэгдсэн гэж үздэг байсан бол 2000 оны эхээр газар олгох байгууллага, уул уурхайн байгууллагатай холбоотой гэдэг жишиг рүү орсон. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд гааль, шүүх, цагдаа гээд энэ байгууллагуудынхаа дээд талд нь улс төрийн нам гарчихсан байна гэж иргэд үзэж байна гэдэг бол Монгол улс төрийн системийн авлига буюу авлигын хамгийн хүнд 4 дэх үе шат руу алгуурхан гулсан орж байгаа гэсэн үг. Авлига бол засаглалын асуудал. Асуудал нь цогц юм бол шийдэл нь бас цогц байх ёстой. Улс төрийн эрс шийдэмгий зоригийг гаргаж байж улс төрийн экологийн тэнцвэрийг хангана. Гүйцэтгэх засаглалд тавих хяналт дутуу байгаа нь улс төрийн намтай холбоотой. Улс төрийн намууд нь бизнесийн бүлэглэлүүдээс хандив авдагтай холбоотой.

Авлигын асуудал дээр ерөнхийгөөс тодорхой руу, хурлаас үйлдэл рүү шилжих шаардлагатай болсон.

Монгол улсын хэмжээнд авлигаас болоод баян ядуугийн ялгаа эрс ихэссэн. Улсын төсөв баталлаа гээд хувь хүнд өгөөж нь очихоо больсон. Тендер тойрсон эдийн засагтай болсон. Тендрийг улс төрийн намыг тойрсон компаниуд авдаг болсон. Тендрийг тал мөнгөөр нь хийдэг. Ингээд чанартай үйлчилгээ хүрэхгүй байгаа нь Монгол улсад ядуурлыг хямралыг үүсгэж байгаа.

Авлигын асуудалд хамтдаа дэвшил гаргахгүй бол хэчнээн хэмжээгээр ч эдийн засаг өсөөд дундаж давхаргыг 60-70 хувьд хүргэх, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах зорилтдоо хэзээ ч хүрч чадахгүй

2016 онд судалгаагаар улс төрийн намууд хамгийн их авилгатай гэдэг категорийг тэргүүлсэн. Газар, Уул уурхай, УИХ, Засгийн газар, Гаалийн байгууллагууд жагсаалтыг үргэлжлүүлж байна.

Авлига бол систем, тогтолцооны асуудал болчихсон. Авлигыг үл тэвчих сэтгэл зүй, үл тэвчих эрх зүйн орчин, авлигыг үл тэвчсэн түншлэл рүү явах нь илүү оновчтой. Иргэний нийгмийн байгууллага, бодлогын судалгааны хүрээлэнгүүд, хэвлэл мэдээлэл, их дээд сургуулиуд, улс төрийн намуудын ижил түншлэл байж байж авлигын эсрэг тэмцэх галт хөдлөнө.

Авилгын эсрэг парламентын бүлгийн гишүүдийн хувьд эрх зүйн орчинг сайжруулах, нууцлалтай холбоотой мэдээллийг дэлгэх, мэдээллээр хангах, чадавхжуулах, улс төрийн намуудыг уриалаг тал дээр идэвхитэй ажиллана. 2018-2019 онд юу хийх вэ гэдэг тодорхой ажил ярья. Тодорхой ажлаа хэрхэн хийсэн бэ гэдгээ дараа жил дүгнэе.

Ж.Энхбаяр: Улс төрийн нам авлигын вирус тээгч

Монголын нийгэм амаргүй байдалд байна. Нийгэмд ангийн зөрүү үүссэн, нийгмийн баялаг хэт цөөнхид хуваарилагддаг, байгалийн баялагаа зарахгүй бол өөр аргагүй болчихсон 30 жил өнгөрлөө. Бидэнд одоо гадны туршлагаас илүү өнгөрснөө дүгнэх ирээдүйгээ төлөвлөх үе ирж байна. Анх авлигатай тэмцэх хуулийг шинэчилж, нэг үеэ бодвол авлигатай тэмцэх бүтэцтэй болж чадсан. Хөрөнгө оруулгын мэдүүлгээ гаргадаг болсноор хэн нь хэн бэ гэдэг маш сайн мэдээллийн сантай болж чадсан. Авлига гэдэг хорт хавдраас салахын тулд улс төрийн тууштай хүсэл эрмэлзэл байх нь зайлшгүй. Ахиад 10, 20 жилийн тэмцэл хэрэгтэй.  Загас толгойноосоо өтдөг. Монголын нийгмийн бүх муу муухай улс төрийн намаас эхтэй гэдэг нь бүхий л судалгаанаас харагдаж байна. Улс төрийн нам авлигын вирус тээгч учраас парламент хорт хавдар тээгч болчихсон, улмаар төрийн алба нь энэ үзэгдлийг тээгч болсон ийм гинжин урвалд орчихоод байгаа. Улс төр зөв байхгүй бол улс орон маш хүнд байдалд оржээ. Тэгэхээр бид улс төрийн намаас, улс төрийн намын санхүүжилтээс эхэлж ил тод нээлттэй болгох ёстой. Одоо л зөв болгохгүй бол улс орон маш хүнд байдалд орж байгаа. Томоохон сорилтууд бидний өмнө тулгарч байна. 2030 онд Улаанбаатар хот усгүй болох гэж байна. Утаа, түгжрэл, өвчлөл, хор хавдар, цус ойртолт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очсон. Цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор нүүдлийн мал аж ахуй оршин тогтноход хүндрэлтэй болж байгаа. Монголын нийгэм сэрэхгүй бол өдөр хоног өнгөрөөсөн улс төр хийж явсаар улс орноо дуусгалаа. Авлигын асуудал улс төрийн намаас эхтэй. Ялангуяа эрх барьж буй МАН үүнд манлайлан оролцох ёстой.

З.Нарантуяа: Төрийг сулруулагч чимээгүй тахал нь авлига

Авлигатай тэмцэхийн тулд хүн бүр хариуцсан ажил хэрэгтээ анхаарах хэрэгтэй. Монгол татвар төлөгчдийн төгрөг бүр, улсын төсөв үр ашигтай зарцуулагдахын тулд зарлагын хорооноос төсвийн зарлагад сайтар хяналт тавихын төлөө хамтарч ажиллая гэж шийдсэн. Төсвийн зарлагын хорооны дэргэд авлигын эсрэг, “үр ашигтай төсвийн төлөө” гэсэн ажлын хэсэг байгуулсан. Бүх төсөв захирагчдын орлого зарлагыг нээлттэй хэлэлцүүлгээр улиралдаа нэг удаа хэлэлцүүлж шийдүүлж байя гэдэг шийдвэр гаргасан нь авлигыг бууруулахад нэмэртэй нэг алхам болно. УИХ дээр эмэгтэйчүүдийн албан бус бүлэг байгуулагдаад нийгмийн сайн сайхны төлөө хүүхэд гэр бүл хүчирхийлэл, авлигын эсрэг идэвхитэй байр суурьтайгаар ажиллана.

АН-ыг төлөөлж сууж байгаа гишүүний хувьд хэлэхэд Ардчилсан нам өнгөрсөн жилээс шинэчлэл хийж эхлүүлсэн. Бүх гишүүдээ сонсох аян бүтэц зохион байгууулалтын хувьд амжилттай явж байна. Бодлого тодорхойлох жил болж байгаагийн хувьд шилэн данстай нам больё гэдэг санаачилгыг Ардчилсан нам дэмжиж байгаа. Ардчилсан намын Бодлогын зөвлөл  байгуулагдаж ажилласнаар засгийн газрын үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс хөндлөнгөөс тавих хяналтыг нэмэгдүүлнэ гэж харж байна.

Төрийг сулруулагч чимээгүй тахал нь авлига. Авлигын эсрэг тэмцэхийн тулд Засгийн газар татварын тайлагналын асуудал, ил тод байдлын талаар дорвитой алхам хийхгүй бол Европын Холбооноос зарласан хар жагсаалтад орсон. Тухайн үед нь анхаарч үзсэн бол өнөөдөр хар жагсаалтад орохгүй байсан. Буруутан хайхаас илүү Засгийн газар өнөөдрөөс эхлэн хамтран ажиллаж жагсаалтаас гарах боломж байна.

 


avatar
    • Зочин
    • 103.57.93.*

    Сайхан ярьж байна даанч ажил хэрэг болохгүй , үр дүн хэзээ ч гардаггүй шалтгааныг өөрсдөөсөө хайх хэрэгтээ болов уу

    • Зочин
    • 103.57.93.*

    Төрийн өндөрдлөгт байгаа хүмүүс маш сайхан ярьдаг гэвч тэр нь амьдрал дээр хэзээч ажил хэрэг болдгүй учир төрийн эрх барьж байгаа хүмүүс бүгд энэ хэрэгтэй хамаатай тиймээс энэ харанхүйгаас гарч чадахгүй байгаа

    • Bauaraa
    • 27.123.212.*

    Enhauar gisnuuniig demjij bna. Ers sniidemgii temtseh heregtei

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4993

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%