Хүүхдээ хичээлдээ дуртай болгоё гэвэл...

 

Хүүхэд учирч танилцсан болгоныхоо тоогоор сурч боловсорч хөгжиж байдаг.

Сурч мэдэх гэдэг нь хүүхэд өөрөө янз бүрийн зүйлийг сонжиж сонирхон, түүнийгээ оролдож судлан шинэ гайхшрал, шинэ сонин хачинг олж нээн дараа дараагийнхаа шинэ нээлт, шинэ мэдлэгтэй холбож өгөхийг хэлдэг.

Энэ нь сурч мэдэхийн гол түлхүүр, гол хүчин зүйл нь болдог.

Тиймээс хүүхдээ агаар салхинд авч гарч байгаль дэлхийтэй танилцуулж, музей галерей орж урлагтай түүхтэй танилцуулж, концерт жүжиг үзүүлж урлаг уран бүтээлтэй танилцуулж, гадаа хүүхдүүдтэй тоглуулж нийгэмтэй танилцуулах зэргээр хүүхэддээ аль болох олон зүйлийг үзүүлж харуулж биеэр нь мэдрүүлж байгаарай.

Том өрөөндөө хичээлээ хийдэг хүүхдийн төвлөрөх чадвар сайжирдаг.

Манай хүүхэд төвлөрөх чадваргүй. Ширээн дээрээ 30 минут ч суугаад хичээлээ хийж чадахгүй юм.

Ингэж бодож байгаа ээжүүд хэр олон байгаа бол??? Хүүхэд өөрийнхөө өрөөнд, өөрийн хичээлийн ширээн дээрээ сууж хичээлээ хийснээс, том өрөөндөө эцэг эхийнхээ хажууд хичээл хийхэд илүү төвлөрч сууж чаддаг болох нь туршилтаар батлагдсан байна.

Бага ангийн сурагчийн хувьд гэрийнхнийхээ хажууд ялангуяа ээжийнхээ ойр байхдаа тайван байдаг тул энэ нь хүүхэд хичээлдээ төвлөрч, даалгавараа хийхэд нь чухал нөлөө үзүүлдэг ажээ.

Мөн ойлгомжгүй, чадахгүй даалгавар гарсан тохиолдолд асууж заалгахад амар байдаг болохоор хүүхэд чадахгүй байна гээд шантарч хаях нь бага. Эцэг эхийн хувьд ч мөн хүүхдээ хичээлээ хэр ойлгож, ямар түвшинд байгааг харж хянан хүүхдийнхээ хичээлд номонд анхаарал тавих нь ихсэнэ. Улмаар эцэг эх ба хүүхдийн харилцан итгэлцэлийг гүнзгийрүүлдэг ач холбогдолтой.

Хүүхдийг ямар нэг зүйлээр нээнтэглэж хичээл хийлгэх нь зөв үү?

Бага насны хүүхдийг тогтвортой суулган, хичээлийг нь хийлгэх гэж бишгүй л асуудалтай тулгардаг. Уурлан загнаж, гуйж, бүр мөнгө өгөхийг амладаг ээжүүд ч байдаг. Харин, мөнгө болон ямар нэг зүйл амлаж байж хичээл хийлгэх нь зөв үү???

Энэ тал дээр, юм амлаад байвал дараа нь зүгээр хичээлээ хийхээ больдог, муу нөлөөтөй байдаг гэх мэтээр эцэг эхчүүдийн санал зөрөлддөг. Гэтэл, эрдэмтдийн хийсэн нэгэн алдартай судалгаа байдаг. Тэд, хүүхдүүдээс “Шинэ жилийн баяраар чамд 5000 төгрөг өгье. Гэхдээ чи тэр мөнгөө шинэ жилээр авалгүй дахин 1 долоо хоног хүлээвэл чамд нэмээд 500 төгрөг өгье” гэхэд судалгаанд оролцсон бүх хүүхэд “За тэгье” гэж мөнгөө дахин нэг долоо хоног хадгалуулахаар шийдсэн байна. Харин асуултаа өөрчлөн “Маргааш чамд 5000 төгрөг өгье. Гэхдээ чи тэр мөнгийг маргааш авалгүй дахин 1 долоо хоног хүлээвэл чамд нэмээд 500 төгрөг өгье” гэхэд инхэнх хүүхэд “Маргааш мөнгөө авъя” гэсэн байдаг. Үүнээс бид юу олж мэдэх боломжтой вэ?

Хүүхэд гэдэг ирээдүйд учрах асуудалд хүлээцтэй, нухацтай хандаж, зөв буруу, ашигтай эсэхийг тунгаан, зөв шийдвэр гаргаж чаддаг хэдий ч, энэ нь тун ойрын буюу богино хугацааны асуудал болоход зөв буруу, ашигтай эсэх талаар тунгаан бодолгүй, удалгүй олдох зугаа цэнгэлд уруу татагдан, ихэвчлэн буруу сонголт хийдэг байна.

Энэ нь хүүхэд гэлтгүй том хүмүүст ч илэрдэг үзэгдэл.

Томчууд бид бага хоол идэх, тамхи татахгүй байх нь эрүүл мэндэд ашигтайг мэддэг ч тэдгээрийг нүдний өмнө байвал татагдан, нөхцөл байдлаа умартаж, өөрийн эрхгүй хэтрүүлэн идэх, тамхи татахтай адил зүйл юм.

Энэ процесс хичээл хийж буй хүүхэд дээр харагддаг бөгөөд хичээлээ хийх нь ирээдүйд өөрт нь хэрэгтэй гэдгийг ойлгосон хэдий ч, тоглоом телевизор гэх мэтэд сатааран татагдаж, тогтвортой суун, хичээлдээ төвлөрч чаддаггүй. Судлаачид энэхүү процессыг эсрэгээр нь ашиглан “хэрвээ хичээлээ хийвэл 100 төгрөг өгье”, “даалгавраа хийж дуусгавал 30 минут телевизор үзүүлье” гэх зэргээр дуртай юмаар нь нээнтэглэж хичээл, даалгаварыг цаг тухайд хийлгэх нь үр дүнтэй, олзуурхууштай арга болохыг олж тогтоожээ.

 
 
 
 

avatar

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 3252

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 17%
  • 69%