Ном бичих нь гэмт хэрэг биш...

Утга зохиолын өрөөнүүдэд би орох дуртай. Тэнд л бичигч биднийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, ядаж л тандаж сонирхох хүмүүс сууцгааж байдаг. Би өөрөө ч бас уншигч. Маш уйгагүй сониуч уншигч. Тиймээс шинэ сонин ном зохиолын талаарх хүмүүсийн хүүрнэл мэтгэлцээнээс олон зүйлийг мэдэж авдаг.

Нэг тийм орчин байдаг даа. Хүмүүс кофе ууж, вино шимэнгээ шинэ гарсан ном зохиолын тухай ам булаалдан ярилцаж, амьдралын утга учир, хувь заяаны адармаатай эгшин хормуудыг зохиогч хэрхэн нэхэж өгснийг шүүн хэлэлцэж, үзэл санааныхаа хязгаар хилийг давж, онхи өөр ертөнцийн оршихуйг даван алхацгааж, шинэ мэдрэмж, шинэ туршилт, нууцлагдсан санааг тайлахыг оролдонгоо хэн нэгний шүлгээ дуудахыг сонсож, дуртай зохиолчийнхоо гарын үсэгтэй номыг хэрхэн олж авснаа сонирхуулж, номын их дайдад сэтгэл нэгсэн уусан тайтгарч, өөрийгөө эвдэж, эсвэл тарж бутарсан бодол оюунаа цуглуулж гээд л… Уран зохиолын тухай ярилцахаар олон хүн цугласан газруудыг тийм байх болов уу гэж их найддаг.

“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэх үгийн цаад утгыг нь мартатлаа бид цээжилжээ. Ертөнц маш олон цонхтой. Тэр олон цонхноос бид өөрсдийн шагайсан цонхоор л ертөнцийг хардаг. Байнга шагайдаг хэдхэн цонхтой хүн байхад бүх цонхыг нэгжиж орчин тойрноо уйгагүй сонирхогч нэгэн ч бий. Эсвэл ганц л цонхны дэргэд уяа хүлээтэй мэт насыг барж бусад цонхоор тусах бүхнийг хий хоосон, утгагүй зүйл гэж итгэгч ч бий.

Чиний шагайсан цонхоор хараагүй өөр нэгнийг муутгаж, эсвэл чиний хажуугийн цонхыг бүтээгч нь хэн байхаас үүдээд бусдын цонхыг муучилна гэдэг нэг л эвлэрч боломгүй санагдаад байх юм.

Залуу үе маань ном сайн уншдаг болжээ. Хүн амын тоотой харьцуулахад номонд дурлагсдын тоо жил ирэх бүрт нэмэгдсээр байгаа хэдий ч уншигчдын чанар төдий л дээшлэхгүй байна уу гэж санагддаг. Учир нь дан ганц шилдэг борлуулалттай номын хойноос хөөцөлдөж, хэн нэгнийг аялдан дагалдагчдын хүрээ л нэмэгдсэн гээд хэлчихмээр байна. Яагаад гэвэл миний орох дуртай номын өрөөнүүдэд олон цонхоор шагайж, ертөнцийн утга учрыг тайлагсад цугласан гэхэд итгэмээргүй уур амьсгалууд хөвөрсөөр. 
Хэрэлдсээр, тэмцэлдсээр, хэн нэгнийг нас хүйсээр нь гадуурхан довтолсоор…

Юм үзэж, нүд тайлна гэдэг авшиг хүртэхийн адил гэгээрэлд дөтлөж очих нэг хэлбэр юм. Тийн гэгээрээгүй хүмүүс л хөмөрсөн тогооны гадаа өөр оршихуй, өөр мэдрэмж, өөр агаар байгаа гэдэгт үл итгэн харанхуйд тэлчилсээр үлддэг. Цонхыг хэн ч нээж болно. Бүр уншигч та ч нээж болно. Цонх бүрийг өөр өөр хүмүүс нээх тул харилцан адилгүй хэв шинж, өнгө төрхтэй. Нийгэмд зэрэгцэн орших хүн төрөлхтөний үндсэн хууль бол өөрийн нээснийг бусдадаа түгээх явдал юм. Тийм л учир шалтгаанаар зарим нь цонх гаргаж, бусдадаа өөр зам, өөр оршихуй, өөр амьдрал байгааг ном болгон бичдэг бол зарим нь түүний нээсэн цонхоор гадагш харж, зарим таалаагүй нь өөр илүү сонирхолтой том цонхнууд руу явцгаадаг.

Энэ бол хэн хүнд нээлттэй, эрх чөлөөт сонголт. Олон сайхан цонхоор гадагш харсан хүн илүү хол, илүү гоо сайхан өөд тэмүүлнэ үү гэхээс таалагдаагүй цонхон дээрээ эргэж очоод чулуу шидлээд, шүлсээ хаяад, цонхны хэмжээ хийцийг дахин дахин зарлаад цаг алдаад байдаггүй. Юм үзэж, нүд тайлж, илүү боловсорсон зүрхэнд бүгдийг ойлгож бас хүлээн зөвшөөрч, ядаж л цааш тэмүүлэх чадвар байдаг. Ном оюунд амташсан, сэтгэл зүрхний боловсролтой хүмүүсийн гол давуу тал энэ.

Энэ хүртэл бичихдээ би эмэгтэй хүн гэдгээ, бас өчүүхэн бичгийн хүн гэдгээ огт бодсонгүй. Харин эмэгтэй болсныхоо төлөө, идэр насанд хүрснийхээ төлөө, ном бичсэнийхээ төлөө яаж ч гутаалгаж мэдэх тийм уур амьсгал номд дурлагсдын цугладаг өрөөнүүдэд хэтэрхий өндөр авсаар байгааг сануулах гэж бичиж эхэлснээ сая саналаа.

“Эмэгтэй хүн роман бичиж чадахгүй”, “Эрэгтэй хүн илүү чанартай ном уншдаг”, “Аан нэг балай авгай нар”, “Эмээ нарын ертөнцөд тавтай морил”, “Хэдэн авгай Монголын утга зохиолыг баллаж гүйцлээ”, “Эрчүүд нь атаархуу, залхуу болоод л ингэж байгаа юм” гэх мэт маш бүдүүлэг, асар өчүүхэн үг хэллэг, түүнээс үүдсэн дуусашгүй хэрүүлтэй алхам тутамдаа тааралдах болов. Эрэгтэй, эмэгтэй хүйсийнхний оюун санаанд яг ямар стандарт байх ёстойгоос юу нь илүүдэж, дутагдаад ингэж гомдол талцлын үгсээр бие биесээ гутаах болов. Ийм үгсийн эхлэлийг ямар хүмүүс цацаад яг юунд хүрэх гээд тогоон доторх сөргөлдөөнөө хүйсийн дайн болгож хувиргаад байна гэх мэт олон зүйлийг ухаж төнхмөөргүй байна.

Оюунлаг гэгдэх хүрээнийхэн маань ийм явцуу, давчуу, жижигхэн цонхоор шагайж зогссоор цаг алдаж, хэдхэн хувь хүний өлсгөлөн харанхуй эгог өөрсдийн хайран цаг зав, сэтгэлийн бачимдлаар тэжээн хэрэлдсээр энэ хачин хуваагдалтайгаа эвлэрч эхэлсэнд маш их харамсаж сууна. Эр, эм хүйсийн хэн хэнд нь давуу болон дутагдалтай тал байхгүй. Учир нь амьдралыг бүтээх их аянд хэн хэн нь өөр өөрсдийн үүрэгтэй, өөр өөрсдийн гэрэл гэгээ, хүч чадалтайгаа энэ гаригт ирцгээсэн.

Өөрөө сонгож төрдөггүй (тийм ямар ч боломжгүй) физик биеийн онцлогоор нь хүнийг гоочилж, тус хүйсэнд зориулсан бохир үг болгоныг түүн авчирч хэн нэгэн дээр овоолно гэдэг ухамсартай, оюунлаг хүнээс яав ч гарамгүй аяглал. Манай номд дурлагсад тийм л харанхуй, гэгээрэх өчүүхэн ч найдваргүй, хөмөрсөн тогоон дотор бүгчимдсэн бичил хүмүүст үл автан цааш илүү гэрэл гэгээтэй, сонирхолтой, илүү баялаг орон зай руу тэмүүлдэг байгаасай гэж бодож явдгаа хэлмээр байна. Ном бичиж, шинэ цонх нээх нь гэмт хэрэг биш бөгөөд түүнийг бүтээгч нь энэ амьдралд ямар хэв шинжээр төрснөөрөө, хэдэн жил амьдарч байгаагаараа адлагдан гутаалгаж байхтай дахин тааралдмааргүй байна.

Хайран сайхан оюун санаанууд тийм сэдвийг шүүрч аван хүч нэмж хэрэлдэн тэмцэлдэхгүй байгаасай. Хэн хэнээ нөхөж, хамтдаа амьдралыг бүтээх үүрэгтэй ээж, аавууд болон төрсөн гариг дэлхийн энэ хоёрхон эзэн мөн чанар, нас хүйсээрээ хэн нэгнийгээ буруутгахааргүй ухаалаг байгаасай гэж хүсэж байна. Ийм дайнд хэн ч ялдаггүй юм. Утга зохиол өөрөө хэнийг ч ялгаварладаггүй, хэн ч багтаж болох уужим орон зай. Хожмын хүмүүст зориулсан гэгээлэг зөв шугамыг оюуныг шүтэгч хүн бүр л түгээн дэлгэрүүлж чадна гэдэг утгаараа номд дурлагч та бүхэнд хандлаа.

Орчлон ертөнц ашид баян агаад, оюун сэтгэлгээний аялалд хязгаар хярхаггүй уудам орон зай байдгийг санаж, энэ гайхалтай эрх чөлөөг эрхэмсгээр эдлээрэй, залуус аа.

Зохиолч Х.Болор-Эрдэнэ


avatar
    • Гайгүй уншигч
    • 169.253.162.*

    Мэдээж хэрэг ном бичих нь гэмт хэрэг биш. Гагцхүү ур чадвар муухан зохиолчдын тааруухан ном зохиол олшроод, мэргэжлийн шүүмж судлал нь техникийн хөгжил дэвшил, реклам сурталчилгаанаасаа хоцроод, олон хувь зарагдсан номыг сайн ном гэх үзэл давамгайлаад, уншигчдаа хөгжихөд нь садаа болоод байна л даа.

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 2465

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

13%
МАН
18%
АН
68%
Шинэ гуравдагч хүчин
  • 13%
  • 18%
  • 68%