Морь урагшаа Монгол арагшаа

Хэзээ бичлээ дээ, хэн лүүзэр царайлж амьдрахыг хүсэхэв дээ гэж. Хэн лүүзэр царайлж амьдрахыг хүсэх вэ? Хэн хүчирхэг нь аль гень сайтайгаа сонгож, үр удмаа үлдээж ирсэн хүний түүх. Хүнээс илүү байх, даам гарах тэмүүллийг хог түүж амьдрахад тулсан хэдэн халтар нөхөд хугас лонх юмандаа согтоод нэгэндээ согтуурч, онгирч байхад ч харж болох билээ. Даам гарахсан! Хамгийн сэкси нь байхсан!

Нэгэнтээ даян дэлхийд даам гарч үзсэн их түүхтэй монгол эрчүүд тэр тусмаа даам гарчих юмсан гээд ямар сайн байхав. Даам даам хөөрөг цүнх барихын,  даам даам улстөр хийхийн(хийх гэж үзэхийн), даам даам морь уралдуулахын, тэрийгээ даам даам жийпээрээ дагаад давхих юм. Даанч тэр адгууснуудынх нь нуруун дээр даам гарах даанч болоогүй жоохон хүүхдүүд.  Өөрөөсөө хэд дахин дорой бага хүүхдийг түүний хоол унднаас хэд дахин үнэтэй сэргээшээр бордсон адуунд мордуулаад, араас нь аль алийг нь нийлүүлснээс  хэд дахин хүчтэй, хэд дахин дулаан тохилог жийпээр дагаж байхдаа би ч мөн даам байна даа, хамгийн сэкси нь дээ хэмээх агуу их андууралд живдэггүйсэн бол даам гарах ялтай төрсөн эрчүүд юун төлөө гэж тэгж хамаг цаг мөнгөө үрж давхиж далдайх билээ?

Тэгээд андуурал хаана гараад байна? Хүүхэд гэдэг маань ер нь хэн билээ? Өнөө цагт ямар нь хамгийн даам билээ?

Энэ зуур нэг дурсамж санаанд бууж байгааг хуваалцъя. Оюутан байхдаа бага сургуулийн япон хүүхдүүдэд англи хэл заах зуны экскурст явсан юм. Бага ангийн хүүхдүүдтэй ойр ярилцах, ажиглах завшаан анх удаа гарч байгаа нь тэр юм. Японоор насанд хүрсэн хүнийг отона гэдэг. Тэгээд сонсоод байвал чи ингээд чимээнд байж чадахгүй бол отона болж чадахгүй, отона ингэдэг юм, отона тэгдэг юм гээд л ярилцах юм. Отона ба хүүхдийн ялгаа тэдний ухамсарт маш тод байдгийг тэр аяллаас хойш анзаарах боллоо. Чи отона юм бол хариуцлагатай байх ёстой, отона юм бол хувийн эмоцоо ажлаас ялгаж салгадаг байх ёстой, отона юм бол...!!! Энэ үгнийхээ ард асар том хариуцлага дагуулдгийг  ном бичиг, харилцан яриа, тв драма гээд олон юмнаас нь харж болно.  Нийтийн хэл яриа тухайн нийгмээ тольдон байдагчлан бядны хэлэнд бол ядаж л “adult”, “grown-up”, “отона 大人”  гэсэн тов тодорхой нэршил алга. “Насанд хүрсэн хүн” гэх нэг өгүүлбэр шиг урт үгээ өдөр тутмын яриандаа нэг их хэрэглэхгүй, тиймдээ түүнд дагалдах, хүүхдээс ялгарах шинж чанар нь ч тодорхой бус.  Том хүн гэх үг байгаа нь чухам л том биетэй хүнийг хэлж байгаа мэт агаад бие нь томровч бэлчээр ба араншин яг хэвэндээ. Гэртээ хэвтэж байж болно, ээжийн өврөөс эхнэрийн өвөрт шилжиж болно, хариуцлагагүй назгай байж болно, ажилгүй арчаагүй байх ч нэг их сонин биш. За яахав томчууд тийм байдаг байж, тэдний асуудал. Даанч  том хүн гэж үүнийг хэлнэ гэсэн тод шугам байхгүй гэдэг нь еэвэнгийн нөгөө талд хүүхэд гэж үүнийг хэлнэ гэсэн ухамсар, мэдрэмж байхгүйтэй  утга агаар нэг байгаад хамаг зовлон байгаа юм. 

Хүүхдийг хүйтэнд хөр цаснаар давхиулж унагаж гэмтээж болохгүй, хүүхдийг түлж болохгүй, хүүхдийг заазуурдаж болохгүй, хүүхэд эмчлэх хүчилтөрөгчийн аппарат дутаж байж худлаа шоудаж мөнгө үрж болохгүй. Хүүхдийг ер нь хайрлахгүй байж болохгүй!!! Энэ бүх мэдрэмж заримд нь сох дутаж байгаа нь “хүүхэд”  ба түүний өмнө хариуцлага хүлээх “томчууд”  гэж хэн болохыг зааглах тод шугам байхгүйтэй холбоотой мэт. Саяхан гэхэд шинжлэх ухааны доктор багш хүн утаа угаараас холдуулахын тулд биш мал ахуй хадланд ажиллуулахын тулд  ерөнхий боловсролын хичээлийн хуваарийг өөрчлөх санал гаргасан байсан.

Хүчирхэг тусмаа бага нялхасаа хамгаалдаг байгалийн зөнгөө хүртэл мартсан нь Монголын баячууд байж магадгүй ч хүчгүйдээд ягтаад хүүхдийг хайрлаж хамгаалах мэдрэмж сул,  хөдөлмөрлөх хүч гэж хардаг үе хүний түүхэнд байх нь байсан.  Бүр 20-р зууны эхэн үе хүртэл олон нийгэмд  хүүхэд гэр бүлийн гишүүн гэхээсээ нийгмийн өмч шиг байсныг олон сонин баримтаас харж болдог.  Аж үйлдвэрийн хувьсгалын өлгий нутаг Англид 9-өөс доош насны хүүхэд үйлдвэрт ажиллуулахыг хориглох хууль батлах  хэрэгцээ байсан гэхээр хамгаалуулах эрхтэй, хайрлах хэрэгтэй “хүүхэд”  гэдэг маань хүний түүхэнд тун шинэхэн ойлголт байж таардаг.  “Хүүхэд”(биет хүүхдийг биш ухамсарт тусах ойлголтыг хаалтад тэмдэглэв)  хэзээ хэрхэн гарч ирсэн нь хэдэн хуудас ч хамаагүй зармаар тун сонирхолтой түүх боловч энэ удаа шууд дүгнэлт рүүгээ орвол: Товчдоо модерн нийгэмд хүүхдийг “хүүхэд” гэж үзэж, хайрлаж хамгаалах хандлагатай. Модерн нийгэм гэдэг нь орчин үеийн боловсролын системтэй, түүнийгээ тэтгэх хэмжээний үйлдвэр эдийн засагтай, энэ эдийн засгаасаа боломжийн хэмжээний орлого олдог нийгмийн дунд ангитай, тиймээс эргээд үйлдвэр эдийн засгаа дараагийн үед авч явахуйц мэдлэгийн баазтай нийгмийг хэлж байна.  Арав төгсөөд зөв бичиж чадахгүй, эцэг эх нь цалингаараа хүүхдээ тэжээчих индастригүй, нийгмийн дунд анги гэж юм нь жин жингээр дундарсаар байгаа манай нийгэмд гудамжинд гуйлга гуйж бохь зарах хүүхдүүд олширч, зуны уралдаан дээр өвөл хаврынх нэмэгдэж хүүхдийн статус улам бүдгэрч байгаа нь санамсаргүй үзэгдэл биш л болов уу.

Тэгэхээр Монголд хэзээ хүүхдийг “хүүхэд” гэж авч үзэх вэ гэдэг асуулт хэзээ Монгол модерн нийгэм болох вэ? гэсэн асуулттай зэрэгцээ шахуу юм.  Нийгэм тэгээд хэзээ модерн болдог юм бэ, модернизац хэзээ амжилт олдог юм бэ? Нийгмийн гишүүд нь, эрчүүд нь модерн уралдаан хийдэг болоход биш үү?   Эрчүүд хэзээ модерн уралдаан хийхийн? Модерн уралдаанд ялахаар даам гарч байвал. Хэзээ тийм болдын? Төр тийш нь залахад. Хэзээ тийш нь залахын? Мэдэхгүй өөрсдөө морь уралдуулаад алга болсон.

Модерн уралдаан гэдэг нь одоо бичиж байгаа хүрээндээ жишээ хэлбэл товчдоо хэний үйлдвэрлэсэн машин хамгийн хурдтайгаа үзэхийг хэлж байна.  Машин байтугай мопед хийгээд борлуулалтын орлогоо уралдуулж чадахгүй монгол эрчүүд хэн нь даам гарахаа үзэлгүй суултай биш байгаагаар нь өөрөө өсч үржиж байдаг хэдэн морио бооцож нэг, бордож нэг уралдуулах болж.  Жирийн иргэдээр тогтохгүй модернизацын бодлого хариуцаж эрх мэдэл мөнгө ацаглаж авсан хэд нь өөрсдөө холбоо тэргүүлж феодал хувцаслаж тайзан дээр зогсоод, төрийн тамгыг урагш биш арагш татах уралдааны зарлиг тамгалахад хэрэглэж, Үндсэн хууль, төрт ёсыг модернд үйлчлүүлэх тэмүүлэлтэй прогрессив хэсэгтэйгээ хэрэлдэж суух нь сонгодог шог гараа.

Морин уралдаан тухайн үедээ модерн байсан үе түүхэнд бий нь бий. Баялгийн хуваарилалт  үйлдвэрлэл арилжааны гэхээсээ ялангуяа нүүдэлчдийн хувьд булаан эзлэх шинжтэй байхад хэн хурдан морьтой нь давуу талтай дайн хийж, хөөрхөн хүүхэн эд агуурс олзолж болдог байсныг Бөртийг булааж оддог түүхээсээ авахуулаад бид мэднэ.  Цаг хугацаа улирахын хэрээр өнгөрсний модерн өдгөө цагийн уламжлал болдог. Уламжлалаа үзэхээр уйлмаар болдог, самсаа шархирдаг. Урагшлах замдаа хэн байснаа хаяж мартахгүймсан гэж уламжлалаа хадгалдаг. Самурай нар зэвсгийн эрдмээр биш Хондагийн, Тоётагийн хурдаар уралдаан хийж эхлэхдээ илд хэрэгслийн соёлоо хадгалж чадсан шиг л.  Харин өнгөрсний үнэт зүйлээ хадгалах төдийгүй, маргааш руу уралдах арга эвээ  олоогүй харцуул хэн нь даам гарснаа үзэх арга болгоод ирэхээр модернийн эсрэг явдаг, хойшоо ухардаг, ухраад ядуурдаг, улам зовдог.  Улам ядуурахаар уралдахгүй байж  чадахгүй эрчүүд өнгөрсний улам гүнээс бахархлаа эрдэг. Ингээд  хэн хурдан урагшлахаа үзэж байгаа модерны уралдаанд бид аргаа олохгүй зогсоод үлдэх байтугай арагшаа цахалж уралдаад ялагддаг.  Хүүхэд хүүхнүүдээ хөлдөө чирж  хүн төрөлхтний уралдаанд ялагдахаас том лүүзэр амьдрал эр хүнд байдаг ч юм уу үгүй ч юм уу.   

Бусад улсын модерн уралдааны бэлэг тэмдэг маяг маягийн машин унасан феодалууд  байлдааны бэлтгэл ба хүүхэд хүний зааггүй хэмээх хоёр давхар хоцрогдол агуулсан уралдаанд хойшдын модерн бүтээх эрдэм сурч байх ёстой хүүхдүүдийг Монголын  маргааштай хамт суулгаад хойшоо уралдан алсрах нь Монголын их гуниг.   

 2017/03/16

Авторууд

Санал асуулга

Нийт санал: 4875

2020 оны УИХ-ын сонгуулиар аль нам ялах вэ?

12%
МАН
17%
АН
69%
Шинэ гуравдагч хүчин
  • 12%
  • 17%
  • 69%