Нийтлэл 12 сарын 21, 2017

Сонголт

Нөхөр бид 2 өглөөг их нялуухан эхлэв ээ. Би ч нээх хоол унд хийж гийгүүлдэггүй юм байж өнөөдөр л "Найз нь нээх сайхан хоол хийгээдэх үү?" гэлээ. Хүүш нээрээ юу? Чинийхээ гарын хоолыг идээгүй удсан байна шүү. Миний хайр ч нэг хийвэл ч тасархай сайхан хоол ундтай хүн дээ гээл онгироож байна цаад чинь. Би ч хошгироод л намирч очоод л хоолоо хийж эхэллээ. Тэгсэн яг гол орц болох өндөг дуусчихаж. Хүүе ээ, өндөггүй болчихсон байна шүү дээ гэсэн чинь манай хүн хөл нь хөнгөрчихсөн: Өө асуудалгүй шүү дээ, найз нь гүйж гараад л аваад ирье. Бараг үүдэнд дэлгүүр байхад чинь. Тэг миний хайр аа. За, сүнк гээл гүйгээд ирье. Ммуааа мммууаа гээл үнсэлцээд л нялуураад л гарлаа. Би ч дуугаа аялаад л төмпөн шанагаа эргэлдүүлээд үлдэв. Тэгсэн утас дугарч байна аа. Авлаа:

- Хайр аа, уурагтай өндөг авах уу, нүүрс устай өндөг авах уу?
- Бас ямар юм байдаг юм бэ? 
- Шар ихтэй өндөг авах уу цагаан ихтэй өндөг авах уу?
- За ямар нь ч яах вэ хайр аа
- Эко өндөг авах уу, хагас органик өндөг авах уу? 
- Хагас магасым бол нөгөөдхийг нь л авчаашдээ
- Тэскогийн өндөг авах уу, орон нутгийн өндөг авах уу? 
- За чи өөрөө мэдчээшдээ, ядаргаатайн бэ!
- Цагаан хальстай өндөг авах уу бор хальстай өндөг авах уу?
- Чи одоо яг яах гээд бгаам бэ! Хэдэн өндөг аваад ирэх хооронд юугээ сүржигнээд бгаан!
- Чи өөрөө ингэдэг байхгүй юу! Хамтраад шийдвэр гаргачихгүй, дараа нь тэгээд л сонголт хийснээрээ би буруутна. Өөрөө мэдээд авахаар чи заавал нэг юм хэлдэг биз дээ?
- Өндөг л бол өндөг шүү дээ. Юун шийдвэрсэгийн ганц өндгөн дээр!
- Тэгүүл чи өөрөө ирж энэ өндгөө ав!
- Больжилахгуй юу чи! Заавал энэ муу хоол моолы чинь ингэн ингэн хийж байх алба уу?

гээд л утсаа таслаад хаячихлаа. Юун муаа-ммуаа, хайраа майраа... Хоол хийх гэсэн биш хэрүүлээр дуусав.

Соц үед хагарч хэмхрээгүй л бол матрын өндөг ч бсан еөөр асуудал байхгүй, өндөг авах нь л өөрөө жаргал байж дээ. Сонголт монголт гээд л толгой гашилгах, үр дагаврыг нь хүртэх энэ тэр гэсэн ойлголт ч байхгуй.

Маргааш Хирийсмасстай бас. Мань шиг холимог гэр бүлүүд холимог соёлтой юм хойно хэдэн хүүхдээ аваад санаа нийлсэн гэр бүлийн найзуудтайгаа нийлээд уулын орой дээр, хүрхрээний хажууд, агаар салхинд, ресортод очиж тэмдэглэхээр тохирцгоолоо. Манай хүн мэддэг чаддагаараа захиалга махиалгаа өгөх гээл хөмпүүтрээ асаагаад л үзэж тарж байна аа.

- Хайраа, ямар хауз захиалах уу? 
- Ялгаагүй адилхан л байшингууд биз дээ? Доторх нь өөр юм уу? 
- Гүй ээ хүрхрээ рүү харсан хауз захиалах уу цөөрөм руу харсаныг захиалах уу? 
- За аль нь ч яадын
- Доороо 2 унтлагын өрөөтэйг нь авах уу дээрээ 2 унтлагтайг нь авах уу? 
- Бүгдээрээ л багтаж бвал ямар ялгаа бнаа?
- Айлуудаараа нийлэхээр олон хүүхэд пижигнийшд. Чи тээл унтуулсангүй барьсангүй гээл уурладышд. 
- Хүүхдүүд дээрээс пижигних доороос пижигнэхэд зарчмын ялгаа бнуу? 
- Газтай байшинд орох уу цахилгаан зуухтайд орох уу? 
- Хоол унд хийх гээд бгаамуу? Ирстранд нь идхийм бгааз дээ? 
- Заза, ресторанд дотор ширээ захиалах уу гадаа терраст суух уу? 
- Шумуул мумуул нь бариад идчихгүй бол хаана ч яадын
- Буфет зааланд орох уу, захиалгын зааланд орох уу? 
- Буфет нь дээр биш үү, олуулаам чинь?
- Мах шардаг ширээ авах уу зүгээр бэлэн хоол авахымуу? 
- Хэдэн хүүхэд нь захаасаа гал ус руу нь гар хөлөө хичүүл гай бишүү? Тайван ч сууж чадахгуйшд
- Гэхдээ мах шарахгуй бол агаарт гарсаны хэрэг юу билээ дээ?
- Тиймлим бол үхсэнээ хийж асуудын? Эрчүүд нь эсүүл мах шардаг ширээндээ тусдаа суу
- Гэр бүлийн баяраар тусдаа суугаад бхдаа яадын? 
- Тэгүүл тээл өөрөө л мэдээшдээ! Лайтай олон юм асуудым дээ
- Тээл очцон хойноо тийм ч юм нь болохгуй бна, ийм ч юм нь таалагдахгуй бна, энийгээ ч бодож бхгуй яасын, тэрийг ч тооцоолж бхгуй яасын гээл эхэлдэг биз дээ чи?
- Чи одоо юугээд бгаам бэ! Зүгээр яваад аятайхан амарчаад ирчиж чадку хэрүүл өдөөд эхлэхийн
- Би чамтай хамт л шийдвэрээ гаргамаар байшд. Чи дандаа л намайг ингэж дангаараа хариуцлага үүрэх юм руу түлхдэг биз дээ
- Гүү чи амьдралдаа яг юу хариуцаад үзцэн хүн бэ? Бүх юм миний мөрөн дээр явдаг биз дээ... Ингээл бид 2-н хэрүүл оргүй хоосон газраас орчлонгийн том дайн болдын бгааз дээ.

Аав ээж маань сонголтгүй үед амьдарч байсан ч нэгэн бодлын гөөмөн амар байж дээ. Лагерь гарлаа, адилхан хэдэн фанеран хайрцгаар хийсэн байшин, илүү дутуу ийм тийм юм шийдэх гэж сонголтон дээр алтан цагийнхаа ихэнхийг үрж, хоорондоо зөрчилдөж эд эсээ үхүүлэх сэдэв ч бхгуй. Зүгээр л хамгийн энгийн жижиг зүйлүүд ч кайфрах шалтгаан.

Хоол хийлээ, Цуйван уу лапша юу? Будаатай шөл үү будаатай хуурга уу? Бууз уу хуушуур уу? Ингээд л болоо. Сонголт зөрсөн ч асуудлыг шийдэхэд амархан. Ус хийлээ шөл, жигнүүрт тавилаа бууз. Бэлтгэл ажил, хүнсний материал бүгд ижил.... Тэгээд л зүгээр л амт болгоноос жаргал мэдэр, мөч болгоноос дурсамж бүтээ, тэгээд л болоо.

Одоо бол юу өмсөх, юу идэх, яаж идэх, хаана идэхээс эхлээд алхам тутамд шийдвэр гаргаж үр дагаварыг нь хүртэх тул сонголт дээр толгой гашилгаж, тэрэндээ өөрсдөө бухимдацгаана. Аргагүй л дээ, үр дүнг нь шууд хүртэж байгаа юм болохоор.

Ийм болохоор л зарим хүмүүс соц үеийг санагалзаад байдаг байх. Жаргалтай байсандаа ч биш зүгээр л сонголтгүй байсан тул хариуцлага гэж байхгүй. Хариуцлага хүлээхгүй юм чинь стресс гэх ойлголт ч үгүй. Догдлох, хүлээх, айх, бачимдах, бодох гэх сэтгэцийн ачаалал ч үгүй болохоор арга ч үгүй биз.

Гэхдээ бид сонголтгүй нийгэмд ив ижилхэн бодож, ав адилхан идэж, яг принтлэгдсэн нэг сэтгэлгээ, үзэл суртал итгэл үнэмшилтэй байхаас татгалзсан сонголт хийсэн. Бидний сонголт бол АРДЧИЛАЛ.

Ардчилал гэдэг маань хүн бүр өөрийн сонголтоо чөлөөтэй хийх эрх чөлөө. Харин хийсэн сонголтынхоо үүрэг хариуцлагыг гагцхүү өөрөө л бүрэн хариуцах шийдвэр юм. Түүнээс дураар авирлах, дүрэмгүй амьдрах, дуртайгаа хүчирхийлэх эрх яав ч биш. Бид эрх чөлөө гэдгийг буруу олгож буруу хүлээж аваад, өнөөдрийг хүртэл хийсэн сонголтынхоо хариуцлагыг үүрэхгүй гэж уралцаж зодолдож ирлээ.

Ардчилал чамд маш олон эрх чөлөө олгож байгаа. Гэхдээ бүгдийг нь авна гэсэн үг биш. Яг алийг нь авахаа чи өөрөө л сонгоно. Сонгохдоо ямар үр дагавар, үүрэг хариуцлага дагалдаж ирэхийг тооцож байж шийдвэрээ гаргана аа л гэсэн үг л дээ. Бид чөлөөт Эдийн засаг, Зах зээлийн нийгмийг сонгосон. Энэ бол хамгийн шударга өрсөлдөөний талбар. Харин бид өрсөлдөж чадахгүй, бэлэн хэн нэгний халамж, хамгаалалт, баталгаа шаардсаар. Уучлаарай, чөлөөт зах зээл гэдэг бол эрсдэл. Чухам аль эрсдлийг сонгох нь бидний л шийдвэр.

Бид хүн бүр өөр бодолтой, өөр итгэл үнэмшилтэй, нийгмийн гарал, шашинтай, үндэс угсаатай байх эрхтэй нийгмийг цогцлоох улс төрийн тогтолцоог сонгосон. Энэ бол бидний л шийдвэр. Бүүр тэмцэж олж авсан сонголт. Тэгчихээд одоо дураараа дургих болохоор Ардчилсан төрт ёс шаардаад, хариуцлага үүрэх болохоор хүлээн зөвшөөрдөггүй болчихсон. Хүний бие даасан сонголт өрөөл бусдад ноцтой аюул хохирол учруулхааргүй л бол өөрийнхөөрөө амьдрах эрх юм шүү дээ. Гэтэл яг өөр шиг нь байгаагүй, яг өөр шиг нь бодоогүй, яг өөр шиг нь амьдраагүй л бол бүх нийтээрээ дайран алж устгах хийрхэлд уриалан дууддаг солиорол хэвийн үзэгдэл болчихлоо. Өөрөөсөө өөр хүмүүстэй учраа олоод зэрэгцэн орших сонголтоо бид аль 30-д жилийн өмнө хийгээд одоо гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг үүрээд явах ёстойгоо эх захгүй ойлгочихмоорсон.

UN Habitat-н төслийн хүрээнд 2 жил гэр хорооллоор шааригдаж ажиллаж байлаа л даа. Коммюнити бүлэг байгуулж иргэдийг амьжиргаагаа сайжруулах төвшний ойлголт өгөх гэж яваан зайлуул. Иргэд эвлэлдэн хоршоолол байгуулах, ажил үйлчилгээ эрхлэх, газраа хамтран үнэлүүлж барилгын төсөлд оруулах г.м шаталсан урт хугацааны армаанчиг төсөл л дөө. Ярвигтай ажил. Гэтэл ядуурал бол зүгээр бидний илэрхийлээд байдаг ядуу айлын төрх огт биш жинхэнэ ядуурал гэдгийг газар дээр нь 2 жил маажигнахдаа яс махандаа шингэтэл ойлгосон.

Эхэндээ ч бас л төр засаг юм хийсэнгүй, нийгэм туслахсан гэх маягийн жижүүрийн бодолтой л байлаа. Дөн өвлийн хүйтэнд шалгүй шууд чулуурхаг хөрсөн дээр картон цаасан дээр цулсан хагас өлсгөлөн, халтар хүүхдүүдийг харахад хэний ч өр өмөрнө. Даанч амьдралын явцад ядуу амьдралыг тэд өөрсдөө л сонгосныг ухамсарласан.

Амьдралын төлөө ясаа хаттал зүтгэж хүн шиг явах гэж хичээж байгаа мянга мянган залууст ямарч тусламж, төсөл байдаггүй. Тэд цэвэр өөрсдийн өрсөлдөх чадвар, хүчин зүтгэлээр нийгэмд оршдог бол ядууст хэчнээн зуун төсөл, мөнгө, ажил эрхлэлтийн сургалтын, орон гэр, халамж, эмчилгээний боломж байдаг гэж санана аа. Харамсалтай нь ямар ч үр дүнгүй. Учир нь тэдгээр хүмүүс үүрэг хариуцлага хүлээхгүй бх эрх чөлөөг эцэст нь өөрсдөө сонгодог. Даанч тэрийгээ ойлгодоггүй. Яаж ч тусалж дэмжих гэж олон жил, олон хөтөлбөр хэрэгжүүлсэн ч өөрсдийн хувь тавиланг бусдаар даалгуулж явах нийгмийн паразитууд. Бүүр албатай юм шиг байна гээч. Элбэгдоржийг дуудаж ир! (тэр үед Еөк бв) , ард түмэн ядарч бна, энэ 76 юу хийж байгаа юм гэж агсарна, загнана. Тэгээд бүхнийг үнэгүй авна. Ажилд явахгүй, цалинг нь голно. 2 хоног яваад орхино, сургалтыг бол бүр хялаах ч үгүй, автобусны мөнгө өг, энэ муу цалин чинь хаана хүрдэг юм гэнэ. 10 цаас өгсөн ч 1 сая төгрөг өгсөн ч 1-2 хоногт бүгдийг нь ууж, үрж дуусгана.

Шударга л хэлье. Бүгд биш ч ийм хүмүүсийг нийгмийн өөр шатанд гаргах шанс бараг байхгүй. Харин хүүхдүүдийг нь юм ойлгохоос өмнөх насанд нь л авч, орчныг нь өөрчилж аврах боломж байгаа болов уу.

Улс үндэстний хувьд бол бид, бүх Монголчууд яг энэ хэдэн ядуус шигээ сэтгэлгээтэй болчихсон. Бүх эрх чөлөөг эдэлнэ, гэхдээ нэг ч хариуцлага хүлээхгүй байх мангарлал. Өнөөгийн бидний харааж зүхээд байгаа төр засаг, нийгэм, амьдрал бүгд бидний сонголт, бидний гаргасан шийдэрийн үр дагавар. Ямар үр дүн хүснэ, тийм л сонголт хийж, түүнийгээ чанд хатуу хариуцлагатай үүрч явж гэмээн сайн үр дүн гарна уу гэхээс зүв зүгээрээр, үв үнэгүй бүхнийг эдэлнэ гэвэл тэр жаргал нь хүртэл зовлон болдог нь хорвоогийн хууль. Харин бид бурханг дуудаад ир гэж заргалдах л үлдээд байх шиг.

Сонголтоо тал талаас нь ямар нэг хийрхэлгүй бодож тунгааж байж шийдвэрээ гаргаж бай. Нэг эрхийг эдлэхийн тулд нөгөө эрхээс татгалзах сонголтыг л Ардчилал гээд байгаа юм л даа хүүхдүүд ээ.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-12-25

    songolt hiie geed ch songoh yumgui etseg ehgyi ger orongui ideh hoolgui uuh emgui ene bygdii n avah mungugyi ajilgyi hymyys nemegdej bna, bodit amidral iim bhad ta bolon heseghen hymyyst l songolt hiih bolomj yag nariin yarival mungu n bh shig bnada, yag unendee sotsialist niigemd bid moraltai, amidrald itgeh itgeltei hyyhed hugshduu gudmand gargaagyi bsan gej boddog, tanii nichsen yum zygeer romantik het unguts unuudurtuu bolj bgaa huvi hynii l hiisver amidral bna gej bodogdohoor, yag unendee hyr hyyhdee tom bolohoos n ch aij bna iim niigemd bidnii hyyhed boldog bj busdiin hyyhdyyd adilhan bval ted ev nairtai baihsan

    • Зочин
    • 2017-12-24

    Yu we.

    • Царст
    • 2017-12-22

    Гоё бичиж...

    • Царст
    • 2017-12-22

    Гоё бичиж...

arrow icon